Г.Оюунсүрэн: Давсгүй хоол идсэнээр хүүхдийн өндөр 2-5 сантиметрээр нэмэгдсэн

МОНЦАМЭ

2018-10-04 12:00 GMT+8

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас өнөөдөр “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар цэцэрлэг, “ДЦС-4” ТӨХК-ийн зоогийн газар, “Мах Маркет” компанид зохион байгуулж, дээрх байгууллагууд хоол, цай, бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг хэрхэн бууруулж, ажилчид болон хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар эерэг өөрчлөт гарч байгаатай газар дээр нь танилцав.

Аяны ажлын хэсгийнхний орсон эхний газар нь1500 орчим ажилтантай “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газар байв. Өдөрт 800-1000 хүнд үйлчилдэг тус зоогийн газар шөлтэй хоолны давсыг 1-3 грамм, салатны давсыг 60 хүртэлх хувиар багасгаж, эмчилгээний хоол, цайг давсгүй бэлтгэж өгдөг байна. Ингэснээр жилд хэрэглэх давс 150 килограммаар буурчээ. Тус станцын Нийгэм ахуй хэлтсийн мэргэжилтэн С.Хадаа,” Давсны хэрэглээг нас ахих тусам багасах шаардлагатай гэж боддог.

4 дүгээр сараас хойш давсгүй цай ууж, давсгүй хоол 7 хоногт 2-3 идэх болсон. Давсгүй хоол анх идэхэд амнаас унах гэж байгаа юм шиг хэцүү байсан. Хоёр гурав идээд, дасаад ирэхээр болж байна. Одоохондоо эрүүл мэндэд мэдэгдсэн зүйл алга.

Гэхдээ өвддөг байсан зарим нэг зүйл маань өвдөхөө больсон.

Гэртээ давсны оронд хужир хэрэглэж байгаа” гэлээ. Үндсэн хөрөнгийн нягтлан бодогч Д.Цэрэнхүү, “Давсгүй хоол идсэнээр жин буурч, эрүүл мэндийн хувьд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Би өдөрт 1 удаа хооллохдоо аль болох давсгүй хоол идэхийг хичээдэг. Давсны хэрэглээгээ 70-80 хувиар бууруулсан. Хоолны мэдлэгээ дээшлүүлж, давсыг байгалийн бүтээгдэхүүнээр орлуулж байгаа” гэв.

Дараагийн орсон байгууллага “Мах Маркет” ХХК-ийн Ерөнхий технологич Л.Энхтуяа хэлэхдээ, “Аяны хүрээнд бэлэн болон хагас бэлэн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулсан. Ингэснээр махны жинхэнэ амт гарч ирсэн. Давсны оронд цагаан гаа, сонгино, сармис гэх мэт байгалийн амтлагчыг ашиглаж, бүтээгдэхүүнийхээ амтыг тогтворжуулж байна.

Бүтээгдэхүүнд агуулагдах давсыг 20-40 хувиар бууруулаад зогсохгүй, 250 ажилчдадаа давсны хэрэглээг бууруулах сургалт хийсэн. Хөхөнд сүү оруулдаг, жин нэмдэггүй гэх мэт эерэг нөлөөтэй гүзээний салатыг давсгүй үйлдвэрлэж байна. 9 нэр төрлийн давсанд судалгаа хийж хүний биед ашигтай, эрүүл байгалийн давсыг гаргаж авсан. Энэ талаарх сургалтыг цэцэрлэгийн багш нарт хийсэн. Мөн БНХАУ-д экспортолдог үхэр, ямааны чанасан махыг давсгүй гаргаж байна” гэлээ.

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, “Бид аяныг 2 үе шаттай зохион байгуулж байгаа. Эхнийхийг нийслэлд, дараагийнхыг 2019 онд орон нутагт хэрэгжүүлнэ. Эхний шатанд оролцох хүсэлтээ 11 байгууллага, ААН ирүүлсэн.

Бид аян хэр үр дүнтэй хэрэгжиж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байгааг судалж байна. “ДЦС-4”-ийн хувьд 2012 оноос давсны хэрэглээг бууруулахад чиглэж ажиллаж ирсэн. Олон бүтээгдэхүүнд давсны хэрэглээгээ бууруулж, ажилчдын эрүүл мэндэд анхаарч чадсан байна. Аяны хүрээнд 13 шалгуур үзүүлэлтээр ААН, байгууллагыг шалгаруулна” гэлээ.

Сонгино хайрхан дүүргийн 112-р цэцэрлэгийн ахлах тогооч Г.Оюунсүрэн, “25 төрлийн хоолны давсыг хассан. Гоймон, будаа, төмс чанахад л давс хэрэглэж байна. Бусад тохиолдолд давс орлуулах бүтээгдэхүүн хэрэглэдэг. Шинээр хулуу, цэцэгт байцааны давсгүй зутан шөлний жор гаргасан.

Давсгүй хоолыг хүүхдүүд илүү дуртай идэж байна. Ам нь цангалаа гэж байнга хэлдэг байсан бол одоо тэгэхээ байсан. Эцэг эхчүүдэд хоолонд давсны оронд ямар бүтээгдэхүүн хэрэглэх сургалт хийсэн.

Тэд сайн дэмжиж байгаа. Даралт ихтэй 4-5 ажилтан байсан нь давсгүй хоол идэж эхэлснээр даралт нь тогтворжоод зогсохгүй жин нь хасагдаж эхэлсэн. Жилд хоёр удаа хүүхдийн биеийн өсөлтийг хэмждэг. Давс хэрэглэж байсан үеээс давсгүй хоол идэж байх үед хүүхдийн өндөр 2-5 сантиметрээр нэмэгдсэн байсан. Багахан сэтгэл байвал давсны хэрэглээг бууруулах боломжтой нь эндээс харагдана” гэлээ.

Б.Янжиндулам 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1717 санал өгсөн байна.

Дээшээ