СОЁЛЫН ДОВТОЛГОО 13: Театрт очих нь баярт очихтой адил

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-09-07 08:33 GMT+8

Драм болон дуурийн үзвэр үзэхэд мэдэж авах зүйлс нь кино үзэхээс илүүтэй тогтсон ёс байдаг учраас энэ талаар мэргэжлийн хүний зөвлөгөөг хүргэж байна. Дуурь үзэхэд юуг анхаарах ёстой талаар “Имако” консалтинг институтын захирал Р.Лхагвадуламын ингэж зөвлөж байна.

Театрыг ариун сүм гэж нэрлэдэг. Театрт очих нь сэтгэлийг ариусгадаг. Хэдэн зууны турш язгууртан, ихэс дээдэс хүүхдээ өв тэгш хүмүүжүүлэх арга болгон театрыг сонгосон байдаг. Тэр ч утгаараа соёлт хүний заавал хийх ёстой үйлдлийн нэг нь театрт очих.

Театрт очсоноор хүний таван мэдрэхүй зэрэг ажилладаг. Яруу тунгалаг найрал хөгжмийг сонсож чих баясна, тайзнаа байгаа чимэглэл, олон сайхан зүйлсийг харж нүд баясна. Бүх хүн хамгийн сайхан хувцсаа сайхан үнэртэнтэй хослуулдаг учраас үнэрийн найрал хөгжим театрт таныг угтдаг. Мөн театр бол танин мэдэхүйн ач холбогдолтой.

ТЕАТРТ ГАРГАДАГ АЛДААНУУД:

  • Хоцорч ирдэг,
  • Учир мэдэхгүй хүүхдээ авчирч уйлуулдаг,
  • Хоол хүнсний зүйл авчирч (шарсан төмс шажигнуулахаас эхэлнэ)  тоглолтын дундуур иддэг,
  • Хоорондоо ярих – За одоо Алтанхуяг бүжиглэх гэж байна, японд амьдарч байгаа юм уу Монголд амьдарч байгаа юм уу за яг одоо бүжиглэлээ шүү, гурав, дөрөв, тав эргэчихлээ гэх мэтээр хоорондоо ярьдаг. Тухайн үзвэрийн талаар сэтгэгдлээс эхлээд бүхий л зүйлийг дараа нь ярих хэрэгтэй.
  • Хувцасны өлгүүр хүн ихтэй болчихно гээд түрүүлж гардаг. Найруулагч, жүжигчид гээд хамгийн оргил, ёсолгоо хийх үед нь бүгд гараад явчихдаг.
  • Ихэнх театрууд утасны дуу намасгагч, долгион сааруулагчтай болсон хэдий ч та утсаа унтрааж, дууг нь хаах хэрэгтэй. Хоёр цаг үзвэр үзэхдээ л утсаа унтраах соёлтой байх хэрэгтэй. Мөн утсаа оролдох, жүжигчдийн зургийг авах, бичлэг хийхийг хатуу хориглодог.

Театрт очихдоо гоёх хэрэгтэй

Ихэнх хүмүүс ажлаасаа шууд очдоггүй аж. Тусгайлан бэлдэж, гоё сайхан болчихоод театрт очдог. Эрэгтэйчүүд эрвээхий зангиа, хослол, эмэгтэйчүүд даашинз өмсөж очих нь театрыг, өөрийгөө, бусдыг хүндэлж буй нэг хэлбэр. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалтдаа үдшийн будалт сонгох хэрэгтэй. Театрт очих нь гэдэг бол үзэгдэл. Тиймээс ч театрт өөрийгөө харуулах гэж, бусдыг харах гэж очдог гэсэн үг гарсан байх.

Үзвэр эхлэхээс багадаа 30 минутын өмнө очоорой

Театрт үзвэр үзэх гэж байгаа бол та багадаа 30 минутын өмнө ирсэн байх шаардлагатай. 19.00 цагаас үзвэрт 10 минутын өмнө ирэх нь хоцорсонд тооцогддог.

Театр үүднээсээ, өлгүүрээсээ эхэлдэг. Энэ бол оргүй хоосон үг биш. Хувцсаа өлгүүрт өгөхөөс эхлээд хүний хувийн соёл харагддаг учраас энэ үг гарчээ. Эрэгтэй хүнтэй хамт очсон эмэгтэй хувцсаа эрэгтэйдээ өгч өлгүүлдэг байна.

Ингээд театрыг тойрон үзвэрийн талаар мэдээллийг сонирхож, түүх уламжлалтай нь танилцах нь мөн л соёлын нэг илэрхийлэл юм.

Эхний хонх дуугарахад танхим руу ороорой

Үзвэр эхлэхээс өмнө гурван удаа хонх дуугардаг. Эхнийх дээр танхимд орж суудлаа эзлэх хэрэгтэй. Суудлын талаар мэдээлэл үүдний хэсэгт байдаг учраас тэндээс мэдээлэл авах нь орсны дараа суудал хайх зэргээр бусдад садаа болохгүй байхад тань тусална. Үүдний хөтөч ерөнхийд нь аль хэсэгт суухыг зааж өгдөг ч суудлын талаар мэдээллийг урьдчилан авах нь танд илүү амар.

Суудалдаа суухдаа хүнгүй үед театрт тайз руу харж явна, харин хүн суусан байвал тэдэн рүү харж, уучлалт гуйж зөрөх нь зүйтэй. Харин жүжигчид тайзнаа гарсан үед тайзаа хүндлээд сууж байгаа хүмүүс рүү нуруугаа харуулж явдаг байна.

Байн байн алга таших нь бүдүүлэг

Үзэгдэл дунд алга таших нь тийм ч таатай бус. Нэгдүгээрт жүжигчдийн анхаарлыг сарниулахаас гадна дуурийн үед ид оргил хэсгийг сонсуулахгүй байх магадлалтай. 

Төгсгөлд нь туслах дүрээс эхлээд гол дүр бүгд гарч ирж ёсолдог. Энэ үед тайз, жүжигчдийг хүндлээд босч алга таших хэрэгтэй.

Төгсгөлд нь хэлэхэд аливаа үйл ажиллагааны  урилгыг сайтар анзаарах хэрэгтэй. Хувцасны өнгийг заасан байдаг учраас анхаарахад илүүдэхгүй.

Хотын хүн танд амжилт хүсье.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3194 санал өгсөн байна.

Дээшээ