Утааны эсрэг тэмцэл төмрийн хүдрийг $70 руу түлхэв

"Засгийн газрын мэдээ" сонин

2018-08-10 09:10 GMT+8

Хятадын Засгийн газар агаарын бохирдол ба гангийн илүүдэл хүчин чадлын эсрэг төмрийн хүдрийн үнийг сүүлийн зургаан сард анх удаа 70 ам.доллар дээр авчирлаа. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох уг таваар макро эдийн засгийн хэлбэлзэлд ерөнхийдөө өртөөгүй бөгөөд аж үйлдвэрийн металлын худалдаа тогтвортой байсан. Хятад, АНУ-ын худалдааны дайны түгшүүрийг дагаад зэсийн үнэ зургадугаар сараас хойш 15 хувиа алдсан бол төмрийн хүдэр есөн хувиар өсжээ.

Уг түүхий эдийн үнэ мягмар гарагт 1.97 ам.доллар буюу 2.9 хувиар өсөж, тонн нь 69.50 ам.доллар болсныг S&P Global Platts мэдээлэв.

Төмрийн хүдэр Rio Tinto, BHP Billiton, Vale зэрэг компаниудын орлогын эх сурвалж болдог. Бээжин илүүдэл хүчин чадлыг устгах бодлогоо чангатгаж, хорт утааны эсрэг стандартыг дээшлүүлэхийн хэрээр гангийн үйлдвэрүүд үнээ нэмэхийг эрмэлзэж байна. Хятадад ган үйлдвэрлэлээр тэргүүлдэг Хэбэй мужид цахилгаан доголдож, үйлдвэрлэл тасалдахад барилгад өргөн ашигладаг арматур төмрийн үнэ мягмар гарагт зургаан жилийн дээд түвшинд хүрсэн аж.

Гангийн үйлдвэрлэлийг үр ашигтай болгодог нэг хүчин зүйл бол өндөр чанартай хүдэр ашиглах явдал. Ийм түүхий эдийг Хятадууд Австрали, Бразилаас авдаг. Дээд чанарын хүдрээр илүү хэмжээний ган үйлдвэрлэхээс гадна хорт хийн ялгаруулалтыг багасгана.

Хятад төмрийн хүдрийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг агаад далайгаар тээвэрлэдэг нөөцийн гуравны хоёр орчмыг татаж авдаг юм. Rio Tinto-гийн ерөнхий захирал Жан Себастьян Жак хагас жилийн тайлангаа танилцуулах үеэр шинжээчдэд “Хятадын гангийн аж үйлдвэрт бүтцийн шинэчлэл хийгдэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь үйлдвэрлэлийг бууруулна гэсэн үг биш.

Харин өндөр чанарын түүхий эд шаардлагатай болно” хэмээн хэлжээ. Үнэхээр ч Хятадын гангийн гарц зургадугаар сард жилийн дүнгээр 7.5 хувь өсөж, дээд хэмжээ буюу 80.2 тоннд хүрснийг ANZ фирм мэдээлсэн байна. Fitch агентлагийн тооцоогоор 2016 оны зургадугаар сараас хойш хятад 260 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадлаа устгасан явдал зах зээлийг чангаруулж, үнэ өсөх суурийг тавьсан аж. Шинжээчид бас өөр хүчин зүйлс төмрийн хүдрийн үнэ өсөхөд нөлөөлснийг тэмдэглэсэн.

Хятадын удирдлага АНУ-тай худалдааны хөнөөлт дайнд бэлтгэх явцад эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд дэмжих арга хэмжээ авахаа мэдэгдсэн явдал түлхэц болсон гэж үзэж байна. BMO Capital Markets судалгааны фирмийн мэдээлэлд “Хятад улс хөрөнгө оруулалтад хэт тулгуурласан эдийн засгаас холдож, тэнцвэржүүлэх арга хэмжээ авна гэж ярьж байгаа ч өсөлтөд сөрөг нөлөө ирж болзошгүй.

Иймээс туршиж, нотлогдсон арга болох Засгийн газраас тогтоосон тогтмол хөрөнгө оруулалтын бодлого руу буцаж магадгүй. Энэ удаад санхүүжилт банкны капиталын шалгуурыг доошлуулах замаар хийгдэх байх” хэмээн бичжээ. ANZ-ын шинжээч Даниел Хайнсын хэлснээр Австралийн экспорт энэ онд 16 сая тонноор өсөх боловч 2006 оноос хойш хамгийн доогуур үзүүлэлт гэнэ.

Үүний зэрэгцээ Anglo American-ий мэдэлд байдаг Minas Rio уурхай хаагдаж байгаа тул энэ онд Бразилын гарц буурах төлөвтэй байна. Дээр нь Хятадын дотоодын төмрийн хүдэр үйлдвэрлэл хэдэн жилийн өмнөх 400 тонноос эрс багасаж, энэ жил 240 сая тонн болжээ. Учир нь нийлүүлэлтийн системд өөрчлөлт хийж, аюулгүй ажиллагаанд илүү анхаарах болсноос шалтгаалж байгаа аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ