Н.Н.Крадин: Бурхан урт нас хайрлавал Хүннүгийн үеийн хотын судалгаагаар илүү том нээлт хиймээр байна

Сэтгүүлч Э.Энхмаа

2018-09-19 14:05 GMT+8

ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын Археологийн хүрээлэнгийн захирал Николай Николаевич Крадиныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтангадас” одонгоор шагнажээ. Монгол судлалын чиглэлээр 20 гаруй жил ажилласан тэрбээр “Хүннүгийн эзэнт улс” сэдвээр судалгаа шинжилгээ хийж, ном болгон монгол хэлнээ хэвлүүлсэн  эрдэмтэнтэй цөөн хором ярилцлаа.

-Та энэ удаа Монголд ямар ажлаар ирэв?
-Би Монголд археологи, угсаатны зүйн судалгаа хийхээр жил бүрийн зун ирдэг. Харин энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намайг төрийн дээд Алтан гадас одонгоор шагнах болсон мэдээг аваад ирлээ. Өнгөрсөн даваа гарагт Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа авсан. Оросын алдартай эрдэмтэд болох Базаров, Жуковский зэрэг алдартай эрдэмтдийн дараа энэ нэр хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байна.

-Та яагаад Монголын түүхийг сонирхож судлах болсон бэ. Хүннүгийн Эзэнт улсын судалгааг хэзээнээс хийж эхлэв?
-Энэ бол эрт эхэлсэн судалгаа. Бид нар 20 гаруй жилийн туршид эртний нүүдэлчдийн хот суурин хэмээх сэдвийг судалж байна. Би оюутан байхдаа Зөвлөлтийн нэрт түүхч Лев Гумилевийн Хүннү нарын талаар бичсэн зохиолыг уншаад, хэзээ нэгэн цагт Монголд очиж судалгаа хийнэ гэсэн зорилго тавьсан минь биеллээ олсон хэрэг.  Бидний судалгааны үр дүнд өмнө нь бичигдсэн Хүннү эзэнт улсын түүхийг өнөөдөр цоо шинээр эргэн харах боломж нөхцөлүүд бүрдэж байна. 

Монголын эртний түүхийн цаг үеүдэд тодорхойгүй цагаан толбо маш их бий. Эртний түүхийг аваад үзэхэд Сяньби, Жужаны түүх тун бага судлагдсан. 

Жишээлбэл, Археологийн шинжлэх ухааны дэвшлийг ашиглан Хүннү гүрний тухай өмнө нь гаргасан эрдэмтдийн санал таамаглалууд буруу юм байна гэдгийг археологийн шинжлэх ухаан нотолж байна. Тийм учраас бид энэ талаар цаашид ч их зүйл хийх болно.

-Жишээлбэл өмнө нь бичигдсэн ямар сурвалжуудыг шинжлэх ухааны ололтоор няцааж байна вэ. Та тухайлбал ямар судалгаагаар энэ том дүгнэлтэд хүрсэн бэ?
-Ганцхан жишээ дурдахад, Хятадын түүхэн сурвалжуудад хүннү нар юу ч үгүй, тэнүүлчид байсан мэтээр бичдэг. Гэтэл археологийн шинжилгээ судалгааны үр дүнгээр Хүннү нар өөрийн хот сууринтай, соёл иргэншилтэй ард түмэн байжээ. Хятадуудын нэгэн адилаар газар тариалан эрхэлдэг, өндөр хөгжилтэй хотожсон хүмүүс байсан нь археологийн малтлага судалгаагаар тодорхой болж байна.

Энгийн нэг жишээ хэлэхэд Буриад Улаан-Үд хотын ойролцоо байдаг Иволгын балгаст хийсэн судалгаа байна. 1970-аад оны үед Антонина Давидова гэж судлаач ажиллаж байсан, одоо бид энэ судалгааг үргэлжлүүлж байгаа юм. Тэр хот нь хэдийгээр жижиг ч гэсэн жинхэнэ хот. Бүх шалгуур үзүүлэлтээрээ төлөвшсөн жинхэнэ хот байсан нь тодорхой болж байна.

-Монголчууд бид эртнээс нүүдлийн соёл иргэншилтэй. Гэтэл Та хотын соёлтой ард түмэн байжээ гэж дүгнэжээ?  
-Хүннү нар суурин хүмүүс биш, нүүдэлчид. Ямар нэг эзэнт гүрэн бол заавал хоттой байх ёстой. Тэр хот суурин нь гар урчуудтай, өөрийн гэсэн өвөрмөц шинж төрхтэй хоттой байжээ.
-Ийм нотолгоог Та бүхэн ямар судалгаанд үндэслэн гаргасан бэ?
-Аливаа шинжлэх ухаанд сэдэв хэзээ ч дуусашгүй зүйл байдаг. Жишээлбэл, Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг Чинтолгойн балгасыг бид таван жил судалж байна. Тэгэхэд орчин үеийн хэлээр бол хоёр тасалгааг нь л бүрэн судлаад байна. Энэ балгаст орд харш, сүм хийдээс эхлээд буурай амьдралтай хүмүүсийн байр байшин ч бий. Баян чинээлэг, ядуу гэх мэт нийгмийн янз бүрийн түвшний хүмүүс амьдарч байсан.

Ялангуяа хотыг судлахад археологичдын хувьд  хогийн цэг хамгийн үнэтэй эх сурвалж болдог. Хогийн цэгээс тухайн хотын иргэд ямар хоол хүнс, эд зүйл хэрэглэдэг, цаг улиралд яаж ялгамжтай ханддаг байсныг мэдэх илүү боломжтой. Жишээлбэл, шаазан савны хэлтэрхий байлаа гэхэд саван доторх өнгөрийг судлаад тухайн цаг үеийн хүмүүс ямар хоол идэж байсныг шинжлэн судалж болно.

Харин угсаа гарвалын судалгаа бүр гайхалтай үр дүнг өгдөг. Хүн амын шилжин суурьшилт, нүүдэлчид хаашаа явж байсан, хаанаас гаралтай байна гэх мэтээр судалж болдог. Хот суурингийн судалгаа бол хамгийн чухал бөгөөд орхигдсон сэдэв. 
Өмнө нь археологичид зөвхөн булш малтаж, судалдаг байв. Булшнаас тодорхой үнэтэй, чамин нүд хужирлахуйц зүйл гардаг. Гэхдээ тэр нь тухайн улс, нийгмийнхээ талаар тодорхой мэдээлэл өгч чаддаггүй юм. Хотын судалгаа бол нүүдлийн соёл иргэншил хэмээх нэгэн цогц дүр төрхийг гаргах боломж олгодгоороо онцлогтой. 

-Тэгэхээр Та бүхэн Монголын эртний түүхийг танин мэдэх чиглэлээр өргөн цар хүрээтэй судалгаа хийдэг юм байна? 
-Тийм ээ. Бидний судалгааны ажлын цар хүрээ маш өргөн. Ялангуяа Хятан буюу Киданы түүх тун бага судлагдсан. Монголын нэрт археологич Пэрлээ гуай Хятан нарын түүхээр чамгүй малтлага судалгаа хийсэн боловч өнөөг хүртэл дорвитой хэвлэгдсэн зүйл бага байна. Нөгөө талаас Пэрлээ гуайн судалгаа талбайн хэмжээний хувьд бага зайд явж байжээ. Бид нар нэлээд том талбайд малтлага хийж, тэр үеийн хотын бүтэц, барилга байгууламж яаж баригддаг, тэр үеийн хүмүүсийн ахуй амьдрал ямар байсныг судалж байна. 

Хотыг судлахад археологичдын хувьд  хогийн цэг хамгийн үнэтэй эх сурвалж болдог. 

Чингисийн далан гэж гурван улсыг дамнасан шороон далан байдаг. Энэ даланг Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ганбат нарын эрдэмтэдтэй хамтран судалж, энэ далан аль цаг үеийнх болохыг тогтоосон. Хятадын судлаачид зүрчид, Киданы үеийнх гэх мэтээр цаг хугацааны хувьд эргэлзээтэй зүйл ярьдаг байлаа. Бид нар үүнийг судлаад нэгдүгээрт Киданы үед хамаарах нь тодорхой байгааг тогтоосон. Хоёрдугаарт, энэ хамгаалалтын зурвас дагуудаа 54 бэхлэлт хоттой байсныг тогтоогоод байна.

-Та Монголын түүхийн шинжлэх ухааны хөгжлийг хэрхэн үнэлдэг вэ. Түүхчдийг юу хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Би эртний түүхч, археологич хүн. Монголын эртний түүхийн цаг үеүдэд тодорхойгүй цагаан толбо маш их байгаа. Эртний түүхийг аваад үзэхэд Сяньби, Жужаны түүх тун бага судлагдсан байна. Гуравдахь нэг анхаарал татсан асуудал бол үүний өмнө байсан дөрвөлжин булш, хиргэсүүрүүд. Энэ хоёрын хооронд ямар холбоо байна. Улс маань чухам юунаас болж босож гарч ирэв гэдэг нь сонин асуудал хэвээр.

-Археологийн олдворуудад сул анхаарч ирснээр эртний булш, хиргэсүүрүүд тонуулчдын гарт сүйдэж байна. Үүнийг та юу гэж боддог вэ? ОХУ археологийн олдворуудыг хадгалж хамгаалах тал дээр хэр зэрэг анхаарал хандуулдаг бол?
-Археологийн түүх дурсгалыг хамгаалах нь Орост мөн л Монголтой адил анхаарал татсан асуудал. Энэ бол зөвхөн Орос, Монгол төдийгүй өндөр хөгжилтэй Америк, Европын орнуудад ч  археологийн түүх, дурсгалыг хамгаалах нь толгойн өвчин болсон. Сүүлийн үед метал хайгч багаж гарсан учир “хар” гэгддэг тонуулчид газрын хэвлийд байгаа түүхэн дурсгалуудыг богино хугацаанд илрүүлэх боломжтой болжээ. Тэгэхээр үүнтэй тэмцэх гурван чухал арга байна.

Нэгдүгээрт, түүх соёлын дурсгалууд ямар чухал болохыг таниулж, ард түмнийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох хэрэгтэй. Гуравдугаарт, хууль чанга байж, хяналт шалгалтыг өндөр түвшинд ажиллуулахаас өөрөөр тэмцэх аргагүй юм. Шинжлэх ухааны хувьд тухайн археологийн дурсгалаас сонирхолтой баримт нотолгоо олдох эсэх нь чухал биш, тийм дурсгал байгаа нь маш чухал гэж үздэг. Эрдэмтэд тэр гарч ирсэн дурсгалуудыг яаж хадгалж, бэхжүүлж, хамгаалж үлдэх вэ гэдэг нь чухал асуудал.

-ОХУ энэ тал дээр хэр зэрэг анхаарал тавьж байна вэ?
-ОХУ-д түүх соёл, археологийн дурсгалыг хамгаалах талаар ажилла маш сайн баг бүрдсэн. Алексей Коволёв гэж эрдэмтдийн баг ажиллаж, маш сайн хууль батлуулсан. Гэхдээ хуулийн хэрэгжилт бас л хангалтгүй.

-Та цаашид ямар чиглэлээр судалгааны ажлаа явуулах вэ?  
-Бурхан надад эрүүл мэнд, урт нас хайрлавал мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтарч, археологийн салбартаа, Хүннүгийн үеийн хотын судалгаагаар ажиллаж, аль болох олон шинэ нээлт хийхийг хүсэж байна. Энэ дашрамд Монгол Улсын шинжлэх ухааны салбарт зүтгэж байгаа мэргэжил нэгт анд найз нартаа талархал илэрхийлье. Мөн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн удирдлага, хамтолонд гүн талархал илэрхийлж байгааг минь уламжилж өгөөрэй хэмээн яриагаа өндөрлөв. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1717 санал өгсөн байна.

Дээшээ