Хүчтэй үерийн улмаас төмөр зам эвдэрч 4 вагон замаасаа гарчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2018-08-12 12:30 GMT+8

Хүчтэй үерийн улмаас 4 вагон замаасаа гарсан осол болж, төмөр замын хөдөлгөөн хаагдлаа. Тодруулбал, өнгөрсөн шөнө орсон хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарлаа. 

Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байсан бөгөөд албан бус мэдээллээр хүний амь нас эрсдээгүй, 14 хүн бэртжээ. Уг галт тэрэг саатахаас 20 минутын өмнө Замын Үүд-Улаанбаатарын чиглэлийн олон улсын 33-р галт тэрэг хэвийн явж өнгөрсөн байна. Одоогоор галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. 

Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг ажиллаж байна. Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр орж байгаа хүчтэй усархаг аадар борооны улмаас зам тээврийн хөдөлгөөнд ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байна.

Шинэчлэгдсэн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газар дээр ажиллаж, шуурхай удирдлагаар хангаж байгаа бөгөөд ослын уршгыг арилгахаар УБТЗ-ын холбогдох алба хэлтэс, төмөр замчид, ОБЕГ-ын шуурхай бүлэг хуралдлаа. 

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 299 санал өгсөн байна.

Дээшээ