Шинэ аварга Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-07-14 13:17 GMT+8

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Н.Батсуурьд түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өчигдөр гардуулан өглөө.

Автомашин хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, "Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши болон Монгол Улсын шинэхэн аварга Н.Батсуурийн гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа.


"Тоёота моторс" корпораци Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр тав дахь жилдээ ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр "Тоёота сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Монгол Улсын аварга Н.Батсуурь танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.

Монгол Улсын аварга Н.Батсуурь “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Тоёота моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ