Австралийн нарийн боов, шоколадны бүтээлийн тэмцээнд МОНГОЛ БҮСГҮЙ түрүүлжээ

Сэтгүүлч Б.Нямдарь

2018-09-13 16:35 GMT+8

Австралийн Мельбурн хотноо болсон Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын анхан шатны тэмцээний шоколадны төрөлд Ч.Бүжинлхам алтан цомын эзэн болжээ. Тус тэмцээн есдүгээр сарын 10-13-ны хооронд болсон бөгөөд өнөөдөр дүнгээ зарлажээ. 

Тэрээр 35 кг жинтэй цэвэр шоколадаар байгаль эхийг бэлгэдсэн эмэгтэй хүний баримал бүхий бүтээлийг урлажээ.

Уг тэмцээнийг Австралийн Нарийн боов, шоколад, зайрмагны олон улсын холбоо болон “Euroquip” хоолны үйлчилгээний байгууллагаас зохион байгуулсан бөгөөд олон тогоочид хүсэлтээ өгснөөс 21 хүнийг Австралийн Сиднейд шалгаруулж эцсийн шатанд 8 хүний бүтээлийг ийнхүү өрсөлдүүлжээ. 

Тус тэмцээн нь Австралийн урлаг уламжлал сэдэвтэй болсон бөгөөд тэрээр шоколадаар урласан уг баримлаараа байгаль эх биднийг хүүхэд шигээ хайрладаг учир бид ч мөн өсөж том болоод тэрхүү хайрыг буцаан өгч эх дэлхийгээ хайрлаж энэрэх ёстой гэсэн санааг илэрхийлсэн гэлээ.  Бүтээлээ урлахад хамгийн ихээр урам зориг, сэдэл өгсөн хүн нь түүний гурван настай хүү гэнэ. 

Тус бүтээлийн тухайд нийт 35кг жинтэй цэвэр шоколадаас бүтсэн бөгөөд өнгөт деталуудыг какаоны тосыг хүнсний будагтай хольж гарган авчээ. Мөн хоёр төрлийн шоколадны цуглуулга хийсний нэг нь чацаргана, макадамиа самар, ром дарстай бол нөгөөх нь ислэг интоор болон сарнайн дарсны орцоор хийжээ. Тэрээр бүтээлээ хийхэд сар хагасын хугацааг зарцуулжээ.

Ч.Бүжинлхам энэхүү тэмцээнд түрүүлснээрээ ирэх жилийн 10-р сард Итали улсад болох Дэлхийн нарийн боов, шоколад, зайрмаг урлалын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа аж. 

Тэрээр нарийн боовны мэргэжлээр Австрали улсад төгссөн бөгөөд түүнээс өмнө өөрийн хоббигоороо бялуу, нарийн боовыг гурван жил хийжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
test
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ