2020 оны сонгуулийн "өгөөш" 1072 хувьцаа л биш шүү улстөрчид өө

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2018-09-16 14:20 GMT+8

“Эрдэнэс таван толгой” ХК энэ онд 13 сая тонн нүүрс олборлон борлуулах гэрийн даалгавартай. Мөн Засгийн газраас тус компанид ирэх онд олборлолтоо 15 сая, 2020 онд 20 сая, 2025 оноос 35 тоннд хүргэхийг үүрэгджээ.

Олборлолтын зэрэгцээ нүүрсний үнэ өссөнөөр энэ сарын 8-ны байдлаар тус компанийн цэвэр ашиг 483 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард Баруун Цанхийн нэг тонн коксжих нүүрс 68 ам.доллар байсан бол одоо 70.1 ам.доллар болж өсжээ.

Б.Ганхуяг захирал ус үзээгүй хормой шууж, уул узэлгүй гутлаа тайлж боломгүй. 

Иймд ирэх онд иргэдэд ногдол ашиг тараана гэж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг яаран мэдэгдэв. Яаран гэдгийн учир нь 2019 он бол сонгуулийн өмнөх жил. МАН-ын гишүүн Б.Ганхуяг захирал одооноос амлалт өгч эхэллээ. Гэвч нүүрсний үнэ өндөр байх энэ таатай үе хэдий хүртэл үргэлжлэх бол? Түүний амлалт хэрэгжих боломжтой юу?

Саяхан болж өнгөрсөн Coal Mongolia 2018 чуулганы үеэр энэ асуултыг тавихад төдийд гээд тоймтой хариу хэлсэн мэргэжилтэн байгаагүй юм. Учир нь Бээжин байгаль орчныг хамгаалах бодлогоо үргэлжлүүлэн, нүүрс олборлолтыг 150 сая ам.доллараар бууруулах төлөвлөгөө баталж, түүнийгээ ягштал биелүүлж байна. Коксжих нүүрсний үнэ хэлбэлзэлтэй, эрэлт сул хэвээр байгааг ч анхааруулсан. Агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор “Цэнхэр тэнгэр” хөтөлбөр боловсруулан, хойд зүгийн 7 мужид хэрэгжүүлэх болсон нь ч анхаарууштай. Учир нь манай нүүрс олборлогчид дэд бүтэцгүйн улмаас тус улсын өмнөд боомтууд руу нүүрсээ тээвэрлэж чаддаггүй.

Хятадын хойд талын буюу Өвөр Монголын гангийн үйлдвэрүүдийг л голдуу өндөр чанартай нүүрсээрээ хангадаг. Мөн ОХУ, Австрали, Индонез гэх мэт хүчтэй өрсөлдөгчид бий.

Б.Ганхуяг захирал иргэдэд ногдол ашиг тараана хэмээн арай эрт амлаагүй байгаа?

Одоогоор манай улсын 2.5 сая иргэн албан ёсоор ЭТТ-н хувьцааг эзэмшиж байна. Үүнд 2014 оноос хойш төрсөн нялхас багтаагүй. Хэрэв үнэхээр ногдол ашиг тараах болбол 2014 оноос хойш төрсөн иргэдээ Монголын төр насаар нь ялгаварласан болох тул эдгээр хүүхдийг ч компанийн балансад хувьцаа эзэмшигчээр бүртгэх ёстой. Ээж, аав нь барьцаж л таарна шүү дээ. 

Нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараахыг ЭТТ-н ТУЗ шийднэ. Энэ зөвлөлийг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүлдэг. 

2016 оны сонгуулийн өмнө АН нэгж хувьцааг мянган төгрөгөөр үнэлэн, 300 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр төрд эргүүлэн худалдаж авсан. Гэхдээ энэ нь ногдол ашиг биш байв. Иймд хэрэв ЭТТ үнэхээр ногдол ашиг тараавал эзэмшдэг хувьцаанаас нь хоргодохгүй тул иргэд алгаа тосоод авах нь гарцаагүй. 

 ЭТТ НОГДОЛ АШИГТ ХЭЧНЭЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ ВЭ?

2016 оны сонгуулийн өмнө АН иргэдээс 300 ширхэг хувьцааг нь багцлан худалдаж авахад эхний өдөрт л гэхэд 32 ТЭРБУМ төгрөгийг зах зээлд бэлэн мөнгө болгон банкуудаар дамжуулан олгосон. Энэ мөнгийг тараах гэж зөвхөн арилжааны банкуудад л гэхэд 9.5 ТЭРБУМ төгрөгийн шимтгэлийг Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн удаатай.

Харамсалтай нь энэ алдааг одоогийн эрх баригчид давтах гэж байна.

Хувьцаа эзэмшигч бүрт 100 мянган төгрөг олгоно гэж таамаглавал (2.5 саяX100 000 төгрөг) нийт 251 ТЭРБУМ төгрөг зарлагадах нь. Үүнээс ч ихийг хандивлаж магадгүй. Сонгуульд л ялчихвал, одоогийн албан тушаалдаа үргэлжлүүлэн үлдэж байвал энэ хэмжээний мөнгийг салхинд хийсгэх нь эрх баригчдад сонин биш бололтой. 

ИРГЭД ЭНЭХҮҮ “БАЯРТАЙ” МЭДЭЭГ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАВ?  

Б.Ганхуяг захирал урдаас нь эгнүүлэн өрсөн олон камерын өөдөөс харж байгаад “Ирэх онд ногдол ашиг тараана” гэж итгэлтэй нь аргагүй зарласан. Гэвч иргэд түүний үгэнд дургүйцэж, шүүмжилцгээж байна.

Нэг удаа 100 мянган төгрөгийн ногдол ашиг авлаа гээд иргэн Б.Батын хүү дараа жил цэцэрлэгийн сугалаа хожно гэх ямар ч баталгаа байхгүй. Цалингаа нэмүүлэхийг шаардан, удаан хугацаанд тэмцэж буй багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалин огт өсөхгүй. Гурван ээлжээр хичээллэдэг нийслэлийн 38 сургуулийн нөхцөл байдлыг бүр ч шийдэхгүй. Сонгуулийн өмнөх, нэг удаагийн ногдол ашиг бидний тулгамдсан асуудлуудыг шийдэж чадахгүй учир зөв шийдвэр биш. Харин ч харалган амлалт. Одооноос сонгуулийн өмнөх өгөөшөө хаян, сонгогчид түүнийг нь бат гээч нь үмхээд, өнөө маргааш өгнө гэсээн гээд итгэнэ гэж тооцоолсон бол том эндүүрэл юм.

Иймд Б.Ганхуяг захирал ус үзээгүй хормой шууж, уул узэлгүй гутлаа тайлж боломгүй. Иргэд төрөөс нэг удаагийн хандив туслалцаа гуйдаггүй. Эрүүл агаарт, элдэв үнэргүй хотод ажиллаж аж төрөхийг л хүсэж байна улс төрчид өө.

Үргэлжлэл бий. 

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2676 санал өгсөн байна.

Дээшээ