СОЁЛЫН ДОВТОЛГОО № 15: Бусдын асуудлыг шийдэж өгөх гээгүй бол түүний хэрэгт бүү дурла


2018-09-12 08:40 GMT+8

Уулзаагүй удсан танилтайгаа, ер нь найзтайгаа уулзаад түүний хувийн амьдралын талаар лавлаж байсан бол дараагийн удаа энэ үйлдлээсээ татгалзаарай.

Хүний амьдрал бол хувийнх л байдаг. Ер нь яагаад бид хүмүүсийн хувийн амьдралыг тэгтлээ сонирхоод, яах гэж хэрэгтэй, хэрэггүй асуулт асуугаад байдаг юм бол гэж та бодож байв уу.

Хүмүүс ихэвчлэн асуудаг гэхдээ хариултаар нь яах гэж байгаа нь бүрхэг асуултуудаас сонирхуулж байна.

ХУВИЙН АМЬДРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТУУД

Найз охин/залуутай юу. Хэзээ хүнтэй суух гэж байна, оройтлоо шүү дээ.

Үгүй ээ ер нь хүний хэзээ найз залуу/охинтой болох танд яг хамаатай асуудал мөн үү. Бас хүнтэй сууна гэдэг өнөөдөр дээшээ тэнгэр харж яваад маргааш нь нэг гэрт орчихдог асуудал ердөөсөө ч биш. Урт удаан, тогтвортой гэр бүл гэдэг хайр сэтгэлээс гадна төлөвлөлт шаарддаг чухал зүйл. За тэгээд төлөвлөсөн байлаа ч та хэзээгээр нь яг яах гэж байгаа юм? Хуримыг нь зохион байгуулж өгөх гэж байгаа юм уу эсвэл тусдаа гарах байшин савыг нь бэлтгэхэд туслах гэж байна уу. Тийм зорилго танд байвал асууж бололгүй яах вэ. Үгүй бол харин таны сонирхох асуулт энэ лав биш байх нь.

Хуримыг нь зохион байгуулж өгөх гэж байгаа юм уу эсвэл тусдаа гарах байшин савыг нь бэлтгэхэд туслах гэж байна уу

Хүүхэд чинь оройтлоо. Дараагийнхаа хүүхдийг хэзээ гаргах гэж байна. Тэнэг хүн л гурван хүүхэд гаргадаг юм, одонгийн хүүхэд гарга. Ижил хүйсний олон хүүхэдтэй айлаас одоо охин/хүүтэй бол гэх мэт...

Та хүүхдийн хүйсийг нь тодорхойлоод, есөн сар тээгээд, хоёр яс салгаж төрүүлээд, ангир уургаа амлуулж, цэцэрлэгт аз тааруулж явуулаад, сургуульд нь зөөж, нас бие хүртэл нь тэжээж тэтгэх гээгүй л юм бол танд хүний хүүхэдтэй болно уу, хүүхэлдэй худалдаж авна уу ёстой падгүй гэдгийг ойлгож, ухаарна уу.

За тэгээд одоо асуудал их болсон цаг хүсээд хүсээд хүүхэд олохгүй нэг нь байна, зээл хуйгаас эхлээд хүүхдийнхээ суурь хэрэгцээг хангаж дийлэхгүйг мэдээд гаргахгүй байгаа ч хүн байна. Хүүхэд хоолтойгоо ирдэг юм, гарчихвал учир нь олдоно гэж бас хэлнэ. Хүүхэд чинь юун хоол, нүв нүцгэн л ирдэг юм шүү дээ. Живх, өлгийнөөс эхлээд бүгдийг нь эцэг эх нь бэлддэг. За тэгээд хувцас өмсөөд болчихгүй, хоол иднэ, сурч боловсорно. Эцэг эхийн хариуцлага, бэлтгэл их шаарддаг гэдгийг бүү мартаарай.

Хүүхэд хоолтойгоо ирдэг юм, гарчихвал учир нь олдоно гэж бас хэлнэ. Хүүхэд чинь юун хоол, нүв нүцгэн л ирдэг

Хүйсийн тал дээр охинтой эсвэл хүүтэй болох гээд л өөрөөс хамаарах хамаг ажлаа хийгээд ч барахгүй байгаа ч нэгэн бий. Одоо нэг хүү/охин гаргая гээд л хүйсийг нь шийдчихдэг бол зүгээр захиалгаа аль эрт өгөөд хүлээгээд сууж байна биз дээ. Тиймээс таны шийдвэрлэж чадах асуудал биш бол дахиад л битгий хэрэгт дурлаарай.

САНХҮҮТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТУУД

Цалин хэдийг авч байна, Мөнгөө юунд үрдэг юм, Захирал байж олигтойхон машин унаач...

Манайхан хүний санхүүгийн аж амьдралд туйлын дуртай. Ямар ажил хийдэг, тэр нь хүнд хэцүү юу гэдгээсээ түрүүлээд цалин хэдийг авдгийг нь сонирхоно. Цалингийн хэмжээ асуух нь хүний түрүүвчинд гараа дүрэхтэй утга ижил. Цалин асуухад “хувийн нууц, хариулмааргүй байна” гэж хэлбэл за тэгээд эвэртэй туулай үзсэн мэт нүд нь бүлтийж, ам нь ангалзаад, өндөр дуугаар “СҮРТЭЙ ШД” гэнэ. Энэ үнэхээр сүртэй асуудал шүү. Хэдэн төгрөгийн цалин авдаг, түүнийгээ юунд үрдэг нь танд хамаа ч үгүй.

Дээр нь ийм тийм албан тушаалтай байж олигтойхон юм эдэлж хэрэглэ гэх хэвшмэл ойлголт бий. Хэрэглээ албан тушаалыг дагаж өөрчлөгддөггүй юм, хэрэглээ хэрэгцээг л дагадаг. Хэнд өнөөдөр ямар хэрэгцээ байна түүндээ тааруулж л бүтээгдэхүүн үйлчилгээ авна. Тухайлбал, нэг танилыг маань “Захирал байж Приүс уналаа” гэсэн гэх. Байнга хөдөө гадаа, уул хадаар явахгүй, хот дотор гэр бүлийнхээ хэрэгцээг болгоод байвал Приүсээ унана уу, яана уу тэр хүний л асуудал шүү дээ.

“Хувийн нууц, хариулмааргүй байна” гэж хэлбэл за тэгээд эвэртэй туулай үзсэн мэт нүд нь бүлтийж, ам нь ангалзаад, өндөр дуугаар “СҮРТЭЙ ШД” гэнэ

Бас ихэвчлэн эмэгтэйчүүдийг “Ганц биед ямар их гутал хувцас авдаг юм, хэзээ өмсөх гэж байгаа юм” гэсэн асуултаараа бүү булаарай. Өөрийнхөө мөнгөөр арван гутал, хорин банзал аваад давхарлаад өмсөнө үү, дангаар нь өмсөнө үү тухайн хүний асуудал.

Ариун цэврийн өрөөнд таараад “Юу хийж яваа юм” гэдэг шиг, “Турах болоогүй л байна уу” гэдэг шиг ер нь тухайн хүний өмнөөс шийдээд, өмнөөс нь хийгээд өгөх гээгүй л бол бусдын хэрэгт бүү дурла. Тухайн хүний асуудлыг өөрт нь үлдээнэ гэдэг бас нэг төрлийн соёл юм. Анхаарал тавьсанд баярлалаа.

Жич: Та бүхэн СОЁЛЫН ДОВТОЛГОО булангийн бусад зөвлөгөөг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
test
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ