СОЁЛЫН ДОВТОЛГОО 12: Тагтнаасаа эсвэл цонхоороо дээж өргөж болохгүй гэдгийг ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭРЭЙ

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-09-06 08:20 GMT+8

Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээн тэнгэр бурхандаа өргөдөг цай, сүүний дээж маань бусдын уур бухимдлыг төрүүлж, мөнгөний гарлага болдог байж болохгүй.

Ямар сайндаа л орцны үүдэнд гуйсан, уурласан, занасан ил захидлууд хөвөрч байх вэ дээ.

Ёс заншил, уламжлалаа өвлөнө гэдэг сайн хэрэг. Гэвч суурин амьдралд нийцүүлэх шаардлагатай зүйлс гэж бий. Түүний нэг нь дээр дурдаад буй цайны дээж өргөх ёс. Ингээд бичихээр яах гэж цонхны дор машинаа тавьдаг юм бэ гэх асуулт урган гарч магад. Тэгвэл сүүлийн үед барьсан, барьж буй, барих барилгууд ихэнхдээ байрныхаа дор зогсоолтой байх юм аа гэсэн хариулт байна.

Цонх, тагтнаасаа дээж өргөж байгаа иргэд бусдын эд хөрөнгийг бохирдуулан, бухимдлыг төрүүлж байгаагаа ойлгож, ухааран гэрээсээ гарч ёсыг ёс чигээр нь үйлдэх хэрэгтэй. Энэ бол бас л нэг соёлын илэрхийлэл юм.

Нэмж хэлэхэд машин дээр дуссан сүүний толбо энгийн арчилтаар арилах нь ховор. Учир нь сүүний найрлаганд уураг, тос, лактоз мөн бусад микро элэментүүд байдаг учраас машин дээр толбо тогтож, угаалгын газар очихоос өөр сонголт үлдээдэггүй гэдэгтэй жолооч нар санал нийлэх биз ээ.

Тиймээс ээждээ, эмээдээ цонхоороо болон тагтан дээрээсээ цацал өргөх нь хотын соёлд нийцэхгүй тул болихыг хүсч, ярилцаарай.

Хотын хүн танд амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3171 санал өгсөн байна.

Дээшээ