“+ 30”

GoGo.mn

2018-10-13 11:00 GMT+8

-Бидний цөөхөн Монголчууд-

Нагоя хотын Шоу цэнгээний гудамж  гэдгээрээ алдартай  Nagoya Shi, Nakaku Sakae –н цэнгээний газрууд гэрлээ унтрааж, тэнгэр баганадсан байшингууд хөл тасарсан шөнийн гудамжнаа сүндэрлэнэ. Уушийн газрын хөгжөөгч бүсгүйчүүлийн хурц энгэсэг,  хөлчүү эрсийн тамхины утаа, тал зассан хуурмаг инээмсэглэл,  цэцэгтэй торгомсог кимоно, хиймэл цэцгэн үсний хатгуур өнөөдрийн үүргээ гүйцэтгэн гэр гэрийн зүг шогшиж одно... Нагояад шөнө дөл болж байна...

Харин Toowa Sakae building-B1-н давчуу танхимд сүүмгэр хөх гэрэл асаалттай, ер бусын нам гүм. Наргиж цэнгэж шөнийг өнгөрөөгсөд бүгд гэртээ харьжээ. Эзэнгүй  буйд  энэ  тасалгаанд текний ард зогсох дунд эргэм насны нэгэн монгол бүсгүйгээс өөр хэн ч үгүй...

МОНГОЛОО ХАЙСАН МОНГОЛ

Нагояг Японы хамгийн уйтгартай хот гэлцэх нь ч бий... Улсдаа томоороо дөрөвт ордог энэ хот аж үйлдвэржилт ихтэй, ажиллахад амьдрахад хамгийн таатай орчин бүрдсэн  нам гүмхэн, ажилчдын хот учраас ийн нэрлэгдсэн ч байж магад... Ажил хийе гэвэл Нагоя, шоудья гэвэл Токио, Осакаг зориорой гэсэн  яриа ч эндхийн монголчуудын дунд тархсан нь нууц биш... Бүхэл бүтэн манай улсын хүн амтай дүйцэхүйц, ойролцоогоор 3 сая иргэнтэй Нагояд бидний цөөхөн 400-гаад Монголчууд аж төрөн амьдарч байна. 

2011 онд Японд ирж байсан тэрээр  бусдын л адил хүний нутагт  амжиргаагаа залгуулах гэж янз бүрийн л ажил хийсэн.  Хятад хоолны газрын  угаагч, салатны тогооч, гиоза шарагч гэх ажлыг хоёр жил тасралтгүй хийжээ

Нагоя хотын  монголчуудад монгол хоолоор үйлчилдэг  цор ганц газар бол ERNA lounge.  Үдшийн 19  цагаас өглөө болтол шөнөжин ажиллах  Б.Наранзул бүсгүй монголоос ирснээсээ хойш энэхүү бизнесийг эхлүүлэх, хийх болсон нь учиртай. Анх нөхрөө даган 2011 онд Японд ирж байсан тэрээр  бусдын л адил хүний нутагт  амжиргаагаа залгуулах гэж янз бүрийн л ажил хийсэн.  Хятад хоолны газрын  угаагч, салатны тогооч, гиоза шарагч гэх ажлыг хоёр жил тасралтгүй хийжээ.  Нэг удаа охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж гэр бүлээрээ хоолонд орохоор  хүмүүсээс сураг тавин зориж очсон монгол хоолны газраар үйлчлүүлтэл сайхан зантай өвөрмонгол хүн ажиллуулж байсныг харах бахдмаар байсан хэдий ч тал нутгийн монгол амт үнэрийг эндээс эс олж чадсандаа сэтгэл нь гонсойв.

-Танайд монгол хүн ажилладаг уу? хэмээн асуухад Хоолны газрын  эзэн:
-Үгүй ээ... гэснээ сэтгэлд нь  хүрээгүйгээ  анзаарав бололтой  түүнд хандан...
-Бид япон хүний амталгаанд тааруулж хоолоо хийдэг гэлээ.

Тэндээс гараад л Монгол хоолныхоо жинхэнэ амтыг, япончуудад  зөвөөр таниулах юмсан, ядаж энд амьдардаг Монгол хүмүүстээ Монгол амтыг нь өгөхийг чин сэтгэлээсээ хүссэн нь өнөөдрийн ERNA lounge бий болох маш том шалтгаан байлаа... 

Хүний нутагт битгий хэл монголдоо ч ганц гуанз ажиллуулахад ямар их бэрхшээл саад,  хүнд суртал, ар өврийн хаалга, танилын хүрээ, авилгал хээл хахууль  гээд шат дамжсан түмэн асуудлуудтай тулгардагийг хэн хүнгүй л мэднэ. Гэвч хүсэж мөрөөдөж, зорьж зүтгэж чадсан хүнд бэрхшээл гэдэг үг зөвхөн үгсийн санд л байдаг мэт санагдана. Монгол хүүхнүүдийн нэг гайхамшигт чанаруудын нэг нь хар багаасаа тогоо бариж, ямар ч монгол хоолыг хаана ч хэнд ч хийгээд өгчихдөг  гаргууд тогооч нар.  Б.Наранзулын  хүсэл мөрөөдлөө амилуулахаар ханцуй шамласан өдрүүд ар араасаа урсаж,  өглөөний 06:00 цагаас  үдшийн 23:30-д  хаадаг өглөө, өдөр, оройн хоолтой кафегаа нээлээ. Энэ кафег нээхэд бүтэн гурван сар засвар хийж, нойр хоолгүй зүтгэж,  нөхрийнхөө 6 сарын цалин, мөн өөрийнхөө 1 жилийн цалин, дээр нь 2 банкны картын өндөр хүүтэй зээл авч, түрээс, урьдчилгаа, зуучлалын хөлс, барьцаа, засвар гээд нийт 8сая еэнээр энэ ажлаа эхлүүлсэн гэдэг.  Үүнд маш их эр зориг, хүч хөдөлмөрөө өгсөн хэдий ч шагналд нь ШАТАЛТ, эрүүл мэнд, цаг хугацаа, залуу насаа дэнчин тависан байлаа... Гэхдээ тэр цөхөрсөнгүй, тэгэх ч эрх байсангүй...  Худалч хүнд амьсгалах ч завгүй харийн нутагт цагийн зүү хүртэл илүү хурдан гүйх мэт...

Гэртээ ирсэн мэт халуун дотно сэтгэгдэлтэй үлдэх, монголдоо  байгаа юм шиг тэр мэдрэмжийг авах гэж Монголчууд  зориж ирнэ. Сайхан хоол зооглож алжаалаа тайлсан тэд одоо сайхан  дуулахсан, ах эгч 2 караокетой болж болдоггүй юм уу? Гэж бүтэн жил санал болгох, асуухыг зэрэгцүүлж байлаа.  Дан хоолоор тэр том заалны түрээс, гэрэл цахилгаан, гаазны төлбөр гээд урсгал зардлаасаа илүү гарахгүй байсан кафегаа караокены зориулалт бүхий газар болгон, заалаа жижигрүүлж ахин тохижуулаад одоогийн энэ ERNA lounge болон тогтон үлджээ. Тэр өөрөө тогооч, үйлчлэгч, зөөгч, цэвэрлэгч, зохион байгуулагч бас БОСС - оо ч хийнэ...

Үргэлж дутуу нойртой, гэр бүл хань ижил, үр хүүхэддээ зарцуулах цаг хомс хэдий ч ирээдүйд нэг сайхан монгол хоолтой  ресторан нээчихээд сэтгэл бахдам суух тэр нэг өдрийн төлөө Б.Наранзул бусгүй хичээсээр... Дэлхийн аль ч оронд явж байхад бусад орны нэрийн ресторантай хаа сайгүй таарах боловч,  харин Монгол хоолтой рестораныг бол өвсөн дундаас зүү эрэхтэй адил.  Энэ бол мөнгө, ашиг хонжоо гэхээсээ илүүтэйгээр нутаг нэгтнүүдээ, эх орон, элгэн саднаа санасан, харьд зорисон  монголчуудын сэтгэлийн  бэтгээ нимгэлдэг цор ганц газар нь...

ДУРЛАЛ  МАНДТУГАЙ

Арваад насны анхны хайр, гэнэн шохоорхол, хориодхон  насны хориод ч дийлддэггүй сагсуу дурлал, хайр гэж андуурсан харууслаар дүүрэн дурсамжууд, одоо 30 насанд дурлал хүртэл хашир суудгийг танисан хэрсүүхэн нас минь яг энэ улаан дарс шиг  амттай бас таатай... Хэтэрхий гял цал зүйлс, хачин царайлаг залуу, худлаа үгс, хоногийн учралд энэ насныхан харшилтай... 30 нас гэдэг үнэндээ галзуу нас юм аа... Өмнө минь дэлгээтэй ном шиг, хундагатай дарс шиг  ааг амт, адал явдлууд ар араасаа хүлээж, дурлавал дурласан шиг дурлалцаж, хагацвал хагацсан шиг хагацаж, шаналвал шаналсан шиг шаналж, таашаалыг авсан шиг авж тачаадаж чаддаг ХЭТЭРХИЙ ХАЛУУХАН НАС ажээ... ГОЁ байна...Гэхдээ эгэл борхон, амьдралд зүтгэлтэй, худлаа байж сураагүй, итгэл сэтгэлээ тултал зориулж чаддаг,  зоригтой, иртэй, хайрламаар  60,70-д оныхны ДУРЛАЛ  МАНДТУГАЙ...

Дэлхийн 7 тэрбум хүмүүсийн үржлийн явц болоод хайр дурлал, амьдралын түүх өөр өөр...  Адам Ева, Ромео Жулетта, Юндэн Нансалмаа, Ричард Гир Жулиа Робертс, Титаникийн Жек Роза, Старлита Мегал ангэл, Hero entertainment-н Баатар Анужин, Ерөнхийлөгч ноён Женко-ийн гээд бид зах зухаас нь түм буман амрагийн явдал, андуурсан дурлал, амьдрал болсон гайхамшигт түүхүүдийг өөрсдөө ч мэдэлгүйгээр мэддэг болсон нь гайхмаар... Алдахаас айгаагүй 20-иод насныхны дурлалаас, алдах эрхгүйгээ мэдэрсэн хижээл насны дурлал илүү үнэтэй мэт...

Б.Наранзул эгч ханьтайгаа нилээн хожуу учирсан. Хоёулаа өөр өөр амьдралтай байсан хэдий ч тэд 10-н жилийн нэг ангийн хүүхдүүд. Амьдралд ямар ам гарч болох биш,  аль зүтгэлээрээ тэмцэж хэн хэн нь өмнөх амьдралаа авч үлдэх гэж багагүй зовлон туулснаа тэд хэнээс ч нуудаггүй. Сэтгэл гэдэг тамтай эрхтэн. Санаан зоргоор уужирдаггүй, уучилдаггүй, хайрладаггүй, нэг сохорвол тэр чигээрээ үлдэж мэдэх, чиг зүггүй тэмтрэгч амьтан.  Татаад дууссан тамхины иш шиг хаяад явах хүн байхад, түшээд, босгоод, тордоод, ургуулаад, услаад явах хэн нэгэн заавал байдгийн бичигдээгүй  хуулиар тэд ч бас сэтгэлийн хоосон орон зайгаа бие биесээрээ дүүргэх ерөөлтөй байж...

Б.Наранзулын  ханийг Д.Эрдэнэ гэдэг. 1973 онд төрсөн, компьютерийн техник хангамжийн багш мэргэжилтэй, ШУТИС-ийн “Робокон” тэмцээний “загалмайлсан эцэг”. Харин одоо Япон улсын FUJITSU компанид IT инженер хийдэг цор ганц Монгол инженер юм. Аль 7-р ангиасаа хойш биенээ хараагүй хоёр,  2009 онд ангийнхаа уулзалтан дээр таарсан мөчөөс эхлэн Д.Эрдэнэ утас цохин болзоонд урьж, уйгагүй араас нь гүйсэн гэдэг. Олон жил өрх толгойлсон эмэгтэйн амьдралаар амьдарсан Б.Наранзул болж байгаа бүхэнд эхлээд дасах, итгэх гэдэг сэтгэлд нь нэг л  бууж өгөхгүй байлаа.  Ахиж хэнтэй ч амьдрахгүй, худал хуурмаг, урвалт шарвалттай амьдралыг үнэн голоосоо үзэн ядаж, голдоо ортол гомдоод байсан үе нь... Эмэгтэй хүн нэг гомдвол гал, усыг гатлах сэтгэлийн хат сууж, эргэлт буцалтгүйгээр нэг мөсөн явж чаддаг, уруугаа бус өөдөө урсдаг ус мөрөн ажээ... 

Өмссөн хувцаснаасаа өөр хөрөнгөгүй, автобусны ч мөнгөгүй,  амьдрал нь хагарсан шаазан шиг бутран унасан өдрүүд, итгэх хүнгүй хүйтэн шөнүүдэд бяцхан охидынхоо гэрэлт  харцаар  тэр тэтгэгдэж, тэжээгдэж явсан.  Хүүтэйгээ үлдсэн Д.Эрдэнэ бүтээгүй амьдралын саарал манан дунд төөрч явахдаа ангийн охин Б. Наранзулаа олж эмтэрсэн зүрхнүүд эдгэрч,  элэг бүтэн нэгэн айл шинээр бүрэлджээ. Одоо эднийх 3 хүүхэдтэй ам бүл тавуулаа. Хүүхдүүд нь  бүгд том болж эрдмийн мөр хөөцгөөсөн.  Том охин нь Солонгосын Урлагийн Их Сургуульд Продюсерын ангид, удаах хүү нь Нагоягийн Олон Улсын Сургуулийн Франц хэлний ангийг дүүргэж өдгөө Францад магистерт сурч байна. Харин бага охин Нагоягийн нэг томоохон сургуульд ОУ-ын Бизнесийн англи хэлний ангид суралцаж байна.

Эрт орой хэзээ учрах нь хамаагүй юм байна... Эргэлзэлгүйгээр итгэлцэж, хайрлалцаж чадвал амьдрал боломжоор дандаа шагнадаг аж.  Яагаад бүтэхгүй амьдралтайгаа зууралдан, өөрийнхөө, бас үр хүүхдийнхээ нэг насны амьдралыг тамын тогоонд өнгөрөөх гэж? Ингэж зориглоод алдсан нь байхад аз жаргалаа болгоод өөрсдийнхөөрөө сайхан амьдарч яваа олон жишээнүүдийн нэг энэ хоёр.  Хамгийн  атаархмаар нь тэдний бие бие рүүгээ хардаг  ХАРЦ ямар ХАЛУУХАН гээч... Ямар ШИНЭХЭН  гээч?  Яаж ийм байлгаж чадаж байна аа? гэдэг асуултын хариултыг одоо хэр нь би ХАЙЖ  явна...

Бусдын зовж, тэмцэж, цөхөрч, азаар олдсон амьдралыг битгий шүүмжлээрэй, бас битгий буруутгаарай... Таныг биднийг юу хүлээж байгааг хэн маань ч мэдэхгүй шүү дээ. Тийм ч учраас ийм амьдрал, энэ сонин учралуудын тухай, янзган хорин настнуудаас илүү яруу алдарт 30-аас дээш насныхан маань илүү ойлгох биз ээ...  “Бид учрах ёстой л хүмүүс... Бурхан тус тусад нь жаахан зовоож амьдрал үзүүлж байгаад хожим нийлүүлсэн байх”  гэж Д.Эрдэнэ  хошигнон ярихад

-“Чи надад өмнө нь ирээгүйнхээ өрийг төлж зөндөө их хайрла...”  гээд нөхөртөө туних
Б.Наранзул хошуу унжуулан эрхэлнэ...

Ийм хайр байдаг юм байна... Дөч хүрээд дөнгөж амьдрал эхэлдэг гэдэг үнэн бололтой...

НАГОЯ-гийн ӨНДӨР ЭЭЖ

Сурвалжлагын багийнхан фэйсбүүкээр илгээсэн замын чиглэл заагчийн дагуу явсаар 2 давхар япон хийцийн хаусын үүдэнд ирэхтэй зэрэгцэн,  час улаан lexus машинаас цав цагаан өмд цамц, спорт гутал бүхий үсээ задгайлсан, нүдээ япон хүүхнүүд шиг үл мэдэг жартайлган будсан  золбоолог эмэгтэй инээмсэглэн гарч ирсэн нь Б.Наранзул байлаа...

Баяржаргалын Наранзул 1973 онд төрсөн. Герман хэлний орчуулагч, аялал жуулчлалын зохион байгуулагч мэргэжилтэй. Монголд байхдаа Тэрэлж, Женко, Коника, УИХ-ын Тамгын Газарт олонхийн бүлгийн ажилтан, УИХ-ын гишүүний туслах гэх мэт ажлуудыг хийж байсан. Одоо Япон улсын Нагоя хотод ERNA longe –г ажиллуулдаг. Түүнийг Японд амьдардаг Монголчууд Нагоягийн Өндөр ээж хэмээн нэрийддэг.

Тэр зөвхөн сайхан хоол хийж, хүмүүсийг дуу хууртай, үдшийг зугаатай өнгөрүүлэхэд тус болохоос гадна,  монголчуудад  зориулсан олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж, тэдэнд санаа тавих ажлыг давхар хийдэг.  Мэдээж түүнд,  түүний  хань Д.Эрдэнэ, бага охин хоёр ажил, хичээлийнхээ бусад цагаар ирж тусална. Олон нийтийн арга хэмжээнд монголчууд маань санаачилга идэвхи гарган, өөрсдөө зохион байгуулалтанд  оролцож томоохон арга хэмжээнүүдийг хамтын хүчээр ард нь  гардаг.  ERNA longe 7 хоногийн 6 өдөр ажиллах бөгөөд  зөвхөн  даваа гарагт амардаг.  Сар бүр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохиож Монголчуудаа нэгтгэн залуусын соёл, хүмүүжилд эергээр хандсан ажлуудаар нийгэмшүүлэх, Японы хүнд, хариуцлага өндөр нийгэмд дасан зохицоход нь тусалдаг.  Эднийд ирсэн залуус хоорондоо танилцаж,  найзалж нөхөрлөхөөс гадна, кино үзнэ, аялна, тоглоно, биеийн тамир, спорт, урлагаар тэмцээн зохионо, баяраа хамтдаа тэмдэглэнэ бас нэгнийхээ гуниг зовлонг  ч хуваалцана...

Монгол хүн монгол хүнээсээ зугтаадаг, монголчууд уугаад зодолддог гэсэн ойлголтыг аль болох гаргахгүйг хичээн, архины  хэрэглээг ч хязгаарлаж үйлчилнэ.

Б.Наранзул Японыг зорин ирж байгаа залууст маш их санаа нь зовдог. Суралцахаар ирж байгаа хүмүүсээс гадна, сүүлийн үед гэрээт ажилчид олноороо ирэх болсон.  Тэдний  ихэнх нь 20-30 –тай ид залуу үеийнхэн. Гадагшаа л гарч ажил хийж, их мөнгө олохын хүсэлд автаж  хүнд нөхцөлд, зуучлалын газрууд, үйлдвэрийн эздүүдийн  өндөр хувьтай гэрээгээр ирж хохирон, хэнд хаана хэрхэн хандахаа ч мэдэхгүй,  тэдний эрх ашгийг хамгаалах ганц ч байгууллага байхгүйд сэтгэл нь ямагт өвдөж явдаг...

Үүр цүүрээр утас нь хангинана... Авахгүй байх хүн чанар түүнд байхгүй...Бие нь өвдсөн залуу, эзэндээ хөөгдсөн охин, хараар амьдрагч, цагдаагийн газар, эмнэлэг,  эсвэл мөнгө зээлээч, энийг орчуулаад өгөөч гэсэн гуйлт, хүсэлт, усан нүдэлсэн зовлонт харцтай  бүхэн өөрийнх нь үр хүүхэд шиг санагдан 70 км ч бай, 7 метр ч байсан хамаагүй өдөр,  шөнө гэлтгүй  зорин очиж, уух эм, унд хоол, асрах сувилахаас авахуулаад сургууль, байр, нүүх суух, муудах сайтах гээд түүнээс тусламж хүссэн хүн бүрт тэр зорьж, амжиж очихыг хичээнэ... Ингэж явсаар ихэнхтэй нь эгч дүүс, найз нөхөд, хамт олон шиг болсон.

Харамсалтай нь гэртээ ганцаардлын өвчинд нэрвэгдсэн, галзуурах, амиа хорлох тухай бодох, муу санаатны золиос болох, биеэ үнэлэх, хулгай хийх, нутаг нэгтнээ хорлож хохироох, залилах, залилуулах, ажилгүй байх, мөнгөгүйгээсээ болж буруу замаар орох, нийгэмшихгүй байснаас сэтгэцийн өөрчлөлттэй болох, зорилгоосоо няцах, сургуулиа хаях, сэтгэл гутралд орох, бусдын муу нөлөөнд автах гэх мэт асуудлууд одоог хүртэл энд байдаг монгол залууст тохиолдсоор байна...

Монголчууд маш их ажиллана, биеэ өвдтөл хэт ачаалалтай ажилласнаас болж стресст орохоос гадна Монголд байгаа ар гэрийнхэн, ах дүү нар нь мөнгө нэхэн дарамталж, хардах, гэр бүл үр хүүхдээ санан бэтгэрэх гээд сэтгэлзүйн болоод бие махбодийн асар хүнд ачааг үүрч зүтгэж яваа...  Ийм л учраас тэднийг аль болох ганцаардуулахгүйг хичээн төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохиож, зун болгон Эрийн гурван наадмаа хийж, ах эгчийн хайраар хайрлаж, уйлаад ирэхэд нь аргадаж, задраад ирэхэд нь загнах гээд эгчийн, ээж хүний ухаан мэдрэмж шаардсан,  хэнийг ч гомдоохгүйгээр зохицуулах зүйл түүнд мундахгүй.

Сайнтай ч муутай ч сав дүүрдэг хорвоод үсрэнгүй хөгжсөн энэ улсад нийгмийн хамгаалал, даатгалын тогтолцоо, татварын бодлого нь хүн амьдрахад нэн таатай.  Насаараа мөнгө хурааж дараа нь орон гэртэй болох биш, бага хүүтэй урт хугацааны зээлээр хүссэн гоё байшингаа авч, дуртай машинаа унаж болох эдийн засгийн энэрэнгүй бодлого энд амьдардаг Монголчуудад маань нөмөр нөөлөг болдог бололтой.   Эрүүл  мэндийн даатгалын тухай манайхтай зүйрлэх юм биш... 2 жилийн өмнө Б. Наранзул бие нь гэнэт муудан зүрхний хагалгаанд ороход, маш өндөр төлбөртэй хагалгааны 70 хувийг нь даатгалын компани төлж, эмчилгээ үргэлжлүүлэн хийж,  2 дахь  хагалгаандаа ч амжилттай орж байжээ. Хүн амын эрүүл мэндийн хамгааллын тогтолцоо дээд зэргээр хөгжсөн улс тулдаа л би амьд гарсан гэж тэр ярилаа.

Ядаж л бусад орны иргэд албан ёсны зуучлагч байгууллагатай байхад манай улсын хувьд өөр орны зуучлагч байгууллага, Монгол дахь ажилд зуучлагч байгууллагуудтай хамтран ажилчид авчирдаг. Япондоо албан ёсны зуучилдаг байгууллагатай бол ядаж л монголчуудын цалин,  амралт, нийгмийн бусад асуудлуудыг улс нь хараандаа авч хамгаалах бүрэн боломжтой мэт...

Хичнээн монголчуудынхаа төлөө гүйлээ гээд хувь хүний эрх мэдэл, Японы эрх бүхий байгууллагад очоод л хаагддаг учир, хийж байгаа бүхэн, зохиож байгаа арга хэмжээнүүд тодорхой хэмжээнд ирээд л хязгаарлагдана.

Иймээс Б.Наранзул өнгөрөгч зургаадугаар сард “ERNA Mongolia socialplatform in Japan” ТББ-аа байгуулжээ. Сэтгэлд гал байхад зүтгэлд хүч байдгийн үлгэрээр Б.Наранзул, Д. Эрдэнэ нар зүтгэж л явна...
-Навчаа чи сонсож байна уу?   Энэ шуугих чимээг... Ямар нэгэн сайхан зүйлийг надад шивнэдэг юм... гээд  модны навчсын сэрчигнэх чимээнээс тэр ямар нэгэн зүйлийг сонсох мэт нүдээ анин, эрүүгээ өргөн үл мэдэг инээмхийлэв...  

Би  амжиж хайрламаар байна, би амжиж бүтээмээр байна, би амжиж хайрлагдмаар байна... гэж тэр аяархан хэрнээ итгэлтэйгээр хэлсэн.

АМЖИЖ ... гэдэг энэ үг надад  амьдралаас  хагацаж ядан байгаа хүний үг шиг санагдаж, зүхэнд минь ГҮН  шигджээ...

                                                                       \Япон улс Нагоя хот.  2018 он\

Сэтгүүлч: А. Навчаа
Гэрэл зургийг П. Хангайхүү

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1718 санал өгсөн байна.

Дээшээ