С.Гантогоо: Хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгост хийлгээд ирлээ

Э.Онон GoGo.mn

2018-08-02 08:43 GMT+8

“Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогоо өөрийн бие даасан анхны уран бүтээл болох “Над шиг мэдэр” дуугаа дөрөвдүгээр сард олны хүртээл болгосон билээ. Тэрбээр хоёр, гурав дахь дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад амжилттай хийгээд саяхан иржээ. С.Гантогоо нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин бөгөөд “Яг түүн шиг” шоугаар олонд танигдаж, Монголын урлагт хөл тавьсан юм. Түүний Солонгос дахь зураг авалтын талаар хором ярилцлаа.

-Яагаад Солонгост дууны клипний зураг авалтаа хийхээр болов?
-Солонгост хоёр дууныхаа клипний зураг авалтыг маш амжилттай хийгээд ирлээ. Би Солонгосын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин тул давуу талаа ашиглан Солонгост клип хийх талаар “Монгол Контент” ХХК-ийн албаны хүмүүстэйгээ ярилцаж эхэлсэн. Солонгост хайрын өгүүлэмжтэй сайхан газрууд ч байдаг. Тэр утгаараа Солонгост зураг авалтаа хийхээр болсон.

-Дуу болгон ямар нэг зүйлийг илэрхийлсэн байдаг. Уран бүтээлээрээ хүмүүст ямар санаа хүргэхийг зорьсон бэ?
-Би уран бүтээлээрээ дамжуулан сайн сайхан, аз жаргалтай байдал, бусдад сургамжтай, эерэг зүйлсийг хүргэхийг маш их хүсдэг. Энэ нь миний хувь хүний баримталдаг зарчмын нэг.

Энэ удаа хайрын тухай “Love story” дуу, өөртөө итгэлтэй, өөрөөрөө амьдарч чаддаг залуугийн тухай “Чи бэлэн үү” нэртэй хоёр дууныхаа клипийг Солонгост хийсэн. Наймдугаар сарын хоёрдугаар хагаст нэгийг нь, есдүгээр сарын дундуур хоёр дахь дууны клипээ цацах төлөвлөгөөтэй байна.

-Солонгос улсад клипний зураг авалт хийхэд ямар нэг хүндрэл бэрхшээл тулгарсан уу?
-Солонгост сонгосон газартаа очоод, албан ёсны зөвшөөрөлтэйгээр зураг авалтын ажлыг хийсэн. Аялал жуулчлалын корпорацийн Солонгос дахь ажилтнууд биднийг маш сайхан хүлээн авч, тусалж, бүхий л боломж бололцоогоор хангаж өгсөн. Тиймдээ ч хэцүү, санаа зовох зүйл харьцангуй бага байлаа.

Ядарсан ч гэсэн дуртай зүйлээ хийж байсан болохоор аз жаргалтай  байсан.

Солонгосын аялал жуулчлалын корпораци, Монгол Контент ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг ойролцоогоор хоёр долоо хоног яваад ирсэн. Бид өдөрт 3-4 зураг авч, шахуу хуваарьтай ажилласан. Ядарсан ч гэсэн дуртай зүйлээ хийж байсан болохоор аз жаргалтай  байсан.

Бид борооны улирал эхэлж байхад очсон тул цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад зураг авалт хойшлох тохиолдол ч гарсан л даа.

-Таны Солонгост хийсэн уран бүтээл юугаараа онцлог болсон бэ?
-Бид Пусан, Чоньжү, Сөүл, Сүвонь, Пажү зэрэг олон хотод очиж зураг авалт хийсэн. Хотоос хотын хооронд Солонгосыг хөндлөн гулд давхиж, клипний зураг авалтаа дуусгасан.

Солонгосын Соёл урлагийн их сургуулийн дөрөвдүгээр курсын жүжигчний ангийн оюутан охин "Love story" дууны клипэнд тоглосон. Бас Солонгост нэр хүндтэй уран бүтээлээ туурвиж яваа Герман жүжигчин охин "Чи бэлэн үү" дууны зураг авалтанд оролцсоноороо онцлог. 

Ажил хэрэгч, цаг барьдаг, мундаг, хариуцлагатай залуучуудтай хамтран ажилласандаа үнэхээр баяртай байна. Гайхалтай хүмүүс нэг хамт олон, нэг баг болсноор клипний зураг авалт амжилттай дууслаа.

-Сонсогчид таны уран бүтээлийг хэрхэн хүлээж авах бол? Гантогоогийн бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог?
-Би Солонгост 11 жил амьдарсан. Монголчуудын сонсохыг хүсэж байгаа ямар дүр төрх дутуу байна, залуучууд юу хүлээж байна, юу дутагдаж байна тэр зүйлүүдийг уран бүтээлдээ оруулахыг зорьдог.

Би маш их хичээж байгаа. Миний ард ч асар том баг ажиллаж байна. Тиймээс миний шинэ уран бүтээл таалагдана гэдэгт найдаж байна.

Бусад уран бүтээлчдээс ялгарах өөрийн гэсэн жанр, өнгө аясыг уран бүтээлээрээ дамжуулан хүмүүст хүргэхийг хүсдэг. Дуу хөгжим, урлаг гэдэг бол хүмүүсийг холбодог ганц зүйл. Энэ чинь Гантогоо шүү дээ гэх хэв маягийг хүмүүст мэдрүүлэхийг хүсч байна. Би маш их хичээж байгаа. Миний ард ч асар том баг ажиллаж байна. Тиймээс миний шинэ уран бүтээл таалагдана гэдэгт найдаж байна.

Би том мөрөөдөлтэй. 11 жилийн өмнө бас л хүсэл мөрөөдөлтэй Гантогоо байсан. Тухайн үед мөрөөдөж байсан зүйл төсөөллөөс дээгүүр хэрэгжиж байна. Энэ эрчээрээ явбал амжилтанд хүрнэ. Гайхалтай дуу, гайхалтай тоглолт хийгээд хүмүүс миний уран бүтээлийг сонсохын тулд ирэх тэр мэдрэмжийг авахыг хүсэж байна.

-Танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье!
-
Баярлалаа. Солонгосын Аялал жуулчлалын корпорацийн хамт олон, Монгол Контент ХХК, TJ entertainment, Солонгост байгаа найз нөхөд клипний зураг авалт хийхэд тусалсан бүх хүмүүст баярласан, талархсанаа илэрхийлье. 

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 502 санал өгсөн байна.

Дээшээ