СОЁЛЫН ДОВТОЛГОО №11: Хогийг зөвхөн хогийн саванд хаядаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-09-04 09:43 GMT+8

Дээрх шог зураг амьдрал дээр олон тохиолддог. “Энэ хогийг яана аа, арай дэндүү юм аа” гэж уулга алддаг хэр нь хүний нүд хариулж байгаад хогоо чулуудчихдаг хүн олон. Олон гэж яаж мэдэж байгаа юм гэж үү. Хаашаа л харна хөглөрч буй хогийг хараад л тэр.

Дээр нь боловсон, соёлтой байна гэдэг боловсрол эзэмшсэн дипломоор үнэлэгддэггүй. Хөдөөний хүн хотод ирээд бусдын тав тухыг бодоод хогоо халааслаад явж байхад, хэд хэдэн сургуулийн диплом өвөртөлж, ганган сайхан хувцасласан мөртлөө идсэн чихрийн цаас, уусан ундааныхаа савыг чулууддаг нэгэн бий.

Заавал бид бусдын хаясан хогийг түүгээд л эх оронч, энэрэнгүй сэтгэлтэн, нийгмийн баатар болох гээд байх шаардлага байхгүй. Бид "тарьсан" хогоо өөрөө цэвэрлэчихдэг, бусдад “хог битгий хаяач ээ” гэдгийг ойлгуулчихдаг бол л болох нь тэр. Тэгж чадвал Азийн цагаан дагина Улаанбаатарт амар сайхандаа жаргаж, аж төрөөд байна гэсэн үг.

1.Намар-самар-хог

Намар болохоор самар гараад, самар харахаар идмээр санагдаад байна уу. Идэж бололгүй яах вэ. Гэхдээ гэртээ хариад идэх хэрэгтэй. Намрын улиралд хамгийн их нүдэнд “хүйтэн” харагддаг хог бол самрын яс. Хаа сайгүй л хуруугаа хөхөж, хог “үйлдвэрлэсэн” хүмүүс. Эцэст нь хотын гудамж намрын шар навчсаар бус самрын ясаар “гоёж” байна. Ил задгай борлуулж буй самрыг угааж, цэвэрлэлгүй өөрөөр хэлбэл гадаа идсэнээс болж гэдэсний халдварт өвчин үүсэх шалтгаан болдог. Өөрийгөө хордуулж, өрөөл бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэн байж гадаа гудамжинд самар идэх шаардлагагүй. Бүр самар цөмөхгүй л бол тэсэхгүй байвал ядаж самрынхаа ясыг уутанд хийж байхыг зөвлөе.

2.Энд орох уу тэнд орох уу

Нэг үеэ бодвол нийслэл хотод маань хогийн сав олон болжээ. Харин хогийн саванд хог хийхдээ та нүдээ аньж байгаад шидчихдэг юм биш биз? Зарим хогийн сав хоёр тасалгаатай байдаг.

Дахивар ба энгийн гэсэн. Дахивар гэдэг нь дахин боловсруулж болох ундаа, усны сав. Харин энгийнд бусад хог хаягдлыг хийдэг гэдгийг сануулахад гэмгүй болов уу. Хэрэв хоёр тасалгаатай хогийн савны бичиг нь арилсан бол ногоон тэмдэглэгээтэй хэсэг нь дахин боловсруулах харин улаан тэмдэглэгээтэй нь энгийн хог хаягдал хийх хэсэг нь юм шүү.

3.Миний машин ямар хогийн сав уу

Та арай ингэж бодож байгаа юм биш биз. Таны машин хогийн сав биш бол Улаанбаатарын гудамж, талбай бүр биш шүү. Ганган сайхан машиныхаа цонхоор ус ундааныхаа савыг чулуудаж байгаа бол Та их хотын соёлтой нэгэн хэрхэвч биш гэдгийг ойлгож, ухаарна уу.

Хотын хүн танд амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ