Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагат элсэх нь зүйтэй гэх цочирдом санааг Эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ. Өмнөх Ерөнхийлөгч “бид ажиглагчийн байр сууринд байхад хангалттай” хэмээдэг байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Тэгвэл ШХАБ гэж ямар байгууллага болох, хэрвээ бид энэ байгууллагат элсвэл бидэнд ямар ашигтай эсвэл сөрөг талтай вэ гэдэг талаар Олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүүтэй ярилцсанаа хүргэж байна.
-ШХАБ-ын гишүүн орнуудын талаар эхлээд хэлэхгүй юу?
-ШХАБ-ын гурав дахь үе шатны төлөвшил одоо явагдаж байна. Эхний үе шатанд 5-уулаа хамтран ажиллаад хилийн маргаантай асуудлаа шийдээд авлаа. Энэ нь эхлэлийн буюу эхний үе шат. 1996-2001 oн. Узбекистанаар бүл нэмээд байнгын ажиллагаатай олон улсын байгууллага боллоо. Энэ нь хоёр дахь үе шат. 2001-2017 оныг хамарна.
Тэгвэл 2017 оны 6 дугаар сараас дараагийн чанарын хувьд ахиж дэвшсэн цоо шинэ үе шат эхэлж байна. Астанад ШХАБ-ын дээд түвшний уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д элсэж энэ байгууллага үндсэн 8 гишүүн улстай болсон.
-Энэ ШХАБ гэж ямар учиртай байгууллага вэ?
-Анх байгуулагдсан зорилгоосоо шат ахин өргөн цар хүрээнд төлөвшиж яваа олон улсын шинэ механизм хэмээн ШХАБ-ыг үзэж болно. “Шанхайн тав” нэрээр хилийн асуудал шийдвэрлэх, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх нөхцлөөр ШХАБ анхлан байгуулагдсан. СССР тарсны дараа Орос ба Төв Азийн шинэ улсуудтай Хятад нь хилийн асуудлаа зохицуулах шаардлага тэр үед тулгарсан. Одоо бол шал өмнөө зорилго чиглэлтэй байгаа.
1996 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин БНХАУ-д төрийн айлчлал хийж, айлчлалын үеэр хоёр талын болон олон улсын чухал асуудлаар хоёр орны нийтлэг байр суурийг тусгасан хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Үүгээр Орос-Хятадын харилцаа шинэ шатандаа гарсан гэж үздэг. Б.Ельциний айлчлалтай хослуулан хуучин СССР-ийн Дундад Азийн гурван улсын (Казахстан, Кыргызстан, Тажикистан) Төрийн тэргүүнийг Шанхай хотноо урьж, мөн Орос, Хятадын Төрийн тэргүүн нар оролцон 1996.04.26-нд Хилийн районд цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний тухай Шанхайн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Таван улс оролцож энэ чухал баримт бичиг байгуулсан тул «Шанхайн тав» хэмээн (зарим талаар егөөдөн нэрлэсэн ч юм шиг) тэр үед нэрлэгдэж энэ нэрээрээ 5 жилийг хожим туулсан даа. 1997 онд хоёр чухал үйл явдал тохиосон. Эхнийх нь 1997.04.23-ны Орос-Хятадын тунхаглал байгуулсан явдал. БНХАУ-ын Дарга Зян Зэмин ОХУ-д айлчилж, айлчлалын үеэр “Олон туйлт дэлхий, олон улсын шинэ дэг журам төлөвшүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зуржээ. 1997 оны хоёр дахь чухал үйл явдал. Хятадын даргын айлчлалыг залгуулаад Москвад “Шанхайн тав”-ын удирдагчид цугларсан. Тэд Хилийн районд зэвсэг хүчнээ харилцан хорогдуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан.
“Москвагийн хэлэлцээр” хэмээн ШХАБ-ын түүхэнд хүндтэй байр эзэлдэг. Уг хэлэлцээрээр хилийн дагуу байрлаж буй хуурай замын цэрэг, нисэх хүчин, агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хилийн цэрэг, мөн тэдний гол төрлийн зэвсэг зэвсэглэлийг доод түвшинд хүртэл хорогдуулах, зөвхөн хориглон хамгаалах түвшинд хүргэхээр тохиролцсон ба түүндээ ч хүрсэн. Талууд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх, ганц талаасаа цэргийн давуу байдал тогтоохгүй, тогтоохоор эрмэлзэхгүй байх үүрэг хүлээсэн. Хилийн районыхоо зэвсэгт хүчний тухай талууд байнга мэдээлэл солилцдог систем буй болгосон.
1996, 1997 онд жил дараалан дээд түвшинд уулзсан нь цаашаа жил бүрийн дээд түвшний уулзалтын механизм болж төлөвшсөн. 1998 онд Алма-Ата (Казахстан), 1999 онд Бишкек (Киргиз), 2000 онд Душанбе (Тажикистан) гэх мэт. 1999 оны Бишкекийн саммитаар хамтын ажиллагааны байнгын механизм буй болгохоор шийдвэрлэсэн нь Сайд нарын ба экспертийн бүлгүүдийн уулзалтууд. Ингэснээр олон улсын шинэхэн байгууллага үүсч, түүнийг ажиллуулах үндэсний координаторууд ажилдаа орж байсан юм билээ.
2001 онд “Шанхайн тав”-д Узбекистан нэмэгдэж орсноор ШХАБ хэмээх бүс нутгийн нэгдэл буй болжээ. 2001.06.15-нд Шанхай хотноо зургаан улсын Төрийн тэргүүн нар цугларч хамтарсан тунхаглалд гарын үсэг зурснаар тэрхэн үедээ “Шанхайн зургаа” хэмээн нэрлэгдээд, 2002.06.07-нд Санкт-Петербург хотноо ШХАБ-ын Хартид (Дүрэм) гарын үсэг зурснаар уг баримт бичиг жилийн дараа буюу 2003.09.19-нөөс хүчин төгөлдөр болж ШХАБ төлөвшиж эхэлжээ.
Орос, Хятад хоёр бол ШХАБ-ын гол зонхилох гишүүд бөгөөд Хартид зааснаар ШХАБ-ын албан ёсны хэл нь орос ба хятад хэл. Хоёр талын харилцааны аливаа, ямар ч асуудлыг шийдвэрлэх платформ болгож ШХАБ-ыг ашиглаж болохгүй хэмээн анхлан тогтсон. Ийм л түүхээр эхэлдэг юм билээ.
Тэгэхээр яг төлөвшчихсөн, хамтын ажиллагаа нь жигдэрчихсэн байгууллага хараахан болоогүй байна.
-Энэ байгууллагын хөгжил ямар шатандаа яваа вэ?
-ОХУ-ын Ерөнхийлөгчөөс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад томилж суулгасан тусгай төлөөлөгч Бахтиер Хакимов “Нэг л зам байна – Яриа хэлэлцээг өргөжүүлье, хамтын ажиллагаагаа хөгжүүлье, тэгээд ШХАБ-аа улам төгөлдөржүүлье” хэмээн гарчиглаад “Инфо ШОС” сэтгүүлд (Июнь 2017 № 10) ярилцлага өгсөн байна билээ. Энэ бол ШХАБ гэдэг энэ олон улсын байгууллагын өнөөгийн статусыг яг хэлээд өгчихсөн юм болов уу гэх сэтгэгдэл төрүүлж байна. Ерөөсөө л явцдаа байна, шилжилт, түүнээсээ төлөвшилд хүрэхэд зай байна гэдгийг илтгэх мэт. Тэгэхээр яг төлөвшчихсөн, хамтын ажиллагаа нь жигдэрчихсэн байгууллага хараахан болоогүй байна.
-Энэ байгууллага дэлхий дахинд хэр нэр хүндтэй, байр суурьтай вэ?
-Нэр хүнд, байр суурь, нөлөө гэж ярьвал харьцангуй ойлголт л доо. Ямар ч гэсэн тоон үзүүлэлтээрээ толгой цохино, хэний ч анхаарал татна. Ази-Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн орчин цагийн олон улсын олон талт анхны механизм хэмээн үзэж болно. Энэтхэг, Пакистанаар бүл нэмсэний (2015-2017 онд үргэлжилсэн үйл явц) дараа “Ази-Номхон далайн” гэх тодотгол нэмэгдэнэ. Өмнө нь “Евразийн” (Евро-Азийн) механизм байж ирсэн. ШХАБ-ын нэг чухал гол чиглэл нэн тодорхой боллоо. Түүнийгээ ч удаа дараа тэмдэглэж байна. Энэ бол терроризмын эсрэг тэмцэх бүс нутгийн бүтэц нь юм. Тэр бүтэц нь “гурван хорт хүчин”-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм. Мэдээлэл солилцохоос эхлэн терроризмын эсрэг хамтарсан хээрийн сургууль хийх, энэ тэмцэл дэх тэргүүн туршлагаа солилцох явдал үүнд орно. Эдүгээ “Лалын улс” гэх радикал бүлгийн аюул занал тархаж буйтай холбогдуулан аюулгүй байдлын салбарт ШХАБ онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Энэ утгаараа бол ШХАБ цэвэр аюулгүй байдлын ба стратегийн байгууллага мэт төсөөлөгдөж байна.
Энэ утгаараа бол ШХАБ цэвэр аюулгүй байдлын ба стратегийн байгууллага мэт төсөөлөгдөж байна.
-ШХАБ-т элссэнээр эдийн засгийн өргөн боломжууд нээгдэнэ гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн. Ийм болож хэр өргөн бэ?
-Эдийн засгийн ба бусад өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллана гэж яригддаг, тунхагладаг, одоогоор хэрэгжих боломжгүй байна. Дэлхий хувьсаж байна, бүс нутагт олон өөрчлөлт гарч байна. Дэлхий өөрөө олон шинэ сорилттой тулгарч байна. Иймд ШХАБ бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа руугаа орох завдал өгөхгүй байна. ШХАБ муудаа биш, олон улсын харилцааны амаргүй, тогтворгүй энэ цаг үе түүнд нөлөөлөөд байна.
- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “ШХАБ-ын хуралд очихоор манай улсыг хэзээ гишүүнээр элсэх вэ гэж их асуудаг юм. Би эелдгээр манайх чинь төвийг сахисан улс шүү дээ гэж хэлдэг байлаа” гэж ярьж байсан. Харин Х.Баттулга Ерөнхийлөгч “элсэх нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ байгууллагат элсвэл бидэнд ямар давуу тал, ямар сөрөг тал бий болох вэ?
-Монгол Улс ШХАБ-д яг одоо элссэний дараах ойрын ашгийг бид олж харж, төсөөлөх боломж алга. ШХАБ-д Монгол Улсад ашигтай хамтын ажиллагаа өрнөөгүй байна. Монгол элсчихвэл тийм хамтын ажиллагаа өрнөчихнө гэж хэн ч зориглон хэлээгүй, манайд ам өчгөө өгөөгүй байна. Ойрын ашиг орж ирэхгүй ийм нөхцөлд ШХАБ-ын төсөвт жил бүр олон зуун мянган ам.долларын татвар манай Засгийн газар төлөхийг жирийн монголчууд ойлгон хүлээн авах нь юу л бол хэмээн би эмзэглэж байна. Бид чинь татвар төлөгч жирийн иргэддээ хэлэх үгтэй, харуулах бэлэн үр дүнтэй байх ёстой шүү дээ.
-Хэдий хэмжээний татвартай юм бол?
ШХАБ-ын төсөвт жил бүр олон зуун мянган ам.долларын татвар манай Засгийн газар төлөхийг жирийн монголчууд ойлгон хүлээн авах нь юу л бол
-Гишүүн орнуудын татваргүйгээр олон улсын Засгийн газар хоорондын ямар ч байгууллага оршин тогтнодоггүй. Тэр жишгээр ШХАБ төсвөө гишүүн орнуудынхаа татвараас бүрдүүлдэг. Мэдээж Орос, Хятад, Энэтхэг шиг их татвар төлөхгүй, хүн амынхаа тооны харьцаанаас үүдэн татварыг тогтооно. Гэхдээ 3 сая ядуу Монгол гээд ядуугаараа дуудуулан татварын хөнгөлөлт 100 хувь эдэлнэ гэвэл худлаа. Зохих хэмжээний татвар төлж таарна.
-Энэ байгууллагат элсвэл манай гуравдагч хөршийн бодлого үгүй болно гэж үзэж байгаа хүмүүс байна. Энэ талаар?
-Монгол бол хүч чадалтай, санхүү нь бэхжсэн, ард түмэн нь хоёр хөршийнхөө ард түмнээс хавьгүй дээгүүр амьдарч байгаа улс биш тул ШХАБ-д жинхэлсэн тохиолдолд хоёр хөршөөсөө бүр их хамааралтай, бүр барьцаанд орох магадлал нэн өндөр. Жишээ нь манай улс ШХАБ-д жинхэллээ гэе. НҮБ-д ОХУ-аас оруулах АНУ-ын эсрэг тогтоолд дэмжлэг хүсдэг, дэмжээгүй тохиолдолд Монгол-Оросын харилцаа, худалдаанд оросууд эл гишүүнчлэлийг нь зэвсэг болгон ашиглавал яах вэ гэдгийг бид тооцоолохгүй байна. АНУ-ын эсрэг Оросын талд зогсоогүйнх нь төлөө бензин шатахууны худалдааг хэдэн өдрөөр саатуулахад Монголын дотоод байдал орвонгоороо эргэнэ. Энэ тухай Монголд төсөөлсөн хүн байхгүй.
-Та эерэг талаас нь биш сөрөг талаас нь яриад байнаа даа. Яагаад гэдэгт хариулт өгөөч?
-Монголчууд бид хоёр сандал дээр зэрэг суухыг боддог, хүсдэг, түүндээ сайхан сэтгэлээр горьдож, бэлэгшээж ханддаг бол орчин үеийн олон улсын эвгүй уур амьсгал бидний энэ сайхан сэтгэлийн эсрэг явж байна. Монголчууд оросоосоо ч, америкаасаа ч салах дургүй, хоёулантай нь хослуулаад байх хүсэлтэй. 2008-2013 онд АНУ-ын МСК-ийн эхний компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч хэрэглэсэн, МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах гэж байна. Тэр хүрээнд Монголд буцалтгүй тусламж хэлбэрээр 350 сая ам.долларын санхүүгийн тусламж хийгдэнэ. Ийм нөхцөлд ОХУ-ын шахалтад орж АНУ-ын эсрэг тогтоолын төсөлд санал өгвөл Монгол-Америк, Монгол-Өрнөдийн харилцаа юу болж хувирах вэ гэдгийг бид огтоос тооцоолоогүй, төсөөлөх ч үгүй байна. “Орос ах нар арай ч ингэхгүй байлгүй дээ?” гэсэн сайхан сэтгэл маань дэлхий яг хуваагдаж буй энэ цаг үед бодит байдлаас хоцроход хүргэнэ шүү.
Сирид АНУ, Британи, Франц агаарын цохилт өгсний дараа НҮБ-д Орос тогтоол санаачлаад бүтээгүйн төлөө Казахстаныг Орос мөн ч их шүүмжилсэн дээ, санаж байгаа бол. Тэр чинь Монголд нүүрлэнэ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.