Монголын амьжиргааны луужинг их гүрнүүд залдаг

"Засгийн газрын мэдээ" сонин

2018-10-12 14:45 GMT+8

ОЙРХ ДОРНОДОД ӨРНӨЖ БУЙ ҮЙЛ ЯВДЛААС МОНГОЛЧУУДЫН АМЬЖИРГАА ШАЛТГААЛДАГ

Их гүрнүүд хийгээд хэт амбийцтай улс орнуудын геополитикийн бодлогод хэт мэдрэг түүхий эд монголчуудын өөдөлж дэвжих, уруудаж гундахын луужин болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Өдгөөгийн 3.1 сая гаруй монголчууд бид дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй үйл явдал, улс орны эрх баригчдын гаргаж буй улс төрийн шийдвэр нь бидний амьжиргаанд хэрхэн нөлөөлж буйн бодит гэрч болж байна.

Үйл явдлыг бүр нарийвчилж харъя. АНУ-ын Ойрх Дорнодод явуулж буй улс төр, стратегийн бодлогоос ОХУ-ын “Роснефт” компанийн манай улсад нийлүүлэх түлшний үнэ, цаашлаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хамаардаг. Бид энэ хувь заяатайгаа хэдийн эвлэрсэн. Ийм байдал чөлөөт зах зээлд шилжиж, түлшний хэрэгцээгээ өөрсдөө импортолдог болсон үеэс эхтэй.

Харин энэ хамаарлыг бууруулахын тулд Засгийн газрын үе үеийн удирдлага онцгой албан татвар, валютын ханшийг тогтвортой байлгах, импортлогчдод бага хүүтэй зээл олгох зэргээр янз бүрээр л үзсэн.

Энэ удаад харин түлшний үнийг тогтвортой байлгахад онцгой албан татварын тэнхээ нэгэнт хүрэхгүй тул үнийг бага багаар чөлөөлөхөөс аргагүй боллоо.

Хэрэв цаашид түлшний үнийг аажмаар чөлөөлбөл монголчуудын түлшний хангамж газрын тосны зах зээлийн гол тоглогчдын улс төрийн бодлого, шийдвэрт бүр л мэдрэг болно гэсэн үг.

Түлшний үнийн өсөлтийн талаар АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “2016 оноос дэлхийн зах зээл дээр тасралтгүй өсч байсан газрын тосны үнэ АНУ-ын ираны эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас нэг баррель нь 80 ам.доллар даваад байна.

Ингэснээр 2016 оноос хойш манай улсын худалдан авдаг бензиний үнэ тонн тутамдаа 264 ам.доллараар нэмэгдэж, 766 ам.доллар боллоо. Энэ нь жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийн 73 хувийг бүрдүүлж байна” гэв. АНУ-ын Засаг захиргаа ОПЕК-ын гурав дахь олборлогч гишүүн болох иранд эдийн засгийн хориг тавих болсноор дэлхийн зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлтэд хомсдол үүсч, үнэ өсөхөд хүрч буйг шинжээчид онцолж байна. хориг ирэх сараас хэрэгжих  товтой.

Үүн дээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро зах замбараагүй “попорч” улсынхаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсний “гавъяа”-гаар газрын тосны нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйд хүрч байна. иймд цаашид түүхий газрын тосны үнэд нийлүүлэлтээс үүдсэн өсөлт давамгайлна гэж шинжээчид үзэж буй.

Энэ бүхний эцэст ОПЕК болоод тус нийгэмлэгийн гишүүн бус оху цаашид хамтдаа үнийн нэгдмэл бодлоготой явна гэсэн үг. Тиймээс ОПЕК, ОХУ-ын газрын тосны олборлолтод баримталж буй бодлого, шийдвэрт цаашид монголчууд улам мэдрэг болно. Харин Дональд Трамп Иранд эдийн засгийн хориг тавьсан шалтгаан нь бүхэлдээ АНУ-ын Сири, Исламын террористуудын эсрэг ойрх дорнодод явуулж буй улс төрийн бодлогын нэг тусгал.

Ийнхүү Ази, Европ, Африк тивийг холбосон газрын тос, байгалийн баялгаар арвин Ойрх Дорнодод өрнөж буй улс төрийн үйл явдлаас монголчуудын өнөөдрийн амьжиргаа шалтгаалж байна.

Нөлөө бидэнтэй нэг бүс нутагт оршиж буй улс орнуудын зүгээс ч ирдэг.

ДНБ 2016 онд 1.2 хувьд хүртлээ шалдаа буусны дараа манай улсын эдийн засаг БНАСАУ, БНХАУ, НҮБ-ын бодлого, шийдвэрийн үр дүнд хурдан хугацаанд өндийсөн.

Манай нүүрсний экспорт түүхэнд анх удаа 33 сая тонн давж, экспортын 6.2 тэрбум ам.долларын нийт орлогын 20 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин эрдэс бүтээгдэхүүний экспортоос 1.4 тэрбум ам.доллар орлого олсны 1.3 нь нүүрснийх байв.

БНХАУ цэвэр эрчим хүчний бодлого хэрэгжүүлж, хойд мужуудынхаа нүүрсний уурхайнуудаа үе шаттай хааж, олборлох хугацаагаа танах бодлого явуулсан нь нүүрсний үнэ өсөхөд гол үүрэг гүйцэтгэсэн.

Нөгөөтэйгүүр, цөмийн пуужингийн туршилттай холбоотойгоор НҮБ-ын тавьсан хоригийн улмаас умард Солонгосын 2024 сая тонн нүүрсний нийлүүлэлтийн орон зай өмнөд хөршийн зах зээлд үүссэн. Харин энэ бүх орон зайг Австрали, Индонез, ОХУ болон Монгол улс дүүргэснээр өмнөд хөршийг чиглэсэн манай нүүрсний экспорт нэмэгдсэн хэрэг.

Тун саяхан Австрали улс уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг сааруулах НҮБ-ын уриалга, эв санаагаа нэгтгэсэн улс орнуудын зүтгэлийг эс харгалзан нүүрсний хэрэглээг халахгүй, олборлолтоо танахгүй гэдгээ мэдэгдлээ. 

Эрчим хүчнийхээ 60 хувийг хангадаг, 50 мянга гаруй ажлын байр бий болгодог, экспортын хамгийн том түүхий эд болох нүүрсийг жижиг дунд бизнес, фермерийн аж ахуйтай адил дэмжлэг үзүүлсэн хэвээр байх болно гэдгээ тус улсын шадар сайд Майкл Маккормак мэдэгдсэн.

Манайхтай адил нүүрснээс экспортын орлогоо бүрдүүлдэг австрали улс эдийн засгаа хамгаалахад идэвхтэй ажиллана гэдгээ дэлхий нийтэд анхаарууллаа. Гэтэл хаяанд байгаа гол худалдан авагч маань нүүрсний салбарт ямар бодлого баримтлахаа ил тод тунхаглаад байхад бид хариуд нь ямар арга хэмжээ авахаа одоо болтол тодорхойлоогүй байна.

Сүх далайтал үхэр амар гэгчээр нүүрс ямар ч байсан ойрын 50 жилд моодноос гарахгүй хэмээн алгуурлаж сууна. Газрын тосны үнэ өсөхөд нүүрсний үнэ урууддаг хууль дэлхийн зах зээлд үйлчилдэг.

Энэ нь монголчуудын эдийн засгийг тэтгэх нэг үүд нээгдэхэд нөгөө талд туйлдуулах цонх онгойдог гэсэн үг. Оны эхний найман сарын статистик мэдээг харвал нүүрс экспортын орлогын 46.4 хувийг бүрдүүлсэн байхад хэрэглээний үнийн сагсанд түлшний бүлгийн үнэ хамгийн өндөр буюу 15.8 хувийн өсөлттэй байна.

Орж ирсэн валют, сэргэж эхэлсэн өсөлтөө ийн “нэвт салхинд” алдчихдаг нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн тухай ярихаас өөрийг бид эс хийж чаддагийн илрэл буюу.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1717 санал өгсөн байна.

Дээшээ