МЭРГЭЖИЛТНИЙ ЗӨВЛӨГӨӨ: Байшинг хэрхэн дулаалах вэ /Цуврал #2/

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч А.Наранцацрал

2019-08-14 08:13 GMT+8
Ханыг гадна талаас дулаалахдаа базальтын гадуур уур тусгаарлагч материал хийсэн байгаа нь

Өрх бүр байшингаа дулаалснаар тав тухтай амьдарч, Улаанбаатарын агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулах боломжтой. Гэр хороололд амьдардаг өрхүүд гэр, байшингaa сайн дулаалснаар дулаан алдагдал, өдөрт түлэх нүүрсний хэмжээгээ бууруулж, яндангаас гарах утааг багасгах гэх мэт олон талын ач холбогдолтой юм.

GoGo.mn мэдээний агентлаг байшингаа хэрхэн дулаалах талаар энэ салбарт есөн жил ажилласан дулаалгын мэргэжилтэн В.Оюунбаатараас зөвлөгөө авлаа.

Монгол гэр дулаалгын зөвлөгөөг ЭНД дарж уншина уу.

БАЙШИНГИЙН ДУЛААН АЛДАГДЛЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ

Дулаан алдагдлыг багажаар хэмжихээс гадна хүн өөрийн мэдрэмжээр мэдэх бололцоотой. Байшингийн дотор хана буюу өрөө хоорондыг тусгаарлаж байгаа хана дулааны алдагдалгүй байдаг. Өрөө хоорондыг тусгаарлаж байгаа хана дээр нэг гараа тавиад, гадна хана дээрээ өрөөсөн гараа тавьж үзнэ. Ингээд үзэхэд гадна хана хүйтэн байвал ханаараа дулаан алдаж байна гэсэн үг. Дулаан алддаггүй газраа нэг гараа тавьж үзээд харьцуулах хэрэгтэй. Дотор хана дээрээ нэг гараа тавиад, шалан дээрээ нөгөө гараа тавьж үзэхэд шал нь хүйтэн бол шалаараа дулаан алдаж байна гэсэн үг.

Та дулааны алдагдлаа багасгахгүй бол ямар ч халаалт тавиад асуудлаа шийдэж  чадахгүй.

10 см-аас доош дулаалгатай ихэнх байшин дулааны алдагдалтай байдаг. Манайхан дулаалахдаа хоорондын зай завсрыг анзаардаггүй учраас тэрүүгээрээ дулаанаа их алддаг.

БАЙШИНГ ХЭРХЭН ДУЛААЛАХ ВЭ

Шалыг 10 см, ханыг 15 см, таазыг 20-25 см орчим зузаантай дулаалснаар илүү үр дүнтэй болно.

Шал дулаалах нь

Дулаалгын олон төрлийн материал бий. Шалаа цутгаад дээр нь паркет тавьсан айлууд шалаараа их дулаан алддаг. Тиймээс шалаа сайтар дулаалах ёстой. Шалан дээрээ даац даах чадвартай материал ашиглах нь тохиромжтой. Даац даах чадваргүй базальт ашиглах гэж байгаа бол заавал рам зангидаж агаарынх нь орон зайг хадгална.

5 см-ын зузаантай базальтыг шууд шалан дээрээ дэвсвэл дээр нь гишгээд шалчийлгана. Шалчийлгахгүйгээр агаарын орон зайг хадгалахын тулд рам зангидаж дээр нь даац даах чадвартай зузаан панер тавибал илүү үр дүнтэй.

Шалны дулаалга

Хана дулаалах нь

Ханаа дотор талаас нь дулаалж болдоггүй гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаарын орон зай буюу амьсгалдаг орон зай үүсгэвэл зүгээр. Дулаалгын материал дотроо ширхэглэгт материал буюу базальт гэж бий. Ширхэглэгт дулаалгын давуу тал нь амьсгалж байдаг. Амьсгалж байдаг мөртлөө дулаанаа хадгалдаг.

Анхаарах юм нь нэмэлтээр уур тусгаарлагч буюу ширхэглэгт дулаалгын материалаа хамгаалж байдаг амьсгалдаг даавуу материал ашигладаг. Базальтыг гадна талд хийсэн үед фасадны материал хийхдээ заавал 3-5 см зай авч хөндий хийх хэрэгтэй.

Хананы дулаалга

Байшинг гадна талаас дулаалж буй нь

Тааз дулаалах нь

Дулаан агаар дээд хэсэгт байдаг. Дээр байгаа дулаан агаарыг дотор орчиндоо хадгалаад үлдэхийн тулд таазаа маш сайн дулаалах хэрэгтэй. Таазаа дулаалахдаа амнуудыг нь дарж олон давхар дулаалах  нь чухал. 

ИРГЭД ЮУН ДЭЭР АЛДДАГ ВЭ

Манайхны ихэвчлэн ашигладаг хөөсөнцөр дулаалгын материалд ордог боловч хорхой шавж үүрлэх, буруу хийснээс болж хананы дотор хөгц мөөгөнцөр үүсэх аюултай байдаг. Аль алийг нь зөв хийх ёстой.

Дулаалгын материалд шилэн хөвөн ашиглахаа больсон. Мөн иргэд хуйлаастай байдаг хөвөнг хананд хийдэг. Хуйлмал хөвөнг шал таазанд хийх зориулалттай учраас хананд хийхээр доошоо унжаад буучихдаг. Тэгснээр ханын дээд хэсгээр дулаанаа алддаг.

ЦОНХОО ХЭРХЭН ДУЛААЛАХ ВЭ

Цонхыг полиэтилен буюу гялгар уутаар дулаалбал зүгээр. Цонхоо солих гэж байгаа айлууд гурван давхар шиллэгээтэй өргөн рамтай цонхоор соливол зүгээр. Вакуум цонх гэж байхгүй. Вакуум гэдэг нь агааргүй орчин гэсэн үг. Хоёр давхар эсвэл гурван давхар шиллэгээтэй хуванцар рамтай цонх л гэж ярина.

Резинийг нь солих шаардлагатай гэж ярьдаг. Энэ нь хэр зөв бэ?

Цонх хөлрөөд цантаад эхлэхээр хамгийн түрүүнд хүмүүс резинийг нь солих гэдэг. Мэдээж резин нь хатаад муудчихсан бол солих шаардлагатай. Хоёр жилийн өмнө цонхоо сольсон бол юу юугүй резинийг солиод байх шаардлага байхгүй. Цонх цантаж хөлрөөд байвал дулааны алдагдал, агааржуулалттай холбоотой. Таны амьсгалж байгаа агаарт уур чийгийн хэмжээ өндөр байна. Уур чийг өндөр байх нь дулааны алдагдал, агааржуулалт муутай байгаатай холбоотой.

Хоол цай хийгээгүй байсан ч байнгын уур чийгтэй байвал дулааны алдагдал өндөр байгаагийн илрэл. Гуравдугаар шалтгаан нь цонхыг буруу суулгасан, хийц муу байгаатай холбоотой. Манайхан цонхыг хаа сайгүй суулгачихдаг. Мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй. Амлагааг бас өөрөөр хийдэг болсон.

Дулаалгаа нэмэх тусам таны халаалтад зарцуулж буй эрчим хүч буурна.

ХАЛААЛТАА ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ

Хүмүүс ийм халаалт сайн, тийм халаалт эко гэх мэтчилэн ярьдаг.  Та дулааны алдагдлаа шийдэхгүй бол ямар ч халаалт тавиад асуудлаа шийдэж чадахгүй. 

Паар /радиатор/, зуух, шалны халаалт болгон өөр. Бидний амьдарч байгаа +20 градусын орчинг бүрдүүлэхийн тулд паарын дуаан 50-60 градусын орчимд хэлбэлзэж байдаг. Шалны халаалтын хувьд ашигт үйлдлийн коэффициент буюу ашигтай чанар нь илүү байдаг. Харин +20 градусын дулаан байлгахын тулд шалны халаалт 30-35 градусын дулаан байх хэрэгтэй. Шалны 30-35 градусын дулаан, паарны 50-60 градуст  халаах хоёрын энергийн зарцуулалт өөр байгаа юм. Шалны халаалт том талбайд тавигддаг учраас манайхан зарим нь цахилгаан нь дийлэхгүй байна гэж ярьдаг. Маш сайн дулаалчихвал том байшин байсан ч цахилгааны хэлбэлзэлгүйгээр дулаан байлгах боломж бий.

Дулаалгаа нэмэх тусам таны зарцуулж буй халаалтын эрчим хүч буурна.

БАЙШИНГАА ДУЛААЛСНААР НҮҮРСЭЭ ХЭДИЙ ХЭМЖЭЭНД ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ ВЭ

Хана, тааз, шалаа 10 см-аар дулаалснаар 50 хувийн хэмнэлт гарна. 5 см-р дулаалбал 35 хувийн дулааны хэмнэлт гардаг. 

Сүүлийн үед нарны эрчим хүчээр ус халаадаг коллекторууд орж ирсэн. Энэ нь өвлийн улиралд усыг 25-30 градус хүртэл  халаадаг.  

50 мкв сууцыг төслийн зуухаар халаадаг гэж бодъё. Төслийн зуух ойролцоогоор 3 цаг орчим дулаанаа барьдаг. Төслийн зуухнаас гарч байгаа халуун энергийг хэр их сайн хадгалж авна тэр чинээгээр байшин дулаан тав тухтай байх болно. Байшингаа дулаалснаар жилдээ 3 тонн нүүрс түлдэг байсан бол нэг портер хүрэхгүй түлдэг болсон айл ч бий.

Мэргэжлийн хүмүүсээр дулаанаа сайн хийлгэснээр 50 хувийн хэмнэлт найдвартай гарна. 

Мөн байшингаа дулаалснаар сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой. Мөн сүүлийн үед нарны эрчим хүчээр ус халаадаг коллекторууд орж ирсэн. Энэ нь өвлийн улиралд усыг 25-30 градус хүртэл  халаадаг.  Тэр усаар өрөөгөө халааж, халуун усаа шийдэх боломжтой. Гол нь дулаанаа сайн хадгалдаг байх хэрэгтэй.

Том байшинг дулаалах өртөг өндөртэй байгаа бол цөөхүүлээ амьдардаг айл нэг өрөөгөө маш сайн дулаалаад халаалтаа шийдээд тэндээ өвөлжиж болно. Хоёулхнаа амьдрахын тулд 100 мкв байшинг бүгдийг нь халаагаад байх шаардлагагүй болно гэсэн үг.

ҮНЭ ӨРТӨГ

45 мкв талбайтай байшингийн дулаалгын материалын зардал 2,5-3 сая орчим төгрөг болдог. 

Байшин болгон өөр өөрийн онцлог, хэмжээтэй учраас тооцоо тусдаа гарна. Мөн байшингуудын хийцийн алдаа дээр суурилж дулаалдаг учраас яг энэ материалыг ашиглаарай гэх юм байхгүй. Урт удаан хугацаанд байшингаа дулаан байлгаж, тав тухтай болгоё гэвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь хамгийн чухал.

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 310 санал өгсөн байна.

Дээшээ