Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппарат өглөө

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-06-14 09:45 GMT+8

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өгчээ.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай, СБД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ.

Энэ дагуу ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотойгоор дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч байна. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй. 100.000 хүн амд ногдох цус алдах хэлбэрийн тархины цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд 1-рт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа гэсэн тоо баримт бий.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг санаачлан гурван тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази тивээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг сонгосон билээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болох юм. Үүний зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: НЭМГ

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 2057 санал өгсөн байна.

Дээшээ