XMF 2018 хөгжмийн наадам МАРГААШ, НӨГӨӨДӨР болно

Э.Онон GoGo.mn

2018-06-14 14:00 GMT+8

XMF 2018 хөгжмийн наадам нь хоёр дахь жилдээ илүү өргөн хүрээнд буюу 2018 оны зургаадугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэхэд болох гэж байна.

Наадмын зорилго нь залуу нуугдмал авьяас тайзнаа үзэгчдийг хэрхэн байлдан дагуулж чаддагийг харуулахаас гадна олон улсын мэргэжлийн баг бүрэлдэхүүн, уран бүтээлчдийг хамардгаараа онцлог юм.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч Гэр контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож, илүү дэвшилтэт шинэ техник, технологийн хүчийг ашигласан мэргэжлийн тайзыг засаж залуучууддаа хүргэх гэж байна.

XMF-ийн тайзнаа өөрийн шилдэг дуу хөгжмөө өргөх дэлхийн хөгжмийн одод DJ Yaksa&Royal, Буриадын Dze/Saryuna болон Монголын 40 гаруй хамтлаг дуучид, DJ нар тодорлоо. Хөгжмийн наадмын эхний өдөр болох зургаадугаар сарын 15-нд Татар болон LUMINO хамтлагаар тэргүүлсэн 22 хамтлаг дуучин уран бүтээлээ хүргэнэ.

Харин наадмын хоёр дахь өдөр поп, электро хөгжмийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг 20 гаруй хамтлаг дуучин уран бүтээлээ толилуулж, УКА болон EDM урсгалын Азийн топ продюсер, DJ ROYAL нар энэ өдрийн тайзыг тэргүүлнэ.

Мөн Японы EDM DJ YAKSA Монголд анх удаа ирж, DJ Одонбат, A-Sound хамтлаг хамтарсан шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ. Мөн энэ жилийн наадмын сюрприз бол The Voice of Mongolia-гийн шилдэг оролцогчид байх юм.

Наадмын ерөнхий зохион байгуулагч BRB компанийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “XMF хөгжмийн наадам нь 700 гаруй сая төгрөгийг зөвхөн наадмын зүгээс эдийн засгийн эргэлтэд оруулж, 600 гаруй ажлын байрыг бий болгож, 50 гаруй аж ахуйн нэгжийн бизнесийг дэмжиж байна. Мөн Монгол залуучуудад дэлхийн бусад орны залуус шиг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, шилдэг хамтлаг дуучдыг дэлхийн стандартын тайз, дуугаралтын наадмын орчноос мэдрэх боломжийг олгож байна.” гэсэн юм.

Татар хамтлагийн зүгээс хамгийн эхний болон сүүлийн цомгийн дуунуудаас шүүгээд хүмүүсийн хамгийн их мэддэг, дуртай уран бүтээлүүдээ сонгож дуулахаар болжээ.  

Татар хамтлаг "Бид өөрсдийгөө нийгмийн хариуцлагатай хамтлаг гэж боддог. Бид "Бусдын хайрыг хүндэл", "Хүн хүнээрээ бай", "Ганц олдох насандаа" гэх зэрэг нийгмийн чанартай, залуучуудад өөрсдийнхөө үзэл бодлыг эергээр хүргэх уран бүтээлүүдийг хийдэг. Энэ дуунуудаа XMF хөгжмийн наадмаар толилуулах гэж байгаа нь хамгийн том ач холбогдол.  

Мөн ийм өндөр хэмжээний зохион байгуулалттай тоглолтод орж байсан тохиолдол цөөхөн. Энэ гоё тайзан дээр, ийм гоё дуугаралтанд кайф авна гэдэг ховор тохиолдол тул маш баяртай байна. Энд залуучууд түүх бичиж байна. Эцэст нь хөгжимд хайртай бүх залуучуудыг ирээрэй" гэж уриалсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2738 санал өгсөн байна.

Дээшээ