Төв банк цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгчдийг бодлогоор дэмжинэ

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2018-09-14 13:30 GMT+8

-Цахим мөнгөний үйлчилгээ авдаг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж эхэллээ-

2019 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг удахгүй УИХ-аар батална. Иймд Монголбанк үндсэн чиглэлийн төслийг боловсруулж байна.

Энэхүү баримт бичигт мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч гол байгууллагууд болох Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо ямар арга хэмжээ авч ажиллахыг дэлгэрэнгүй тусгадаг юм.

Финтекийн компаниуд иргэнийг нааш цааш явуулах биш, алсаас үйлчилгээ үзүүлдэг давуу талтай.

Одоо боловсруулж буй баримт бичигт Монголбанк цаашид финтекийг дэмжинэ гэдгээ албан ёсоор багтаах гэж байна.

Финтек (financial technology) гэдэг нь шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ахиц дэвшлийг санхүүгийн салбарт ашиглан, иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хямд зардлаар, хүртээмжтэй хүргэх зорилготой технологи, програм хангамж юм. Товчоор санхүүгийн технологи гэнэ.

Энэ нь цоо шинэ байж болно. Эсвэл өмнөх үйлчилгээг сайжруулсан технологи байдаг байна. 

Бусад улс орнуудад хөдөлгөөнт болон гар утасны төлбөр тооцоог финтекийн тусламжтай хийх хандлага түгээмэл байна. Мөн интернэт, ухаалаг утсанд суурилсан банкны үйлчилгээгээр хэрэглэгч хэзээ төлөх, хаана байхаас үл хамааран төлбөрөө төлөх боломжийг нээжээ. Манай улсад энэ төрлийн үйлчилгээ хэдийнэ нэвтэрсэн. Харин бизнесийн байгууллагууд хоорондын төлбөр тооцоог хараахан хялбаршуулаагүй байна.

ФИНТЕК ЯАГААД БОГИНО ХУГАЦААНД ХӨГЖИВ?

Санхүүгийн салбарт олон тооны хүн ажиллах шаардлагатай. Мөн гар ажиллагаа ихтэйгээс зардал өндөр, үйл ажиллагаа удаан, нүсэр бүтэцтэй. Харин хиймэл оюун ухаан, автоматжуулалт зэргийг нэвтрүүлснээр зардал буурч байна.

Финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд иргэдийн анхаарлыг хандуулахын тулд эхлээд урамшуулал, хөнгөлөлтийн систем болгон ашиглах аргыг түгээмэл хэрэглэдэг. Манайд ч үүрэн холбооны оператор компаниуд Candy, GG гэх мэт урамшууллын оноог хэрэглэгчдээ анхлан танилцуулж байв. Харин одоо эдгээрээр худалдан авалт хийх, зээл авах ч боломжтой.

Хорин мянган төгрөгийн улмаас зээлийн мэдээллийн санд бүртгэгдчихсэн тохиолдол бий. Тухайн иргэн зээлээ бүрэн төлснөөс хойш 6 жил мэдээллийн санд таны алдааг хадгалдаг.   

Финтек өндөр хөгжсөн орнуудад зээл авахыг хүссэн тал болон зээл олгогч талуудыг хооронд нь холбосон систем ихээхэн хөгжиж байна. Тодруулбал иргэн А ямар хэмжээтэй, хэдэн хувийн хүүтэй зээл авахыг хүссэн мэдээллээ системд оруулахад зээл олгогчдоос тухайн хүний хүсэлтэд хамгийн ойр нөхцөлөөр зээл олгох байгууллага/иргэнийг автоматаар холбодог аж. Банкны оролцоогүйгээр зээл авах энэ үйлчилгээ одоогоор манай улсад нэвтрээгүй. Гэхдээ Q Pay (данс эзэмшигчийн нэр, дугаарыг шивэхийг хялбаршуулсан, буруу шивснээс өөр дансанд шилжих эрсдэлээс хамгаалдаг), Candy, lend.mn гэсэн үйлчилгээнүүд хэдийнэ олон тооны үйлчлэгчтэй болжээ.

Манай финтекийн компаниуд болон зохицуулагч байгууллагууд болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо мөн л энэ салбарт туршлага багатай, одоо мөрдөж буй хуулиуд шинэ үйлчилгээнд тэр бүр тохирдоггүй гэх мэт олон бэрхшээл энэ салбарынханд бий.         

Жишээ нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд санхүүгийн харилцаанд оролцогч талыг заавал таних ёстой гэж заажээ. Тэгэхээр харилцагчийн иргэний үнэмлэх, гадаад пасспорт гэх мэт бичиг баримтыг заавал шалган хуулбарлах ёстой. Харин финтекийн компаниуд иргэнийг нааш цааш явуулах биш, алсаас үйлчилгээ үзүүлдэг давуу талтай.

Мөн финтекийн компаниудыг хэрхэн хянах, тэднээс авах санхүүгийн тайлангийн стандарт ямар байх зэргийг зохицуулах байгууллагууд эцэслэн шийдээгүй байна. Иймд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг батлан, энэ оны эхний өдрөөс мөрдөж байна.

Ингэснээр энэ салбарт ажиллах байгууллагуудад өмнө нь Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ гэсэн ангиллын дагуу тусгай зөвшөөрөл олгодог байсан бол цаашид төлбөрийн системд оролцох ААН-үүдийг Төв банк хариуцна. 

ЦАХИМ МӨНГӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ИРГЭДИЙГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР ЭРСДЭЛИЙН САН БАЙГУУЛСАН   

Ингэхдээ хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, технологийнхоо нууцлал, аюулгүй байдлаа сайн хангасан, 2.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтөй байх гэсэн шаардлага тавих аж. Хэсэг хугацааны дараа энэхүү өндөр босгыг давсан ААН-үүд найдвартай үйлчилгээ үзүүлсэн хэвээр байвал босгыг бууруулах юм байна.

Тухайн ААН цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэх бол аль нэг банканд цахим мөнгөтэй тэнцэх хэмжээний (нэг цахим мөнгө=нэг төгрөг) мөнгийг байршуулан, эрсдэлийн сан үүсгэх үүрэгтэй. Энэ нь тэдний харилцагчдын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм. Энэ сангийн хөрөнгийг өөр зорилгоор ашиглахыг ч дээрх хуульд хатуу хоригложээ. Тэгэхээр цахим мөнгө гаргагч тал ямар нэг хүндрэл орвол иргэдийн мөнгөн хөрөнгө баталгаатай хэвээр байна.     

Төлбөр тооцоо, гүйлгээнд фэйсбүүкийг огт ашигладаггүй. Иргэдийн фэйсбүүк хаягийг данс, утасны дугаартай нь л холбож байгаа юм.

Эдгээр мэдээллийг өгсний дараа Төв банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Фэйсбүүк мессенжер ашиглан мөнгө шилжүүлэх шинэ үйлчилгээ нэвтэрчээ. Гэтэл цахим орчинд аюулгүй байдлаа хангахад улам хэцүү болж байна. Иргэдийн хаягийг хакердан, өмнөөс нь бичин, бусдаас мөнгө авах гэх мэт хэргүүд их гарч байна.
-Төлбөр тооцоо, гүйлгээнд фэйсбүүкийг огт ашигладаггүй. Иргэдийн фэйсбүүк хаягийг данс, утасны дугаартай нь л холбож байгаа юм. Түүнээс гүйлгээ нь фэйсбүүкээр дамжихгүй.

-Цахим  мөнгөний үйлчилгээний улмаас иргэд хохирсон хэргүүд гарсан уу?
-Финтекийн үйлчилгээний улмаас хохирсон иргэн байхгүй. Харин криптовалютад хөрөнгө оруулаад хохирол амссан тохиолдол бий. Криптовалютад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдгийг тухайн үед бид болон Санхүүгийн зохицуулах хороо анхааруулсан. Учир нь крипто валют бол төлбөрийн хэрэгсэл биш, цахим мөнгө ч биш юм.

Криптовалютын үнэ өссөн тул Монгол гэлтгүй дэлхий даяар сонирхож байсан. Иймд бид ажлын хэсэг байгуулан судалгаа хийж байна. Гэхдээ Олон улсын төлбөр тооцооны төв банкнаас Төв банкууд крипто валютыг ашиглахад хараахан эрт байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр одоогоор криптовалют мөнгийг орлохгүй. Учир нь энэ технологи маш их хэмжээний эрчим хүч шаарддаг тул эдийн засгийн үр ашиг багатай.

Санхүүгийн системийн нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлд ч финтекийг өргөн ашиглаж байна. Хурууны хээ, царай таних системүүд хөгжсөнөөр энэ боломжийг бүрдүүлж байна.      

-Цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэгчдийг төр яаж дэмжих, энэ салбарыг хэрхэн зохицуулах нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн. Асуухаар хууль байхгүй, эрх зүйн орчныг бүрдүүлээгүй гэж хариулдаг байв. Харин одоо Үндэсний төлбөрийн системийн тухай хуультай боллоо.
-Олон янзын журмуудыг нэгтгэн энэ хуулийг баталсан. Цахим мөнгөний тухай нэмсэн нь цоо шинэ зохицуулалт юм. Банкууд, мэдээллийн технологийн салбараас өөр салбарын компаниуд ч цахим мөнгөний салбарт тоглогч болох үүдийг нээсэн.  

-Санхүүгийн салбарт финтек нэвтэрснээр зээлийн хүү буурах уу?
-Саяхан Хас банк харилцагчийн бичиг баримтыг цахим хэлбэрээр бүрдүүлэх тогтолцоог бүх салбартаа нэвтрүүллээ. Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс харилцагчийн мэдээлэл, лавлагааг авснаар харилцах хадгаламжийн данс нээх, төлбөрийн карт захиалахыг, зээлийн үйл ажиллагааг хялбаршуулж, харилцагчид илүү хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж олголоо. Тэгэхээр зардал буурч, алсдаа хүү буурна.   

-Сүүлийн жилүүдэд манай улсын санхүүгийн үйлчилгээний хүртээмж өссөн үү? Жишээ нь санхүүгийн үйлчилгээг тэр бүр шуурхай авах боломжгүй орон нутгийн иргэдэд ямар боломжийг нээсэн бэ?
-Нэг жишээ дурдахад картаа ПОС машинаар уншуулан, гүйлгээ хийх иргэдийн тоо 2014 оноос их өссөн. Өмнө нь иргэд цалингаа ATM-ээс бөөнд нь аваад, бусад тохиолдолд картаа бараг ашигладаггүй байв. Энэ нь бэлэн мөнгөний хэрэглээ буурч байгааг харуулж байгаа юм.  

2012 онд банкуудын картын нэгдсэн сүлжээг нэвтрүүлсэн нь ээ өөрёдлтөд нөлөөлсөн.

-БНСУ-ын K банк MCS групптэй хамтран интернэт банк байгуулахаа мэдэгдсэн. Үүнийг гадаадын манай улсад салбараа нээж байна гэж ойлгож болох уу. lend.mn хэдийгээр зээлийн үйлчилгээ үзүүлдэг ч ББСБ гэсэн статустай шүү дээ.
-Korean telecom хэмээх үүрэн холбооны оператор компани хамтарч байгаа юм билээ. Манай банкны Хяналт шалгалтын газар хүсэлтийг нь хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байна. ББСБ биш, банк гэсэн статустай байна.

-Цахимаар зээл олгож буй байгууллагууд иргэдээс барьцаа хөрөнгө авалгүй зээл олгож байгаа нь эрсдэлтэй биш үү?
-Одоогоор энэ төрлийн зээлийн хүү банкныхаас өндөр байна. Хүүгийн ашгаас эрсдэлээ хааж болно.

Хэрэв хэрэглэгч би ямар банкнаас авсан биш дээ гэж бодон, зээлээ хугацаанд нь төлөлгүй орхиж болохгүй. Энэ тохиолдолд зээлийн мэдээллийн санд таныг хугацаа хэтрүүлсэн эсвэл чанаргүй зээлдэгч гэх мэтээр бүртгэнэ. Тэгэхээр санхүүгийн байгууллагад та эрсдэлтэй хэрэглэгч гэсэн үг. Хорин мянган төгрөгийн улмаас зээлийн мэдээллийн санд бүртгэгдчихсэн тохиолдол бий. Тухайн иргэн зээлээ бүрэн төлснөөс хойш 6 жил мэдээллийн санд таны алдааг хадгалдаг.   

Тэгэхээр цахим мөнгөний үйлчилгээ ашиглан зээл авлаа ч хариуцлагатай л байх хэрэгтэй.  

-Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталсан. Гэвч энэ хуулийг одоог хүртэл ашиглахгүй байна. Энэ хуулийг өргөн хэрэглээнд нэвтрүүлснээр ямар нөлөө үзүүлэх вэ?

-Энэ хуульд зааснаар цахим  гарын үсэг тухайн иргэнийзурдаг гарын үсэгтэй ижил хүчинтэй байна. Дэд бүтцийг нь шийдээгүй тул хэрэгжилт удсан. Тоон гарын үсэг нэвтэрчихвэл хэрэглэгч цахимаар зээл авахдаа заавал өнөө байгууллага руу гарын үсэг зурах гэж очихгүй. Бид АХБ-тай хамтран банкууд, ББСБ-ууд, финтекийн компаниуд ч нэвтрэх нэгдсэн платформ байгуулахаар ажиллаж байна. эдгээр байгууллагууд эний ээлжинд цахим гарын үсгийг хэрэглэснээр цаашлаад олон нийтийг хамрах учиртай.

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 2681 санал өгсөн байна.

Дээшээ