Энэтхэгт дэлгүүрээ нээж буй Ikea компани тус улсад 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

С.Заяа GoGo.mn

2018-08-09 15:20 GMT+8

Олон жилийн турш хүлээсний эцэст Шведийн тавилга, гэр ахуйн барааны Ikea компани дэлхийн томоохон зах зээлийн нэг болох Энэтхэгт салбар дэлгүүрээ нээж байна.

Ikea компанийн дэлгүүр үүд хаалгаа энэ пүрэв гарагт хэрэглэгчдийнхээ өмнө нээх ба тус дэлгүүрээр жилд 7 сая хүн үйлчлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Энэтхэгийн өмнөд зүгт байрлах Хайдарабад хотод нээгдэж буй Ikea их дэлгүүр 37 162 м2 талбай эзэлж байгаа нь Ikea компанийн дэлхий дээрх хамгийн том салбар дэлгүүр болж байгаа юм. 

2025 он гэхэд тус компани Энэтхэгийн 40 хотод 25 салбар дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа ба үүнээс гадна Энэтхэгт 1.5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ. Шинээр нээгдэх салбар дэлгүүр болгон нь 145 сая ам. долларын хөрөнгөөр босч байгаа ба тус компани ирэх жил цахим худалдааны платформ нээхээр төлөвлөж байгаа аж.

Ikea компанийн Энэтхэгийг хариуцсан гүйцэтгэх захирал Питер Бэтзелийн хэлж байгаагаар Энэтхэгийн 1.3 тэрбум хүн амын 50 гаруй хувь нь 25-аас доош насныхан байгаа нь маш том зах зээл болж өгч байна.

Ikea компани Энэтхэгийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулах гэж 30 орчим жил хөөцөлдсөн ба Энэтхэгийн засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтанд тавьсан хязгаарлалтын улмаас нэрийн дэлгүүрээ өдийг хүртэл нээх боломжгүй байжээ.

Энэтхэгчүүд Ikea брендийн дэлгүүрээс дэлхийд алдартай бараа бүтээгдэхүүнээс худалдаж авах боломжтойгоос гадна Хайдарабад дахь дэлгүүрээс Энэтхэгт үйлдвэрлэсэн 1000 орчим бараа бүтээгдэхүүнийг олж болох гэнэ. Үүнд Энэтхэгийн хавтгай талх хийх хайруулын таваг, наргил модны холтсоор хийсэн матрасс, битүү чанагч зэрэг тус улсын онцлогийг тусгасан бараа бүтээгдэхүүн багтжээ.

Тус компани Энэтхэгт олон жилийн турш судалгаа явуулсан ба Хайдарабад болон бусад хотуудад амьдрах 1000 гаруй айл өрхөөр явж судалгаа хийжээ. Цалингийн дундаж хэмжээ 2000 ам. доллараас бага тус улсын иргэдийн амьжиргааны түвшинд тохируулан Ikea их дэлгүүр 3 ам. доллараас хямд үнэтэй 1000 гаруй бараа бүтээгдэхүүнийг санал болгож байгаа гэнэ.

Түүнчлэн Хайдарабад дахь Ikea их дэлгүүрт 1000 хүний суудал бүхий зоогийн газар нээж буй нь тус компанийн төдийгүй Энэтхэгийн хамгийн том зоогийн газар болох аж. Үйлчлүүлэгчид тус зоогийн газарт Энэтхэг үндэсний хоолноос гадна Швед үндэсний хоол ч амтлах боломжтой гэнэ. Мөн Энэтхэгчүүд үхэр болон гахайн мах иддэггүй учраас махан хоолнуудыг тахианы махаар эсвэл бүр ногоогоор орлуулах аж.

Эх сурвалж: CNN

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 2002 санал өгсөн байна.

Дээшээ