Орост саатах 32 улс: B хэсэгт ямар багууд багтсан бэ?

GoGo.mn

2018-06-13 10:59 GMT+8

Бид та бүхэнд А хэсэгт багтсан багуудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэсэн. Харин одоо В хэсгийг танилцуулъя.

B ХЭСЭГ

  • Португал (Европ)
  • Испани (Европ)
  • Марокко (Африк)
  • Иран (Ази)

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ

Улаанбаатарын цагаар:

  • 2018.06.15-ны 23:00 цагаас Марокко – Иран
  • 2018.06.16-ны 02:00 цагаас Португал – Испани
  • 2018.06.20-ны 20:00 цагаас Португал – Марокко
  • 2018.06.21-ний 02:00 цагаас Иран – Испани
  • 2018.06.26-ны 02:00 цагаас Иран – Португал
  • 2018.06.26-ны 02:00 цагаас Испани – Марокко

    ПОРТУГАЛ

Тив: Европ

Дэлхийн чансаа: 4 (2018.06.07)

Дасгалжуулагч: Фернанду Сантуш (Португал)

Хэдхэн хоногийн өмнө Аваргуудын лигийн тав дахь цомоо хүртсэн Криштиану Роналду шигшээ багийн хамт дөрөв дэх ДАШТ-д оролцох гэж байна. Өдгөө 33 настай түүний хүртэж үзээгүй үлдсэн сүүлийн цомынхоо төлөө багаа ахлан оролцох болно. Хоёр жилийн ЕАШТ-ий хэсгээс арай хийн шалгарч шигшээ тоглолт хүртэл амаргүй замыг туулсан ч түүний баг гайхамшгийг бүтээж түрүүлснийг санаж байгаа байх. Тэр цагаас хойш Португалийн шигшээ албан ёсны 22 тоглолтод оролцож ердөө гурван удаа ялагдсанаас гадна өнгөрсөн жил ОХУ-д болсон Тив хоорондын цомын хүрэл медалийн эзэд болсон.

ТҮҮХ

Европын хамгийн баялаг түүхтэй, жижиг энэ улсын хөлбөмбөг спортын соёл, уламжлал, сургалт дэлхийд үнэлэгддэг. Хоёрхон жилийн өмнө Европын магнайд анх удаагаа гарсан Португалчууд ДАШТ-д долоо дахь удаагаа оролцох гэж буй билээ. Тэдний энэ тэмцээний хамгийн оргил амжилт бол 1966 оны хүрэл медаль байдаг. Анх удаагаа оролцохдоо шууд медаль хүртсэн тэд хожим Европоос бусад тивд болсон дэлхийн аваргад хэсгээс шалгараагүй эсвэл хасагдах шатны эхнээс хасагдсаар иржээ.

ОНЦЛОХ АМЖИЛТ

Португалын шигшээ баг дэлхийн аваргын тоглолтод гурван гоолын зөрүүгээр ялагдаж яваад хожсон түүхэн дэх хоёр тохиолдлын нэгийг эзэмшдэг. Тэд 1966 онд Англид болсон ДАШТ-ий шөвгийн наймд БНАСАУ-ын шигшээ багтай таарч 3:0-ээр хожигдож байсан ч Эйсебио тоглолтыг эргүүлэн “покер” хийж эцсийн дүнд 5:3-аар хожиж байлаа.

Энэ жилийн тэмцээний урьдчилсан шатанд багийн супер од Криштиану Роналду 15 гоол оруулснаар өөрийн замналдаа нийт 30 гоолын босгыг давж, 26 гоолтой байсан Андрей Шевченкогийн амжилтыг гүйцэн буурал тивийн бүх цаг үеийн мэргэн буучаар нэрлэгдэх болжээ.

ТЭМЦЭЭНД ХҮРСЭН ЗАМ

Урьдчилсан шатны эхний тойрогт Швейцарт тэднийг талбайдаа 2:0-ээр хожиж шуугиан тарьсан. Түүнээс хойш хоёр баг хоёул хариу тоглолт хүртлээ нэг ч ялагдал амсаагүй ба Лиссабонд болсон шийдвэрлэх тоглолтод талбайн эзэд 2:0-ээр илүүрхэж хоёул 27 оноо хэсгээс цуглуулсан билээ. Гэхдээ Португалчууд +28 бөмбөгтэйгөөр тэдний дээр бичигдэж шууд оролцох эрхээ өвөртөлсөн юм.

БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгач: Руй Патрисиу (Спортинг Лиссабон), Антони Лопеш (Олимпик Лион), Бету (Гёзтепе)

Хамгаалагч: Бруну Алвеш (Рэйнжерс), Пепе (Бешикташ), Рафаэл Геррейру (Боруссия Дортмунд), Жозе Фонте (Далянь Ифан), Рубен Диаш (Бенфика), Рикарду Перейра (Лэстер Сити), Мариу Руй (Наполи), Седрик Суареш (Саутхэмптон)

Хагас хамгаалагч: Мануэл Фернандеш (Локомотив Москва), Жоау Моутинью (Монако), Жуан Мариу (Вест Хэм), Вильям Карвалью (Спортинг Лиссабон), Бруну Фернандеш (Спортинг Лиссабон), Адриен Силва (Лэстер Сити)

Довтлогч: Криштиану Роналду (Реал Мадрид), Андре Силва (Милан), Бернарду Силва (Манчестер Сити), Гонсалу Гедеш (Валенсия), Желсон Мартинш (Спортинг Лиссабон), Рикарду Куарешма (Бешикташ)

Энэ шигшээ багийг хоёр жилийн өмнө Европын аварга болно гэж төсөөлсөн хүн ховор биз. Гэхдээ Криштиану Роналдугаас өөр дээд зэрэглэлийн багуудад гол үүргийг хүлээдэг цөөн тоглогчтэй энэ шигшээ багийг мэргэжилтнүүд илүү өндөр амжилт үзүүлэх магадлалтайг онцолж байна. Тэд урьдчилсан шатнаас ямар ч зовлонгүй шалгарч, өөрсдийгөө ноднин ОХУ-д нэгэнтээ сориод амжсан учраас энэ бүрэлдэхүүнийг төдий л доогуур үнэлж болохгүй. 

ОНЦЛОХ ТОГЛОГЧИД

Криштиану Роналду: Аваргуудын лигийн тав дахь түрүүгээ хүртсэний дараа Роналду хошигнож цомыг өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн. Хэрэв тэр шигшээ багийн хамт дэлхийн аварга болвол Португал улсыг нэрээ өөрчлөхийг хүсэх болов уу, эсвэл нийслэл нь нэрээ солих уу. Юутай ч гэсэн энэ жилийн ДАШТ-ий шимтэн үзэх дэлхийн сая сая үзэгчдийн анхаарал түүн дээр тусах нь мэдээж. Тэр ч гэсэн Европт үзүүлсэн амжилтаа дэлхийд батлахыг хүсч буй нь гарцаагүй.

Бернарду Силва: Мэдээж баг нэг хүнээс биш 23 хүнээс бүтдэгийг мартаж болохгүй. Өнгөрсөн улиралд Португалийн бүрэлдэхүүнээс хамгийн сайн формтой байгаа нь Бернарду Силва юм. Өдгөө 23 настай тэрбээр Манчестер Ситигийн хамт олон олон рекорд амжилтыг шинэчлэн тогтоон Английн Премьер лигт түрүүлсэн. Чингэхдээ улирлын эхний хагаст Пеп Гвардиолагийн довтолгооны байрлал дахь гарааны “ноймор нэг” сонголт байсан билээ.

Жоау Моутинью: Багийн хагас хамгаалалтын гол “хөзөр” болсон Жоау Монако клубт цугласан супер бүрэлдэхүүнээс үнэнчээр үлдсэн цөөн хэдэн тоглогчдын нэг билээ. Шигшээ багийнхаа хамгийн туршлагагтай тоглогчдын нэг тэрбээр улаан хүрэн өмсгөлтэй 100 гаруй тоглолтод оролцож байсан.

ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ

25/1: Хэрэв тэд эхний тоглолтод Испанид хожигдвол дэд байраар цааш шалгарч А хэсгийн Уругвайтай таарах магадлалтай. Хэдээр ч шалгарлаа гэсэн Уругвай болон Египет гэсэн хожих болохуйц багууд тэднийг хүлээж байх тул урьдаар эхний гурван тоглолтоо сайн хийх нь чухал.

ИСПАНИ

Тив: Европ

Дэлхийн чансаа: 10 (2018.06.07)

Дасгалжуулагч: Хулен Лопетеги (Испани)

Бразилд болсон өмнөх тэмцээний хэсгээс шалгарч чадаагүйн дээр хоёр жилийн өмнөх ЕАШТ-ий шөвгийн 16-д Италид хожигдсоны дараа Испанийн шигшээ багийн ноёрхол, оргил цаг үе улиран өнгөрч байгаа олон хөлбөмбөг сонирхогчид ам уралдан ярьж байлаа. Тэр явдлын дараа дэлхий болон Европд түрүүлсэн дасгалжуулагч Висенте Дель Боске ч ажлаа өгч байсан юм. Гэхдээ одоогийн дасгалжуулагч Хулен Лопетеги багийн бүрэлдэхүүнд залуу тоглогчдыг түлхүү авч шигшээ багийг дахин оргил өөд хөтлөхийг хүсч байна.

ТҮҮХ

Испанийн шигшээ баг түүхэндээ ийнхүү 15 дахь удаагаа дэлхийн аваргад зодоглох гэж байна. Тэр дундаа 1978 оноос хойш тасралтгүй энэ тэмцээнд оролцох гэж буй юм. Бразилд болсон дэлхийн аваргаас дөрөвдүгээр байртай буцсанаас өөр том амжилтгүй байсан тэд хамгийн анх удаа Африк тивд болсон 2010 оны ДАШТ-д өрсөлдөгч бүрээ буулган авч, шигшээ тоглолтод Нидерландыг Андрес Иниестагийн цорын ганц гоолоор хожиж анх удаа дэлхийн аварга болсныг уншигчид маань бэлхнээ санаж буй биз ээ. Аваргын замдаа тэд нийт долоон тоглолтод ердөө наймхан гоол оруулж байсан юм. Үүнээс гадна 2008 болон 2012 онуудад тивийн аваргын хэргэмийг дараалан хүртсэн Испаничуудын ноёрхол 2014 оны дэлхийн аваргад зогссон. Тэд хэсэгтээ өмнөх тэмцээний шигшээд таарсан Нидерландтай эхний тоглолтыг хийж 5:1-ээр ялагдан, улмаар Чилид дийлдэн хэсгээсээ шалгарч чадаагүй билээ.

ОНЦЛОХ АМЖИЛТ

Испанийн хийх эхний тоглолт тэдний түүхэн дэх дэлхийн аваргын 60 дахь тоглолт байх болно. Энэ хугацаандаа тэд эсрэг багийн хаалганд нийт 92 гоолыг оруулсан ба энэ жилийн тэмцээнд 100 гоолын босго давахаар зорьж байна. Тэмцээний түүхэнд тэднээс олон гоолыг Герман, Бразил, Аргентин, Итали, Францын багууд оруулсан байдаг.

ТЭМЦЭЭНД ХҮРСЭН ЗАМ

Энэ жилийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Испаничууд 10 тоглолт хийхдээ ердөө Италитай тэнцэж оноо алдсанаас бусдаар бүх тоглолтууддаа ялалт байгуулсан юм. Энэ хугацаанд нийт 36 гоол бүртгүүлж Германы (43) дараа орсон бол гуравхан гоол алдаж Англитай тэнцсэн юм. Үүний ачаар Испаничууд дэлхийн аваргын урьдчилсан шатанд 63 тоглолт дараалан ялагдал амсаагүй хэвээр үлдсэн юм. Чингэхдээ 50 удаа ялалт байгуулж, 13 удаа тэнцсэн бөгөөд 164 гоол бүртгүүлж, 29-ийг хаалгандаа алджээ.

БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгач: Давид де Хеа (Манчестер Юнайтед), Кепа Аррисабалага (Атлетик Бильбао), Пепе Рейна (Наполи)

Хамгаалагч: Дани Карвахал (Реал Мадрид), Жерар Пике (Барселона), Начо (Реал Мадрид), Альваро Одриосола (Реал Сосьедад), Сесар Аспиликуэта (Челси), Серхио Рамос (Реал Мадрид), Начо Монреаль (Арсенал Лондон), Жорди Альба (Барселона)

Хагас хамгаалагч: Серхио Бүскетс (Барселона), Андрес Иньеста (Виссел Кобэ), Сауль Ньигес (Атлетико Мадрид), Коке (Атлетико Мадрид), Тьяго Алькантара (Байерн), Марко Асенсио (Реал Мадрид), Давид Сильва (Манчестер Сити), Иско (Реал Мадрид)

Довтлогч: Родриго (Валенсия), Лукас Васкес (Реал Мадрид), Яго Аспас (Сельта), Диего Коста (Атлетико Мадрид)

Багийн ерөнхий дасгалжуулагч Хулен Лопетеги энэ жил Эктор Беллерин, Альваро Мората, Цеск Фабрегас зэрэг туршлагтай чадварлаг тоглогчдыг гэрт нь үлдээж түлхүү залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн нь сонирхол татаж байна. Гэхдээ 2014 оноос хойш Аваргуудын лиг болон Европа лигт түрүүлсэн 10 багаас ес нь Испанийн клубууд байсан тул дотоодын лигийн тоглогчдыг нь дутуу үнэлэхийн аргагүй. Ямартаа ч энэ жилийн бүрэлдэхүүн өмнөх хоёр тив, дэлхийн тэмцээнд таагүй оролцсон багийн амжилтыг хол ахиулах нь тодорхой.

ОНЦЛОХ ТОГЛОГЧИД

Серхио Рамос: “Киевийн дууль” хойд хөршид үргэлжлэх магадлал багагүй байна. Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг Серхио Рамос энэ жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Ливерпүүлийн супер од, Египетийн баатар Мохамед Салахыг унагаж гэмтээсэн нь түүнийг эсрэг дүрийн баатар болгож орхисон. Түүний энэ алдааных нь улмаас Египетийн нэгэн хуульч хүртэл түүнээс нэг тэрбум евро нэхэмжилж хэвлэлээр шуугиулаад амжсан юм. Ямартаа ч Рамос багаа ахлан хэсгээс шалгарах магадлалтай тул Салахтай дахин нүүр тулах эсэхийг хүлээх л үлдээд байна.

Давид Де Хеа: Багийн ахлагч асан Икер Касильясыг залгамжлан төрсөн өнөө цагийн Испанийн хамгийн шилдэг хаалгач бол мэдээ Де Хеа. Тэр өнгөрсөн улиралд Манчестер Юнайтедын бүрэлдэхүүнд урьд жилүүдийнхээс илүү онцгой байгаагаа өөрийн үзүүштэй, гайхалтай хаалтуудаараа батлан харуулсан. Хэрэв багийн довтолгоо үүргээ сайн биелүүлж л чадвал Де Хеаг байгаа цагт ардаа гоол алдахгүй байх магадлал илүү өндөр байх болно.

Марко Асенсио: Испанийн 19 хүртэлх насны шигшээ багийн хамт Европын аварга болсон тэрбээр аль хэдийн Аваргуудын лигт хоёр, Испанийн Ла лигт нэг, Клубуудын ДАШТ-д нэг, Европын Супер цомд хоёр удаа Реал Мадридын хамт түрүүлээд байна. Өдгөө дөнгөж 22 настай тэрбээр шигшээ багийн хамт анх удаа албан ёсны том тэмцээнийг зорьж байгаа ба урьдчилсан шат болон нөхөрсөг тоглолтуудад Испанийн өмсгөлтэй 10 гаруй удаа тоглохдоо хараахан гоол бүртгүүлж амжаагүй байна. Гэхдээ Мадридын багийн төлөө олон үзүүштэй гоол оруулж байсныг санах хэрэгтэй.

ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ

6/1: Де Хеа, Рамос, Пике нарын хамгаалалтын цул, Бүскетс, Иниеста, Сильва, Иско нарын “шидтэн” хагасууд болон Диего Костагийн гоолуудын ачаар тэдний түрүүлэх магадлал харьцангуй илүү гэж үзлээ.

МАРОККО

Тив: Африк

Дэлхийн чансаа: 41 (2018.06.07)

Дасгалжуулагч: Эрве Ренар (Франц)

ТҮҮХ

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон Африк тивийн хоёр дахь улс болох Марокко нь түүхэндээ тав дахь удаагаа энэ тэмцээнд оролцох гэж байгаа ба 20 жилийн дараа эргэн ирж буй нь энэ билээ. Энэ үзүүлэлтээрээ тэд тивдээ дээгүүрт бичигддэг. Энэ улсын шигшээ түүхэн дээд амжилтаа 1986 онд тогтоосон байдаг. Тухайн жил хэсэгтээ Англи, Польш, Португалын хүчтэй багуудын дундаас тэргүүн байраар шалгарч, шөвгийн 16-д Баруун Германд эцсийн мөчид Лотар Маттеусын ганцхан гоолоор дийлдэж байсан юм.

Марокко улс 2028 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгааг энд дуулгая. Энэ тэмцээнд төдий л амжилт үзүүлж байгаагүй, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр 100-аас хойш байрт бичигддэг улсын хувьд зоригтой шийдвэр гэхэд болно.

ОНЦЛОХ АМЖИЛТ

Мароккочууд эл тэмцээнд 13 тоглолт хийхдээ хоёр ялж, дөрөв тэнцэж, долоон удаа ялагдсан байдаг. Чингэхдээ хожиж, тэнцсэн амжилтаа дан Европын багуудын эсрэг үзүүлсэн нь онцлох үзүүлэлт юм.

ТЭМЦЭЭН ХҮРСЭН ЗАМ

Умард Африкийн баг энэхүү тэмцээний урьдчилсан шатанд 112 тоглолт хийснээрээ тивийнхээ багуудыг тэргүүлдэг. Тэд эцсийн шатанд Кот Д’Ивуар, Габон, Малигийн багуудтай нэг хэсэгт орсон. Тэд хэсэгтээ гурав хожиж, гурав тэнцэхдээ нэг ч гоол алдалгүй олныг гайхшруулсан юм.

БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгач: Яссин Буну (Жирона), Мунир Мохамеди (Нумансия), Ахмед Реда Таньяути (Иттихад Танжер)

Хамгаалагч: Ашраф Хакими (Реал Мадрид), Хамза Мендиль (Лилль), Мануэл да Кошта (Истанбул Башакшехир), Мехди Бенатиа (Ювентус), Ромен Саисс (Волверхэмптон), Набиль Дирар (Фенербахче)

Хагас хамгаалагч: Хаким Зийех (Аякс), Карим Аль-Ахмади (Фейеноорд), Юнес Беланда (Галатасарай), Файсал Фаджр (Хетафе), Мубарак Буссуфа (Аль-Жазира), Юссеф Айт-Беннассер (Кан), Нордин Амрабат (Леганес), Амин Арит (Шальке 04), Софьян Амрабат (Фейеноорд), Мехди Карсела-Гонсалес (Стандард Льеж)

Довтлогч: Аюб Эль-Кааби (Ренессанс Беркан), Халид Бутаиб (Йени Малатьяспор), Юссеф Эн-Несири (Малага), Азиз Бухаддуз (Санкт-Паули)

Францын хэд хэдэн том клуб олон Африкийн шигшээ багуудад ажилласны эцэст дасгалжуулагч Эрве Ренар өөрийн байх ёстой газраа олсон гэхэд болно. Түүний удирдсан Мароккогийн шигшээ баг урьд цагийнх шиг амар өрсөлдөгчид байхаа больсон нь урьдчилсан шатанд хаалгандаа нэг ч гоол алдаагүй үзүүлэлтээс харагдаж болно. Өнгөрсөн улиралд Саутхэмптон клубт маш сайн тоглосон Софьян Буфалийг дасгалжуулагч гэрт нь үлдээсэнд дэмжигчид нь гайхширсан. Энэ шийдвэрийг дөрөвдүгээр сард Саутхэпмтон, Челси клубуудын тоглолтын үеэр дасгалжуулагчийн биеэ халаах шаардлагыг эсэргүүцсэнтэй холбож, удирдаж буй хүнтэйгээ таагүй харьцсан хэмээн үзэж байсан билээ.

ОНЦЛОХ ТОГЛОГЧ

Мехди Бенатиа: Мароккогийн энэ цаг үеийн шилдэг тоглогч, багийн ахлагч тэрбээр багийн дунд болон арын шугмын хамгийн гол удирдагч юм. Тэдний хамгаалалт болон дундын шугам хоорондоо маш ойрхон байрладаг тул бие биенийхээ байрыг хурдан хугацаанд нөхөх боломжтой. Харин тэднийг чиглүүлэх үүргийг Бенатиа хүлээх болно.

ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ

300/1: Испани болон Португалыг давж энэ хэсгээс шалгарна гэдэг маш хэцүү байх болно. Гэхдээ нээлтийн тоглолтдоо Ираныг хожиж чадвал дээрх хоёр багийн эсрэг хийх тоглолтод илүү дарамт багатай оролцох нь мэдээж билээ.

ИРАН

Тив: Ази

Дэлхийн чансаа: 37 (2018.06.07)

Дасгалжуулагч: Карлуш Кейрош (Португал)

ТҮҮХ

Азийн тивийн том төлөөлөл болсон Ираны шигшээ баг түүхэндээ тав дахь удаагаа ДАШТ-д оролцох болно. Харин анх удаагаа хоёр тэмцээн дараалан эрхээ аваад буй нь энэ билээ. Бразилд болсон 2014 оны тэмцээнд тэд хэсэгтээ Аргентин, Нигери, Боснигийн ард сүүлийн байрт бичигдсэн юм.

Энэ шигшээ багийн ДАШТ-ээс авсан цорын ганц ялалтыг Иранчууд олон жилийн турш дурсан ярьдаг. Одоогоос 20 жилийн өмнө 1998 оны тэмцээнд тэд хэсэгтээ АНУ-тай таарч тоглон Хамид Эстили, Мехди Махдавикиа нарын гоолоор 2:1-ээр хожиж байсан юм.

ОНЦЛОХ АМЖИЛТ

Ираны шигшээ баг урьдчилсан шатанд нэгэн өвөрмөц амжилтыг шинэчлэн тогтоосон. Тэд нийт 12 тоглолт буюу 1121 минутын турш хаалгандаа нэг ч гоол алдаагүй юм. Өмнө нь энэ амжилтыг БНСУ (1053 минут) болон Ирланд (1041 минут) улсууд тус бүр 11 тоглолтод хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр эзэмшиж байлаа.

ТЭМЦЭЭН ХҮРСЭН ЗАМ

Тэд урьдчилсан шатанд нийт 18 тоглолт хийхдээ 12 хожиж, зургаа тэнцэн нэг ч удаа ялагдаагүй. 

БҮРЭЛДЭХҮҮН

Хаалгач: Алиреза Бейраванд (Персеполис), Мохаммед Рашид Мазахери (Зоб Ахан)

Амир Абедзаде (Маритиму)

Хамгаалагч: Рузбех Чешми (Эстегляль), Милад Мохаммади (Ахмат), Мортеза Пурлиганжи (Аль-Садд), Мохаммед Реза Ханзаде (Падиде), Пежман Монтазери (Эстегляль), Мажид Хосейни (Эстегляль), Рамин Резаэян (Остенде)

Хагас хамгаалагч: Мехди Тораби (Сайпа), Эхсан Хажсафи (Олимпиакос), Саид Эззатоллахи (Амкар), Масуд Шожаи (АЕК Афин), Омид Эбрахими (Эстегляль), Вахид Амири (Персеполис), Саман Годдос (Остерсунд), Ашкан Дежага (Ноттинхем Форест)

Довтлогч: Карим Ансарифард (Олимпиакос), Реза Гучаннежад (Херенвен), Мехди Тареми (Аль-Гарафа), Алиреза Жаханбахш (АЗ), Сердар Азмун (Рубин)

Өмнөх дэлхийн аваргаас илүү хүчирхэг довтолгоотой Ираны шигшээ ОХУ-д газардах гэж байгааг хэвлэлүүд онцолж байна. Алиреза Жаханбахш гэх Нидерландын лигийн энэ улирлын мэргэн бууч гарааны эхний сонголтоор нэрлэгдэж байгаа бол Олимпиакос клубын нэрийн өмнөөс Грекийн лигийн мэргэн буучдын жагсаалтад “аман хүзүүдсэн” Карим Ансарифард түүнтэй хорших болно. Туршлагатай Португал мэргэжилтэн Карлуш Кейрошын Азиийн тэргүүн баг дэлхийн тавцанд Испани, Португалын эсрэг хэрхэн тоглохыг харах маш сонирхолтой байх болно.

ОНЦЛОХ ТОГЛОГЧ

Алиреза Жаханбахш: Нидерландын АЗ Алкмаар клубтэй 2015 онд гэрээ байгуулан нэгдсэн тэрбээр энэ улиралд 21 гоол оруулж, Европын топ лигийн мэргэн буучаар тодорсон анхны ази тоглогч болсон. Гэхдээ 2013 онд шигшээ багийнхаа төлөө дебутээ хийсэн Алиреза ердөө дөрөвхөн гоолыг оруулсан байдаг. Гэхдээ сайн формоо дэлхийн аваргад харуулж чадвал энэ тоогоо өсгөх бүрэн боломж түүнд бий.

ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛ

500/1: Энэ хүчтэй хэсгээс шалгарах магадлал Мароккогоос илүү бага гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эхний тоглолтод Мароккогоос оноо салгаж чадахгүй л бол Испани, Португалын дээр нэрлэгдэх боломж Азийн тивийн төлөөлөлд маш бага юм.

Б.Билгүүдэй

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4464 санал өгсөн байна.

Дээшээ