Олон жил бугшсан 100 айл "хөдөлж эхэлжээ"

GoGo.mn

2018-06-14 09:30 GMT+8

"100 айлын барилгын материалын захыг хотоос нүүлгэнэ" - Энэ өгүүлбэрийг  сүүлийн 10 орчим жилийн өмнөөс эхлэн Нийслэлийн удирдлагууд ярьж эхэлсэн байдаг. Гэвч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн.

25 жилийн өмнө БНХАУ-ын Эрээн хот манай 100 айл шиг энд тэнд ил задгай худалдаа хөглөрсөн, бохир заваан нөхцөл, хог шороонд дарагдсан орчинд худалдаа үйлчилгээ явуулдаг байсан гэдэг. Тэгвэл бид Эрээнээс нааш 25 жилийн турш барилгын материал зөөж, Эрээн хотын хөгжилд хувь нэмэр оруулж, ил задгай худалдаагүй болтол нь хөгжүүлсэн атлаа өөрсдөө  Улаанбаатар хотод 100 айл гэж 25 жилийн өмнөх "Эрээнэнград"-ыг байгуулчихаад түүндээ огт ажрамгүй суусаар байна.

Тэгвэл  2018 оны 1 сард  НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар 100 айлын барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах, хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулан Тэргүүлэгчдийн хурлаар байгуулжээ.

Энэ тухай НИТХ-ын дарга С.Амарсайхан Твиттерт "Захуудыг үе шаттай нүүлгэх ажлыг эхлүүлнэ, 100 айлын барилгын материалын дэлгүүр, захыг 2018 оны III улиралд багтаан хотоос гаргана" хэмээн жиргэсэн байдаг. Түүний удирдаж байгаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын гаргасан  эл шийдвэрийг олон нийт өмнөх шиг нөгөө л хий хоосон амлалт гэж ойлгож байсан.

Гэвч энэ цагаас хойш ажил урагшилж эхэлсэн. Амлалт яриа төдий зүйлүүд ажил хэрэг болж, шийдвэрүүд үйлдэл болж хэрэгжиж эхлэв. Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн талаар судалгаа гаргаж, тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, хөрс орчин агаарын бохирдол үүсгэж, замын түгжрэлийг бий болгож байсан ил задгай барилгын материалын худалдаа болон төмөр, шил, модны, чулууны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон байна. Түүнчлэн 100 айл орчимд үйл ажиллагаагаа явуулдаг Улсын бүртгэлийн газар, гадаад паспортын хэлтсийн үйл ажиллагааг дүүргүүдрүү шилжүүлснээр энэ орчмын замын түгжрэл буурч, авто замын нэвтрэх чадвар  нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоон хоногийн эхээр НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж холбогдох ажилтнуудад үүрэг чиглэл өгсөн байна. Түүний ярьснаас анзаарвал ямартай ч 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км замыг  14 м болгон өргөтгөн шинэчилж, явган хүн, дугуйн замыг багтаасан иж бүрэн авто зам баригдах  ажил удахгүй эхэлж ашиглалтанд орох гэнэ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийсллэийн Газрын алба зэрэг байгууллагууд 100 айлд ажиллаж, холбогдох зөрчлүүдийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

100 айл орчимд барилгын материалын худалдаа үйлчилгээнд байр орон сууцаа түрээслэдэг обьектууд болон худалдаа эрхлэгч иргэдийн контейнерийг хашаандаа байрлуулж түрээслэдэг гэр хорооллын иргэдэд хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан "Иргэд газар, объект талбайн үнэлгээгээ зөвхөн барилгын материалын худалдааны түрээс, үйлчилгээ хэлбэрээр бус өөр бусад хэлбэрээр  одоо байгаагаас илүү өсгөх боломжтой" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Нэг үеэ бодвол иргэдийн төдийгүй бизнес эрхлэгчдийн ухамсар дээшилсэн юм байна гэдгийг 100 айл орчимд үйл ажиллагаа явуулдаг барилгын үйлчилгээ эрхэлдэг эрхлэгчдийн ярианаас мэдэж болох. Тэдний олонхи нь  хотын төвөөс холгүйхэн ил задгай орчинд барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа нь нийт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаагаа ухамсарлаж байгаа төдийгүй, барилгын  материалын худалдааны төвлөрсөн төв байгуулагдвал түүн рүү нүүж очих боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Ямартай ч хотын төв талбайгаас 1 км хүрэхгүй зайд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд хор хохирол учруулахуйц барилгын материалын ил задгай худалдааг цэгцлэх, мөн дээр нь хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн "Эрээнэнград"-ыг өөрчлөх, зориулалтын газар руу шилжүүлэх ажлыг амжилттай эхлүүлсэн НИТХ-ын дарга С.Амарсайхан, Ажлын хэсгийн ахлагч  Ч.Гантулга нарт талархах нь зөв бизээ.

Ц.Бат

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 312 санал өгсөн байна.

Дээшээ