Ч.Бат-Оргил: Монголчууд Wikipedia-ийн хандалтаар дэлхийд 14-т жагсдаг

Засгийн газрын мэдээ

2018-05-17 13:20 GMT+8

"Засгийн газрын мэдээ” сонин энэ удаагийн зочны буландаа сүүлийн арваад жил сайн дураараа Wikipedia хөгжүүлж ирсэн “Дэвшлийн Гарц” төрийн бус байгууллага /ТББ/-ын захирал Ч.Бат-Оргилтой ярилцлаа.

Уг ТББ нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 оноос Wikimedia сангийн дэмжлэгтэйгээр “Оффлайн Wikipedia-гаар ээлжит хичээлийн чанарыг сайжруулах төсөл” хэрэгжүүлэн Улаанбаатар хотын 10 дунд сургууль, Налайх дүүргийн 11 олон нийтийн номын санд Wikipedia толийг суулгасан 1200 DVD хандивласан юм. Түүнчлэн тэрбээр олон жилийн турш ажлынхаа хажуугаар Wikipedia-г хувиараа хөгжүүлж, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй нэгэн билээ.

-Та энэ олон жил Wikipedia хөгжүүлэхэд юу голлон нөлөөлсөн бэ. Wikipedia-гийн гэрээт ажилтан болох боломжтой байдаг уу?
-Энэ нь цэвэр сайн дурын ажил. Wikipedia-д Монгол хэл дээрх материал маш хомс байдаг. Жишээлбэл, сүүлийн гурван сард Монголоос Wikipedia руу хандсан хандлага 3.2 сая орчим байгаа. Гэвч Монголтой холбоотой мэдээлэл гэхээр ердөө 18 мянга байгаа бол Англи дээр таван сая орчим мэдээлэл байдаг. Боловсролын түвшин эрчимтэй хөгжсөн газрын иргэд, сургуулиуд өөрсдөө санаачлаад мэдээлэл оруулдаг. Энэ тал дээр ч хоорондоо өрсөлддөг. Хамгийн гол нь энэ нь өөрөө оюуны хэрэглээ. Бид дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг үүнд татан оруулах судалгаа өнгөрсөн онд хийж, тайлан боловсруулаад байгаа.

Wikimedia сан нь сонгосон төслүүдээ 100 мянга ам.доллар хүртэл мөнгөөр санхүүжүүлдэг.

Уг судалгааг бид боловсролын яам болон холбогдох боловсролын байгууллагууд, судлаачдад тарааж байгаа. Би хувьдаа гэхэд 100 орчим, манай төслийнхөн 400 орчим өгүүлэл өнгөрсөн жил оруулсан. Гол зорилго нь олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэдэг. Олон нийтийн мэдлэг дээшлэх хэрээр нийгэмд байгаа сөрөг зүйлс багасаж эхэлнэ. Одоо үед бараг хүн бүр ухаалаг гар утастай болсон. Тэдний бараг 90 хувь хэрэглээ нь facebook болж байна. Гэтэл Википедиа нийгэмд илүү дэлгэрвэл маш их ач холбогдолтой. Жишээ нь, анагаахын холбоотой 40 орчим боть утасны аппликейшн бий. Үүний ачаар өчнөөн олон хүмүүсийн амь насыг аварч, өвчнийг анагааж байна.

-Тантай хамтарч хэчнээн хүмүүс ажилладаг вэ?
-Энэ нь олон нийтийн сайн дурын үнэгүй ажил тул төрийн бус байгууллагуудад их тохиромжтой. Хамгийн гол нь манай мэдээлэл маш хомс. Ерөнхийдөө өдөрт 5-10 хүмүүс шинээр хаяг нээж, Википедиа хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа. Гэхдээ тогтмол идэвхтэй ороод мэдээлэл нэмж байгаа хүмүүс 5-10 л байдаг.

-Мэдээллийг хэр ойрхон шинэчлэх шаардлагатай вэ?
-Жишээ нь, Улаанбаатар гэсэн сэдэв дээр аваад үзвэл бараг сар болгон тогтмол шинэчлэх шаардлага гардаг. Харин динамикийн хүч гэх мэт шинжлэх ухааны сэдвийг бараг огт шинэчлэх шаардлага байхгүй. Нэг бэрхшээл нь мэдээллийг хүмүүс үймүүлэх асуудал байдаг. Иймд Wikipedia- д оруулсан мэдээллийг түгжих сонголт байдаг болохоор баттай мэдээллийг нэг оруулаад түгжиж болно.

-Wikipedia олон нийтийн дунд бараг 100 хувь үнэн, бодитой эх сурвалж гэж ойлгогддог шүү дээ. Гэтэл таны хэлснээр хүссэн хүн нь мэдээлэл оруулах боломжтой байдаг. Мэдээллийн үнэн зөвийг Wikipedia хэрхэн баталгаажуулдаг вэ?
-Сэдэв болгоны дор эшлэл бий. Энэ нь эргээд эх сурвалж, баталгаа болж өгдөг. Манайхны хувьд ердөө 10-20 хувь нь доороо эшлэлтэй явдаг. Энэ нь хүн цөөн, хяналт сул байгаатай холбоотой. Wikipedia-гийн удирдлагаас олон нийтийн хандлага гэсэн бодлого баримталдаг. Түүнчлэн админ буюу зохицуулагч нар бий. Тэд хүмүүсийн маргааныг уншиж ажиглан, баттай эх сурвалжтай мэдээллийн дагуу шинэчилж, хөгжүүлж явдаг. Жишээлбэл, Улаанбаатар, Улан-Батор гэсэн нэршлийн маргааны дор хүмүүс эх үүсвэр нь энэ байна гэж нотолсны үндсэн дээр олонхын хандлагыг дагаж сонгодог.

-Wikipedia-г хөгжүүлэхэд тулгардаг асуудал нь юу вэ?
-Олон нийтийн санаачилга л хэрэгтэй байна. Хүмүүс ажлын цагийн бараг 10, 20 хувийг Facebook, сошиалд зарцуулдаг. Үүний оронд долоо хоногт нэг цаг зарцуулаад нэг мэдээлэл нэмээд байвал маш хурдацтай хөгжинө. Одоо байгаа 18 мянган өгөгдөл 100 мянга болчихвол бараг 20 гаруй боть нэвтэрхий тольтой адил гэсэн үг. Энэ нь алдарт Британикагаас дутахгүй маш том нэвтэрхий тольтой дүйцнэ гэсэн үг юм. Үүнийг гар утаснаасаа эх хэл дээрээ уншиж, сонирхох боломжтой болно гэдэг үнэхээр сайхан хэрэг.

-Бусад оронд Wikipedia-г хэрхэн хөгжүүлдэг вэ?
-Бусад оронд Wikipedia-г хөгжүүлэх олон төрийн бус байгууллага, нийгэмлэг байгуулагдсан байдаг. Хамгийн гол нь олон нийтийн үнэгүй мэдлэгийн эх үүсвэр гэдэг утгаараа хүмүүс нь өндөр ухамсартай байдаг тул олон талаас ихээхэн хувь нэмэр оруулдаг. Ерөнхийдөө оюуны эдийн засаг гэдэг зүйлрүү л орох гээд байна. Жишээ нь, хиймэл оюун ухаан сүүлийн жилүүдэд ихээр хөгжиж эхэлж байна. Монголд ч гэсэн “ЛендМН” гээд хиймэл оюун ухаанаар зээл олгоод эхэллээ. Цаашдаа Wikipedia ч хиймэл оюун ухаантай болоод хүмүүс гар утаснаасаа аливаа юм асуухад зөвлөгөө өгдөг технологи ч удахгүй гарч ирнэ.

-Таны зүгээс хүмүүсийг үүнд хамруулахад юу хэрэгтэй гэж бодож байна?
-Манай нөхцөлд сайн дэлгэрэхгүй байгаа онцлог нь интернет холболт тааруу байгаатай холбоотой. Хэдий хүн бүр ухаалаг гар утас, дата ашиглаж байгаа ч үүнийгээ голдуу энгийн хэрэглээнд л ашигладаг. Мөн сурталчилгаа сул байна. Олон улсын alexa. com-ийн хандалтын судалгаагаар Монголоос Wikipedia ашиглаж байгаа хүмүүсийн тоо дэлхийд 14-т бичигдсэн байсан. Гурван сард 3.2 сая хандалт гэдэг маш өндөр тоо. Түүнчлэн олон нийт сошиалд хэт сатаарч байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Бас үнэ төлбөргүй гэхээр зах зээлийн нийгэмд хурдацтай хувьсаж байгаа монголчууд оролцохгүй байна. Хэрэв олон хүн оролцож хөгжүүлээд явуул түргэн хугацаанд хурдацтай сайжрах боломжтой. Тэгэхээр давалгаа л сул байх шиг байна.

-Жишээ нь, аливаа бизнесийн байгууллага танай төрийн бус байгууллагатай холбогдоод өөрсдөд нь хэрэгтэй байгаа тодорхой салбарын мэдээллийг Wikipedia дээр хөгжүүлж өгөөч гэсэн санал тавьж байсан уу. Ийм боломж байгаа юу?
-Тэрийг ихэвчлэн байгууллагууд ажилчдаараа дамжуулаад хийчихдэг болохоор бараг үгүй. Гэхдээ гаднаас төрөл бүрийн судлаач, эрдэмтдийн материалыг орчуулж өгөөч гэсэн хүсэлт ирдэг. Үүнийг завтай үедээ л хийдэг дээ.

Өдөрт 5-10 хүн шинээр хаяг нээж, Wikipedia хөгжүүлэхэд оролцдог 

-“WikiHow” зэрэг Wikipedia- гийн албан ёсны төслүүд байдаг шүү дээ. Монголчуудын оролцоо үүнд ямархуу байдаг бол?
-Судалж болох бүх салбарт Wikipedia салаалж байгаа гэж хэлж болно. Жишээлбэл, олон улсын хэлний толь бий. Үүнд Монголоос хэдэн арван хүн л бүртгүүлсэн байгаа. Гэтэл Хорват улсад нэгэн судлаач Монгол хэлний 2200 үг тайлбарлаж оруулсан байгаа. Хүний хүн манай ажлыг хийж өгч байна шүү дээ.

-Та энэ олон жил сайн дураараа wiki хөгжүүлсэн байна шүү дээ. Үүнд тань юу хамгийн их урам өгсөн бэ?
-2012 оноос анх эхэлсэн л дээ. Тийм ч идэвхтэй байгаагүй. Сүүлийн жилүүдэд харин Викимедиа сангаас төсөл авч хэрэгжүүлж байгаа учраас идэвхтэй хөгжүүлсэн. Ерөнхийдөө өөр ажил хийж байгаад зав гарвал тулж ажилладаг. Харин юунаас урамшдаг вэ гэвэл жишээ нь, би халгай гээд сэдвийн талаар хоёр, гуравхан өгүүлбэр орууллаа гэхэд дэлхийн 100 гаруй орнуудын шинжээчид монголчууд халгайг ингэж түүдэг юм байна гэсэн ойлголт авдаг. Иймд хийж буй ажлын үр дүн, ач холбогдол маш өндөр байдагт урамшдаг. Бидний хэрэглэж буй үг үсэг, кирилл бичиг анхнаасаа ашгийн төлөө бус бий болсон шүү дээ. Үүнтэй адил 100 жилийн дараа Wikipedia олон нийтийн шууд хэрэглээ болох бололцоотой.

-Wikimedia сангаас төсөл авсан гэж дурдсан. Уг сангаас хэрхэн төсөл авдаг вэ?
-Гол нь Wikipedia-д хувь нэмрээ оруулсан хүн уг төслийг авах эрхтэй байдаг. Хувь нэмэр бол эхний шалгуур. Түүнчлэн төслүүдийг шүүх 10 гаруй өндөр мэргэжлийн шүүгчид бий. Илгээсэн олон төслүүдээс хамгийн хэрэгцээтэйг санхүүжүүлж ажилладаг. Wikimedia сан нь сонгосон төслүүдээ 100 мянга ам.доллар хүртэл санхүүжүүлдэг. Тиймээс ч үүнийг дагаад шүүмжлэгчдийн шаардлагыг давах томоохон шалгууртай тулгардаг. Чөлөөт нэвтэрхий толь гэгдэх Wikipedia бол хүссэн хүн болгонд мэдээллээ хуваалцах нээлттэй талбар. Энэ нь улс орноо сурталчлах, бусдад шинэ мэдлэг хүргэх гарц тул дэлхий нийтээр түгээмэл ашиглаж байна.  

Б.Төгсбилиг

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 867 санал өгсөн байна.

Дээшээ