Хоёр сарын дараа ашиглалтад орох шинэ нисэхийн ӨМНӨХ СОРИЛТУУД

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2018-09-03 13:15 GMT+8

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар баасан гарагт Хөшигийн хөндийд барьж буй шинэ нисэх буудлын үйл ажиллагаатай танилцав.

Энэ нисэх буудал нийт 30 орчим барилга, байгууламжтай. Нисэх буудлын нийт өртөг 600 сая ам.доллар. Одоо энд 200 орчим хүн барилга, дотоод заслын ажил гүйцэтгэж байна.      

БАРИЛГЫН КОМПАНИ: 6.8 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЭЭД ӨГЧИХВӨЛ АЖЛАА ДУУСГАНА  

Зуун хувь дотоодын хөрөнгө оруулалттай “VH&B” компани нисэх буудлын гурван барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьж байна. Эдгээр нь захиргааны, засвар үйлчилгээний төв болон ачаа тээшийн барилга юм.

Захиргааны барилга ашиглалтад орсон ч засвар үйлчилгээний төв дуусаагүй байна. Учир нь захиалагч тал буюу Засгийн газар тус компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй аж. Барилгын ажлын урьдчилгаа болох 30 хувийн төлбөрийг цагт нь төлөөгүй, төмрийн хүдрийн үнэ өссөний улмаас ажил нь удааширчээ. Иймд тус компани дээрх гурван барилгын нийт өртгийг анх тохиролцсон дүн болох 13.9 тэрбумаас 20 тэрбум төгрөгт хүргэх санал тавьжээ. Хүсэлтийг нь Барилгын хөгжлийн төв хүлээн зөвшөөрсөн байна. 

Сангийн яам дахин 6 тэрбум төгрөг өгөх нь юу л бол. 

Уг нь засвар үйлчилгээний төвийг өнгөрсөн сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой. Тус компанид өмнө нь 2 удаа боломж олгон, гэрээг нь сунгасан ч  “VH&B” ирэх сарын 31-нд ажлаа дуусгах боломжтой гэв. 

Засвар үйлчилгээний төв тусгай зориулалтын барилга тул нэг метр кв-ыг нь 1 сая 145 мянган төгрөгөөр барих гэрээг Зам тээврийн яамтай хийсэн байна. Дэд сайд Л.Халтар “Тусгай зориулалтын барилга тул барилгын өртөг өндөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төмөр замд олон жил ажилласны хувьд төмрийн хүдрийн үнэ огцом өссөн гэж бодохгүй байна. Ажиллах хүчний зардал ч өсөөгүй. Та бүхний хүссэнээр Сангийн яам дахин 6 тэрбум төгрөг өгөх нь юу л бол. Би ч энэ ажлыг хурдан дуусгах хүсэлтэй байна. Та нар тендерт оролцохдоо хийнэ, чадна л гэж оролцсон шүү дээ” гэсэн юм.

Засгийн газраас шинэ нисэх буудлыг барих шийдвэрийг 2012 онд гарган, 2013 онд тендер зарлажээ. “VH&B” тендерт ялсан ч өрсөлдөгч компаниас шүүхэд гомдол гарган, маргаан 2016 оныг хүртэл үргэлжилсэн. Ингээд 2016 онд ажилдаа оржээ. Энэ хугацаанд буюу 2012 оноос хойш төмрийн хүдрийн үнэ өссөн нь хүндрэл дагуулсан гэв.

АЧАА ТЭЭШИЙН БАРИЛГА ОДООГИЙНХООС ХОЁР ДАХИН ТОМ

Шинэ нисэх буудлын ачаа тээшийн барилга одоогийнхоос хоёр том. “Монгол шуудан”, DHL компаниуд өөрсдийн барилгыг тусдаа барихаар газрын зөвшөөрлөө авчээ. Буянт-Ухаа дахь онгоцны буудал нэг дор 6900 тонн ачаа хүлээн авдаг. Харин шинэ барилгад нэг дор 12 мянган тонн ачаа хүлээн авч шалган, хадгалах боломжтой. Ачаа тээшийн барилгын явц 80 хувьтай үргэлжилж байна.

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫГ АШИГЛАХЫН ӨМНӨХ СОРИЛТУУД

Шинэ нисэх буудлыг барихтай зэрэгцэн ангар буюу онгоц агуулах барилгыг хэн барих вэ гэдэг асуудал үүссэн. ИНЕГ ангарыг авиа компаниуд ашиглах тул өөрсдийн зардлаар барих ёстой гэж үзсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа шатахууны агуулахыг хувийн хөрөнгө оруулалтаар барих Засгийн газрын шийдвэрийг эгүүлэн татаж байсан юм. 

Харин зорчигч тээврийн компаниуд санхүүгийн боломж хомс хэмээн ангарын барилгыг Японы талаас авах нэмэлт зээлээр барьж эхэлжээ. Барилгын суурийг цутгаж эхэлсэн ч энэ ажил их ярвигтай байгааг Шинэ нисэх буудлын төслийн нэгжийн захирал Б.Энхбат учирлаж байв.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар дараа нь нисэх буудлын шатахууны агуулахуудыг үзэв. Агуулах байгууламжийг Японы Митсубиши Чиёода корпорац 50 сая ам.долларын өртгөөр гүйцэтгэж байна. Японы Засгийн газрын зээлээр барьж буй тул гүйцэтгэгч компанийг Японы тал өөрсдөө сонгожээ. Төслийн ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг компани ажилласан.

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа шатахууны агуулахыг хувийн хөрөнгө оруулалтаар барих Засгийн газрын шийдвэрийг эгүүлэн татаж байсан юм. Тэрээр хувийн компани өөрийн хөрөнгөөр агуулах барьж, шатахуунаа авиа компаниудад худалдвал үнэ өснө. Тийзний үнэ буурахгүй гэж үзэн, төр шатахууны агуулахыг эзэмших ёстой гэсэн байр суурьтай байв.

Буудал ашиглалтад орох хугацаа дөхсөн байтал У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны агуулахыг хэн эзэмшиж, одоогийн монополи систем буюу нэг л ААН шатахуунаар хангадаг байдал үргэлжлэх, эсэхийг эцэслэн шийдээгүй байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг олон улсад зарлах нь зөв. Хэрэв шатахууны үнэ одоогийнхоос буурахгүй бол хэдий том буудал бариад ч зорчигч тээврийн төв болж чадахгүй гэсэн байр суурьтай байна.

Мөн шатахууны эхний агуулахыг барьсан ч чухам ямар төрлийн шатахуун хадгалахаа шийдээгүй байна. Одоогоор манай улс онгоцны түлшээ 100 хувь ОХУ-аас хангадаг. Харин нисэх буудлын менежментийг хариуцсан япон компани үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд ИНЕГ ОХУ-ын ТЭС1 шатахууныг болон бусад бүх улсад өргөн хэрэглэдэг ЖЭТ1А шатахууныг ч дээрх агуулахуудад зэрэг ашиглах санал дэвшүүлжээ. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууныг нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөн өрнөж, хямд үнэ тогтох боломжтой. Учир нь нэг онгоцыг дээрх шатахууны алинаар нь ч сумлаж болдог байна.     

Үнийн хувьд ойролцоо ч ТЭС1 шатахууны үнийг ОХУ хатуу тогтоодог тул бид тэдний хэлсэн үнээр л худалдан авдаг. Харин ЖЭТА1-ийг олон оронд өргөн хэрэглэдэг тул үнийг нь Сингапурын биржид тогтоодог байна. БНСУ-аас ЖЭТА1-ийг туршилтаар тээвэрлэхэд зардал өндөр байснаас зогсоосон. Харин БНХАУ-ын China oil компани энэ шатахууныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэн, ИНЕГ-тай Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Дашрамд хэлэхэд тийзний үнийн 30 орчим хувийг шатахууны үнэ эзэлдэг байна.             

Шатахуун агуулах энэ сав нэг нь 2000м3-ын багтаамжтай.

БАС НЭГ СОРИЛТ: ЯПОНЫ ТАЛ ШАТАХУУН БУУЛГАХ ХУРДЫГ ТОХИРОЛЦСОНООС БАГААР ХИЙЖЭЭ

Японы тал шатахуун агуулах дөрвөн савыг хүлээлгэн өгөх гэтэл техникийн тодорхойлолтод заасан шаардлагад хангаагүй гэдэг үндэслэлээр хүлээн авахаас ИНЕГ татгалзжээ. Учир нь шатахуун шахах буюу буулгах шахуурганы дээд хурдыг зөвлөх компани болох Японы “Азуса Сэккэй Ориантал” компани (Япон, Их Британийн хамтран байгуулсан) 1950л/мин гэж заажээ. Харин одоо 1500л/мин байгаа юм. Ингэснээр нэг онгоц сумлах хугацаа арван минутаар сунана гэж ИНЕГ-ын тэргүүн дэд захирал Б.Алтанцом тайлбарлав.

Ажилчид өвөл харанхуйд шатахуун буулгаад зогсож байхыг хармааргүй байна.

Арван онгоцыг шатахуунаар цэнэглэхэд дахин 100 минут шаардлагатай. Энэ нь 2024 оноос буюу агаарын тээврийн ачаалал нэмэгдэх үед бодит сорилт болж, санхүүгийн алдагдал үүсгэнэ, өдөр буусан онгоцыг шөнө хүртэл саатуулах эрсдэл үүсэж болзошгүй гэж ИНЕГ үзэж байна. Зөвлөх компани 1950л/мин гэсэн хурдыг бусад томоохон нисэх буудлын хүчин чадлыг судалсны үндсэн дээр тогтоосон байна. Гүйцэтгэгч тал шатахууны хоолойнуудаа сольж, хоолойн налуу өнцгийг өөрчлөх гэх мэтээр олон туршилт явуулсан ч техникийн тодорхойлолтод заасан хэмжээнд хүрээгүй байна.     

Иймд Митсубиши Чиёода корпорац 1500л/мин-аас дээш гаргах боломжгүй гээд гэрээнд заасан хэмжээнд хүргээгүй тул нөхөн төлбөр төлөх, зөвшилцөх хүсэлт гаргажээ. 

Дэд сайд Л.Халтар Митсубиши Чиёода корпорацийн төлөөлөлтэй уулзаад “1990-ээд оны шилжилтийн хүнд үед Японы Засгийн газар бидэнд маш их тусалсан. УБТЗ Япончуудын дэмжлэгээр шинэ зүтгүүр болон зорчигчийн галт тэрэгнүүд худалдаж авсан. Мөн зам дагуу шилэн кабель барьсан юм.  Одоо ч тэдгээрийг ашиглаж байна. Би япон чанарыг илүүд үздэг. Энэ нисэх буудлыг Япон-Монголын хамтарсан компани 30 жил ашиглана. Энэ буудал хоёр орны найрамдлын бэлэг тэмдэг болно. Хэрэв онгоцыг ажлын 8 цагт багтаан шатахуунаар цэнэглэж амжихгүй бол ажлын цаг сунан, нэмэлт зардал гарна. Ажилчид өвөл харанхуйд шатахуун буулгаад зогсож байхыг хармааргүй байна. Та бүхэн үүссэн асуудлыг шийдвэрлэх гарцыг олно гэж итгэж байна.” гэсэн юм.

МАНАН БУДАН НИСЛЭГТ СААД УЧРУУЛАХГҮЙ

ИНЕГ навигацийн тоног төхөөрөмжүүдээ харуулын цамхагт байрлуулан, эхний нислэгийн туршилтыг энэ сарын 29, 30-нд хийжээ. МИАТ-ын Боинг 787 онгоцоор таван цагийн турш туршилтын нислэг үйлдсэн байна.

Сүүлийн жилүүдэд манай улсаар дамжин өнгөрөх нислэг нэмэгдсээр байна. Энэ нь манай улс агаарын тээврийн аюулгүй байдлыг сайн хангасантай холбоотой гэнэ. Хөшигийн хөндийд онгоцны буудал байгуулахад тохиромжтой эсэхийг тогтоохын тулд Японы цаг уурын мэргэжилтнүүд олон жилийн турш судалгаа, ажиглалт хийжээ. Нисгэгчдэд хамгийн том бэрхшээл нь салхи. Судалгааны үр дүнд салхины аюул харьцангуй бага гэж үзжээ. Түүнээс манан будан татах, үзэгдэх орчин хязгаарлагдах нь төдийлөн хүндрэл учруулахгүй гэж дүгнэсэн байна. Агаарын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмж ихээхэн хөгжсөн тул цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ч хөдөлгөөн зохицулагчид нисгэгчийг сайн зааварчилснаар аюулгүй нислэг үйлдэх боломжтой болжээ.

Шинэ нисэх буудал нь тус салбарын хувьд Оюу толгойтой зүйрлэж болохуйц том төсөл. 

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн хэлснээр шинэ нисэх буудал нь тус салбарын хувьд Оюу толгойтой зүйрлэж болохуйц том төсөл. Манай улс сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарт үүн шиг том бүтээн байгуулалт өрнүүлээгүй. Иймд туршлага дутах, санхүүжилт саатах гэх мэт хүндрэлүүд тулгарсаар байна. Жишээ нь нисэх буудлын гаднах, явган хүний замын хавтанг БНСУ-аас захиалан авчирчээ.

Гэтэл тэр хавтан нь манай нөхцөлд тохиромжгүй буюу угаахад хүндрэлтэй, жижиг нүхтэй тул тоос их чигждэг байна. Буудлын доторх 10 мянган метр кв ханыг хүн цохиход цөмрөхөөр нимгэн хийснийг солиулжээ. Мөн зураг төслийг японы тал боловсруулахдаа Японы гаалийн эрсдэлийг үндэслэсэн нь манай хөрсөнд мөн л буусангүй. Тус улсад эрсдэл бага бол манайд байдал өөр. Иймд Гаалийн ерөнхий газар нэмэлтээр 35 хяналтын камер (энэ буудалд нийт 160 камертай) байрлуулах, тэдний зарим нь царай таних камер байх шаардлага тавьжээ. 

Үүний сацуу Хил хамгаалах ерөнхий газар цацрагийн хамгаалалт хийхийг шаардсан байна.

Ямартаа ч нисэх буудлын зарим барилгын ажил үргэлжилж байна. Засвар үйлчилгээний төв болон ангарын барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. Мөн ирэх 30 жилд нисэх буудлыг ашиглах, хоёр улсын хамтарсан компанийн багийг томилоогүй байгаа юм. Энэ баг анхны нислэгийг хэзээ үйлдэхээ шийднэ.       

ШИНЭ ЗАМЫН ДЭЭД ХУРД 80 КМ/ЦАГ БАЙНА  

Төгсгөлд нь шинэ буудалд хүргэх замын ажлыг танилцуулъя.

Гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Төмөр замын IV групп ирэх оны дөрөвдүгээр сард замыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн. Нисэх буудал ашиглалтад орохтой зэрэгцээд замын хөдөлгөөнийг нээнэ. Цаашид замын арчилгаа үйлчилгээг хэн хариуцах, замын цагдаа нар хэрхэн ажиллах талаар Зам тээврийн яамны Ажлын хэсэг хэлэлцэж байгаа аж.       

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс, видеог Э.Батзавьяа 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ