СОЁЛЫН ДОВТОЛГОО 18: Үйлчилгээ уур бухимдал бус талархал дагуулах ёстой

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-10-05 11:10 GMT+8

Та СОЁЛЫН ДОВТОЛГОО булангийн бусад мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Манайд аливаа үйлчилгээг сэтгэл ханамжтай авна гэдэг ихэнхдээ хэцүү. Таксинд суухаас эхлээд л хоолны газар, дэлгүүр хоршоо гээд олон төрлийн үйлчилгээнээс гомдол, бухимдалтай тулгарснаа тооч гэвэл нэлээн хэдэн хуудас болох байх.

Угтаа бол үйлчилгээ гэдэг хүний хэрэгцээг хангах ажил. Үүдээр орж ирсэн цагаас нь эхлээд л найрсаг, халуун дотно харилцаагаар угтаж, хэрэгтэй зүйлийг нь хийж өгөөд гаргадаг байх ёстой. Гэвч энэ үүргээ ухамсарладаггүй үйлчилгээний байгууллага, иргэд олон байгаа нь харамсалтай. Тэгвэл тэд ямар алдаа гаргадаг талаар цөөхөн үгэнд багтаая.

ҮЛ ТООМСОРЛОХ

Хамгийн түрүүнд үйлчилгээний байгууллагын гаргадаг алдаа бол үл тоомсорлох. Ихэнхдээ хоолны газар, дэлгүүр энэ алдааг гаргадаг. Үйлчлүүлэгчийг харсан ч хараагүй царайлж, заавал “зөөгч өө”, “худалдагч аа” гэж дуудуулах, гуйлгах гэдэг. Үйлчлүүлэгч нэгэнт танайхыг сонгоод ирсэн тохиолдолд та бүх анхаарлаа тэдэнд хандуулах хэрэгтэй. Бас анхаарал хандуулж, бараагаа тайлбарласан гээд заавал авах ёстой мэт харьцаж болохгүй. “Авахгүй бол яах гэж асуусан юм” гэдэг өгүүлбэр худалдан авагчийг эргэлт буцалтгүй цааш нь түлхдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Та хэдий чинээ бүтээгдэхүүнийхээ давуу талыг тайлбарлаж, таниулна төдий чинээ худалдан авагчид сэтгэгдэл төрүүлдэг.

Анхаарал хандуулж, бараагаа тайлбарласан гээд заавал авах ёстой мэт харьцаж болохгүй

“ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДЭЛГҮҮР НЭЭХ ХЭРЭГГҮЙ”

Төвийн дүүрэгт байрлах, хүмүүсийн мэдэх нэгэн газрын зөөгч дахин дахин захиалга өгч байна хэмээн уурсаж, нэг мөр захиалгаа өг хэмээн үйлчлүүлэгчээ загнасан хөгтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал болсон удаатай. Тухайн үйл явдлын эзэн, “загнуулдаг” хэсэг нөхөд дахин тэр газар орох нь битгий хэл, нэрийг нь ч дурсаагүй талаар ярьж байв.

Инээмсэглэж, эелдэг зан гаргаж харьцаагүйн гор нь эргээд үйлчлүүлэгчээ алдахад хүргэсэн жишээ энэ. Танайхыг гээд зориод ирсэн хүмүүстэй эелдэг дотно харилцаж, инээмсэглэлээр угтаж, талархлаар үддэг байхыг зөвлөе. “Инээж чадахгүй бол дэлгүүр нээх хэрэггүй” гэж үгийн утга энэ.

ТООЦООНЫ АСУУДАЛ

Орчин үед тооцоо хийх боломж үй олноороо гарчихсан. Гэтэл үүнийг ашиглахгүй хэрэглэгчийг бухимдуулдаг газрууд бий. Таксинд бол мөнгө задлахгүй гэх, худалдааны газар мобайл банк, посын машингүй гэх “МЭӨ тайлбар”-аа одоо зогсоох цаг нэгэнт болжээ. Олон төрлийн төлбөрийн системийг нэвтрүүлж, үйлчлүүлэгчийг хүндрүүлэхгүй байх шийдлийг аль болох эртхэн нэвтрүүлээрэй.

Мөн компьютер гацдаг, удаан хэвлэдэг гэх мэт шалтгаан тоочилгүй и-баримтаа нэхүүлэлгүй өгч байгаарай.

ЭЕЛДЭГ ХАРЬЦВАЛ ЭЛЭГ БАРИХ ГЭЖ ҮЗНЭ

Манай үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хэрэглэгчийн гомдолд чин сэтгэлээсээ уучлалт хүсч, залруулдаг нь бас л ховор. Хэдийгээр санал хүсэлтийн утас ажиллуулдаг газрууд олон ч гомдол мэдүүлэх гэж залгаад улам уурсаад дуусах нь элбэг. Та гомдлоо эелдгээр тавьбал таны буруу болгоод өнгөрөх нь элбэг тул шууд л ууртай ярих хэрэг гарна.

Ариун цэврийн өрөө гэдэг зөвхөн биеийнхээ илүүдлийг гаргах бус амс хийж, сэргээд гарах хэсэг байдаг

Таны үзүүлсэн үйлчилгээний талаар санал гомдол гаргавал түүнийг нь эвтэйхэн шиг шийдэхийг хичээ, тэднийг аргаа бартал нь бухимдуулах хэрэггүй. Уучлалтыг чин сэтгэлээсээ гуйж сурах хэрэгтэй. Бас утсаар үйлчлүүлэгчтэй ярьж байгаа тохиолдолд бохь хэзээ ч зажилж болохгүй, тэр тусмаа дугаргаж бүр болохгүй шүү.

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв гэдэг шиг ариун цэврийн өрөө ямар байх нь тухайн байгууллага үйлчлүүлэгчээ хэрхэн хүндэтгэж байгаагийн илэрхийлэл гэж болно. Ариун цэврийн өрөө гэдэг зөвхөн биеийнхээ илүүдлийг гаргах бус амс хийж, сэргээд гарах хэсэг байдаг. Тиймдээ ч хүүхэдтэй ээжүүд, хөгшин настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай хэрэгсэл байхгүй, үнэр танар гэж ороод хам хум хөнгөрөөд гарахаас өөр арга үгүй газрууд их. Томоохонд тооцогдох их дэлгүүрт ч ийм дүр төрх байдаг нь харамсалтай.

Дээр дурдсан үйлчилгээ гэдэг хүний хэрэгцээг хангах ажил. Үүнийг батлах бас нэгэн зургийг сонирхуулж байна. Японы Акасака дүүрэгт байрлах зоогийн газрын зөөгч эмэгтэй үйлчлүүлэгчээ хэрхэн хүндэлж байгааг та энэ зургаас харж болно. Зөөгч эмэгтэй бага зэрэг нуруулаг учраас ирсэн зочдыг хэт өлийлгөж харуулахгүй гэсэндээ захиалга авах бүртээ ийн өвдөглөн сууж байсан нь нүдэнд содон туссан тул зургийг нь ийн авсан хэрэг.  

Алхам тутамдаа л бид ямар нэг үйлчилгээг авч байдаг. Харин тэр үйлчилгээг харамсаж, бухимдаж авахгүй байхад үйлчилгээний байгууллагын ажилтан, эрхлэгч таны хувь нэмэр чухал юм шүү. Инээмсэглэл, талархал хэзээ ч муу зүйл дагуулдаггүй.

Та СОЁЛЫН ДОВТОЛГОО булангийн бусад мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ