Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочилж, дуут сум харвалаа

Б.Чимэг GoGo.mn

2018-07-11 16:47 GMT+8

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээн үг хэлж, баяр наадмын нээлтийн ёслол, хүчит бөхийн барилдааны нэгийн давааны эхлэлийг үзэж сонирхсоныхоо дараа сурын талбайгаар зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд цэц, мэргэнээ сорьж буй харваачид, наадамчин олонтой мэндчилэн “Тэнгэрийн чоно” хамтлагийн “Морьтон харваачид” үзүүлбэрийг үзэж сонирхсон юм. Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга баяр, наадмыг сурвалжилж буй сэтгүүлчдэд товчхон ярилцлага өгөх үеэрээ “Хоёр дахь удаагаа улсын баяр наадмыг нээж байна. Өнгөрсөн жил бэлтгэл хийгээгүйн улмаас сур харваагүй. Энэ жил гурав, дөрвөн удаа бэлтгэл хийж байж харвалаа. Нэг сум нь онолоо. Сайхан байна” гэлээ.

Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга шагайн асраар зочилж харваач, наадамчин олонтой мэндчиллээ. Мөн Төрийн тэргүүн шагайн асарт зочлох үеэрээ уламжлалын дагуу есөн тохой зайнаас шагай харваж, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Шагайн асраар зочлох үеэр 46 баг цэц, мэргэнээ сорин өрсөлдөж байсан бөгөөд хамгийн залуу харваач нь Өмнөговь аймгаас ирсэн 14 настай хүү, хамгийн ахмад нь Дундговь аймгаас ирсэн 85 настай харваач байсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2676 санал өгсөн байна.

Дээшээ