“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

сэтгүүлч А.Дэлгэрмаа

2018-10-11 11:30 GMT+8

Монголын Хүүхдийн ордны 60 жилийн ойг угтан хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2018.10.10/ амжилттай болж өнгөрлөө.

Үндсэн болон салбар хуралдаануудаас бүрдсэн тус арга хэмжээ нь хүүхэд хөгжил, хамгааллын асуудлуудыг урьд өмнө байгаагүй өргөн хүрээнд хөндсөн, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн сүүлийн үеийн судалгааны ажилд тулгуурласан илтгэлүүдийг хэлэлцсэнээрээ онцлог.

Үндсэн хуралдаанд манай улсын төр захиргааны багууллагуудын төлөөлөл, судлаач мэргэжилтнүүдээс гадна Тайланд Улсын Боловсролын яам, “Кристиан Нобелийн Сан”-гийн төлөөлөл биечлэн оролцов.

Тайландад багш сурагчид бэлэн гэж үзсэн үедээ шалгалт өгдөг

Тайланд  Улсын Боловсролын яамны төрийн захиргааны хэлтэс, Төрийн байгууллагын хөгжлийн комиссын газрын мэргэжилтэн, доктор Оратай Мулким улсынхаа туршлагаас хуваалцлаа.

Тайландад өрхийн орлогын зөрүүтэй байдал хүүхдийн сурч боловсрох боломжид шууд хамааралтай байдаг тул тэрхүү саад бэрхшээлийг алслагдсан суурингийн орлого багатай өрхийн хүүхдүүдэд хөнгөвчилж өгөх зорилго тавьжээ. Үүний тулд дүүрэг бүрт нэг сургууль оногдохоор тооцож, хүүхдийг сургууль руу тэмүүлэх бус, сургууль өөрөө хүүхдийн дэргэд хүрэх ёстой гэдэг бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ. Энэхүү бодлогыг лаборатори сургуулиуд байгуулах төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд үүнийг хувийн хэвшил, тухайлбал эрчим хүчний компани дэмжиж ажиллажээ. Ингэснээр сургуулийн орчныг ая тухтай, цэвэр тохилог болгоход маш их дэм болсон байна. Зөвхөн сургууль бариад зогсохгүй тэрхүү сургуульд хүүхэд тааваараа суралцах, багш сурагчид хэзээ бэлэн болсон гэж үзнэ, тэр цагт нь шалгалт авдаг байх систем нэвтрүүлсэн зэрэг нь хүүхдийг арга заль хэрэглэх дадлаас салгаж чадаж буй талаар тайланд мэргэжилтэн дурьдсан юм.

Томес Минтер: Бид өөрсдөө хийчих амархан ч энэ үед хүүхэд чинь юу сурах вэ?

“Кристиан Нобелийн Сан”-гийн Монгол дахь үйл ажиллагааны захирал Томес Минтер хүүхэд хүмүүжлийн энгийн боловч хамгийн чухал аргазүйг тайлбарласан юм. Тэрээр эцэг эхчүүдийг хүүхдийнхээ хийж чадах зүйлийг хэзээ ч битгий өмнүүр нь орж хийж байгаарай хэмээн захив. Учир нь ихэнх эцэг эх сэргийлэх нэрээр хэтэрхий их халамжилдаг гэнэ. Энэ нь нэг талаас аюулгүй байдлыг нь хангаж өгч байгаа хэдий ч хүүхдийг амьдралд бэлдэхийн эсрэг үйлдэл ажээ. “Хүүхдээ ямар нэг зүйлийг даван туулах үйл явцыг нь ажиглах хэрэгтэй. Үнэхээр тусламж хэрэгтэй л биш бол оролцох хэрэггүй. Бид өөрсдөө бүхнийг хийчих нь хамгийн амархан, хурдан арга. Гэвч энэ үед хүүхэд чинь юу сурах вэ?” гэдгийг Томес Минтер дахин дахин сануулж байлаа.

Энэ байдал давтагдсаар байвал амьдрал дээр тухайн хүүхэд хэн нэгэн үүнийг хийх ёстой гэсэн ойлголттой нэгэн болж өсдөг гэнэ. Тэр хэзээ ч өөртөө хариуцлага үүрүүлэх санаачлагагүй хүн болдог төдийгүй бэрхшээлийг даван туулах ямар ч чадваргүй нэгэн болдог байна.

Монголын Хүүхдийн ордны захирал, докторант Б.Цэнгэлмаа: Монгол хүүхэд бүүвэйн дуунаас эхлээд урлагаар хүмүүждэг уламжлалтай

Монголын Хүүхдийн ордны захирал, докторант Б.Цэнгэлмаа үндсэн хуралдаанд “Урлагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлийнхээ эхэнд тэрээр монголчууд эрт дээр үеэс хүүхдээ төрсөн цагаас нь бүүвэйн дуугаар уяраан урлагаар хүмүүжүүлж эхэлдэг байсныг дурьдлаа.

Түүний илтгэлд 5-18 насны 332 хүүхдийг хамруулан Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран хийсэн судалгаагаар Монголын Хүүхдийн ордны сургалтуудад хамрагдсан хүүхдийн хөгжлийн онцлогийг нарийвчлан тодорхойлжээ.

Судалгааны үр дүнд Монголын Хүүхдийн ордонд суралцагч хүүхдүүд зан төлвийн хувьд хамтач, хамтын шийдвэр гаргалт сайн, сэтгэл хөдлөлийн хувьд мэдрэмтгий, урлаг болон хийсвэр, өвөрмөц содон зүйлсэд илүү татагддаг, сэтгэн бодох хурд сайтай, ачаалал даах чадвар өндөр байгаа нь ажиглагдсан байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1904 санал өгсөн байна.

Дээшээ