В.Баярсайхан

"Анд Глобал" компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
В.Баярсайхан: Яагаад хүн өөрийнхөө мөнгийг ашиглахын тулд мөнгө төлөх ёстой гэж

-Amazon, Dell-д ажиллаж байсан Баярсайхан яагаад эх орондоо ирж гарааны бизнес эрхлэх болов оо?

-Би дунд сургуульд байхаасаа л математик, компьютер программ хангамжийн чиглэлийг их сонирхдог хүүхэд байсан. Тэр чиглэлийнхээ олимпиадад оролцож, ирээдүй технологи руу чиглэх юм байна, бүх зүйл компьютерт суурилах юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Сургуулиа төгсөөд 100 хувийн тэтгэлэгтэйгээр Турк улсад компьютер программ хангамжийн мэргэжлээр дөрвөн жил суралцаж төгсөөд эх орондоо шууд ирэх гэсэн боловч дахин суралцах зүйл их байна гэж үзээд Истанбулд гурван жил ажиллаж байлаа. Тухайн үед программ хангамжийн чиглэлээр ажиллаж байхдаа хэнд зориулж, юу хийж, хэний ямар асуудлыг шийдэж буйгаа ойлгодоггүй байсан. Түүнийгээ олж харахыг хамгийн их хүсдэг байв. Ингээд Монголдоо ирээд Biznetwork-ийг эхлүүлж байлаа.

Одоо Монголын хамгийн том ажил олгогч, зуучлалын систем болсон байна. Тэгээд 2014 онд Biznetwork-оо зараад АНУ-д суралцахаар явсан. Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байх хугацаандаа Amazon компанид сарын 9000 ам. долларын цалинтай дадлага хийж, төгсөөд нэг жил гаруй хугацаанд Dell компанид ажилласан. Хэдийгээр визээ сунгаад үлдэх боломж байсан хэдий ч сурсан мэдсэнээ, цуглуулсан туршлагаа эх орондоо хэрэгжүүлж, бусадтай хуваалцахыг л хамгийн их хүсэж байлаа. Тэр үед Анар намайг энд ирж, Монгол брэндээ олон улсад гаргая гэдэг санал тавьсан нь л энэ бүхний эхлэл болсон.

-Бидний сайн мэдэх гарааны бизнесүүд үргэлж нэг гaражаас эхэлсэн гэж ярьдаг, таны гараж юу байсан бэ?

-Мэдээлэл технологийн үндэсний паркийн жижигхэн өрөө. Туркт ажиллаж байгаад ирэх үед Мэдээллийн технологийн үндэсний паркт “Гарааны бизнесүүдийг дэмжих инкубатор хөтөлбөр” байдаг байсан юм.

Тэр үед нэг цаасан дээр өөрийнхөө төслийг бичиж ороод, 20 мкв өрөө авч анх компаниа байгуулж байлаа. Тухайн үед надад ямар ч ажилтан байгаагүй. Тиймээс КТМС дээр очиж зар тавиад хоёр оюутантайгаар бизнесээ эхэлж байсан.

Зар нь их хөгжилтэй. “Та мэргэжлээрээ ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна уу. Тийм бол хоол унааны мөнгийг би даая” гэсэн агуулгатай. Анх ажиллаж байсан залуусын нэг нь жил гаруйн дараа өөр салбарт ажиллахаар гарсан. Нөгөө залуу нь намайг Biznetwork-оос гарах хүртэл хамт байсан, одоо блокчейн технологийн чиглэлээр ажилладаг.

БИЗНЕС ЭХЛЭХЭД ХЭТ ХОЛЫН ИРЭЭДҮЙГ ХАРНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГГҮЙ. БҮХ ЗҮЙЛ Л ЯГ МАНАН ДУНД БАЙГАА ЮМ ШИГ БАЙДАГ


-Biznetwork гэснээс та анх ер нь яаж энэ бизнесээ эхлүүлж байсан бэ?

-Истанбулд сургуулиа төгсөөд гурван жил тэндээ суурин ажилласан. Турктээ хамгийн том хоёр банканд системийн технологи нийлүүлдэг компанид ажиллаж байлаа. 2006 онд буюу эх орноосоо гараад бүтэн долоон жилийн дараа эргэж ирсэн.

Намайг буцаж ирэхэд хамгийн харамсалтай нь өнгөрсөн зуунд орхиод явсан эх орон минь яг хэвээрээ байлаа. Дөнгөж ирснийхээ дараа маш их зүйлийг шүүмжилдэг, өөнтөглөж хардаг байсан.

Хүмүүс нь өөрчлөгдөөгүй, гудамж талбай, үйлчилгээний байгууллагууд, компаниуд хүртэл яг тэр чигээрээ угтсанд их харамсдаг. Гэхдээ эх орондоо ирснээс зургаан сарын дараа гэнэт яагаад зарим хүнээс илүү боломж олдож, гадаадад суралцаж, туршлага хуримтлуулж ирчихээд зүгээр муулаад, өөлөөд суух ёстой юм бэ, гэж бодсон.

Өөрчлөх боломж надад байгаа гэдгийг л ойлгосон хэрэг. Тэгсэн нэг өдөр сонин худалдаж аваад үзтэл нийт нүүрний талаас илүү хувьд нь ажлын зар өрчихсөн байлаа. Яагаад үүнийгээ дижитал хэлбэрт шилжүүлж болохгүй юм бэ, гэсэн сэдлээр л Biznetwork-ийг эхлүүлсэн.

Biznetwork эхэндээ нийгмийн сүлжээний Монгол хувилбар байхаар эхэлж байлаа. Яваандаа Монголынх хамгийн том ажлын байрны сайт болно гэж тухайн үед төсөөлөөгүй.

Ер нь бизнес эхлүүлж байхдаа хэт холын ирээдүйг харна гэдэгт би итгэдэггүй. Бүх зүйл л яг манан дунд байгаа юм шиг байдаг. Яваандаа юмс ойлгомжтой болж, зам харгуй, мод бут харагдаж эхэлнэ.

Тэрнээс анх Biznetwork эхэлж байхад шууд л ийм сайт болно гэж бодоогүй. Одоо ч гэсэн тийм.

-Туркээс ирээд гэж байна, анх яагаад тийшээ сурахаар явсан юм бэ?

-Би долоон хүүхэдтэй айлын хүүхэд. Аав, ээж төрийн байгууллагад ажилладаг, 18 мкв хэмжээтэй байранд бүгдээрээ, дээрээс нь манай хамаатны гурван хүүхэд хамт амьдардаг байлаа. Дорнодод байхын л аймаг, сумын математикийн олимпиадад байнга оролцдог байсан.

Тэгээд манайх амьжиргааны боломж тааруу байсан учраас үргэлж л хаана ямар тэтгэлэг, боломж байна гэдгийг хайдаг байлаа. Тэгж яваад анх МонТуркт тэтгэлгээр суралцах эрх авсан. Тухайн үед аз таарсан, боломж нь тохиосон болохоор зөв сургуульдаа орсон гэж боддог.

Ер нь улсын хэмжээнд болж буй аливаа олимпиадад Нэгдүгээр сургууль, 11-р сургууль, Мон-Туркийн хүүхдүүд л эхний арван байрын төлөө өрсөлддөг байлаа.

Өнөөдөр Цахиурын хөндийд оччихсон, Google, Facebook зэрэг томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуус бүгд л дээрх сургуулиудыг төгссөн байдаг. Ингээд Мон-Туркт тэтгэлгээр суралцаж төгсөөд Засгийн газрын тэтгэлгээр Турк улсад суралцахаар явсан.

Дөрвөн жил суралцаад, дараа нь систем хангамжийн компанид гурван жил ажиллаж, 2006 онд Монголдоо ирж байлаа.

ЗАЛУУ, ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ДҮҮРЭН БАЙГАА ҮЕДЭЭ ЗОРЬСОН ЗҮЙЛСЭЭ ГҮЙЦЭЭЖ, НИЙГЭМДЭЭ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ХИЙХИЙГ ХҮСЭЖ БАЙЛАА

-Таныг сургуулиа төгсөөд ирэх үед нийгмийн сүлжээ байтугай, цахим технологийн хэрэглээ дөнгөж эхэлж байсан шүү дээ, ийм суурин дээр нийгмийн сүлжээ хөгжүүлэх ямар байв?

-Жоохон тэнэг л байсан байгаа биз дээ. Залуу хүний хүсэл мөрөөдлөөр, зоригтой эхлүүлсэн бизнес шүү дээ. Гэхдээ ямар нэгэн гарааны бизнесийг эхлүүлж байхад анхнаасаа бүх дүр зураг харагдахгүй. Яаж мөнгө олох нь ч тодорхойгүй л байдаг.

Орчин тойрон маш хурдацтай өөрчлөгдөж, хэрэглэгчдийн хэрэгцээ мөн адил байнга солигдож байдаг болохоор тэр юм. Хамгийн гол нь тухайн асуудлаа ойлгож, үнэхээр асуудал мөн эсэхийг нь тодорхойлж чадаад, түүнийгээ шийдвэрлэх арга замыг харсан байх хэрэгтэй.

Үүний дараа аяндаа бизнесийн загвар нь тодордог. Түрүүн хэлсэнчлэн яг л манан дунд явж байгаад аажимдаа юмс тодорч эхэлнэ. Тийм ч учраас надад тухайн үед хоёр жил, таван жилийн төлөвлөгөө байгаагүй.

-Анхнаас нь хөгжүүлсэн амжилттай бизнесээ зараад Америк явсан шалтгаан нь юу байв?

-Biznetwork-ыг байгуулаад хангалттай хэмжээнд хүртэл нь хамт байсан. Ингээд 2014 онд бизнесээ зарж, АНУ-д магистрын зэрэг хамгаалахаар явлаа. Анх компьютер, программ хангамжийн чиглэлээр боловсрол эзэмшсэн хэдий ч технологи, менежментийг хослуулсан хүн болох нь надад илүү тохиромжтой гэж ойлгосон учраас тэнд Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан.

Дэлхийд технологийн салбарт тэргүүлдэг Amazon, Dell, Google гээд цахиурын хөндийн аваргуудаас суралцахыг хүсэж байлаа. Тэндээс олсон туршлагаа эх орондоо хэрэгжүүлэхийг зорьсон хэрэг. Тэгээд судалж байгаад хоёр дахь Цахиурын хөндий гэгдэх Сиэтл хотыг сонгосон.

Вашингтон мужийн их сургуульд Бизнесийн удирдлагаар суралцаж, дунд нь Amazon компанид гурван сар дадлага хийсэн. Төгсөөд энтерпрайз шийдлээрээ тэргүүлэгчдийн нэг Dell компанид ажиллаж байлаа.

Тухайн үед Big Data эрчээ авч, технологийн компаниуд бүгд энэ чиглэлээр бизнесээ өргөжүүлж байсан цаг. Магистрын зэрэг хамгаалсныхаа дараа нэг жил ажиллах эрхээ эдэлж, Dell компанийг сонгосон юм.

Хэдийгээр тэнд үлдээд, визээ сунгах боломж байсан ч би тэтгэвэрт гарахдаа хаана байх тухай л их бодсон. Тэр хүртэл цалин хангамж нь хангалттай, тодорхой хугацаанд ажиллаад байрны зээл авна гээд л бусдын адил амьдралаа үргэлжлүүлэх боломж бий.

Гэхдээ залуу, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа үедээ зорьсон зүйлсээ гүйцээж, нийгэмдээ хэрэгтэй ажил хийхийг хүсэж байсан. Угаасаа анх АНУ-г зорихдоо л эх орондоо эргэж ирж, туршлагаа хэрэгжүүлнэ гэж бодсон. Одоо Монголынхоо нэг гарааны бизнесийг Азидаа гаргахаар зориод ажиллаж байна.

-Америкт суралцах хугацаандаа ямар туршлага хуримтлуулсан юм бэ?

-Манай сургуулиас арван оюутныг Amazon компани дадлага хийлгэхээр сонгож байсны нэг нь би. Монголд байхдаа гарааны бизнес хийж байсан, тэр нь чамгүй амжилттай гээд намайг сонгосон байх.

Зөвхөн технологийн салбарын акулуудын хувьд гэлтгүй, гаднын компаниудаас суралцах ёстой хамгийн чухал зүйл нь соёл. Хуралд оролцох, өөрийн санааг танилцуулахаас эхлээд сурах юм их байсан.

Өмнө нь хэдийгээр компани байгуулсан туршлагатай ч жижиг компанид асуудлыг шийдвэрлэх тун амархан. Харин том компанид олон хүнийг ятгахын тулд яг оносон цэгийг нь олох шаардлагатай.

Жефф Безосын хувьд Amazon-д хэрэгжүүлдэг нэг соёл нь “Two Pizza Team” буюу төслийн багийн нийт гишүүд хоёр пицца идээд л цадах ёстой гэсэн дүрэм юм. Тэгэхээр аливаа баг дээд тал нь 6-10 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.

Учир нь баг олон хүнтэй болох тусам шийдвэр гарах хугацаа уртсаж, үр дүн буурах хандлагатай. Тиймээс Безос анх бизнесээ эхлүүлж байхдаа л байсан тэр хүсэл эрмэлзлийг унтраахгүй, өнөөдөр 400 мянган ажилтантай болсон ч тэр чанараа хадгалах аргыг ашигласаар л байна.

Зарчмын хувьд манай аравтын системтэй адилхан. Хамгийн чухал нь компани хэчнээн томорсон ч үйл ажиллагаа доголдохгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

-Тэгвэл энэ зарчмаа LendMN-д хэрэгжүүлдэг үү?

-Тэгэлгүй яахав. Намайг анх And Global-д ажиллаж эхлэх үед бид 30 гаруй хүнтэй байлаа. Харин одоо 120 даваад явж байна. Технологийн компани учраас бид Цахиурын хөндийн соёл, үнэт зүйлсийг бүгдийг нэвтрүүлэхийг зорьж, хэрэгжүүлж байгаа.

Жишээ нь бид Google-ийн OKR системийг нэвтрүүлсэн. Улирал, улирлаар хэрэгжүүлдэг урамшуулал, үнэлгээний систем юм. Үр дүнд суурилсан энэ системийн дагуу ажилтнууд улирал бүр өөрсдийн ажилдаа ямар ахиц гаргах тухай зорилт тавьдаг.

Зорилт нь хэмжиж болохуйц зүйл байх ёстой. Тухайн хүний өөрийнх нь чадвараас давсан байх хэрэгтэй. Ер нь компанийн ажилтны тоо 100 даваад ирэхээр компанийг захирал биш менежмент удирдаж эхэлдэг.

Зөв менежментээр явж, зөв соёлыг хэрэгжүүлж байж л амжилттай, тогтвортой бизнесээ үргэлжлүүлэх боломжтой.

ХЭРЭГЛЭГЧ АСУУДЛАА ХАМГИЙН ХЯЛБАР БӨГӨӨД ХЯМДААР ШИЙДЭХ ЁСТОЙ

-Сүүлд танайх Lend Wallet гээд шинэ үйлчилгээгээ танилцууллаа. Ер нь LendMN хаашаа явж байна вэ?

-Зарим хүмүүс биднийг хэдэн залуус нийлээд, гар утсанд суурилсан зээлийн үйлчилгээ гаргалаа гэж харж байлаа. Харин And Global компанийн алсын хараа нь Монголдоо хэрэгжүүлж буй финтекийн шийдлээ Азийн орнуудад экспортлох.

Америк, Европын орнуудад хэрэглээнд нэвтэрчихсэн шийдлүүдийг бид эх орондоо ашиглаж чадахгүй байна. Зүүн өмнөд Азийн орны хэрэглэгчид ч мөн адил ашиглах боломжгүй байна.

Тэгэхээр Монгол залуус нэгдээд тэр шийдлийг нь олоод, түүнийгээ хэрэгжүүлэх нь манай үндсэн зорилго. Үүнийхээ хүрээнд бид өнгөрсөн жил анх бичил зээлийн үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлж, жил гаруйхны дотор дотоодод IPO гаргасан.

Гэхдээ бичил зээл бол бидний хувьд цогц платформын дөнгөж эхний л үйлчилгээ юм. Одоо дараагийн шат руу орж, Lend Wallet буюу цахим хэтэвчээ зах зээлд нэвтрүүллээ.

Өнөөдөр бид 75 мянган идэвхтэй харилцагч, 300 мянган бүртгэлтэй хэрэглэгчтэй болсон байна. Тиймээс дараагийн шат руу орох нөхцөл бүрдсэн гэж үзээд шинэ технологио хөгжүүлж эхэлсэн. Lend хэтэвчийн хувьд нэгдүгээрт зээл авсан хэрэглэгчдэдээ зээлсэн мөнгөө захиран зарцуулах боломжийг нь илүү хялбарчилж байна. Өмнө нь хэрэглэгчид мөнгө зээлээд, банкны данс руугаа шилжүүлээд, дараа нь бэлэн мөнгө болгон авдаг байсан бол одоо шууд Lend аппликейшнээсээ гүйлгээ хийж, төлбөр төлж болохоор болсон.

Хамгийн чухал нь бид “Лэнддий” хэмээх мөнгө шилжүүлэх үйлдэлдээ шимтгэл авахгүй. Яагаад хэрэглэгч өөрийн мөнгийг ашиглахын тулд мөнгө төлөх ёстой гэж. Тиймээс зээлээс бусад бүх үйлчилгээг шимтгэлгүй болгосон.

Түүнчлэн бид Viber-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээгээ мессеж бичин шийдэх боломжтой боллоо. Viber-ийн хувьд төлбөрийн системийг интеграц хийж буй анхны тохиолдол нь энэ.

Цаашлаад энэ үйлчилгээгээ бид Мьянмар, Филлипинд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхний гол зорилго нь бид хэрэглэгч төвтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд оршдог.

Санхүүгийн үйлчилгээ эрхлэгчид ямар нэг үйлчилгээнийхээ зардлыг шууд л “Хэрэглэгчээс авъя” гэдэг байдлаар шийдсээр удаж байна. Хэрэглэгч асуудлаа хамгийн хялбар бөгөөд хямдаар шийдэх ёстой.

-Технологийн компаниудын хувьд хэрэглэгчдээ сургах гэдэг нэг асуудал байдаг шүү дээ? LendMN хэрэглэгчдээ хэрхэн сургадаг вэ?

-Мэдээж хэрэг хэрэглэгчийн боловсрол гэдэг маш том асуудал. Гэхдээ ихэнх технологи хөгжүүлэгчид хэрэглэгчийг буруутгадаг. Хэрэглэгч чадахгүй байгаа учраас, хэрэглэгч мэдэхгүй байгаа болохоор болсонгүй гэдэг.

Хэрэглэгч мангар болохоор нууц үгээ хүнд өгчихсөн байна гэдэг шүү дээ. Гэтэл Facebook-ийг ашиглахад өнөөдөр бидэнд ямар ч асуудал алга байна. Ямар ч хүн шууд шинэ хаяг нээгээд, хэдэн минутын дараа л асуудалгүй ашиглаад эхэлдэг. Технологийн үйлчилгээ ямар байх ёстой вэ гэхээр ямар ч хүн ашиглахад ойлгомжтой, хялбар байх ёстой.

Тэр хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологиуд цаанаа ажиллаж байдаг, хэрэглэгчид харагдахгүйгээр асуудлыг нь шийдвэрлэдэг байх нь чухал. Эцсийн бүлэгтээ бид хэрэглэгчид зориулж технологи хөгжүүлчихээд хэрэглэгч ойлгохгүй зүйл хийвэл ямар утга байна?

Технологи үргэлж хоёрдугаарт байх ёстой. Технологийг хүн хөгжүүлж байгаа учраас төгс болно гэж байхгүй. Ямар ч том систем нурдаг. Бидний мэдэх бүх л томоохон технологийн компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг тодорхой хэмжээнд алдаж, алдаа гаргасан шүү дээ.

-Та өөрийгөө их уйдамтгай хүн гэж байсан, гэхдээ Lend-ээс уйдахгүй гэсэн учраас багт нь нэгдсэн гэж ойлголоо?

-Би уйдамтгай зангаа өөрийнхөө давуу тал гэж боддог. Гэнэт маш их эрч хүчтэйгээр аливааг эхлээд тодорхой хугацаанд тогтдог, тэр үедээ хийж байгаа зүйлээ хэрхэн сайжруулах, хэрхэн дээшлүүлэхийг бодож байдаг.

LendMN-ийн өнөөдрийг хүртэл явсан замд хамгийн чухал зүйл нь бид нэг зорилгод зангидаж чадсан багийг бүрдүүлсэн. Шинэ бүтээгдэхүүн танилцуулж, хэрэглэгчдэд хэрэгтэй зүйл бүтээх хүсэл эрмэлзэл улам бадарч байна.

Гэхдээ энэ бүхэн дөнгөж эхлэл, туулах зовлон их байгаа шүү дээ. Түүнчлэн And Global-ын шийдэж байгаа, шийдэхийг хүсэж байгаа асуудлууд нь Азийн орнуудад бизнесээ нутагшуулж, Монгол залуусын чансааг сорих.

Тэгэхээр уйдна гэж байхгүй. Уйдах ч завгүй ажиллаж байна. Манан дундаас тодорч байгаа жимийг дагаад явж байна, цааш урагшлах зам ч хол байна.

Бид цаашдаа олон улсад IPO гаргахыг хүсэж байна. Гэхдээ IPO бидний хувьд зүгээр л хол замын дунд таарах нэг цэг нь, учир нь бид Монгол залуус чаддаг, хийсэн юмтай гэдгийг харуулах зорилготой. Хүн асуухад нь “Энэ хар л даа” гээд үзүүлэх юм байх хэрэгтэй шүү дээ.

-Нийгэм солигдож, хүмүүс ганзагын наймаанд явж эхэлсэн үеийг зарим хүмүүс гарааны бизнес байсан гэж ярих юм, ингэхэд гарааны бизнес гэж таны бодлоор юуг хэлэх вэ?

-Гарааны бизнес гэдгийг би хувьдаа нийгэмд байгаа ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ гэж хэлнэ. Шуудхан хэлэхэд ганзагын наймааг гарааны бизнес гэж хэлэх боломжгүй. 

Учир нь гарааны бизнес хийхэд тодорхой тогтолцоо байх ёстой юм. Тухайн үед зүгээр л барааны гачигдал, дутагдлыг арилгасан болохоос урт хугацаандаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаагүй гэсэн үг.

Амжилтад хүрсэн гарааны бизнес өмнө нь болохгүй байсан асуудлыг илүү хялбар, илүү хямдаар шийдэх нөхцөл болон бололцоог бүрдүүлдэг. Тэр хүмүүсийн хувьд бүгд энтрепрёнор мөн үү гэвэл мөн, гэхдээ гарааны бизнес эрхэлж байсан гэвэл төвөгтэй болно.

Мэдээж хэрэг тухайн үед ганзагын наймаа хийж байсан хүмүүсийн зарим нь өнөөдөр томоохон бизнес эрхлээд явж байна, тэр нь л гарааны бизнес болсон хэрэг болов уу.

-Ажлын амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Ярилцсанд баярлалаа.  

 

Санал болгох

Хаан хөгжмийн хатан төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг “GoGo Cafe”-ны энэ удаагийн зочин. Хөгжим, бүжгийн дунд сургуулийн сурагч 15-хан настай охин П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд сурахаар Москва руу явж байв. Улмаар П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөн, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн сонгодог урлагийн содон төлөөлөл. Тэрбээр Орос, Хятад, Япон, Болгар, Мексик, Канад, Өмнөд Америк, АНУ, Украйн, Итали, Испани, Швед, Унгар, Герман зэрэг олон орны алдартай танхимуудад тоглож, төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлсэн мэргэжлийн өндөр зэрэглэлийн тоглогч. Нью-Йоркийн алдарт “Карнеги холл”-д уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч. Гадаадад олон жил амьдарч тоглолтоос тоглолтын хооронд аялсан С.Саянцэцэг сурсан эрдмээ хүүхэд залууст зааж, Монголоос дэлхийд үнэлэгдэх тоглогч төрүүлэхээр 25 жилийн дараа эх орондоо ирсэн. Саяа багш 1992 оноос хойш олон чадварлаг шавь төрүүлж, олон улсын тэмцээн уралдаанд эхний гурван байр эзлүүлж, амжилттай оролцуулжээ. Тэдгээрээс хамгийн сүүлийн сайхан мэдээ гэвэл ОХУ-ын Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын анхны олон улсын тэмцээнд түүний бяцхан шавь Хөгжим бүжгийн коллежийн сурагч есөн настай О.Нандин гуравдугаар байр, зургаан настай З.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлжээ.

С.Саянцэцэг: Би эх орондоо мэргэжлийн амбийц, тодорхой зорилготой ирсэн

2018-04-15 77 918 Дэлгэрэнгүй
Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв.

Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна

2018-05-21 2812 Дэлгэрэнгүй
Орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. 2012-2016 оны Парламентад УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайдаар ажиллаж байсан тэрбээр 2016 оны сонгуульд ялагдчихаад “Ногоон нүдэн лам” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичих цаг гарлаа хэмээн, шууд ажилдаа орж, 2017 оны арванхоёрдугаар сард “Жаран цагаан хонь” хэмээх шинэхэн романаа удтал хүлээсэн уншигчдын гарт тавьж байв.Нөхөртэйгээ хамтран бичиж 2008 онд хэвлүүлсэн “Ногоон нүдэн лам” романыг шимтэн уншсан олон мянган уншигчдын хүлээлт хийгээд урмыг “Жаран цагаан хонь” хугалаагүй бөгөөд худалдаанд гарснаас хойш өнөөг хүртэл номын дэлгүүрүүдэд бестселлерийн жагсаалтаас буугаагүй байна. 
Ц.Оюунгэрэл 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Жорлонгоо өөрчилье” төсөл санаачилж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангуулахын төлөө ажиллаж буй юм.

Ц.Оюунгэрэл: Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн

2018-09-30 128 1809 Дэлгэрэнгүй
Монос группийн гүйцэтгэх захирал Х.Анандтай кофе уунгаа хөөрөлдөв. Тэр бол хоёр дахь үеийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Социализмаас ардчилалд шилжсэн, алдаа оноотой, шуургатай он жилүүдэд бизнесээ эхлүүлсэн мөс зүсэгчид хүүхдүүдэдээ ажлаа хүлээлгэн өгчээ. Улс төр, эдийн засгийн маш тогтворгүй, таамаглахад бэрх үед компаниа байгуулсан гавьяатнууд одоо зөвлөхөөр ажиллан, залуусыг бизнесийн тэргүүн шугамд сойж байна. Х.Анандын үеийнхний ялгаа нь ЗХУ-д биш харин АНУ, Канад гэх мэт барууны орнуудад дээд боловсрол эзэмшин, Англи хэлийг бүрэн эзэмшсэн, олон орноор аялж, хөгжлийн түүхийг холоос биш ойроос судалсан. Товчоор бол юм үзэж, нүд тайлсан, эрч хүчтэй залуус. Бүгдийг тэгээс эхлүүлсэн эхний үеийнхний бизнесийг дараагийн түвшинд гаргах нь шинэ удирдагчдын үүрэг.

Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

2018-11-05 90 812 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 41 3282 Дэлгэрэнгүй

Дээшээ