СОЁЛЫН ДОВТОЛГОО №16: Улаанбаатарын бохир гудамжууд

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-09-21 12:05 GMT+8

Ерээд онд ганзагын наймаа дөнгөж эхлээд байлаа. Хил даван, урд хөршийг зорьж наймаа арилжаа хийгсэд маань эх орондоо буцаж ирэхдээ элдвийг гоочлон, шоолон ярьдаг байв. Тэдгээр ярианы нэг нь “хятадууд хаа таарсан газраа нус, цэрээ шууд хаячихдаг” хэмээн ихэд сэжиглэн, муучлана.

Харамсалтай нь одоо бид өөрсдөө 1990-д оны эхэн үеийн сэжиглэн, шоолон ярьдаг байсан хятадууд шигээ болжээ.

Улаанбаатар хотын гудмаар хөл гишгэхийн аргагүй шүлс, нус, цэр. Хамгийн сонирхолтой нь, өнөөх Эрээний хятадууд чинь одоо соёлжчихсон шүү. Эрээний гудманд та шүлс, цэрийг Улаанбаатарын гудманд хардаг шигээ харна гэвэл ёстой эндүүрэл.

Улаанбаатар хотынхоо гудамжаар нэг их сайхан зүйл бодчихсон жаргалтай нь аргагүй алхаж явтал гэнэт хажуу талд хүр хар хийх чимээ гараад цочин харвал нэгэн этгээд цэрээ хаяахтай таарна. Эс бөгөөд нэг этгээд гэнэт зүүнээс гарч ирээд урдхан талд тань нэг хамрынхаа нүхийг дарж байгаад нөгөө талаар нь нусыг бол суга нийнэ дээ. Сурамгай гэж...

За тэгээд гудамж талбай, орц хонгил ер нь 24/7 гэдэг шиг л хаана ч хэзээ ч нус, шүлсийг хайр гамгүй гадагшлуулдаг хүмүүс бий. Хүүхдийн тоглоомын талбай дээр хүртэл шүү. Тиймээс таны ялгаруулж буй тэдгээр зүйлс ямар сөрөг үр дагавартай талаар мэдээллийг хүргэе.

ГУДАМЖИНД ШҮЛСЭЭ ХАЯСНААР ТА БУСДАД ХАЛДВАРТ ӨВЧИН ТАРААЖ БАЙГААГАА МЭДЭХ ҮҮ

Шүлсний найрлагад асар олон хортой бодисууд агуулагдаж байдаг бөгөөд шүлсээ хаяснаар янз бүрийн халдварт өвчин халдааж болдог байна.

"Хүн шүлсээ хаяснаар бусдад маш олон төрлийн халдварт өвчин тараадаг. Шүлсээр дамжин халдварлах маш олон өвчин бий. Эдгээрийн нэг нь сүрьеэ. Сүрьеэ өвчин агаараар дамжин хүнээс хүнд халдварладаг. Монголын хүн амын гуравны нэг нь сүрьеэгийн халдвартай. Тухайн гуравны нэг хэсгийн 10 хувь нь өвдөх эрсдэлтэй хүмүүс гэсэн судалгаа байдаг аж. Цэр, шүлсээ ил хаях нь бусдад сүрьеэ халдааж буй гол үзэгдлийн нэг” гэдгийг ХӨСҮТ-ийн эмч Б.Болысхан хэлж байна.

Хаа сайгүй харагдах өнгө бүрийн нус, цэр, шүлс нь хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог

Сүрьеэгээс гадна томуу, томуу төст өвчин үүсгэдэг бүх вирусүүд шүлсээр дамжин халдварлах боломжтой байдаг аж.

Ерөөс хаа сайгүй харагдах өнгө бүрийн нус, цэр, шүлс нь хөрсөнд шингэснээр элдэв төрлийн нянгийн амьдрах таатай орчинг бий болгодог.

Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн эрдэмтдийн Улаанбаатар хотын хөрсөнд хийсэн судалгаагаар нийт хөрсний 22 хувь нь бохирдолгүй, харин үлдсэн нь эмгэг төрөгч, мөөгөнцөрийн бохирдолтой гэж гарчээ. Энэ нь мэдээж зөвхөн нус, цэр, шүлс, шээснээс болж буй биш ч тодорхой хувийг эзэлж байгаа нь ойлгомжтой.

Тиймээс биеэс тань ялгарч байгаа шавхрууг зүй зохистой гадагшлуулах нь иргэн хүний хамгийн том соёл, ухамсрын илэрхийлэл юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3177 санал өгсөн байна.

Дээшээ