Б.Батнягт: Техникийн бүрэн бус байдлын улмаас хүүхдүүд бэртсэн тул хариуцлага хүлээнэ

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-06-13 19:00 GMT+8

Өнөөдөр 14.50 цагийн үед Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоом хугарсан. Тус тоглоом хоёр кабинтай бөгөөд нийт найман хүүхдийн багтаамжтай. Тус тоглоом хоёр кабинтай нэг нь эвдэрч дээрээс унасан байна. Эвдрэл гарах үед дөрвөн хүүхэд сууж байсан бөгөөд хүүхдүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Б.Батнягтаас цөөн асуултад хариулт авлаа.

-Тоглоом хугарч, хүүхдүүд бэртээд байхад танай байгууллагаас ямар нэг тайлбар мэдээлэл хийлгүй хоёр цаг гаруй боллоо.
-Эвдрэл гарсан даруйд бид эмнэлэг, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Цагдаагийн байгууллага хариуцан ажиллаж байгаа учраас надаас мэдүүлэг авсан юм. Сая л дууслаа. Өрөөнөөсөө гарч нөхцөл байдалтай танилцаж амжаагүй л байна. (17.00 цаг)

-Эвдэрсэн тоглоомын тухайд хугарсан харагдаж байна лээ. Энэ тоглоом хэдэн жилийн насжилттай юм бэ?

-Манайд ажиллаж буй ихэнх тоглоомууд 8 дахь жилдээ ашиглаж байна. Зарим нь дөрвөн жил ажиллаж байгаа. Өнөөдөр техникийн бүрэн бус байдлаас болж хүүхдүүд гэмтсэн учраас бид хариуцлагаа хүлээх болно.

-Тоглоомын нэг кабин нь дээрээс хугарч унасан харагдана лээ. Жил бүр засвар үйлчилгээ хийдэг, ашиглалтад ороод найман жил болж байгаа тоглоом хугарч байна гэхээр...
-Би энэнээс боллоо, тэрнээс боллоо гэсэн мэдээлэл өгөх боломжгүй байна. Дүгнэлт гарсны дараа нарийн мэдээлэл гарах байх. Ямартай ч бүх хүнд ойлгомжтой байгаа зүйл нь хугарч унасан байна лээ.

-Хамгийн сүүлд засвар үйлчилгээ хэзээ хийсэн юм бол?
-Бид жил бүр паркийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө засвар үйлчилгээ хийж байж үйл ажиллагаагаа эхэлдэг. Мөн өдөр бүр аюулгүй байдлыг шалгасны дараа тоглоомоо ажиллуулдаг ажлын горимтой.

-Өнөөдөр өглөө техникийн байдал нь хэвийн гээд эхэлсэн гэсэн үг үү?
-Хэвийн гээд л ажиллаж эхэлсэн. Хэвийн бус бол үйл ажиллагаа эхэлдэггүй. Засвар үйлчилгээ хийж байж ажилладаг.

-Танайд аюулгүй байдал шалгадаг хичнээн хүн байна вэ?
-Инженер техникийн 8, аюулгүй байдал шалгадаг ажилтан бий.

-Танайх тоглоомуудаа хаанаас авдаг вэ?
-БНХАУ-ын Бээжин  SBL гээд үйлдвэрт захиалж хийлгэсэн.

-Хүүхдүүдийн биеийн байдлыг лавлав уу?
-ГССҮТ-тэй холбогдсон. Хүүхдүүдэд үзлэг хийж, биеийн байдлыг нь ажиглаад, эмнэлгээс гаргасан гэж байна лээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ