СОЁЛЫН ДОВТОЛГОО №20: Нэрийн хуудас хадгалдаг эсвэл аваад хаядаг “цаас” биш

Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-10-18 08:30 GMT+8

“Соёлын довтолгоо” цуврал нийт 19 дугаарын турш бусдад саад болохгүйгээр хэрхэн хотын хэмнэлээр амьдрах талаар зөвлөгөөг хүргэж байсан. Харин энэ удаагийн дугаараас эхлэн бизнесийн соёлын талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор Б.Гүндэгмаатай хамтран хүргэхээр боллоо.

Бидний хамгийн эхний хичээл бол нэрийн хуудаст тавигдах шаардлага болон хэрэглээ.

“Манайхан нэрийн хуудсыг хэрэглэж мэддэггүй. Товгор үсгээр, гоё загвартай хийлгэдэг ч түүнийг хэрэглэх наад захын соёлгүй. Гэтэл нэрийн хуудас бол таны тухай гол мэдээлэл авдаг албан бичиг, тухайн компанийн маркетингийн үргэлжлэл” гэдгийг Б.Гүндэгмаа хэлж байна.

Та "Соёлын довтолгоо" цувралын өмнөх нийтлэлүүдийг ЭНД дарж уншина уу. 

ХЭМЖЭЭ

  • 80х40 (эмэгтэйчүүд голчлон хэрэглэдэг),
  • 90х50 (эрчүүд ихэвчлэн хэрэглэдэг),
  • 117х113 (олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс хэрэглэдэг. Хэрэглэхдээ урд талд хамгийн гол чиглэлээ бичээд хойд талд нь бусад хашдаг албан тушаалаа бичдэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн … гэж урд нь бичээд хойно нь Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн, … -ийн ТУЗ гэх мэтээр бичдэг) гэсэн хэмжээтэй байдаг.

Дэлхий нийтээр дээрх гурван төрлийн хэмжээтэй нэрийн хуудсыг ашигладаг бөгөөд авч явахад тусгай гэр шаардахгүй түрийвчинд байх хэсэгт таарахаар сонгосон байдаг аж.

ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ МЭДЭЭЛЛҮҮД

Компанийн нэр, өөрийн нэр, албан тушаал, цол хэргэм зэрэг. Ингэж бичдэг нь хүмүүс тухайн хүнтэй харьцахдаа гурван янзаар дуудах боломжийг олгодог. Нэгдүгээрт шууд нэрээр нь, хоёрдугаарт албан тушаалаар нь, гуравдугаарт цол хэргэмээр нь дуудах боломжтой болж байгаа юм. Тиймээс заавал энэ гурван мэдээлэл байх ёстой.

Төрийн албан хаагч хувийн мэйл хаяг, хувийн гар утасны дугаарыг бичдэггүй

Харин олны танил хүмүүс зөвхөн нэр, холбоо барих утасны дугаараа бичсэн байдаг аж. “Манай нэг багш Майкл Жэксонтой уулзаж байсан юм байна. Ингэхэд дээд зэрэглэлийн бристол цаасан дээр зөвхөн нэр, утасны дугаараа бичсэн байсан гэж ярьж байлаа” хэмээн Б.Гүндэгмаа багш сонирхуулсан юм.

Харин ямар мэдээлэл таны нэрийн хуудсанд шаардлагагүй байдаг талаар “Төрийн албан хаагч хувийн мэйл хаяг, хувийн гар утасны дугаарыг бичдэггүй. Хэрэв тухайн хүнтэй шууд харилцаа тогтоож, хойшид албан харилцаатай байя гэвэл өөрөө нэрийн хуудас дээрээ балаар утасны дугаараа бичдэг. Түүнээс биш албан өрөөний болон холбодог операторын утсыг бичдэг. Энэ нь цаанаа төрийн албан хаагчийн гар утас руу хүн бүр залгаад байвал ажлаа хийх цаг гарахгүй гэдэг үүднээс ийм шаардлага тавьдаг” хэмээн тайлбарласан юм.

БИДНИЙ ГАРГАДАГ АЛДАА

1.Овог нэрийг бичихдээ хүмүүс их алдаа гаргадаг бөгөөд янз бүрээр бичдэг байна. Англи хэлний загварыг дуурайж өөрийн нэрээ түрүүлж бичих тохиолдол их бий. Монгол хэлээр нэрийн хуудсаа бичиж байгаа бол Монгол хэлний соёл, дүрмийг л дагана. Доржийн Туяа гэж бичих нь байна. Түүнээс Дорж овогтой Туяа гэвэл анкетийн найруулга болчихно, Туяа, Дорж гэвэл бас л буруу. Нэрийн хуудас бол таныг төлөөлж үлддэг учир таны тухай маш их мэдээлэл болдог. Тиймээс алдаагүй байх нь чухал юм.

Coolbaby@...com, bbatuka@...com гэх мэтчилэн хувийн мэйл хаягаа албаны нэрийн хуудсан дээрээ бичсэн байх нь бий

2.Харин дараагийн нэг алдаа нь мэйл хаяг. Албан шугамаар уулзсан хүний нэрийн хуудас дээр элдэв янзын мэйл хаяг байх тохиолдол бий. Coolbaby@...com, bbatuka@...com гэх мэтчилэн хувийн мэйл хаягаа албаны нэрийн хуудсан дээрээ бичсэн байх нь бий. Гэтэл хувийн мэйлээ нэрийн хуудастаа бичсэн байх нь ямар ч ажил хэрэгч шинжгүй болгодог байна.

3.Зарим тохиолдолд нэрийн хуудастаа цээж зургаа байрлуулах нь бий. Тэгвэл энэ нь тун зохимжгүй. Нэрийн хуудас бол ажлын анкет биш учраас тун чиг зохимжгүй хэрэг болох нь ээ. Харин ротари клубын нэрийн хуудас дээр ийм байж болдог юм байна.

НЭРИЙН ХУУДАС ХАЛААС ЭСВЭЛ ШҮҮГЭЭНДЭЭ ХАДГАЛДАГ “ЦААС” БИШ

Монголчууд өдөрт хамгийн ихдээ 7-8 хүнтэй харилцаж, танилцаж байдаг аж. Гэтэл хүн ам ихтэй Японд ажлын цагтаа хуваарилж үзвэл энэ тоо 20 болдог. Тиймээс ч нэрийн хуудсыг хамгийн зөв, ашиглахуйц байдлаар хэрэглэдэг улс нь Япон. Тэнд та нэрийн хуудасгүй бол ажил хэргийн уулзалтад очоод ч хэрэггүй. Уулзалтын үеэр нэрийн хуудсыг суусан дарааллаар нь тавьж, хэзээний танил хүн шиг харилцдаг.

Харин манайхан нэрийн хуудсыг аваад халаасалдаг. Тэгээд дараа нь энэ хүн чинь хэн билээ гээд асуудаг. Тэр хүнийг явтал нь нэрийн хуудас ил таны гарт байж байх ёстой. Тунгалаг нэрийн хуудасны гэрийг уулзалтад ихэвчлэн авч яваад түүнийгээ ар, урд талаас нь харж байдаг. Хүний нэрийн хуудсыг нугалж, муухай болгохгүй гэсэн санаатай. Ингээд тухайн хүнийг явсны дараа нэрийн хуудасны саванд хийдэг.

Харин манайхан нэрийн хуудсыг аваад халаасалдаг. Тэгээд дараа нь энэ хүн чинь хэн билээ гээд асуудаг

0.5, 0.7-ийн балын харандаа яагаад бизнесийн хамгийн эрэлттэй, түгээмэл бэлгэнд ордог. Яагаад гэхээр хэзээ ч хүний нэрийн хуудсан дээр балаар тэмдэглэгээ хийж болдоггүй. Зөвхөн харандаагаар бичнэ. Харин түрүүн дурдсан өөрөө утасны дугаараа бичиж өгч байвал үзэг, балаар бичиж болно.

Тэмдэглэгээг их сайн хийдэг хүмүүс бий. Тухайн нэрийн хуудсан дээр тэр хүнтэй хэзээ, ямар хурал, семинарын үеэр танилцсан болохоо тэмдэглэдэг. Гадаад хүмүүсийн хувьд нэрний дуудлагыг зөв бичиж авах нь чухал. Тухайлбал Michael гэдэг нэрийг Майкл, Михайл гэх мэтээр дууддаг шиг. Хүний нэрийг буруу дуудна гэдэг харилцааны “А” үсэггүйн шинж. Нэрээ буруу дуудахад ямар ч хүн дуртай байхгүй. Тиймээс дуудлагыг нь бичиж авах нь зүйтэй.

Мөн та нэг хурал дээр долоон адилхан хар хөх костьюмтай, бүгд шилтэй хүмүүсээс нэрийн хуудас хүлээн авбал санахад амар болгох үүднээс онцлогийг нь бичиж болдог. Цэнхэр цамцтай эсвэл хүрэн зангиатай, алтан хүрээтэй шилтэй гэх мэтээр тодотгож болно. Гэхдээ тухайн хүн үзэхгүй гэж бодож доромж үгээр бичиж болохгүй. Махлаг, долир гэх мэт.

Мөн уулзахаар ирэхэд нь эзгүй байсан бол биеэр ирснээ тэмдэглэж нэрийн хуудасныхаа баруун дээд буланг нугалж үлдээх нь ч бий. 

Нэрийн хуудасны тэмдэглэгээ гэж олон улсад бий. Франц гаралтай үгсээр товчлол хийсэн байдаг ч дэлхий нийтэд энэ тэмдэглэгээг хүлээн зөвшөөрдөг байна. Тухайлбал нэрийн хуудас дээрээ

  • p.p.-Танилцах
  • p.f.- аз жаргал хүсч, баяр хүргэх. Тухайлбал, шинэ жилээр манай ихэнх компаниуд харилцагч, түншүүддээ мэндчилгээ дэвшүүлдэг. Ингэхдээ нэрийн хуудас дээрээ энэ тэмдэглэгээг хийж болно.
  • p.r. - талархал илэрхийлэх
  • p.c.- эмгэнэл илэрхийлэх
  • p.p.p. - эмгэнэл илэрхийлж, туслахад бэлэн байгаагаа мэдэгдэх
  • p.p.c. - уучлал хүсэх (уулзаж чадалгүй явчих гэх мэт тохиолдолд)
  • p.f.n.a - шинэ жилийн баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсэх
  • p.c, p.p.c, p.r гэж бичсэн нэрийн хуудсанд хариу илгээхгүй.
  • p.c, p.p.p, p.f гэсэн бичигтэй бол өөрийн нэрийн хуудсан дээр “Баярлалаа” гэсний илэрхийлэл болгон p.r гэж бичиж явуулдаг байна. 

Нэрийн хуудсаа хүнд өгөхдөө хоёр гараараа, шууд унших байдлаар буюу бичгийг нь тухайн хүн рүү харуулж өгөх бөгөөд хүнээс нэрийн хуудас авахдаа мөн хоёр гардаж авна. Хэрэв хуучны түнш тань дахин нэрийн хуудсаа өгч байгаа бол албан тушаал нь өөрчлөгдсөнийг илэрхийлэх бөгөөд "Нэрийн хуудас байгаа" хэмээн түргэдэх хэрэггүй. 

Сүүлийн үед зарим хүн нэрийн хуудсыг авч утсандаа тэмдэглэл хийгээд буцааж өгдөг болсон байна лээ. Энэ нь цаасаа хэмнэх, байгаль дэлхийгээ хайрлах гэсэн санаа юм. 

Та "Соёлын довтолгоо" цувралын өмнөх нийтлэлүүдийг ЭНД дарж уншина уу. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилгаар нэр бүхий 27 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзэн, тогтоолын төсөл өргөн барилаа. Таны бодлоор Засгийн газрыг огцруулах нь зөв үү?
Нийт 750 санал өгсөн байна.

Дээшээ