НҮБ-ын хаалгыг татах гэж манай улс чамгүй их хүч, цаг хугацаа, сэтгэл зарцуулж, эрсдэл үүрсэн тухай дипломатын түүх өгүүлдэг. 1955 онд АНУ, ЗСБНХУ НҮБ-д элсүүлэхээр нийт 18 улсыг харилцан зөвшөөрөхөд Зөвлөлтийн дагуул социалист орнууд болох Албани, Болгар, Румын, Унгар, Монгол тус бүрэлдэхүүнд орсон байв. Гэтэл Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Дундад Иргэн Улсын (ДИУ) төлөөлөгч Жэн Янфу нэрсийн жагсаалтаас ганц Монголыг онцолж “Гадаад Монгол бол Хятад, Солонгос хоёрыг түрэмгийлж байхын тулд зөвлөлтүүдийн хуурамчаар тусгаарласан улс” гээд манай улсыг Солонгосын дайнд цэрэг илгээсэн хэмээн гүтгэжээ.
1960-аад он гарахад манай дипломат чармайлт идэвхжиж, НҮБ-д элсэхээр барахгүй, АНУ- тай дипломат харилцаа тогтоох тухай ярьж эхлэв. Үүнд ДИУ-ын Ерөнхийлөгч Чанкайши Тайбэй хотоос шаралхаж гоморхсон зургаан хуудас захидал АНУ-ын Ерөнхийлөгч рүү илгээн, БНМАУ- ыг НҮБ-д элсүүлж болохгүй шалтгаан гэгчээ тоочиж, Монголд “хамтран түрэмгийлэгч улс” гэсэн хаяг зүүлгэв. Захидалд бичсэнээр:
- АНУ дипломат шугамаар Гадаад Монголтой харилцаа тогтоох хэлэлцээ хийх гэж байгаа нь манай Засгийн газарт мэдэгдсэн тул ДИУ-ын Засгийн газар Гадаад Монголын асуудлаар ямагт хатуу байр суурь баримталсаар ирснээ АНУ-ын Засгийн газарт мэдэгдэн тайлбарлах шаардлагатай гэж үзлээ. Гадаад Монгол бол тусгаар тогтносон сювернитет улсын нөхцөлийг хангаагүй тоглоомын дэглэмтэй улс юм. Гадаад Монголын тусгаар тогтнол гэдэг бол Ялтын нууц гэрээний нэг хэсэг болно.
- 1947 онд Пэйташанд болсон хэрэг явдалд Гадаад Монголын цэрэг зөвлөлтүүдийн заавраар Шинжаанд халдан түрэмгийлсэн.
- Солонгосын хойгт дайн эхэлмэгц Гадаад Монгол тийш нь цэрэг илгээж коммунист дээрэмчин Солонгост тусалж, НҮБ-д дайсагнаж байсан. *Энэ бүхэн нь Гадаад Монгол тусгаар улс бишээр барахгүй Зөвлөлтийн гадаад дахь түрэмгийллийн зэвсэг болж хувирсан гэдгийг баталж байна.
- АНУ-ын Засгийн газар энэ асуудлын ноцтой талыг танин мэдэхийн зэрэгцээ эцсийн уршигт үр дагаврыг тооцоолж үзэхийг хичээнгүйлэн хүснэ гэжээ.
Ийнхүү манай улсыг “түрэмгийлэгч”, “хамтран түрэмгийлэгч” гэх нэр хаяг зүүлгэн яллахдаа ямар баримт түшсэн нь одоо ч судлах нээлттэй сэдэв хэвээр аж. Монголын цэргийг Солонгосын дайны “театр”-т авчрахаар Хятад-Монгол, Зөвлөлт-Монголын тал ярилцсан, НҮБ-ын цэргийг АНУ хөтлөн дайнд оролцуулбал хариуд нь Зөвлөлт, Монголоос цэрэг оролцуулж, дайныг аль аль талаас нь интернационалчлах зорилго агуулсан. Мөн АНУ-д шахалт үзүүлэх зорилгоор Монголын 10 000 цэрэг, цэргийн мэргэжилтийг байлдуулах гэхээсээ суртал нэвтрүүлгийн зорилгоор илгээхээр шийдвэрлэж байсан тухай өмнөх нэг дугаарт би жишээ татсан. Нэмж баримт сөхвөл, 1953 оны долдугаар сарын 27-нд гал зогсоох тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол 38 дугаар өргөргийн Кэсон хотын орчим болсон ба түүнд Улаанбаатараас Ц.Намсрай, Бээжин дэх манай ЭСЯ-наас Т.Пүрэвжал нар БНМАУ-ын төлөөлөгчөөр оролцсон тухай баримт бий. Үүнийг эргэж дурсваас Солонгосын дайнд манай улс ямар нэгэн байдлаар холбогдсон, түүгээр ч зогсохгүй БНАСАУ-ын талд тууштай зогсож, агт морьд, хоол хүнсээр тусалж, мөн өдий төдий өнчин солонгос хүүхдүүдийг Монголд авчирч өсгөж бойжуулсан түүх хуучраагүй ээ.
Манай улсыг Солонгосын дайнд цэрэг илгээсэн хэмээн гүтгэжээ
Энэ бүхнийг л ДИУ-ын төлөөлөгч өлгөн авч, НҮБ-д манай улсыг ховлоод байжээ. Ийм дээрээ тултал Хойд Солонгостой итгэлцсэн юм бол энэ давуу талаа “амилуулан, одоо цагт хэрхэн ашиглаж хоёр Солонгосын хооронд эвлэрэл, бүс нутагт тогтвортой байдалд нь тус нэмрээ оруулах талаар дараагийн хувилбаруудаа толилуулъя.
Хятадын “Нэг бүс-Нэг зам” төсөл амжилттай яваа бөгөөд манай улс Зүүн хойд Азийн төмөр замын сүлжээний асуудлыг тэрхүү төслийн хүрээнд дэвшүүлж, хөөцөлдвөл болох мэт. Бүс нутгийн нийтийн эрх ашгийн тусын тулд бүс нутгийн бүх оронд коридороо нээж өгөх асуудлыг Умард Солонгост хоёр болон олон талт уулзалтууд дээр тавих санаачилга дутаад байх шиг. Улаанбаатараас зүүн тийш төмөр зам тавиад Хятадын Манжуур хүргэчихвэл цаашаа Хайлаар, Харбин, Пхеньян, Сөүл гээд жирийлгэж өгөх хувилбарыг өргөнөөр ярилцах цаг болсон.
Хоёр Солонгосыг ойртуулах, тэгснээрээ Хойд Солонгосын түрэмгий авирыг зөөллөхийн тулд “Соёлын дипломат” бодлого санаачлах хэрэгтэй мэт. Соёлын салбарт бүс нутгийн орнуудын “Соёлын сар”-ын арга хэмжээг түүчээлэн санаачилж, Монголд эхлээд зохион байгуулж, дараа нь нийслэлүүдэд үсгийн дарааллаар зохиохыг хэвшүүлж болох юм. Мөн Пхеньяны хаврын наадмыг Зүүн хойд азижуулах хувилбар байж болно.
Зүүн хойд Азийн орнуудын өсвөр үеийнхэн, залуусыг зуны дэлгэр цагт “Найрамдал” зусланд тусад нь хүлээн авч амруулдаг хэвшил тогтоох бас нэг хувилбар байж болох юм. Бүс нутгийн орнуудын хүүхэд залуучуудын солилцооны хамтын ажиллагааны бүсийн фондыг “Найрамдал” зусланг түшиглэн байгуулж, санхүүжилтийг нь Япон, Өмнөд Солонгос, Хятадаас босгож, бүс нутгийн залуусын тойрон аялал, “Найрамдал” нэртэй их наадам зохион байгуулахад болохгүй гэх газаргүй.
“Найрамдал” зуслан гэснээс, Монголд 1950-иад онд өсч бойжиж байсан солонгосын өнчин хүүхдүүдийн сэдвээс бага зэрэг хөндье. 1952 онд Солонгосын дайны гал дүрэлзсэн өдрүүдэд БНМАУ- ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын захирамжаар “Солонгосын хүүхдийн ордон нэрээр” Зайсангийн аманд хоёр давхар байр барьж, дайнд эцэг, эхээ алдсан 200 гаруй солонгос хүүхдийг хүлээж авч байжээ. Анхандаа манайхан буруугаар ойлгож, сайд, дарга нарын цэвэр цэмцгэр эхнэрүүдийг тэрхүү ордонд багшлуулсан байна. Яваандаа мэргэжлийн багш, тогооч, үйлчлэгч нар ажилладаг болжээ. Зайсанд байнгын байртай, Шарга Морьтод зуслантай, аж ахуй нь овоо зэгсэн, под хийсэн байгууллага 1959 он хүртэл ажилласан юм.
1956 онд Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен Монголд айлчлахдаа өнчин хүүхдүүдээ эргэж очсон ба тэр тухай дурсамж, хууч, аман түүх хангалттай олон буй. 1959 онд хойдуул хүүхдүүдээ татаад авчихсан юм билээ. Энэ бол яалт ч үгүй түүхэн, бас эмзэг сэдэв. “Ардын дипломат”-ын хүрээнд Монголд өсч торниж асан хүүхдүүдээс амьд сэрүүн байгааг нь эсвэл үр хүүхэд, ач зээ нараас нь Монголд урьж, тусад нь нэг удаа зуны наадам, цугларалт зохион байгуулж яагаад болохгүй гэж?
БНАСАУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгт урьж, ээнэгшүүлэн дасгах, тэгснээрээ олон улсын өмнө хариуцлага хүлээдэг, ёс суртахуунтай байх чанар төлөвшүүлэхэд “Их Түмэн санаачилга” хэмээн олон улсын төсөл бий. НҮБ-ын UNDP- гийн ивээл дор 27 дахь жилдээ хэрэгжиж буй уг төслөөс Хойд Солонгос 2009 онд гарсан бөгөөд одоо буцааж оруулах том зорилт Монгол, Хятад, Орос, Өмнөд Солонгос, Японы хувьд нээлттэй үлдэж байна.
Хамтарсан лут аж ахуй байгуулж, бүтээгдэхүүнээ дөрөвдөгч зах зээлд гаргах талаар ярьж, тохиролцсон ажил цаасан дээр байгааг эргэж сөхүүштэй. Манай Дорнодын талд цэвэр экологийн гаралтай үр тариа ургуулж, тэмээн хяруул үржүүлж, мах экспортолно гэсэн маань яалаа? Манай улс Дорнод аймгийн тодорхой газрыг чөлөөлж бэлтгэх, түүнд нь Өмнөд Солонгос хөрөнгө оруулж, техник технологиор хангаж, Хойд солонгос-Монголын хамтарсан бригадууд тэнд нь ажиллаж, үр тариа, болж өгвөл тутарга, хүнсний ногоо, тосны ургамал тариална. Ургацынхаа үр шимийг гурван улс хүртэж, Ерөнхийлөгч Н.Багабандийг Пхеньянд айлчлах үеэр амласан тэр их тэмээн хяруулыг Дорнодын талд үржүүлж, өөрсдөөр нь маллуулан, нэн түрүүнд Хойд Солонгосын хүнсний хэрэгцээг мах, махан бүтээгдэхүүнээр хангаж, үлдсэнийг нь зарж борлуулна гэсэн маань нээлттэй байгаа сэдэв шүү дээ.
Улаанбаатараас зүүн тийш төмөр зам тавих хувилбарыг өргөнөөр ярилцах цаг болсон
Эдүгээ Азийн эрчим хүчний супер сүлжээ гэж ярьж байна. Уг сүлжээний гадуур БНАСАУ хоцорч, харин Монгол Улс сүлжээнд дутуу дулимаг хэлбэрээр оролцох янзтай байна. Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц гэж барагдахгүй их бий. Тэрийг нь дэлхийнхэн шагшиж байгаа тухай мэдээлэл багагүй сонсогдоно. Манай өмнийн говьд нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж, экспортолж болох тухай таамаг, төсөөлөл, төсөл олон буй.
Тэгвэл нөгөө талаас, эрчим хүчний салбарт Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмол явагдаж ирсэн. Оролцогч орнууд нь Өмнөд Солонгос, Умард Солонгос, Монгол, ОХУ (Хятад, Япон, АНУ ажиглагчаар оролцдог). Анхны уулзалт 2005 онд Улаанбаатарт болсноос хойш ээлжлэн долоон удаа зохиогдсон бөгөөд найм дахь уулзалт 2012 онд Монголд зохиогдсон. Дунд хугацааны хөтөлбөр ч баталсан, нүүрсний салбарын ажлын хэсэг байгуулагдсан, Засгийн газар - хувийн хэвшлийн холимог уулзалт яриа явагдсан билээ. Гэм нь хойдуул алдаг оног оролцож байгаад сүүлдээ улс төрийн шалтгаанаар больсон. Энэ механизмыг сэргээж болох талтай.
1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн Зүүн хойд Азийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр хэрхсэн, одоо аль шатанд явааг тодруулангаа хойдуулыг татан оруулах талаар ажиллаж болох бас нэг хувилбар байна. Эл хөтөлбөрийн зорилго нь Засгийн газар хооронд байгаль орчны салбарт хамтран ажиллах механизм бүрдүүлэх. Жил бүр хуралддаг байсан ч сүүлдээ саарсан болов уу. НҮБ-ын ESCAP–ын Зүүн хойд Азийн бүсийн нарийн бичгийн дарга нарын газар БНСУ-ын Инчон хотод байрладаг. Ногоон хөгжлийн хөтөлбөрт нь Хятад, Монголын нүүрсний дулааны цахилгаан станцын агаарын бохирдлыг бууруулах, Монголд цөлжилт сааруулах, мод суулгах зэрэг ажил багтсан байдаг. Уг бүрэлдэхүүнд Хятад, Япон, Монгол, БНАСАУ , Өмнөд Солонгос, ОХУ багтдаг. Одоо эдгээр улс идэвхтэй ажиллах ёстой.
Байгалийн гамшиг, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин тахал, хүнс, цэвэр усны хомсдолоос сэргийлэх чиглэлээр БНАСАУ-д онцгой дэмжлэг, менежмент дутагдалтай байна. Тус улс байгалийн гамшгийн үеэр гадаад олон орноос тусламж авч ирсэн. Монгол ч чадлынхаа хэрээр тусалдаг. Шувууны ханиадны тахлын вирус 2005, 2009 онд, 2014 онд Пхеньяны ойролцоо нугасны фермд халдварлаж 164 мянган нугас устгалд оруулж, урьдчилан сэргийлэх онцгой комисс байгуулагдсан тохиолдол бий. Монголд ч малын шүлхий байнгын болох дээрээ тулаад байна. Малын элдэв өвчнөө эдгээж анагааж чадахгүй бол хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбарын гадаад хамтын ажиллагаа зогсох нь байна. Ийм дээрээ тулсан Монгол, Хойд Солонгос хоёр Зүүн хойд Азидаа олон нийтлэг зовлонтой. Зовлон нэгтийн жаргал нэг болохын даваан дээр байгааг харгалзан олон улсын хамтын ажиллагааг Монгол, БНАСАУ- ын нийтлэг зовлонг гэтэлгэх чиглэл рүү эргүүлбэл болохгүй гэх газар байхгүй мэт.
Олхонуд Баярхүү судлаач проф.