Хятад, Оросын аюултай нөхөрлөл

Засгийн газрын мэдээ

2018-08-11 14:20 GMT+8

Өрнөдийн тагнуулын албадын алдааны жагсаалтад хүйтэн дайны үеийн Хятад, Зөвлөлтийн хөлдүү хагарлыг ажиглалгүй өнгөрсөн нь тодхон үлджээ. Тагнуулын төв газрын тэрс үзэлт цөөн ажилтан 1950-иад оны сүүлээс эхлэн баримт нотолгоог харуулсаар атал Вашингтон дахь удаа дараагийн засаг захиргаа коммунист эвслийн хоёр том гишүүн бие биеэ үзэн ядаж байгаа гэдэг үл итгэж байв.

1969 онд Сибирь, Манжуурын хил дээр байлдаан болоход үл итгэгчид сая л нэг хагарал гарсныг хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр өрнөдийнхөн Москва, Бээжингийн хооронд АНУ ба өрнөдийг сөрсөн холбоо үүсээд буйг үл анзааран дээрхийн эсрэг алдаа хийж байна. Зургадугаар сард Сингапурт болсон бага хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жим Маттис Хятад, Орос хоёрын ашиг сонирхол угаас үл нийцэх агаад тус хоёр улс бие биетэйгээ гэхээс илүү Америктай нийтлэг зүйл нь давамгайлна гэж ярьсан.

Орос, Хятад хоёр хэзээ ч нөхөрлөж чадахгүй гэдэг бодол нь хүйтэн дайны үеийн коммунизм бол нэгдсэн, хөдөлгөж болшгүй цул зүйл гэдэг үзэлтэй адил буруу бөгөөд аюултай. Энэ хоёр улсын түргэн ойртож байгаа харилцааг өрнөдийн олон орон үл хайхарч байгаа ч Ерөнхийлөгч Владимир Путин, Ши Жиньпин нар бие биеэ урт үгсээр магтаж сайшаадаг боллоо.

Ноён Путины хэлснээр ноён Ши бол түүнтэй хамт төрсөн өдрийг нь хундага архитай тэмдэглэсэн цорын ганц гадаадын төрийн тэргүүн юм.

Ноён Ши өөрийн зүгээс Хятадын найрамдлын медаль гардуулахдаа Оросын Ерөнхийлөгчийг “Хамгийн сайн, хамгийн дотно найз” гэж нэрлэсэн. Үүнийг үзүүлбэр төдийгөөр тайлбарлан үл ойшоож болох ч автократ удирдагчдын хоорондын ийм найрсал тус тусын системд үлэмж нөлөөтэй. Хоёр удирдагч наад зах нь 26 удаа уулзсанаас ноён Ши 2013 онд дээд удирдагч болсныхоо дараа анхны айлчлалаа Москвад хийсэн.

Гэвч том ах ба бага дүүгийн байр солигдсонд Оросууд нэлээн эмзэглэдэг байж магадгүй. Гэхдээ Хятадын тал Оросын бахархлыг сэвтээхгүйн тулд маш хянуур хандан адил тэнцүү мэтээр ярьж, Путины амбицыг тэтгэхийн сацуу түүний олон зөвлөх, итгэлтэй хүмүүст ашигтай гэрээ санал болгодог. Хятад түүхий нефтийн импортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд Орос улс хамгийн том нийлүүлэгч нь болсон. Бээжин ирээдүйд нефть, хийн хангамжаа баталгаажуулахын тулд Москвад олон тэрбумын зээл өгчээ. Хамгийн чухал нь оросоос бараа татахад Америкийн цэргийн хяналтад байдаг Малаккын хоолой, Адены булангаар дамжих шаардлагагүй.

Үүнээс ч илүү ач холбогдолтой нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа юм. Дөрөвдүгээр сард Хятадын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Ей Фенгхе анхны гадаад айлчлалаа Москвад хийхдээ “Хятад, Оросын зэвсэгт хүчний хамтын ажиллагаа ямар нягт болохыг харуулахаар бид энд ирсэн. Бид та бүхнийг дэмжихээр ирсэн” гэж мэдэгджээ. Дахин хэлэхэд энэ бол зүгээр нэг найрсаг үг бус. Саяхныг хүртэл хятадын хөлгүүд эрэг хавийн уснаасаа холддоггүй байсан бол эдүгээ Япон тэнгисээс эхлээд газрын дундын тэнгис хүртэл Оростой хамтарсан сургуулилалт хийж байна.

Хэдэн арван жилийн турш Москва Хятадад цэргийн дэвшилтэт техникээ худалдахаас татгалзаж ирсэн бол одоо уг бодлого ард үлдсэн. Тавдугаар сард Бээжин Оросын сүүлийн загварын байлдааны онгоцыг ардчилсан, өөртөө засах Тайваньд сүр хүчээ харуулахад ашиглав. Хоёр талыг ойртуулж буй хамгийн чухал хүчин зүйл нь үзэл суртал. Ноён Ши, Путин нар хүчирхэг автократ удирдагчид агаад төлөөллийн засаглалд зэвүүцэж, нэг л өдөр АНУ-ын дэмжлэгтэй “өнгөт хувьсгалаар” суудлаасаа хөөгдөнө гэж эмээдэг. Тэдний хамтын ашиг сонирхол нэмэгдэхийн сацуу АНУ ба АНУ төвтэй дэлхийн дэг журмыг сөрсөн харилцаагаа гүнзгийрүүлж буй.

Гэвч том ах ба бага дүүгийн байр солигдсонд оросууд нэлээд эмзэглэдэг байж магадгүй

Тасралтгүй дээшилж, АНУ-ын орыг залгах амбицаас үзэхэд Хятад улс Америкт Оросоос илүү урт хугацааны сорилт үүсгэнэ. 1972 онд Хятадтай харилцааг сайжруулах стратегийг үндэслэгч Хенри Киссенжер Никсоны Хятадын бодлогыг урвуулж, Москватай нөхөрлөн Бээжинг тусгаарлахыг Донольд Трампт зөвлөсөн гэдэг.

1960-аад оны Хятад, Зөвлөлтийн хагарлын бодит байдлыг зөвшөөрөхөөс татгалзсан явдал “даалууны онол” гэгчийг Вашингтонд зонхилоход хүргэсэн. Уг онол нь дэлхийн коммунизмыг тархахаас сэргийлэхийн тулд газар сайгүй сөрөн зогсох ёстой гэсэн үзэл юм. Хэрэв АНУ Ричард Никсоны санаачилгаас 10 жилийн өмнө Хятадтай харилцаагаа дулааруулсан бол Вьетнамын дайны гамшиг, Хятадын соёлын хувьсгалаас зайлсхийж чадах байсан байж магадгүй.

Оросын оролцоо гэгчийг мөрдөн байцааж байгаа өнөөгийн нөхцөлд ноён Трамп ийм стратеги баримтлах бараг боломжгүй. Гэвч Америкийн төрийн байгууллагууд ба Трампыг залгамжлах хэн ч гэсэн шинээр төрж буй Хятад, Оросын холбоо АНУ-ын ашиг сонирхол хийгээд одоогийн дэлхийн дэг журамд ямар ноцтой аюул занал учруулж буйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4313 санал өгсөн байна.

Дээшээ