Монгол Улс Приморийн хязгаарт далайд гарах өртөө байгуулах төлөвтэй байна

МОНЦАМЭ

2018-05-17 17:35 GMT+8

Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу бараа бүтээгдэхүүнээ экспортлохын тулд Приморийн хязгаарын нутагт далайд гарах өртөө байгуулахыг зорьж байгаа тухай тус хязгаар нутгийн засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.

“Монголчууд бид бараа бүтээгдэхүүнээ ихэвчлэн Хятад руу экспортолдог хэдий ч гуравдагч зах зээлд гарахын тулд далайд гарцтай болохыг хүсч байна. Анхны тээвэрлэлтийг зохион байгуулахын тулд далайн боомтыг эрж хайх, шинэ өртөө барьж байгуулах эдэлбэр газрыг сонгоход бидэнд та бүхний дэмжлэг хэрэгтэй” гэж Монгол улсын гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Приморийн хязгаар нутгийн амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Андрей Тарасенкотой уулзах үеэрээ хэлсэн байна.
 
Монгол улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа А.Тарасенко илэрхийлэхийн сацуу Приморийн хязгаарын ачаалал багатай тэнгисийн аль нэгэн боомтод туршилтын тээвэрлэлт хийж үзэхийг санал болгожээ.
 
Монголын ачааг Оросын боомтуудаар дамжуулан тээвэрлэх нь хоёр улсын нутаг дэвсгэр хоорондын стратегийн түншлэлийн хөгжлийн хөтөлбөрт багтсан зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын Засгийн газар дамжин өнгөрөх тээвэрлэлт болон хилийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлүүдийн тухай хэлэлцээр байгуулах төлөвтэй байна.  

Э.Аянзаяа 

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 871 санал өгсөн байна.

Дээшээ