Эдийн засаг найман хувиар өснө гэдэгт итгэлтэй байна

"Засгийн газрын мэдээ" сонин

2018-10-11 12:00 GMT+8

ХАМГИЙН ГОЛ НЬ ОРЛОГЫН ТООЦООЛОЛ БОЛГООМЖТОЙ БАС ӨӨДРӨГ БАЙХ ЁСТОЙ

Засгийн газрын өргөн барьсан 2019 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ хийсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнөхөн Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг танилцуулсан. Гэхдээ Сангийн яамны танилцуулсан төсөөлөлд найман хувь байхаар тусгасан нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ талаар яриагаа эхэлье?
-Олон улсын банк, санхүүгийн байгууллага манай эдийн засгийн төсөөллийг хамгийн эрсдэл багатайгаар хийдэг. Өмнө нь ч бага хэмжээнд тооцож байсан. 2018 оны төсөөллийг бид дөрвөн хувь байхаар тооцож байхад Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк гурав орчим хувь байхаар тооцсон.

Гэтэл 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувийн өсөлттэй гарсан төдийгүй бид оны төгсгөлөөр найман хувьд хүрнэ гэж үзэж байна. Энэ байгууллагууд мэдээж болгоомжтой үзсэн байх. Харин бид Засгийн газрын тооцоондоо итгэлтэй байгаа. 

-Тэнцвэржүүлсэн орлогын төсөөллийг 9.6 их наяд буюу 2018 оны түвшинтэй харьцуулахад 2.4 их наядаар нэмэгдүүлэн тусгажээ. Уул уурхайн салбарын өсөлт үргэлжлэх болон татвар, гаалийн шинэчлэл хийснээр орлого нэмэгдэнэ гэж тооцоолсон байна. Аль нь илүү их нөлөөтэй байх бол. Мөн ингэж тооцоолсны шалтгаан нь юу вэ?
-Ашигт малтмалаас орох орлогыг 1.2 их наяд орчим байхаар тооцоолсон. Эдийн засгийн 3.8 хувийн өсөлтийн үр дүнд орлогыг 690 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Мөн импортын өсөлт сайн байгаа тул 500 гаруй тэрбум төгрөг олохоор тусгасан.

Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс татварын багц хууль хэрэгжих тул үүнээс 110 тэрбум төгрөг нэмж орно гэж үзсэн. Харин гаалийн шинэчлэлийн хүрээнд зургаан боомтын нэвтрэх чадвар, хяналтыг сайжруулж, гарч байгаа баялгаа бүрэн тооцдог болох тул орлого ч нэмэгдэнэ.

Бүтээн байгуулалтын зардлууд гадаадын зээлд тулгуурлана

-Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэхээр тусгажээ. Хяналт сайжруулах болон боомтууд дээр ямар тооцоолол гаргасан бэ?
-2018 оны эхний дөрвөн сард улс төрийн асуудлаас шалтгаалан нүүрс нэлээд муу үзүүлэлттэй байлаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэслсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын дараа экспортын хэмжээ эрс нэмэгдсэн.

Одоо хоногт 1400 орчим машин гарч байгаа хандлагыг хадгалахын зэрэгцээ гаалийн хяналтын шинэчлэлийн ачаар 42 сая тоннд хүргэх боломжтой.

-Том төслүүдэд буюу Тавантолгой төсөлд IPO хийхээр ярьж байгаа. Мөн дэд бүтэц болон төмөр замын хэд хэдэн чиглэлийг баталсан. Эдгээрийн хэрэгжилт ирэх оны төсөвт ямар байдлаар туссан бэ?
-Төслүүдээ хөдөлгөж эхэлнэ гэж тооцоолсон. Мэдээж бүх зүйл жигдрэх хугацааг харгалзсан учир эдийн засгийн өсөлтийг 8-10 хувь дотор тооцсон. Хэтэрхий өөдрөгөөр явж болохгүй тул найман хувийн тооцоо гаргасан ба зарим нь 10 хувь байхаар гарч байгаа. Хамгийн гол нь орлогын тооцоолол болгоомжтой бас өөдрөг байх ёстой. Засгийн газар сайн ажиллавал өсөлт бий болж, төсвийн орлого бүрдэнэ.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татаас шилжүүлэг ангиллын төсөөллүүдийг өсгөсөн байна. Үүнийг тодруулахгүй юу?
-2019 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 720 гаруй тэрбум төгрөг суулгасан. Мөн 1.3 их наядын хөрөнгө оруулалтын зарлагын голлох хэсэг нь сургууль цэцэрлэгүүд болон эмнэлгийн хөрөнгө оруулалт хийх, утааг бууруулах бодлогод тулгуурласан.

Үүнээс гадна гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах болон усан хангамжийг сайжруулах, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг БНХАУ-аас авах 300 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлнэ. 

Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд цэвэр усны асуудлыг сайжруулахаар олгож буй 350 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хүрээнд бүтээн байгуулалтууд хийнэ. Мөн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг том ажлууд бий.

Бас газрын тосны үйлдвэр барих зардал болон Налайх, Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоход зарцуулах зэрэг бүтээн байгуулалтын зардлууд гадаадын зээлд тулгуурлаж байна. 

Түүнчлэн шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах зэрэг олон зардал зээлийн хөрөнгөд суулгаснаас гадна сургууль цэцэрлэг, эмнэлгүүд барих хөрөнгө оруулалтыг зохицууллаа. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтыг ч нэлээд нэмсэн.

• Хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ажлыг олон жил дамнуулах бус санхүүжилтийг нь хийж, нэг, хоёр жилийн дотор ажлаа дуусгах бодлогыг ирэх жилээс эхлэн баримталж байна.
• Төсвийн хөрөнгө оруулалтыг тодорхой салбарт, тодорхой асуудал руу чиглүүлэх нь үр дүнтэй байдаг.
• Гаднаас хөрөнгө оруулалт татах бүх боломжийг олгох зохицуулалт татварын хуулийн төсөлд бий.

-Төсвийн хөрөнгө оруулалтад 1.3 их наядыг төсөвлөсөн гэж дурдлаа. Энэ нь дотоодын бизнесийн орчныг дэмжих хөрөнгө оруулалт шүү дээ. Үүний зарцуулалтын хяналт ямар байх вэ. Мөн энэ намрын чуулганаар тендерийн хуулийг хэлэлцэх гэж байгаа. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?
-Тендерийн маргаан нэлээд гарч, хуулийн дагуу шийдэгддэг асуудал бий. Сангийн яам судалж үзээд энэ хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Хууль батлагдвал тендерийн маргаан нэлээд цэгцэрнэ. Хөрөнгө оруулалт хийгээд эхлүүлсэн ажлыг олон жил дамнуулах бус нэг, хоёр жилийн дотор санхүүжилтийг нь хийж, ажлаа дуусгах бодлогыг энэ жилийн төсвөөс баримталж байна.

Төсвийн хөрөнгө оруулалтыг тодорхой салбарт, тодорхой асуудал руу чиглүүлэх нь нэлээд үр дүнтэй байдаг. Тухайлбал, энэ жил гурван ээлжээр хүүхдүүд хичээллэдэг, азын сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг шийдэхийн тулд хөрөнгө оруулалт хийж байна. Харин арга замын хувьд тендер зарлана. Түүнээс гадна энэ жил концесс байхгүй. Тэр тусмаа цаашид барьж, шилжүүлдэг концессоос татгалзаж байна. Харин барьж, ашиглах, шилжүүлэх концесс үргэлжилнэ.

-Ирээдүйн өв санд энэ онд 500 гаруй тэрбум төгрөг хуримтлуулахаар төсөвт төлөвлөсөн байна. Үүнд хуримтлах активыг ямар үр ашигтай байдлаар байршуулах вэ?
-Энэ мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ онд 500 тэрбум төгрөг, дараа жил нь нэг их наяд гэх байдлаар 2030 он хүртэл цуглуулж авчихаад түүнийгээ эргэлдүүлнэ.

Гэхдээ эхний 500 тэрбум төгрөгийг эргэлдүүлж хуримтлал бий болгоно.

Энэ төрлийн олон улсын сангууд яаж ажилладаг, тэр жишгээр явна гэсэн үг. 2030 оноос цааш энэ мөнгийг эргэлдүүлж, олсон мөнгөө зарцуулж эхлэх логиктой хууль юм.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг ипотекийн хөтөлбөртэй уялдуулах бодлого хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?
-Ирээдүйн өв санг 2030 оноос ашиглана. Өнөөдөртөө Хүний хөгжил сангийн нэг их наядын өрөө 2019 онд төлж барагдуулна. Харин ирээдүйд баялгийн сангийн жишгээр явна. Сингапурын Тимасек, Норвегийн баялгийн санг сайн судалж байгаа.

-Гадаад зах зээлээс хувийн хэвшил хөрөнгө оруулалт татах ямар боломжийг олгох вэ. Тухайлбал, Хаан банк 120 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг бий болгож чадлаа. Гэвч татварын зардлыг хөрөнгө оруулалт авах тал нь хариуцдаг. Тухайлбал, энэ татварын зардал дээр ямар хөнгөлөлт байгаа бол?
-Одоогоор гаднаас хөрөнгө оруулалт татахад 10 хувийн татвар авдаг. Үүнийг Сангийн яам тэглэе гэдэг байр суурийг нэлээд хөндсөн. Гэхдээ энэ нь татварын орлогыг хэт бууруулахаар хуулийн төсөлд тусгалаа.

Татварын шинэ багц хуульд энэ талаар тусгасан. Гаднаас хөрөнгө оруулалт татах бүх боломжийг олгох зохицуулалт татварын хуулийн төсөлд бий. Хаан банктай адилаар Хөгжлийн банк энэ чиглэлд ажиллаж байгаа.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1673 санал өгсөн байна.

Дээшээ