Аав зоддог гэсээр байтал шүүхээс аавтай нь амьдруулахаар шийджээ

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2018-10-12 13:59 GMT+8

Гэр бүлийн хэрэг маргааныг шүүх шийдвэрлэхдээ хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа эсэхийг судалжээ.

“Отгонтэнгэр” их сургуулийн багш, хуульч Д.Эрдэнэчимэг, Хууль зүйн ухааны доктор М.Сувд, багш М.Ариунаа, О.Очирбал нар энэ судалгааг хийсэн байна. Тэд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзан, судалгааны үр дүнгээ хуваалцсан юм. Судлаачид 2013-2017 онд нийт 85 хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснийг судалжээ. 

Манай улсад гэр бүлийн боловсролыг ахлах ангийн хүүхдүүд болон оюутнуудад системтэй олгодоггүй, зарим залуус гэр бүл болох асуудалд нухацтай ханддаггүй зэргээс үүдэн гэр бүл салалт буурахгүй байна. Гэр бүлээ цуцлуулах нь хоёрхон хүний асуудал биш юм. Ээж аавын хэн нэгний хүсэлтээр гэр бүлийг цуцлахдаа хүүхдийн эрх, ашиг сонирхлыг маш сайн хангах ёстойг дээрх хуульчид онцлов.

“Би нөхөртөө их уурлан, түүнээс өшөө авах гэж өргөдөл өгсөн. Түүнээс салъя гэж бодоогүй” хэмээн гэр бүлээ сэргээлгэх өргөдлөө өгчээ. Энэ нь иргэдийн гэр бүлийн боловсрол сул байгаагийн илрэл юм.           

Гэвч шүүхийн практикт хүүхдийн эрхийг хангахгүй байх тохиолдол байсаар байна. Сүүлийн үед хүүхдийн тэтгэмжийг зориулалтын дагуу ашиглана гэдгийг шүүхийн шийдвэрт тусгах болжээ. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах нэг алхам юм. Учир нь хүүхдийн тэтгэмж болон хуваарилагдсан хөрөнгө (газар, байр) зэргийг ээж/аав нь хүүхэд 18 нас хүрэхээс өмнө худалдчихдаг аж. Энэ нөхцөлд хүүхэд өөрийн хөрөнгийг хэрхэн эргүүлж авахыг хуульд тодорхойгүй заагаагүй байна. Мөн хоёроос олон хүүхэдтэй байхад хүүхэд тус бүрт биш, хүүхдүүдийн дунд тэтгэмж тогтоосон шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ нь мөн л хүүхдийн эрхийн ноцтой зөрчил юм.

Долоон нас хүрсэн хүүхдийн ээж аав гэр бүлээ цуцлуулах болбол хүүхдийн саналыг харгалзан, аав ээжийнхээ хэнтэй нь цаашид амьдрахыг ЗААВАЛ асуудаг. Ингэхдээ хүүхдийн дэргэд өмгөөлөгч, сэтгэл зүйч байх ёстой. Эдгээр хүмүүс хүүхдэд шаардлагатай үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй. Гэвч зарим шүүхийн байранд уулзалтын өрөө байдаггүй, ээж аавууд өмгөөлөгч, сэтгэл зүйч авчирдаггүйгээс хүүхдээ сэтгэл зүйн дарамтад оруулах ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ. Учир нь ээж аавынхаа хэн нэгнийг сонгох нь хүүхэд маш хүнд шийдвэр юм. Энэ шийдвэрийн талаар хүүхдэд зөв ойлгуулан, бусдын нөлөөнд авталгүй, шийдвэрээ өөрөө гаргах боломжийг мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламжтайгаар хүүхдэд олгох ёстой.

ААВ ЗОДДОГ ГЭСЭЭР БАЙТАЛ ШҮҮХЭЭС ААВТАЙГАА ХАМТ АМЬДРАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖЭЭ

Судлаач М.АриунааТухайн гэр бүлд хүчирхийлэл байна гэдгийг нотолсон тохиолдолд шүүгчид нэхэмжлэл гаргагчийн шаардлагыг хүлээн авах хандлага байгаад судлаачид олзуурхаж байв.

Учир нь хүчирхийлэл үйлддэг нөхрөөсөө салах хүсэлтээ гаргасан бүсгүйн өргөдлийг хүлээн авалгүй, эвлэрүүлэн зуучлах нэг сарын хугацаа олгож, энэ үеэр бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

Харин одоо шүүгчид хүчирхийлэл үйлддэг эхнэр/нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулах хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг болжээ. Тэгсэн атлаа аав намайг зоддог гэж мэдүүлсэн хүүхдийг аавтайгаа хамт амьдрах ёстой гэж шийдэн, үндэслэлээ аав нь эдийн засгийн чадавхтай гэж тайлбарласан байсныг судлаачид шүүмжилсэн юм.

ГЭР БҮЛИЙН ХӨРӨНГИЙГ ХУВААХДАА ДАГАВАР ХҮҮХДИЙГ САНААТАЙ ОРХИГДУУЛДАГ

Гэр бүл цуцлахад тухайн гэр бүлийн дундын өмчийг тухайн гэр бүлийн гишүүн бүрд тэгш хуваарилдаг байна. Харин хуваарьт өмч буюу эхнэр/нөхрийн хэн нэгний өмчийг дундын өмчид хамруулахгүй. Ингэснээр хуваарьт өмчийг бүх гишүүдэд тэнцүү хуваарилахгүй байх боломжийг хуулиар олгожээ.

Өмч хуваарилах явцад дагавар хүүхдүүдийн эрхийг зөрчих үзэгдэл олон гардаг байна. Жишээ нь гэр бүлээ цуцлуулсан нөхөр эхнэрийнхээ дагавар хүүхдэд тэтгэмж олгохоос татгалзжээ. Уг нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар дагавар хүү охин ч тухайн гэр бүлийн гишүүн мөн тул өмчөөс хувь хүртэх эрхтэй. Мөн зарим ээжүүд хүүхдийн тэтгэмж тогтоолгохдоо дагавар хүүхдээ оруулах хүсэлгүй байдаг аж. Шүүх нэхэмжлэгчийн (өргөдөл гаргагчийн) шаардлагыг л хангах үүрэгтэй. Иймд ээж дагавар хүүхдэдээ тэтгэмж хүсээгүй бол шүүхээс нөхөрт нь тэтгэмж олгох үүргийг хүлээлгэх эрхгүй юм.

Тэтгэмжийг тухайн хүүхдийн наснаас хамааран амьжиргааны доод түвшинтэй уялдуулж тогтоодог. Гэвч сүүлийн үед энэ тэтгэмж хангалтгүй байгаа тул хүүхэд асрагчийн, хүүхдийнхээ сургалтын төлбөрийн зардлыг ч гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах нь олширчээ.     

ТАНЫ ЭХНЭР/НӨХӨР ЭРҮҮЛ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА УУ?  

Иргэн А гэр бүлээ цуцлуулах өргөдөлдөө гэрлэсэн хүн нь буюу иргэн Б сэтгэцийн өвчтэй тул эрхзүйн чадамжгүй гээд салах хүсэлтэй гэжээ. Тэрээр гэрлэхийн өмнө, гэрлээд эхний жилүүдэд ч иргэн Б-г сэтгэцийн өвчтэй гэдгийг огт мэдээгүй байна. 

Уг нь залуус гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө эрүүл мэндийн хуудас бөглөх үүрэгтэй. Гэтэл А, Б нар тэрхүү хуудсыг таньдаг эмчдээ өгөн, нэг цагийн дотор л бөглүүлжээ. Тэрхүү хуудаст сэтгэцийн эрүүл мэндийн хэсэг ч бий. Хэрэв гэрлэлтээ бүртгүүлэхдээ хариуцлагатай хандан, эрүүл мэндийн хуудсаа үнэн зөв бөглөсөн бол иргэн А иргэн Б-г сэтгэцийн эмчийн хяналтад байдгийг эрт мэдэх боломжтой байжээ. Гэтэл гэрлэлтээ бушуухан бүртгүүлэх гэж яаран, гарч болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор ТӨР эрүүл мэндийн хуудас бөглүүлдгийг ойлгоогүй байна.

Сонирхуулахад, шүүх иргэн А-гийн нэхэмжлэлийг хүлээн авсны сацуу иргэн Б төрөөс тэтгэмж авдаг тул хэдийгээр эрх зүйн чадамжгүй ч (сэтгэцийн архаг эсвэл хүнд өвчтэй) хүүхдэдээ тэтгэмж олгох үүрэгтэй гэж шийдвэрлэжээ.     

БУСАД ЗӨРЧЛҮҮД

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ орон нутгийн нэг шүүх өвөлжөөний газрыг гэр бүлээ цуцлуулсан иргэдэд өмчлүүлсэн зөрчил илэрчээ. Уг нь өвөлжөөний газрыг ямар ч иргэн өмчлөх эрхгүй, зөвхөн эзэмших эрхтэй гэж Газрын тухай хуульд заасан. Мөн эхнэр нь жирэмсэн, тухайн гэр бүл 1 хүртэл насны хүүхэдтэй эсвэл эхнэр/нөхрийн хэн нэг нь хүнд өвчтэй тохиолдолд гэр бүл цуцлах ёсгүй. Гэтэл шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн энэ заалтыг зөрчин, дээрх тодорхойлолтод хамаарах гэр бүлийг цуцалсан алдаа гаргасан байжээ.          

ХҮҮХЭД АСРАМЖЛАГЧАА ӨӨРЧЛӨХ ЭРХТЭЙ

Долоон нас хүрсэн хүүхэд өөрийн саналаар ээж, аавынхаа хэн нэгэнтэй амьдрах эрхтэйг дээр дурдсан. Тэгвэл энэ шийдвэрээ эргэж харах эрх хүүхдэд бий. Харин ээж аав нь шүүхийн шийдвэр нэгэнт гарчихсан, чи цаашид 18 хүртлээ надтай амьдарна гэж буруу ойлгуулдаг байна. Хэдийгээр хүүхэд 7 настайдаа ээжтэйгээ амьдрах санал гаргасан ч энэ саналаа өөрчлөх эрхтэй юм.    

ХҮҮХЭД БОЛОМЖИЙН ХЭРЭЭР ЭЦЭГ ЭХЭЭ МЭДЭХ ЭРХТЭЙ

Энэ нь НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцод багтсан, хүүхдийн үндсэн эрхийн нэг юм. Гэтэл гэр бүлээ цуцлуулсан зарим ээж хүүхдээ ааваар нь овоглохоос зайлсхийх, хүүхдээ аав/ээжтэй нь уулзуулахгүй байх нь түгээмэл гэнэ. Эдгээр нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг юм. Учир нь ээж аав хүүхдийнхээ өмнөөс дээрх шийдвэрийг гаргах эрхгүй аж. Гэвч шүүхийн шийдвэрт хүүхэд ээж аавтайгаа уулзах хугацааг тодорхой заадаггүйгээс (сард 4 удаа гэх мэтээр нарийвчлан заадаг) шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүндрэл үүсдэг байна.             

Гэр бүл цуцлахдаа захиргааны журмаар болон шүүхийн журмаар гэсэн хоёр аргаар цуцалдаг. Иргэн Г захиргааны журмаар буюу иргэний бүртгэл мэдээллийн ажилтанд гэр бүлээ цуцлуулах хүсэлтээ гаргажээ. Түүний хүсэлтийг хүлээн авч, гэр бүлийг нь цуцалсан байна.

Гэтэл Г “Би нөхөртөө их уурлан, түүнээс өшөө авах гэж өргөдөл өгсөн. Түүнээс салъя гэж бодоогүй” хэмээн гэр бүлээ сэргээлгэх өргөдлөө өгчээ. Энэ нь иргэдийн гэр бүлийн боловсрол сул байгаагийн илрэл юм.                    

Төгсгөлд нь хэлэхэд нийслэлд ээжүүд хүүхдэдээ тэтгэмж тогтоолгохоор шүүхэд хандах нь их байдаг бол орон нутагт хүүхдээ орхиод явсан ээж нарын хэд хэдэн хэргийг шүүхээс шийдвэрлэжээ. Мөн ээж аав нь архины хамааралтай тул эцэг эх байх эрхийг нь хасуулах хүсэлтэй эмээ нар шүүхэд ханддаг аж.                   

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1718 санал өгсөн байна.

Дээшээ