Орон сууцны нэгдүгээр давхрын хоолны газруудыг ХААХ мэдэгдэл хүргүүлнэ


2018-07-05 11:55 GMT+8
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурал, 2018.07.05

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг Нийслэлийн захирагчийн албанд явуулахаар боллоо.

Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байна.

Наймдугаар сарын 1-нээс өмнө бүгдийг нь зогсоо

Иргэдийн зүгээс хоолны салбартай холбоотой ирж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт байрлах хоолны газрын хиншүү, хярвас гэрт орж ирж байна, дуу чимээ ихтэй байна гэх мэдээлэл эзэлдэг аж.

Мөн хоолны газруудад ашиглаж буй хийн түлш буюу газ аюулгүй байдал хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй бөгөөд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газрууд хийн түлш хэрэглэхийг хориглохгүй бол томоохон гарз хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй гэдгийг энэ үеэр онцолж байв. 

Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог бөгөөд эргээд хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын нуруун дээр ирдэг гэдгийг хурлын үеэр онцолж байв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун

“Сая гаран хүнтэй нийслэлд зөвхөн нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хоолны газар 800 гаран байна гэж байна. Хоолны газар нийслэлд дутаагүй.

Хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсоо

Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүл. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүгдийг нь зогсоо. Хэрэв үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өөрсдөө өгнө биз. Зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлагын асуудал яригдах байх. Өгсөн шаардлагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээ.

800 газрыг хааж чаддаггүй юм бол зөвшөөрөл өгсөн, хаалгахгүй байгаа холбогдох хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан гээд прокурорт хандъя.

Хуулиндаа орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газар ажиллуулахгүй гээд байгаа атал хуулиа биелүүлэхгүй байгаа байгууллага, албатуудтай ярья. Нэгдүгээр давхрын хоолны газрын газ дэлбэрээд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирвол хэн хариуцлага хүлээх юм?

Нийтийн хоолны салбарынхныг олон жил сануулж, албан шаардлага хүргүүлж, аргадаж явлаа. Одоо боллоо. Ийм зарчмаар явахгүй. Хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Одоо сануулахгүй, үйл ажиллагааг нь зогсоо. Хүний амь нас, эрүүл мэндийн баталгааг хангасан хоол хүнс үйлдвэрлэгч нь ажилла, чадахгүй нь болих хэрэгтэй” гэлээ.

Мөн Япон, Солонгос, Хятад хоолны газруудад хоолны стандарт гэж байхгүй байгаа тул энэ тал дээр мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг анхаарал хандуулахыг хурлаар сануулсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 4737 санал өгсөн байна.

Дээшээ