СОЁЛЫН ДОВТОЛГОО №7: Дуут дохио, бүдүүн яндангийн чимээ, дрифтийг ямар үед хориглох вэ?

М.Жаргал GoGo.mn

2018-08-28 08:20 GMT+8

Автомашины дуут дохиог “уураа гаргах хэрэгсэл”, заримдаа “ярилцах хэрэгсэл” болгон ашиглаж байгаа нь харамсалтай.

ӨӨРТ ТУЛГАРСАН АСУУДЛАА БУСДАД САДАА БОЛОХГҮЙГЭЭР ШИЙДЭЭРЭЙ

Хэрвээ та орон сууцны хорооллын дунд урдах машины жолоочтойгоо ойлголцохгүй асуудал тулгарвал машинаасаа буугаад ярилцаарай. Харин “дуут дохиогоор ярилцах” үед чинь тухайн орон сууцны цонх бүрийн цаана таныг хараалын үгээр булж байгаа гэдэгт огтхон ч бүү эргэлз. Хүний хараал идэж амьдрах сайхан байна гэж үү дээ?

Орон сууцны нэг орцтой, есөн давхар байшинд 36 айл байгаа гэж үзвэл тэр айл бүрт биш юм гэхэд тодорхой хувьд нь нялх хүүхэд, хөгшин настай эсвэл, өвчтэй хүн байдаг. Эрүүл хүмүүсийн тав тухыг алдагдуулахын зэрэгцээ эдгээр хүмүүсийг таагүй байдалд оруулахгүйн тулд орон сууцны хороололд дуут дохио хэрэглэдэггүй. Гараашийн хаалгыг онгойлгохыг хүссэн, урдах жолоочтойгоо учраа олохоо байсан зэрэг нь зөвхөн таны асуудал бөгөөд амар тайван амьдарч байгаа хүмүүст хамаагүй. Тиймээс та өөрт тулгарсан асуудлаа бусдад садаа болохгүйгээр шийдээрэй.

Гарцан дээр утсаа оролдоод гэрэл асчихаад байхад явдаггүй жолооч нар гэж бий. Тэд зохих ёсныхоо торгуулийг хүлээх учиртай. Харин бусад тохиолдолд гэрэл асангуут дуут дохио хангинуулах нь буруу. Манай улсад зорчиж буй автомашинууд тийрэлтэт хөдөлгүүргүй тул гэрэл асангуут гараанаас тэр даруйд урагш гаран явах боломжгүй. Урд талын машин тодорхой хугацаа зарцуулж, түүний хойд талын машин мөн адилаар гэж явсны эцэст таны машин хөдөлнө гэдгийг сайтар ойлгож, тэвчээртэй хандахыг хүсье.

МЯНГА МЯНГАН ХҮНИЙ ТАВ ТУХЫГ АЛДАГДУУЛЖ ТА ТААШААЛ ЭДЭЛМЭЭР БАЙНА УУ?

Бүдүүн яндангаа орилуулах, шөнийн цагаар автомашин цөөрсөн үед дрифт хийж таашаал авах дуртай байж болно. Гэвч эргэн тойронд сая гаруй хүн амьдарч буй хотод мянга мянган хүний тав тухыг алдагдуулан байж та ганцаараа таашаал эдлэх нь тийм ч соёлтой хүний үйлдэл биш билээ.

Ерөөс соёл гэдэг нь бусдад садаа болохгүйгээр амьдарч сурах дадал зуршил юм.

Мөн л дээр дурьдсанчлан олон тооны хүмүүс таныг яндангаа орилуулж, дугуйгаа чихруулах бүрт тав тухаа алдаж, хүүхэд уйлж, хөгшид нойргүйдэж байгаа. Хэрвээ та “би ингэх эрхтэй” гэж үзэж байгаа бол автомашинаа унаад хүнгүй газар очно уу. Харин таашаал эдэлмээр байгаа ч шатахуунаа хэмнэж хотын төвд ийнхүү авирлаж байгаа бол таныг “бүдүүлэг” хэмээн цоллохоос аргагүй.

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДЫН АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Орчны дуу чимээний бохирдол гэдэг зөвхөн хувь хүмүүсээс шалтгаалах зүйл биш билээ. Дэлхийн ихэнх улс орон шуугианы бохирдолтой эрчимтэй тэмцэх болсон. Учир нь орчны дуу чимээний бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлдөг байна. Дэлхийн хотуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг манай нийслэлийн удирдлагууд ч анхааран ажиллууштай. 

  • Зам, гудамж талбайд ногоон байгууламжийг ихээр бий болгох. Энэ нь орчны дуу чимээг шингээдэг.
  • Тээврийн хэрэгслийн дуут дохиог багасгах, автомашины тоог цөөлөх, хүнд даацын автомашины тоог цөөлөх.
  • Дуу чимээ ихтэй үйлдвэрүүд, нисэх онгоцны буудал, төмөр зам, томоохон худалдааны зах болон дэлгүүрүүдийг хотоос хол байлгах
  • Шуугианы бохирдолтой холбоотой хууль, журмуудыг боловсруулж мөрдөх торгууль ногдуулах
  • Орчны дуу шуугианы түвшинг тодорхойлох, хяналт тавих ажлыг тогтмол хийх
  • Хотын төлөвлөлтийг сайн хийх
GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3187 санал өгсөн байна.

Дээшээ