Аргентинчууд Израилтай нөхөрсөг тоглолт хийхээс татгалзав

С.Заяа GoGo.mn

2018-06-06 14:15 GMT+8

Хөлбөмбөгийн ДАШТ-ний хүрээнд Аргентины шигшээ баг Израилийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх байсныг Аргентины талаас цуцалсан байна. Үүгээрээ Аргентин Газын зурваст гарсан мөргөлдөөний үеэр Палестинчуудын эсрэг Израилийн авсан арга хэмжээг буруушааж буйгаа илэрхийлжээ. 

Аргентины шигшээ багийн довтлогч Гонсало Игуаин спортын ESPN сувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан ба  түүний үзэж байгаагаар Аргентины хөлбөмбөгийн холбоо зөв зүйл хийсэн гэнэ. 

Израилийн хөлбөмбөгийн холбооноос энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетанъяху энэ бямба гарагт Иерусалимд болох байсан нөхөрсөг тоглолтыг хэвээр үлдээхийн тулд Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макритай утсаар хүртэл холбогдсон гэнэ. 

Аргентины шигшээ багийн хувьд Баруун Иерусалим дахь цэнгэлдэхэд хийх байсан тоглолт нь ОХУ-д болох Дэлхийн аваргаас өмнө хийх сүүлийн тоглолт байсан юм. 

Палестины хөлбөмбөгийн холбоо Лионель Месси болон Аргентины шигшээ багийнханд талархаж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ. 

Тус нөхөрсөг тоглолтыг эсэргүүцэгчдийн Avaaz холбоо Аргентины шийдвэрийг “зоригтой бөгөөд ёс суртахуунтай” хэмээн тодорхойлжээ. Avaaz холбооны тэргүүн Элис Жэй, “ Цэнгэлдэхээс хэдхэн километрийн цаана Израилийн мэргэн буудагчид ямар ч зэвсэггүй иргэдийг буудаж байхад нөхөрсөг тоглолт болно гэдэг байж болшгүйг Аргентинчууд ойлгосон байна.” хэмээн онцолжээ. 

Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Иерусалимийг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, элчин сайдын яамаа Иерусалимд нээсэн явдлыг олон улс  буруушааж, Газын зурваст мөргөлдөөн үүсэх шалтгаан болсон билээ. 

Газын зурваст гарсан мөргөлдөөний улмаас 120 гаруй палестинчууд Израилийн цэргийн хүчнийхний гарт амиа алдсан юм. 

Иерусалим нь Израил болон Палестины хувьд маш эмзэг бөгөөд ээдрээтэй сэдэв юм. Израил Иерусалимийг нийслэл хотоо хэмээн тодорхойлдог бол Иерусалимийн зүүн хэсгийг Палестинчууд ирээдүйн Палестины нийслэл хэмээн үздэг ба Аргентин-Израилийн нөхөрсөг тоглолтыг Иерусалимд зохион байгуулахаар болсон нь палестинчуудыг бухимдуулсан аж.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1026 санал өгсөн байна.

Дээшээ