Салсан нөхөр/эхнэртэйгээ хүүхдээ уулзуулахгүй байгаагаа “ЯЛЖ БАЙНА” гэж андуурдаг
Б.Соёл-Эрдэнэ

Гэр бүл салалт гэхээр бид "томчуудын асуудал", "эд хөрөнгөө хэрхэн хувааж авах вэ" зэргээр л төсөөлөн боддог.

Гэтэл гэр бүл салалтын ард бяцхан зүрхнүүд хэчнээн их шаналж, өөрийгөө буруутан мэт зэмлэж суудгийг мэдэхгүй. "Чи аавдаа хайртай юу, ээждээ хайртай юу" гэдэг асуултыг хамгийн тэнэг асуулт гэдгийг мэддэг атлаа гэр бүл салах болоход "чи ээжтэйгээ үлдэх үү, аавтайгаа үлдэх үү" хэмээн хүүхдээсээ тулган асууна.

Хэрвээ та хүүхдийнхээ оронд байсан бол аав/ээждээ юу гэж хариулах байсан бол гэж хүүхдийнхээ оронд өөрийгөө тавин бодож үзсэн үү?

Араар тавьсан нөхрөө чадахын тулд "хүүхдүүдтэй нь уулзуулахгүй" хэмээн шүд зуун өш хорслоо тайлах бүсгүй та бяцхан хүүхдүүд тань аавыгаа санан, сэтгэл нь өмөрч байгааг мэдэх үү? Буруутан болсон ээжээс нь салсан даруйдаа "хүүхдүүддээ тэтгэлэг өгөхгүй" хэмээн халаасандаа гараа дүрэн зугатахдаа бяцхан үрс тань мөнгөнөөс илүү таныг санаж суугааг мэдэх үү?

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно.

О.Ариунбилэг
Сэтгүүлч

Боловсрол:

1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн, Улсын тэргүүний 24-дүгээр дунд сургуульд суралцсан
1981-1986 онд Монгол Улсын Их Сургуулийн  Нийгмийн Ухааны  Факультетийн харьяа  Хуулийн ангийг төгссөн.  Хууль Зүйн Ухааны Магистр
1991-1992 онд Удирдлагын Хөгжлийн Академид мэргэжил дээшлүүлсэн
1994-1996 онд ХБНГУ-ын Badenwuertemberg муж улсын Reutlingen хотын Дээд Сургуулийн дэргэдэх  Эдийн Засгийн Академид төслийн менежментийн курс
1997-2000 онд ХБНГУ-ын Bayern муж улсын Muenchen хотын Luedwig Maximalian-ийн нэрэмжит Их сургуульд олон улсын иргэний эрх зүйн магистр
2008-2010 онд Хүмүүнлэгийн Ухааны  Их Сургуульд боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:
1994-2005 он хүртэл Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд бизнесийн эрх зүй, олон улсын  эдийн засгийн эрх зүйн багш, ахлах багшаар  дэд профессор цолтойгоор  ажилласан
2005-2008 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын Байгууллагын “JUVINILE  JUSTICE –буюу Хүүхдийн Эрүүгийн Эрх зүйн”   төслийн менежер,  төслийн зөвлөх
2008-2013 онд БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Ланд Монголиа” ХХК, Итали улсын хөрөнгө оруулалттай “Футура Фэйшн” ХХК-д  гэрээт хуулийн зөвлөх
2013- 2016- онд   “Цэцэн Хуульч” ХХН-ийн зөвлөх өмгөөлөгч
Монгол Улсын Дээд Шүүхийн  эрх олгосноор Иргэн, Эрүү, Захиргааны хэрэг маргаануудад  өмгөөлөгчөөр  ажилладаг
2006, 2007 онуудад “Хүүхдийн Эрхийн Сургагч Багш”-ийн Гэрчилгээг  Эмнести Интернэйшнл  ОУБ,  НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороо, Английн Хүүхдийг Ивээх Сангаас авч,  2009 онд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд Монгол улс дахь Хүүхдийн Эрхийн байдал, хууль зөрчсөн мөн хоригдож буй хүүхдийн эрхийг хамгаалах нь сэдэвт сүүдрийн  тайлан илтгэл явуулж  Швейцарийн Женев хотод 2 удаа биечлэн очин амжилттай  танилцуулсан.

 

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Эцэг/эхийг нь үзэн ядуулах ойлголтыг төрүүлэх тохиолдолд хүүхэд өөрийгөө буруутай мэт мэдэрдэг

Таныг анзаарч байхад гэр бүл салалтын шалтгаан нь чухам юу байна вэ?
Маш олон шалтгаантай. Үүн дээр ажилгүйдэл бас их нөлөөлдөг. Эхнэр нь байнга гэртээ байж байгаад нийгмээс тусгаарлагдсан, стресстэй болдог. Эсвэл нөхөр нь ажил хийхгүй гэртээ хэвтээд байдаг гэх мэт. Бие биенээ сайн таниагүй, хувь хүний орон зай руу нь хэт ордог асуудал байна. Эхнэр, нөхөр болсон ч хувь хүний орон зай гэдэг зүйл байдгийг сайн ойлгох хэрэгтэй. Манай монгол гэр бүлүүд нэг нэгэндээ гаргадаг цаг гэж алга. Германчууд бол жишээ нь “пүрэв гараг бол гэр бүлийн цаг” гээд анх танилцаж байхдаа ямар байсан яг түүн шигээ нэгэндээ цаг гаргадаг. Мөн эхнэр, нөхөр хүмүүс нэгнийгээ хэт эзэрхэх гэснээс гэр бүлийн хүчирхийлэгч болж, гэр бүл салалтад нөлөөлж байна. Дан ганц эрчүүд ч бус хүчирхийлэгч эмэгтэйчүүд ч байна. Хүчирхийлэл гэхээр цохиж зодох гэдгээс гадна сэтгэл санаа, эд материал санхүүгээр нөхрөө өөрийнхөө хяналтад байлгадаг эмэгтэйчүүд бий.
Гэр бүл салалтын улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тохиолдол хэр их байна вэ?
Гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэгдэж байгаа тохиолдлууд болон түүнээс өмнөх шатанд хүүхдийн эрх маш ихээр зөрчигддөг. Хүүхдийн үндсэн таван эрх бий. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эцэг эхээрээ хайрлуулах, сурч боловсрох, оролцох эрхүүд зөрчигддөг. Жишээ нь эхнэр нөхөр хоёр гэрлэлтээ цуцлууллаа гэхэд маргаан үүсдэг. Энэ тохиолдолд хэн нэг нь хүүхдээ аваад нөгөө талд уулзуулахгүй байх, хүүхдээ нуух зэргээр авирладаг. Эсвэл хүүхдэдээ ээж аавынх нь хэн нэг нь буруутай мэт ойлголтыг төрүүлнэ. Гэр бүл салалтын асуудалд хүүхдийг ямар байдлаар оролцуулах вэ гэдгээ манай эцэг эхчүүд мэддэг байх ёстой. Эцэг/эхийг нь үзэн ядуулах ойлголтыг төрүүлэх тохиолдолд хүүхэд өөрийгөө буруутай мэт мэдэрдэг. Гэр бүл салалтын улмаас өсвөр насныхан гэрээсээ дайжих, бага насны хүүхэд уйламтгай болох зэрэг сөрөг үзэгдлүүд гардаг.
Баруунд адилхан л гэр бүл салдаг ч яагаад монголд хүүхдийн эрхийн зөрчил илүү байна вэ?
Тэд “насанд хүрсэн бид хоорондоо ойлголцолгүй салж байгаа ч энд хүүхэд хохирох ёсгүй” гэдгийг маш сайн мэддэг, ухамсарладаг. Баруунд гэрлэлт цуцалж байгаа тохиолдолд хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж хүүхэд, гэр бүлийн байгууллагууд идэвхтэй оролцдог. Хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгэнтэй хүссэн үедээ уулзах асуудлыг нээлттэй болгож, хэн ч хориг саад тавьдаггүй. Манайх болохоор эцэг эхийн хэн нэг нь хүүхдэдээ хаалт хийдэг. Эцэг, эх байх эрхийг нь хуулиар хасаагүй байхад уулзуулахгүй байна гэдэг хүүхдийн эрхийг, хуулийг зөрчиж байгаа юм. Долоо долоо хоногоор ээж аав дээрээ байлаа гэхэд хүүхдүүд эцэг эхээсээ салаагүй мэт мэдрэмжтэй байдаг.
Ямар тохиолдолд эцэг, эх байх үүргийг нь хасч байна вэ?
Архисах өвчтэй, сэтгэцийн өвчтэй, өөрөө бусдын хараа хяналтад байдаг бол. Мөн мансууруулах бодисын донтой болсон тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хасдаг. Манайхан заримдаа буруу ойлгоод байдаг юм. “Эцэг нь шоронд орчихсон юм чинь уулзуулаад яах юм” гэдэг. Тэр хүн хэрэг хийгээд ял авсан байж болох ч маш сайн аав байж болно. Тэгэхээр аавтай нь уулзуулж л байх ёстой. Түүнчлэн гэр бүлийн гишүүд гэдэгт хэнийг оруулдаг вэ гэдгийг эцэг, эхчүүд хуулиас унших хэрэгтэй. Ач, зээгээ санадаг эмээ, өвөө маш их байдаг. Ялангуяа бэрүүд нь хадам ээжтэйгээ муудахаараа эмээтэй нь уулзуулахгүй байдаг маш буруу хандлага бий. Хүүхдүүд ч эмээ, өвөөтэйгээ уулзаж ээнэгшинэ шүү дээ.

Гэр бүл салалтын дараа хүүхдээ аав/ээжтэй нь уулзуулахгүй байгаа тохиолдолд хуулийн нарийн зохицуулалт бий юу?
Хуулийн нарийн зохицуулалт байдаггүй. Жишээ нь, гадаадад хамт амьдарч байгаад салангуутаа хүүхдээ энд дагуулаад ирдэг. Тэгээд ээж/аав нь хүүхдээ хайгаад явж байх тохиолдол ч байна. Монголдоо ч гэсэн хүүхдээ хайгаад явах тохиолдол олон. Энэ үед жишээ нь ээж нь хүүхдээ аавтай нь уулзуулахгүй байгаагаа “нөхрөө хорлож, давж илүүрхэж, ялж байна” гэж буруу боддог. Гэтэл хүүхдийн сэтгэл санаанд ямар их гэмтэл учруулж, зүрхийг нь шархлуулж байгаагаа ойлгодоггүй. Уг нь бол оршин суугаа газраа солихдоо ч хүүхдийнхээ саналыг асууж байх ёстой. Бид хүүхдийн оролцоо гэж их ярьдаг атлаа өдөр тутмын амьдралдаа хүүхдийн оролцоог хангахгүй байх нь элбэг /Сурв: Хүүхдийн эрхийн тухай конвенцийг ЭНД ДАРЖ уншина уу/
Салаад хүүхдээ аваад зугтаачихаж байгаа тохиолдолд яах ёстой юм бэ?
Хүмүүс цагдаад ханддаг. Зарим цагдаагийн байгууллага хүлээж аваад шуурхай арга хэмжээ авдаг. Гэтэл зарим нь “ээж/аав нь аваад явчихсан юм байна шд. Яав л гэж дээ” гэх байдлаар ханддаг. Ингэж хайнга хандаж болохгүй л дээ. Аав/ээж нь сэтгэцийн өвчтэй хүн байгаад хүүхдээ дагуулаад гэнэт амиа хорловол, өндрөөс үсэрвэл яах вэ зэрэг эрсдэлийг тооцдог байх ёстой.
Шүүхээс 7-оос дээш настай хүүхдээс санал авах ёстойг хуулинд заасан. Бодит амьдрал дээр хэр байна вэ?
Хүмүүс хэт туйлширч ойлгодог. “Шүүхийн шийдвэрт хүүхдийн саналыг харгалзан үзнэ” гэж байгаа боловч хүүхдийн саналаар 100 хувь шийднэ гэсэн үг биш. Бусад нотлох баримтууд дээр үндэслэж хүүхэд аль талдаа байвал аюулгүй, эрүүл өсч бойжих вэ гэдгийг нь харгалздаг. Харин шүүхийн шийдвэр гарсаар байтал эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ саналыг харгалзан үзэхгүйгээр, эрхийг нь зөрчдөг. Жишээ нь, хүүхэд “ээж дээрээ байна” гээд хэлчихсэн байхад аавынх нь тал бараг л булаагаад авчихдаг тохиолдол байна. Тэгээд тухайн хүүхэд ээж, эмээтэйгээ уулзаж чадахгүй хоёр жил гаруй болчихсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага оролцоод ч энэ асуудлыг шийдэж чаддаггүй. Тэгээд сүүлийн үед өөрсдөөсөө хэргийг зайлуулахын тулд “хүүхдийн асуудлыг бид мэдэхгүй. Энэ ямар эд бараа биш. Төрсөн эцэг/эх  нь авсан байхад бид одоо яахав дээ” гэдэг. Гэтэл үргэлж хамт байсан хайртай хүмүүсээ санаж байгаа хүүхдийн зовиур шаналгааг огт бодолцож үздэггүй.
Шүүх хуралдааны өмнө хүүхдээс санал авах өрөө, нөхцөл нь ямар байдаг вэ?
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн өмнө “Гэр бүлийн шүүх” байдаг. Энд хүүхэд саатуулах булан, тоглоомын хэсэгтэй болсон. Сэтгэл зүйч ажилладаг. Гэхдээ миний ажиллаж байсан хэргүүд дээр лав хүүхэдтэй сэтгэл зүйч ярьж байсан тохиолдол байхгүй. Зөвхөн шүүгчийн туслах нь “аавтайгаа байх уу, ээжтэйгээ байх уу, чи сургуульд сурдаг уу, гэрлэлтээ цуцлуулж байгааг нь чи мэдэх үү, хэнтэй нь байх вэ” зэргийн хэдхэн асуултад л хариу авдаг. Уг нь бол энэ тохиолдолд хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож, сэтгэл зүйч, өмгөөлөгч гээд хүмүүс оролцох ёстой. Миний бодлоор хүүхдээс санал авч байгаа нь хэдхэн минутын ажил биш байгаасай, хүүхдийн сэтгэлийн гүн дэх нууцыг сугалсан, бодит байдлыг харуулж чадсан ажил байгаасай л гэж хүсдэг.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Хүүхдэд тэтгэлэг нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангахад хүрч байна уу гэвэл асуудалтай

Тэр хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн төлөөлөгч “хүүхэд шүүхийн байр руу ороод л айдаст автаж, уйлдаг. Гэтэл хүүхэд уйлаад байхад “чи ээжтэйгээ байх уу, аавтайгаа байх уу” гээд асуудаг” гэж ярьсан. Таны өмгөөлж байсан хэргүүд дотор ийм асуудал бол гарч байгаагүй юм уу?
Хотод харьцангуй гайгүй. Хүүхдийн эрхийг олон талаас ярьж байгаа учир энэ асуудал шийдэгдэж байна. Жишээ нь, би хүүхэдтэй харьцахдаа эхлээд өөрийгөө танилцуулдаг, ажил үүргээ ярилцдаг. Хүүхдэд орчныг нь бас бүрдүүлж өгөх хэрэгтэй. Олон хүн сууж байгаа өрөөнд өсвөр насны хүүхэд нь аав, ээжийнхээ тухай ярих уу. Хүүхэд тухайн өдөр ярих дургүй байгаа бол тэр өдөр ч заавал ярих шаардлагагүй. Дараа нь ярилцах учиртай.
Хүүхдэд олгож байгаа тэтгэмж ямар байгаа билээ?
11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгодог. Харин зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болдоггүй. Гэтэл энэ нь хүүхдийн амжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадах уу гэдэг нь асуудалтай. Хүүхдийн тэтгэлгийг тухайн хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд зарцуулаагүй болох нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч тэтгэлэгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Мөн хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр юм уу аль эсвэл эд хөрөнгөөр олгож болдог. Ярьж тохироод сар, улирал,  жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно.
Ээжүүдийн групп дээр “заавал амжиргааг нь хангуулах гээд байгаадаа биш. Гол нь хариуцлагыг нь мэдрүүлмээр байна. Шүүхэд хандаад шүүх тэтгэмжийг нь өгөх ёстой гэж гарсаар байтал манай нөхөр тэтгэлэг огт өгөхгүй гээд байх юм” гэж бичсэн байсан. Энэ тохиолдолд яах ёстой юм бэ?
Ухамсрын доройтолтой этгээд байна гэж л харах юм байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж юун төлөө байгаа билээ албадан биелүүлэх ёстой. Ингээд “шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн” гэдэг зүйл ангиар шийтгэнэ. Дээр хэлсэн эхнэр/нөхөртэйгээ зохицож болно. Мөн хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй болсон үед эхнэр/нөхрүүд нь салсан тохиолдолд асаргаа сувилгааны зардлыг нэмж нэхэмжилж болдог. Гэхдээ манайхан сална гэхээр л нэгнийгээ шууд мөнгө болгож хардаг. Гэтэл орлого багатай, ажилгүй аав байж болно. Гэсэн мөртлөө хүүхдээ маш сайн халамжилдаг, усанд оруулдаг, хамт явж тоглодог бол аавын үүргээ маш сайн биелүүлж байгаа хэрэг юм шүү. Хүүхэд бол мөнгө авснаас аавтайгаа хамт тоглох нь илүү дээр санагдана.
"Гэр бүлийн тухай хуульд байх ёстой” гэж боддог заалт байгаа юу?
Гэр бүлийн тухай хуульд гэр бүл цуцлагдаж байгаа тохиолдолд хүүхдийнхээ эрхийг яаж хамгаалах вэ гэдгийг хоёр талд үүрэг болгосон заалтуудыг оруулж өгмөөр санагддаг. Хугацаа зааж “14 хоног ээж/аавдаа байна. Нөгөө талд хариуцлагатайгаар хүргэж өгнө” гэдгийг заах ёстой байх. Тэгэхгүй бол “аав руугаа яв” гээд Налайхаас Улаанбаатар руу явуулчихаж болохгүй.  Хүүхдийн эрхийн байгууллагууд “ингэвэл хүүхэд дунд нь завсардана, хэцүү төвөгтэй” гэдэг. Ингэж хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэхэд нь саад учруулж болохгүй л дээ. Эрэгтэй хүүхэд жишээ нь аавтайгаа уулзсаар том боллоо гэхэд эр хүн болж төлөвшихөд нь аавын нөлөө маш их байдаг. Эмэгтэй хүүхдийн хувьд “намайг хамгаалах аав минь байгаа” гэсэн мэдрэмж байнга байж, ирээдүйн нөхрөө сонгоход нь ч нөлөөлдөг. Аавынхаа дэргэд өссөн хүүхэд өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг. Ээжтэйгээ өссөн хүүхэд уян зөөлөн талдаа болно гэх мэт.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид өмгөөлөгчгүй, харин яллагдагч улсаас "ҮНЭГҮЙ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ" 

Гэхдээ шүүхээс гэр бүл салсан ч ээж/аавтай нь чөлөөтэй уулзуулах ёстой гэдэг шийдвэр гардаг уу?
Гардаг. Би өөрийнхөө өмгөөллийн үгэнд ч байнга хэлдэг.
Тэгж шийдвэр гарсаар байтал уулзуулдаггүй хүмүүс байдаг гэж үү?
Тийм. Энэ бол хүүхдээ огт боддоггүй хүмүүсийн хийж байгаа хүүхдийн эрхийн маш бүдүүлэг зөрчил юм.
Хүүхдийн эрхийн зөрчил өөр ямар үед гарч байна вэ?
Миний маш их гайхдаг нэг зүйл бий. Хүүхэд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд өмгөөлөл хийе гэхээр ихэнхдээ гэр бүл нь төлбөрийн чадваргүй байдаг. Тэгээд хууль зүйн төвүүдэд хандахаар “манайх хохирогчийг өмгөөлөгчөөр хангадаггүй, зөвхөн хэргийн холбогдогч нарт туслалцаа үзүүлдэг” гэх. Хууль зүйн төвүүд нь хуулиараа шүүгдэгч, яллагдагчид өмгөөлөл үзүүлдэг. Хэрэг хийсэн хүнд нь үнэ төлбөргүй өмгөөлөгч улсаас өгдөг, хохирогчид нь тийм өмгөөлөгч байхгүй. Энийг би хүүхдийн эрхийн том зөрчил гэж боддог.
Хохирогч нь хүүхэд байсан ч уу?
Тийм. Над дээр одоогийн байдлаар гурван хүчингийн гэмт хэргийн хохирогч нар байна. Нэгийг нь гэхэд тэтгэврийн эмээ нь хөтлөөд ирдэг. Тэтгэврийн эмээгээс юуг нь авах билээ. Гэтэл би үргэлж төлбөргүй ажиллаад байх боломжгүй. Ийм хэрэг рүү манай залуу өмгөөлөгчид орж ирэхгүй байна уу даа гэж боддог. Нөгөө талаар улсаас “өмгөөлөгчийн зардал” гээд өгчихвөл бид бас ажиллахад дөхөмтэй.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны охидын хувьд эрх нь нэмж зөрчигдөж байгаа тохиолдол хэр байна?
Хохирогч болсон охид нэр төрөөрөө давхар хохирдог. Хэрэгтний талынхан сургууль дээр нь очоод нэр төрд нь халддаг. Гэтэл тэр охинд ямар хэцүү байх вэ. Сургуулийн зарим багш нар хоорондоо хов жив болгож энэ асуудлыг ярьдаг. Тэгээд тэр яриа нь ямар нэгэн байдлаар хүүхдүүдийн чихэнд хүрнэ. Энэ асуудалд сургуулийн багш нар, нийгмийн ажилтнууд өндөр ёс зүйтэй ажиллах ёстой гэж боддог. Энэ байдлаас болж хүүхдүүд сургууль завсардана, амиа хорлоно гэх мэт сөрөг хандлага гардаг. Хүчингийн хэргийн хохирогчийн сэтгэл зүрхэнд үүссэн шарх маш удаан аньж, насан туршид нь үлддэг. Тиймээс хүүхдийн сэтгэлийн шархыг хөндөхгүй байх, мартагнуулах, өөр зүйлд сатааруулах, хайрлаж халамжлах ажлыг хийж байх учиртай юм.
Та байцаалтад хамт ордог байх. Хүчингийн хэргийн хохирогч хүүхдүүд хэргийн талаарх мэдүүлэг өгөх тусгай өрөө бий юу?
Гэмт хэргийн хохирогч хүүхдүүдээс мэдүүлэг авах тусгай өрөө байх ёстой.
Байдаггүй гэсэн үг үү?
Ихэнх газар байхгүй. Манайхан санхүү, зардал гэж л ярьдаг. Энд санхүү зардал гэхээсээ сэтгэл дутаж байна уу даа гэж боддог. Нэг жижигхэн өрөө  гаргаад, тэндээ камер зоочих. Камер нь аль аль талыг хамгаалдаг зүйл. Гэтэл нэг өрөөнд баахан томчууд суучихсан энд нэг нь хулгай яриад, тэнд нөгөө хүүхэд хүчиндүүлсэн талаараа ярина гэдэг маш хэцүү. Хүүхдэд бүү хэл насанд хүрсэн хүнд ч хэцүү биз дээ. Хүүхдэд тавих асуултаа ч байцаагч нар маань бодох ёстой.
Бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд баярлалаа.

Сурталчилгаа байрлуулах »
Маркетинг, сурталчилгааны алба: 99081774, 75553131
sales@mongolcontent.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 18-1, Марс төв

© 2007-2018 Монгол Контент ХХК