Чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэвэл зохих 14 ХҮНС

С.Заяа GoGo.mn

2018-10-11 08:40 GMT+8

Олон Улсын Чихрийн шижингийн холбооноос гаргасан судалгаагаар 2017 оны байдлаар 20-79 насны 425 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байгаа ба 2045 он гэхэд энэ тоо 629 саяд хүрэх төлөвтэй байгаа аж. 

Орчин үеийн амьдралын хэв маяг, хотжилттой холбоотой буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэргээс үүссэн хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа билээ. Амьдралын зөв хэвшил, зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний ачаар хамгийн гол нь цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж, хэвийн хэмжээнд нь байлгаснаар чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх бүрэн боломжтой. 

Иймээс та бүхэндээ чихрийн шижин өвчний үед хэрэглэхэд тохиромжтой хоол хүнсийг танилцуулж байна.

1.  ДАЛАЙН ЗАГАС

Далайн загас нь хүний эрүүл мэндэд хамгийн тустай хүнсний нэг юм. Яргай, сардин, май, хар хайган загас, хар амар зэрэг загаснууд нь омега-3 буюу ашигтай тосны хүчлүүд агуулдаг. Чихрийн шижинтэй хүмүүс зүрх судасны эмгэгт өртөх, цус харвах эрсдэл өндөр байдаг учраас хоол хүнснээсээ омега-3  хангалттай хэмжээгээр авах нь чухал юм. Омега-3-т агуулагдах DHA, EPA ханаагүй тосны хүчлүүд нь судасны ханыг хамгаалж, үрэвслийг намдааж, судасны үйл ажиллагааг дэмждэг юм. Түүнчлэн загас цатгалан байгаа мэдрэмжийг удаан хугацаагаар төрүүлэх ба хоол боловсруулах үйл ажиллагааг хурдасгадаг байна.


2. НАВЧИТ НОГОО

Навчит ногоонууд нь хүний биед тустай амин дэм, эрдэс бодисоор баялгаас гадна илчлэг багатай байдаг. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг нүүрс ус маш бага агуулдаг. Бууцай, буржгар байцаа зэрэг навчит ногоонууд нь үрэвслийг намдаах үйлчилгээ бүхий С амин дэмээр баялаг юм. Мөн лютеин, зиаксантин зэрэг антиоксидант агуулдаг нь нүдийг хамгаалах үйлчилгээтэй ба чихрийн шижингийн хүндрэл болох нүдний макулопати, катаракт зэрэг эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл навчит ногоо нь таны зүрх судас болон нүдийг хамгаалах амин дэм, эрдэс бодисоор баялаг юм. 


3. СИННАМОН буюу ШАНЦАЙ

Шанцай нь антиоксидантаар баялаг амтлагч юм. Мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулж, инсулинд мэдрэг чанарыг сайжруулах үйлчилгээтэй болохыг хэд хэдэн судалгаагаар нотолжээ. Түүнчлэн цусан дахь муу холестерол болон триглицеридын хэмжээг бууруулдаг аж. Гэхдээ чихрийн шижинтэй хүмүүс шанцайг болгоомжтой хэрэглэх шаардлагатай ба өдөрт 1 цайны халбагаас хэтрүүлэхгүй байхыг анхаараарай.


4. ӨНДӨГ

Өндөг нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай бүтээгдэхүүн юм. Өндгийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлдэг болохыг тогтоосон билээ. Өндөг нь үрэвслийг намдааж, инсулинд мэдрэг чанарыг сайжруулж, цусан дахь сайн холестеролыг нэмэгдүүлж, муу холестеролыг бууруулдаг ид шидтэй хүнс юм. 

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс өдөрт тогтмол 2 ширхэг өндөг идсэнээр цусан дахь сахар болон холестеролын түвшин нь буурсан үзүүлэлттэй гарчээ. 

Өндгөнд агуулагдах лютеин, зиаксантин зэрэг антиоксидантууд нь нүдийг хамгаалж, чихрийн шижингийн хүндрэл бүхий нүдний эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хамгийн гол нь өндгөө цагаан шараар нь ялгалгүй идэх хэрэгтэй ба хүний эрүүл мэндэд тустай амин дэм, эрдэс бодис нь өндөгний цагаанд бус шард нь илүү ихээр  агуулагддаг аж. 


5. ЧИА ҮР

Чиа үр нь чихрийн шижинтэй хүмүүст хамгийн тустай хүнс юм. Дотроо ислэг ихээр агуулах ба цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг нүүрс ус маш бага агуулдаг. 

Чиа үрд байх наалдамхай ислэг нь хоол хүнс гэдсээр дамжин шингэх үйл явцыг удаашруулсанаараа цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг аж. Жингээ хасах, хэвийн жиндээ хүрэх гэсэн хүмүүс чиа үрийг хоол хүнсэндээ хэрэглэснээр өлсөх мэдрэмж нь буурч, чиа үр нь хоол хүнсний илчлэгийг багасгах ид шидтэй гэнэ. Түүнээс гадна чиа үр нь цусны даралтыг бууруулж, үрэвслийг намдаах үйлчилгээтэй юм. 


6. ТУРМЕРИК

Турмерик нь эрүүл мэндийн олон талын ач тустай амтлагч юм. Үүний найрлаган дахь куркумин нь үрэвслийг намдаах, цусан дахь сахарын хэмжээг бууруулах, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач тустай аж. Чихрийн шижин нь бөөрний эмгэг үүсэх хамгийн том шалтгаануудын нэг юм. Тэгвэл турмерикт агуулагдах куркумин нь бөөрийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.

Куркумин нь биед дангаараа шингэдэггүй болохыг анхаарах хэрэгтэй. Харин  турмерикийг хар перецтэй хамт хэрэглэснээр шингэц нь 2000 хувиар нэмэгддэг байна.


7. ТАРАГ

Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд сүү сүүн бүтээгдэхүүнүүдээс хамгийн тустай нь тараг юм. Ямар ч чихэр, амт оруулаагүй цэвэр тараг дотор агуулагдах пробиотик нь  цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд барих ба зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг аж. 

Тараг болон сүү сүүн бүтээгдэхүүнд  агуулагдах кальци болон линолийн хүчил нь хоолны дуршлыг бууруулж, жингээ эрүүлээр хасахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.


8. САМАР

Самар нь амттайгаас гадна амин дэм, эрдэс бодисоор баялаг хүнс юм. Самар ислэгээр баялаг ба нүүрс ус бага агуулдаг. Төрөл бүрийн самар дээр хийсэн судалгаагаар самрыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь үрэвслийг намдааж, цусан дахь сахарын хэмжээг бууруулах ач холбогдолтойг нотолсон байна. 

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар чихрийн шижинтэй хүмүүс жилийн турш  өдөрт 30 гр хушга идсэнээр жингээ эрүүлээр хасч чаджээ


9. БРОККОЛИ буюу ЦЭЦЭГТ БАЙЦАА

Брокколи нь амин дэм, эрдэс бодисоор баялаг ногоо юм. Үүнд эрүүл мэндэд тустай С амин дэм, магни зэрэг эрдэс бодис ихээр агуулагдахаас гадна лютеин, зиаксантин зэрэг антиоксидантууд агуулагддаг. Илчлэг, нүүрс ус багатай тус ногоо олон төрлийн өвчин эмгэгт өртөхөөс сэргийлж чадах ид шидтэй юм. 


10. ОЛИВИЙН ТОС

Оливийн тос нь эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний нэг юм. Түүнд агуулагдах ханаагүй тосны хүчил буюу олеины хүчил  нь цусан дахь триглицерид болон сайн холестерины түвшинг сайжруулдаг онцлогтой. Оливийн тосонд агуулагдах полифенол антиоксидант нь үрэвслийг намдааж, судасны ханыг бэхжүүлж, цусны даралтыг бууруулах үйлчилгээ үзүүлдэг аж. 


11. МААЛИНГИЙН ҮР

Маалингийн үрэнд агуулагдах ислэг нь зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг бууруулж, цусан дахь сахарыг хэвийн түвшинд  барьдаг байна. Түүнчлэн цус харвах эрсдлээс урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний эрүүл мэнд, инсулинд мэдрэг чанарыг сайжруулж, цатгалан байгаа мэдрэмжийг төрүүлдэг аж. Хүний бие маалингийн үрийг бүхлээр нь шингээх чадваргүй учир хоол хүнсэндээ хэрэглэхдээ  нунтаглаж хэрэглэхийг зөвлөдөг. Түүнчлэн маалингийн үрээ хуршихаас сэргийлж хөргөгчинд битүү саванд хийж  хадгалж заншаарай. 


12. ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Гүзээлзгэнэ бол амин дэм, эрдэс бодисоор хамгийн баялаг жимснүүдийн нэг юм. Гүзээлзгэнэ нь антоцианин антиоксидантаар баялаг ба энэхүү антиоксидант нь жимсийг улаан өнгөтэй болгодог аж. Антоцианин нь цусан дахь муу холестерол, хоол идсэний дараа нойр булчирханаас ялгарах инсулины хэмжээг тус тус бууруулдаг байна. Түүнчлэн цусан дахь сахарын түвшинг хэвийн хэмжээнд барьж, зүрх судасны эмгэгт өртөх эрсдлийг бууруулдаг. Нэг аяга гүзээлзгэнэ нь хүний өдөрт авах ёстой C амин дэмийг бүхлээр нь хангаж чаддаг гэнэ. 


13. САРМИС

Сармис нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн бие дэх үрэвслийг намдааж, цусан дахь сахар болон муу холестеролын хэмжээг бууруулж, цус бүлэгнэх, цусанд бүлэн үүсэхээс сэргийлдэг болох нь олон тооны судалгаагаар батлагдсан.  Сармисыг хоол хүнсэндээ хэрэглэх нь цусны даралтыг бууруулах ач холбогдолтой. 


14. УЛААН ДАРС

Эрдэмтдийн хийсэн судалгаагаар улаан дарсыг зөв зохистой хэмжээгээр буюу өдөрт нэг хундагыг уух нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Тус судалгаанд чихрийн шижинтэй 200 гаруй хүн оролцсон ба нэг хэсэг нь оройн хоолон дээрээ хундага улаан дарс ууж, нөгөө хэсэг нь цагаан дарс, бас нэг хэсэг нь цэвэр ус уужээ. Хоёр жилийн дараа оройн хоолтойгоо улаан дарс уусан хүмүүсийн цусан дахь сайн холестеролын түвшин нь нэмэгдэж, муу холестеролын түвшин нь буурсан байжээ. Улаан дарсыг зохистой хэмжээгээр, зөв хооллолтой хослуулах нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Улаан дарс нь эрүүл мэндэд олон талын ашигтай  антиоксидант, полифенолоор баялаг юм. Энэхүү ашиг тустай бүтээгдэхүүнийг хэрэглэх гэж буй чихрийн шижинтэй хүмүүст зөвлөхөд улаан дарсыг зохистой хэмжээгээр хэрэглэх нь чухал ба хэрэглэхийн өмнө заавал цусан дахь сахараа хэмжиж заншаарай. Учир нь улаан дарс цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээтэй аж.

Эх сурвалж: www.healthline.com


Сайн чанарын дарснуудыг та "World wine"-ий салбар дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

"World wine" салбар дэлгүүрүүдийн хаяг:


GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4034 санал өгсөн байна.

Дээшээ