Бүтээлч "Сэврэй" сум

GoGo.mn

2018-05-30 10:45 GMT+8

Өмнөговь аймгийн Сэврэй сумын засаг дарга Батсайхан сумаа танилцуулсаар биднийг угтан авсан юм. Төрийнхөө далбааг, Аймгийн далбаа, Сумынхаа далбааг өрөөндөө залж, сумынхаа нутаг дэвсгэрийн зургийг ханандаа өлгөчихсөн тайлбарлаад л явчихлаа. 2000 гаруй хүн амтай, 680 өрхтэй, 3-н удаа аймгийн тэргүүний сум болжээ. 

Бид тухайн суманд ирээд л шууд сургуулийг зорин ордог. Яагаад гэхээр хүүхэд багачуудын хөл хөдөлгөөн, инээд хөөр, тухайн сумыг өнгө  оруулдаг шиг санагддаг. Улс орны ирээдүй болсон хүүхдүүд ямар орчинд яаж суралцаж байгааг нь тэр чигээр нь камер зургандаа буулгадаг билээ. Ингээд бид МУГТ М.Пунцагийн нэрэмжит ЕБС-тай танилцав. Тус сургуульд  218 хүүхэд суралцаж байна. Энэ сумын багш сурагчид их идэвхи чармайлттай санагдсан. Сургуулиар оронгуут л энд тэнд секц дугуйлан хичээллэж дуу шуутайхан угтан авсан юм.  Гол онцлог нь хичээлийн бус цагаар өөрсдийгөө хөгжүүлэх зүйлсэд цагаа зарцуулж теннис, сагс, гар бөмбөг, бөх гээд бүхий л  төрлийн спортоор хичээллэж, зарим нь шатар, даам, гар урлал, бүжиг, хөгжим сурцгааж идэвх чармайлттай цагийг өнгөрөөж байгааг харахад сайшаалтай байлаа. 

Мөн Сэврэй сумын хүүхдийн 20-р цэцэрлэг их аятайхан юм. Хүүхдийн урлан, биеийн тамирын урлаг заалуудтай, орчин нь их тохилог хүүхэд суралцах бүрэн тав тухтай орчин байна. 4 бүлэгтэй 107 хүүхэд, 14 баг ажилтантай. Бусад сумын цэцэрлэгүүдээс тохижилтын хувьд их өвөрмөц санагдсан.

Сэврэй сумын бахархалт амьтан Ирвэс. "Сэврэй" гэдэг нь Ирвэс гэдэг үгийн эсрэг утга аж. Мөн энэ сум “Хатан Сэврэй мэдээ” гээд сониныг 2013 оноос хойш гаргаж байгаан байна. 4-н жилд нэг удаа тайлан тавьдаг биш сар бүрд хийсэн ажлаа тайлагнадаг, Dream 107 гээд фм.тэй ер нь их бүтээлч сум байсан.

Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Сэврэй сумын Бүйлсэн багт С.Эрдэнэ гээд удам дамжсан дархан хүн байдаг. Хийсэн эдлэл, багажийг нь хараарай янзтай. Өмнөговь аймгийнхан тэр аяараа Ноён Сэврэй хийцээрээ бахархаж эд хэрэглэлээ амьдралдаа хэрэглэдэг юм байна лээ. Тэр хийцийн патентыг эзэмшдэг хүн бол С.Эрдэнэ гуай. Мөн тэрээр чацарганы зоорьтой, 12 төрлийн 2000 орчим мод тарьж ургуулж буй хөдөлмөрч хүн. Ярилцлагын төгсгөлд Итгэлтэй, Зүтгэлтэй, Сэтгэлтэй байхад бүх зүйл болдог гэж хэлж байсан.

Хүн амьдралдаа ихийг хийж бүтээж явах ёстой юм шиг. Гэхдээ дандаа сайхныг. Энэ одон медаль энгэртээ зүүсэн хөгшнийг Д.Бямбаа гэнэ. Тээврийн хэрэгсэл гэхч байгаагүй үед жин тээж арьс шир, ноос ноолуурыг нь тушаачхаад наашлахдаа гурил будаа юу л хэрэгтэй байна бүхий л хэрэгтэй зүйлийг сумандаа авчирна. 1тэмээ 200кг ачаатай холын аянд 2 гал болж аваад л 30-аад тэмээ 10 гаран хоног явна. Тухайн үед Сэврэй сум 5-н багтай байсан гээд л ярилаа. МАА эрхэлнэ, төр захиргаанд олон жил ажилласан энэ хүний хань н.Пунцагцэрэн гуай эх баригч мэргэжилтэй. Олон ч хүүхдийг өлгийдөн авч хүйн ээж нь болж. Гадаад дотоодын жуулчид ирэхэд үндэсний хувцасаараа гоёж байгаад л байгалийн үзэсгэлэнт газруудаа, тэмээ гэдэг яасан тэсвэр тэвчээртэй амьтан болохыг үзүүлээд явдаг хоёр гэнэ шүү. Биднийг очиход цагаан сар болж байгаа аятай бууз хийж өгөөд л гадаа ч хавар болсон мэт Сэврэй сумын Бүйлсэн баг тэр үед дулаахан байлаа.

Биднийг очиход  билэг дэмбэрэлтэй  сайхан зүйл тохиосон билээ. Сэврэй сумын ЭМТ.д яриа сурвалжлага аваад явж байтал  тус эрүүл мэндийн төвд 3800гр хүү төрсөн юм. Биднийг очиход 4 дахь хүүхдээ өлгийдөн авлаа гээд хүүгийн ээж Г.Алтангоо сэтгэл өндөр байлаа.

Бид тус суманд бараг 5 хоног ажиллахдаа малчины хотонд өглөөг эхлүүллээ. Нар мандахаас өмнө ажил өрнөж айлын эгч Н.Батаа цайгаа чанасаар таван үг солилоо. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багт амьдардаг Ж.Шатарбат гэж цэцэн үг цээжинд нь байдаг магтаалч, ерөөлч хүн юм. Ах эгч хоёр "Загтын ихэр" хэмээх өвөлжөөндөө нутаглаад 10 гаруй жил болж байгаа 6-н хүүхэдтэй малчин айл. Бага хүү Ш.Болдсайхан нь гэр бүлийн хамт ижий аавдаа туслаад хажууд нь амьдарна. Нар ээсэн налгар өдөр бид ч гэрийн эзэн Ж.Шатарбат ахаар тэмээний магтаал хэлүүлж, гэргий Н.Батаагаар ингэ хөөслүүлж камертаа буулгалаа. Элсэн говьдоо энгийн аж төрөх эднийхээс явмааргүй л байлаа. Сэврэй сумынхан гэж ийм л нэг энгийн хэрнээ сэргэлэн хийгээд бүтээлч, ирээдүйд их хөгжил цэцэглэлтийг бий болгосон аймгийн дайтай сум болно гэдэгт итгэж байна. "Хатан Сэврэй уул минь" гээд л өвлийн хүйтнийг үл ажиран дуулж  домог түүхээ ярих нутгийн хөгшчүүлд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ