FIFA: 2018 оны ДАШТ-ий шигшээ тоглолт болох Лужники цэнгэлдэх

GoGo.mn

2018-05-29 18:04 GMT+8

Энэ зуны спортын хамгийн том тэмцээн болох 2018 оны ДАШТ эхлэхэд 16 хоногийн хугацаа үлдээд байна. Уншигчиддаа бид ДАШТ болох 12 цэнгэлдэхийг цувралаар танилцуулж байгаа юм. Энэ удаад тэмцээний шигшээ тоглолт болох Москва хотын Лужники цэнгэлдэхийг танилцуулъя.

Москва хотын төвд байрладаг Лужники цэнгэлдэх бол дэлхийн хамгийн том цэнгэлдэхийн нэг зүй ёсоор мөн юм. Нийт 81000 хүний багтаамжтай уг цэнгэлдэх Европ тивдээ хамгийн томдоо орно.

Энэ цэнгэлдэхэд болж байсан хамгийн том хөлбөмбөгийн тоглолт бол 2008 оны аваргуудын лигийн шигшээ тоглолт байсан юм. Бороотой үдэш болсон тус тоглолтонд Манчестер Юнайтед клуб Челсиг пенальтаас хожиж байсан билээ.

Лужник цэнгэлдэх анх 1956 оны 7-р сард ашиглалтанд орж байсан бөгөөд ердөө 450 өдрийн дотор бүрэн барьж дуусгасан гэдэг.

Оросын шигшээ багийн эзэмшилд байдаг уг цэнгэлдэхэд 1980 оны зуны олимпийн наадам зохиогдож алдаршиж байсан ч хоёрхон жилийн дараа Европын цомын тэмцээний шигшээ тоглолт Оросын Спартак Москва болон Нидерландын Хаарлем багуудын хооронд болоход 66 хүн үймээнээс болж дарагдан нас барж байжээ.

Мөн энэ цэнгэлдэхэд 1999 оны Европын цомын тэмцээний шигшээ тоглолт Парма болон Марсейль клубуудын хооронд болж байсан юм.

Аваргуудын лигийн финал, дэлхийн аварга, олимпийн тоглолт болж байсан цэнгэлдэх ердөө 4 ширхэг байдаг. Үүний нэг нь Лужник юм. Бусад нь Лондоны Уэмбли, Ромын Олимп, Мюнхений олимпийн цэнгэлдэхүүд юм байна.

Европын хамгийн хатуу ширүүн цэнгэлдэхээр нэрлэгддэг Лужникт өмнө нь хиймэл зүлэг ашигладаг байсан бол энэ жилийн дэлхийн аваргад зориулж натурал зүлэг ургуулжээ. Дэлхийн аваргын түүхэнд анх удаа бүх талбай нь натурал зүлэгтэй цэнгэлдэх нь Лужник болж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1085 санал өгсөн байна.

Дээшээ