“Улаанбаатар номын баяр 2018” өнөөдөр Сүхбаатарын талбайд эхлэв.
Ном шимтэн уншигчид зохиолчдоос гарын үсэгтэй номыг нь хямдралтай үнээр авч, зохиолчидтой уулзах боломжийг энэ баяр олгодог. Иймд төв талбай хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нийт 100 орчим компани, 70 орчим зохиолч оролцож байна.
Номын баяр хэвлэн нийтлэгчид шинэ бүтээлүүдээ танилцуулж, хуучны ховор нандин номууд олж авах, энэ салбарт гарч буй шинэ мэдээллийг олон нийтэд хүргэх гүүр болдог. “Нэпко”, “Монсудар, “Болор судар”, “Номын хүрд”, “Тагтаа” зэрэг хэвлэлийн газрууд уншигчдадаа 20-70 хувийн хямдралтай үнээр номоо санал болгож байна.
“Дөрөв дэх жилдээ оролцож байна. Манай “Тагтаа” хэвлэлийн газрын бүх ном 20-40 хувь хямдралтай байна. Өнөөдөр онцгойлон хоёр номоо танилцууллаа. Нобелийн шагналт, Туркийн зохиолч Орхан Памукийн дурсамж, дурдатгалын "ИСТАНБУЛ: дурсамж ба хот", Оросын зохиолч Михаил Булгаковын "НОХОЙН ЗҮРХ" туужийг уншигчдын гарт хүргэж байна. Уран зохиолын бүтээл тухайн улс үндэстний хэл соёл, сэтгэлгээний гол тусгал байдаг. Улс үндэстнийг танья гэвэл хамгийн түрүүнд уран зохиолыг нь харах хэрэгтэй. Үндэсний уран зохиол эх хэлийг баяжуулж, баялаг, уран яруу, утга төгөлдөр байлгадаг гол зүйл. Тусгаар улс үндэстэн өөрийн гэсэн уран зохиолтой, хэл сэтгэлгээтэй түүнийгээ уламжлах уран зохиолтой байх ёстой” гэж орчуулагч Б.Баясгалан ярьсан юм.
Мөн “Оюуны хүрээ”ХХК-ны ажилтан Б.Мөнхзул
“Номын өдөрлөгт анх удаа оролцож байна. Монголд үйлдвэрлэдэг “Монгол гэр” тоглоом, “Алаг мэлхий ” цутгамал шагайн тоглоом, “Сома” гээд гурван төрлийн тоглоом, арав гаруй төрлийн дэлхийд нэрд гарсан оюуны тоглоомуудаа дэлгэлээ. “Алаг мэлхий”-г хүнсний сав хийдэг хуванцраар хийсэн, хүүхдэд хор нөлөөгүй. Ясан шагайг бодвол хөнгөн, нясалж тоглоход гар өвдөхгүй. Дээр нь зургаан төрлийн өөр тоглоом тоглох боломжтой. Монгол гэрийн хувьд гэрийн бүтэцтэй яг адилхан, барих зарчим нь ижил. Хуванцар материалаар хийсэн. Дагалдах номонд нь монгол ёс, зан үйл, оньсого таавар оруулсан. Хямдралтай үнээр борлуулж байна” гэв.
Номын баярт найман настай балчраас наян настай буурай ч ном сонирхохоор, худалдан авахаар ирсэн байна. Иргэд хямдралтай худалдаанд сэтгэл өндөр байлаа.
“Өмнөговиос ирээд номын өдөрлөгтэй таарсандаа их бэлэгшээж байна. Хүүхдүүдэдээ үлгэрийн ном, өөртөө толь бичиг авлаа. Манай гэр номын сантай. Ийм өдөрлөгийг олон зохион байгуулж байгаасай. Орон нутгийн уншигчдад өдөрлөгийг эртнээс зарлавал иргэдийн оролцоо их байна гэж бодож байна” гэж. Өмнөговь аймгийн иргэн Ц.Мягмарцэрэн ярьсан юм.
Мөн Дундговь аймгийн иргэн С. Сэржмядаг “Цуврал уран зохиолын номууд, хүүхдэдээ зориулж хялбаршуулсан зохиолын номнууд авлаа. Номын дэлгүүрээс 100 гаруй мянгаар авах номыг эндээс 60 мянган төгрөгөөр авлаа” гэсэн юм.
Улаанбаатар номын баяр маргааш үргэлжилнэ.
Х.Тунгалаг