Та 30 минутад гурван хүний амь аварч чадна гэдгээ мэдэх үү


2018-06-14 16:45 GMT+8

Бусдын амь насыг аварч, эрүүл мэндийг дээшлүүлэхийн тулд цусаа бэлэглэдэг ачтан доноруудын үйлсийг сурталчилах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой өдөрлөг Сүхбаатарын талбайд боллоо.

Жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс энэ өдрийг 15 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаанзагалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм.

Мөн дэмжигч байгууллагаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэг ажиллан, иргэдэд биеийн жингийн индекс, цусны бүлэг тодорхойлох болон эрүүл мэндийн зөвлөгөөг өгсөн.

О.Ганбаяр: ЦУСАА БЭЛЭГЛЭХЭД 30 МИНУТ Л ЗАРЦУУЛНА. ХАРИН ТЭР ЦУС ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ АВАРНА

Жилээс жилд сайн дурын авлагагүй цусны донорын тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, 2016 онд улсын хэмжээнд нийт 32 мянга гаруй донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд энэ тоо 33 мянга болон өссөн байна.

Улсын хэмжээнд

  • 150-аас дээш удаа цусаа өгсөн алтан донор 5,
  • 100-150 удаа цусаа өгсөн мөнгөн донор 20,
  • 70-100 удаа цусаа өгсөн хүрэл донор 63 төрөөд байна.

Харин 2018 онд улсын хэмжээнд 35-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүндэт донор 100 гаруй төрсөн бөгөөд тэдний 62 нь нийслэлээс тодорчээ. Тэдний төлөөлөл болгон өнөөдөр хамгийн залуу хүндэт донор О.Ганбаяр нарын хүмүүст хүндэт донорын тэмдэг, үнэмлэхийг нь гардуулж, алдаршууллаа.

Хамгийн залуу хүндэт донор О.Ганбаяр

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан О.Ганбаяр 22 настай. Тэрбээр нийт 37 удаа цусаа бэлэглэж, өнөөдөр хамгийн залуу хүндэт донор болоод байгаа юм. Хамгийн залуу хүндэт донор О.Ганбаяр хэрхэн цусны донор болж байсан талаараа “2013 онд ЭМШУИС-д элсэн ороод нэгдүгээр дамжааны дадлагаа Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгт хийсэн. Түүнээс гадна цусны өвчтэй хүүхдүүдийн талаар бие даалт хийж байхдаа цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага их байдаг талаар олж мэдсэн л дээ. Ингээд өөрийн чадах хэмжээнд туслахын тулд анх цусаа бэлэглэж байсан. Одоо 37 дахь удаагаа өгөөд байна. Манай сургуульд цусаа тогтмол бэлэглэдэг хүмүүс олон бий. Миний хувьд ч эргэн тойрныхоо хүмүүст цус өгөхийн ач холбогдлыг хэлдэг. Би нэгдүгээр бүлгийн цустай. Сургуулийн хажууд цусны төвийн салбар байдаг учраас яаралтай тохиолдолд дуудагдаж очих үе бий. Цусаа бэлэглэхэд та 30 минут л зарцуулна. Харин тэр цус гурван хүний амийг авардаг юм шүү гэдгийг хэлмээр байна” хэмээн ярьж байлаа.

42 удаа цусаа бэлэглэн хүндэт донор болсон Ж.Баттогтох “2014 оны нэгдүгээр сард анх цусаа бэлэглэсэн. Би хүнд юугаар тусалж чадах вэ гэж бодож байгаад донор болж байлаа. Ингээд нийт 42 удаа цусаа бэлэглэн өнөөдөр “Хүндэт донор” тэмдэг, үнэмлэхээ аваад байна. Хүний амь аврах энэ үйлсэд цаг зарцуулах ёстой гэж боддог. Цаашид ч цусаа бэлэглэж, олон хүнд ач тус болох юмсан гэж боддог” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

42 удаа цусаа бэлэглэн хүндэт донор болсон Ж.Баттогтох

Харин 100 удаа цусаа бэлэглэж, мөнгөн донорын тоог нэгээр нэмж буй Түмэнжаргал “Гурван жилийн хугацаанд зуу гаруй удаа цусаа өгч, 300 гаран хүний амь насыг аварсан. Өөрөө эрүүл байж, бусдын эрүүл мэндийг дэмжих боломжтой. Тиймээс өөрийн эрүүл мэнддээ анхаарч, цусаа бэлэглэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна” гэлээ.
100 удаа цусаа бэлэглэсэн мөнгөн донор Түмэнжаргал

Н.Эрдэнэбаяр: ЦССҮТ 22 ТӨРЛИЙН ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ,
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр

-Юуны өмнө үе үеийн ачтан донор, эрхэм хүмүүстээ цусны донорын өдрийн мэндийг хүргэе. Донор хүн эрүүл байдаг. 17-60 насны өөрийгөө эрүүл гэж бодож байвал цусны донор болох боломжтой. Секунд тутамд хэн нэгэнд цус сэлбэх шаардлага гарч байдаг. Шинжлэх ухаан хэдий хөгжсөн ч цусыг орлох зүйлийг хийж чадахгүй. Тиймээс энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх шаардлага бий. Бусдын төлөө буян хийе гэвэл, эмчлэе, эдгэрүүлье, амьдруулъя гэвэл заавал эмч байх шаардлагагүй. Та цусны донор болсноор энэ бүхнийг хийх боломжтой.

 15 шинэ технологи нэвтрүүлсэн

Сүүлийн таван жилийн статистикаас харахад 70 хувиар өссөн сайн мэдээтэй байна. Жилээс жилд эмнэлгүүдээс захиалж буй цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Хавдрын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан дээр байдаг зүрх судасны өвчлөл ч гэдэг юм уу цус цусан бүтээгдэхүүний хэрэглээтэй өвчлөл буурахгүй байна. Аваар ослын тоо нэмэгдэж, төрөхийн хүндрэлээс цус алдах тохиолдол ч мөн нэмэгдэж байна. Үүний хажуугаар эрүүл мэндийн салбарын хөгжилтэй холбоотой элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна гээд энэ бүрд нарийн технологиор цус цусан бүтээгдэхүүн хэрэг болж байна.

“Эрүүл мэндийн хөгжил, хөтөлбөр 5 төслийн хүрээнд цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх олон улсын жишигт хүрсэн шинэ тоног төхөөрөмжөөр ЦССҮТ болон орон нутгийн салбарууд тоноглогдоод байна.

Өөрөөр хэлбэл 15 шинэ технологи нэвтрүүлсэн. Бид 22 төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эмнэлгүүдийг хангаж байна гэсэн юм.

Л.Бямбасүрэн: ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Энэ өдөр бид доноруудаа алдаршуулахаас гадна цусны аюулгүй байдал, цус цусан бүтээгдэхүүн гэж юу болох, яагаад донор болох ёстой талаар танилцуулах ажлыг хийдэг. Цусны аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас энэ тал дээр анхаардаг. 10.8 тэрбум төгрөг зарцуулан ЦССҮТ шинэ барилгатай болж, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Хүн хүнийхээ сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхныг хамтдаа цогцлоохын төлөө цусаа бэлэглэхийг уриалж байна” гэлээ.

Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгсэн ШУТИС, Зэвсэгт хүчний 013-р анги болон Бурханы сүмийг “Донор хамт олон”-оор өргөмжилсөн юм. Мөн цусны донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, www.zaluu.com-ыг шалгаруулсныг өдөрлөгийн үеэр гардууллаа.

Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд ЦССҮТ-өөс иргэдэд цусны бүлэг тодорхойлох шинжилгээ хийж өгсөн бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэг биеийн жингийн индекс үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4333 санал өгсөн байна.

Дээшээ