Багш нар ажил хаялтаа ЗОГСООЛОО

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-09-14 18:01 GMT+8

БСШУСЯ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын ажил хаялтын асуудлаар хамтарсан хэвлэлийн хурал хийж байна. 

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БСШУСЯ нь Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-тэй хэлэлцээрээ үргэлжлүүлсний эцэст багш нар хугацаагүй ажил хаялтаа зогсоож, 9-р сарын 17-ны даваа гарагаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялт өнөөдрөөр зогсож байна. Хэлэлцээр цааш үргэлжилнэ. 

ҮЭ-ийн төлөөлөгч: Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас БСШУСЯ-тай нэлээд олон хоног хэлэлцсэний дүнд тодорхой асуудлыг шийдэж чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачаалалд нь тохирсон нэмэгдэл хөлс олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн 2019 оны 1 сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөслийг тухайн ондоо 20 хувь хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр тохирлоо.

Багш нарын ажил хаясан үеийн цалинг ажилласнаар тооцон олгохоор боллоо. Ажил хаясан хүмүүст ямар нэг арга хэмжээ авахгүй. Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулан 2019 онд цалинг 8 орчим хувиар нэмэх боломжтой гэсэн. Бид харилцсан тохиролцсоны үндсэн дээр 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ. Энэ нь бидний тавьсан шаардлагад хүрээгүй ч тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхээр боллоо. 

Завсардсан хичээлийг хэрхэн нөхөх талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир тайлбар хийв. Тэрбээр, Хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэнийг бататгах хичээлүүд ордог. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл 5-10 хоногийн хугацаагаар харилцан адилгүй тасалдсан. Тиймээс бид Нийслэл, аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлнэ гэв. 

 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
test
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ