Урлаг нөр их хөдөлмөр мөн ч заримдаа юуг ч хүчлэлгүй өөрийгөө чагнах амсхийлт

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2018-09-13 11:59 GMT+8

Уран бүтээлч Д.Үүрийнтуяа Art Space 976-д ХАДГАЛАГДАХ үзэсгэлэнгээ нээжээ.  Тэрээр Фукуокогийн Азийн урлагийн музейгээс хэвлэн гаргадаг “Азийн шилдэг 100 эмэгтэй уран бүтээлч” хэмээх номонд хоёр удаа бичигджээ. Түүний “Баялагт хүрэх зам” бүтээл Австралийн Куйнслэндийн орчин үеийн урлагийн музейгээс зохион байгуулдаг, Ази Номхон далайн 8-р триенналийн нүүр болон цахим хуудаснаа тавигдаж, олон орны урлаг судлаачдын анхаарлыг татсаар иржээ.

Art Space 976-д Ирэх сарын 5-ыг хүртэл ХАДГАЛАГДАХ нэртэй түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэнг зохион байгуулна. Энэ талаарх урлаг судлаач М.Батзоригийн бичвэрийг толилуулж байна.

Хадгалагдах хэмээх бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг нь эхнээсээ болон сүүлээсээ адил уншигддаг дэлхийн хамгийн урт үг. 

Гадныхан бол бараг хэлж чадахааргүй монгол хэлний эл үгээр үзэсгэлэнгээ нэрлэх нь тийм ч тохиромжтой биш санагдаж магад. Хэн нэгний нандин нууцууд, эд хөрөнгө, ер юу ч өөр хэн нэгний сэтгэлд, зүрхэнд, оюун бодолд эсвэл цоожтой саванд хадгалагдаж болдог шиг бүтээлүүд маань хүмүүсийн оюун бодолд үүрд хадгалагдаасай гэсэндээ ийнхүү нэрлэлээ гэх мэтчилэн улиг болсон тайлбар хүчээр хийж болно. Гэвч нэ удаад бид ярилцаад зүгээр л ямар нэг утга эсвэл бэлгэдэл бодож, сонсголонтойгоор нэрлэдэг зарчмаас бага зэрэг гажихаар шийдсэн хэрэг. Утга гэхээсээ илүү үгийн бүтвэр нь энэ үзэсгэлэнгийн зургуудтай зохицохоор санагдсан болоод л тэр.

Хадгалагдах хэмээх бусдаар үйлдүүлэх хэвийн үйл үг нь эхнээсээ болон сүүлээсээ адил уншигддаг дэлхийн хамгийн урт үг гэсэн утгатай зүйл хаанаас ч билээ уншиж байсан ч хэл шинжлэлд юу гэж нэрлэдэг зэргийг нь мартчихаж. Тиймээс энэ талаар америкт ажиллаж амьдардаг зохиогч, орчуулагч М.Саруул-Эрдэнээс лавлав. Ийм үгийг хэл шинжлэлд “палиндром” гэж нэрлэдэг. Монголоор бол тонгоруу үг гэж орчуулдаг бөгөөд ХАДГАЛАГДАХ бол дэлхийн хамгийн урт үг биш. Дэлхийн хамгийн урт палиндром бол гиннесийн номонд орсноор финн хэлний SAIPPUAKIVIKAUPPIAS гэсэн үг байдаг гэсэн тун чиг тодорхой хариулт авлаа.

“Хадгалагдах” үзэсгэлэнгийн ихэнх зургуудын зохиомж яг энэ үгийн бүтэц шиг давтамжууд юм. Мэдээж энэ цоо шинэ юм биш ч түүнд ингэж зохиомжлох нь энэ удаад таалагдсан. Магадгүй дараа нь яаж ч өөрчлөгдөж болох ч би түүний хамгийн анхны бүтээлээс өнөөдрийг хүртэлх бүтээл болгонд нь нэвт хаваастай байдаг зөвхөн түүнийх гэж танигддаг тэр л амьсгаанд нь дуртай.

Д.Үүрийнтуяагийн өмнөх бүтээлүүдэд нүүдлийн соёлын төгсгөл, суурин соёлын эхлэл дунд бужигнасан нийгэм, уламжлал нь ихэдсэн (живсэн) хүмүүсийн бухимдал, үл итгэлцэл, хэтийдсэн хэрэглээ, бие биетэйгээ уралдан өрсөлдөх атаа жөтөө, мөөгөнцөр шиг эмх цэгцгүй байшин барилга дундуур чихэлдэх хүн машины урсгал, түгжрэл, аваар осол гэх мэтчилэн хязгааргүй өргөн уудам нутагтай ч чихэлдсэн мэт эмх замбараагүйн тухай сэдвүүд зонхилдог байсан.

Харин энэ удаад бүтээлүүдийнхээ сэдэв, утга санаанд гэхээсээ зохиомж, бүтцэд илүү анхаарал хандуулах барил руу хэлбийжээ.

Ер нь ч контемпорари урлагт бүтээлийн утга санаа, бэлгэдэл нь тухайн бүтээлийн структур, консепт, зохиомж, шийдэл, өнгө, дүрс, техник ажиллагаа гэх мэт олон чухал зүйлүүдийн ард эрэмбэлдэг болчихож.

Тэгэхээр энэ удаад Д.Үүрийнтуяа өөрийнх нь хэлсэнчлэн “энд шашин мэт ямар нэгэн утга агуулга, бэлгэдэл байхгүй зүгээр л өөр хоорондоо хамааралгүй урьдчилан төлөвлөөгүй замбараагүй дүрсүүдийг тэгш хэмт зохиомжид оруулсан” бүтээл хийхээр шийдэж. Урлаг бол нөр их хөдөлмөр мөн ч заримдаа юуг ч хүчлэлгүй зүгээр л өөрийгөө чагнах амсхийлт ч үүнд багтана.

Дармын Батбаяр зохиолчийн нэг номонд шувуу зурах гэж байгаа зураач эхлээд тор зураад түүнийгээ байгальд аваачиж тавиад далдаас шувуу орохыг харж, хүлээх хэрэгтэй. Хэрэв торонд ямар нэг шувуу орвол шувуугаа үргээлгүйгээр тороо балруулдан арилгаж чадаж гэмээн сая жинхэнэ, амьд шувуу болно хэмээн маш урнаар зүйрлэсэн шиг...   

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ