Х.Ананд

Монос группийн гүйцэтгэх захирал
Х.Ананд: "Монос" гэр бүлийн компани мэт боловч үйл ажиллагаа, цар хүрээгээрээ олон нийтийн компани болчихсон

-Та саяхан хуримаа хийсэн. Баяр хүргэе. Гэр бүлийн хүнээ товч танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Хүслээ гэдэг. Бид хуримаа даруухан тэмдэглэе гэж бодсон ч их цаг шаарддаг юм байна. Хүн амьдралдаа нэг л удаа гэрлэх учраас бусдад даатгахыг хүсээгүй. Ажлаа хойш тавиад, хуримын зохион байгуулалтаа өөрөө хариуцсан. 

-Танайх хэдэн хүүхэдтэй болно гэж төлөвлөж байна?

-Гурав эсвэл дөрвөн хүүхэдтэй болно.

-Аль арван жилийн сургуулийг дүүргэсэн бэ. Хүүхэд байхдаа ямар хүүхэд байв?  

-Хобби дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд TOEFL-ийн шалгалт өгч, Калифорни муж дахь Санта Моникагийн их сургуулийг бизнесийн удирдлага гэсэн мэргэжлээр дүүргэсэн. Нэг сургуульд өргөдөл илгээн, тэнцсэн.   

Би хүүхэд байхдаа юм хутгаж найруулах дуртай байсан юм. Долдугаар ангид сургууль дээрээ нэг цагийн дотор гарын шингэн саван хийсэн юм. Харин одоо хоол хийх дуртай болсон. Миний хоол өөр өөр амттай болдог. Аав ээж хоёр их завгүй, гэртээ орой ирдэг байсан болохоор би хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ. Эгч оюутан болоод, Америк руу явчихсан. Би нэг л эгчтэй. Надаас зургаан насаар эгч болохоор намайг их эрхлүүлсэн. Зарим айлын хүүхдүүд хоорондоо муудалцан, зодолддог доо. Эгч бид хоёрт тийм асуудал байгаагүй. Их эвтэй өссөн. 

Аль ч их сургуулийн багшаас илүүтэй аав ээж хоёр миний багш нар. Тэднээс суралцах зүйл их болохоор аль болох цаг гарган, хамт байхыг боддог.   

ЗАХИРАЛ БАЙХ АМАРГҮЙ. БИ ОДОО Ч СУРАЛЦСААР БАЙНА

-Хамгийн анх хэзээ Моносын босгыг алхсанаа санадаг уу?   

-Тухайн үед Моносын үйлдвэр Баянзүрх дүүрэгт байсан юм. Тэндээс Таван шар дахь шинэ үйлдвэр рүү нүүснийг санадаг. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай үйлдвэрийн нээлтэд ирэхэд би цэцэг бариад угтсан. Багаасаа бизнесийн орчинд ойр өссөн ч бизнесийг хүн өөрөө л сурдаг. 

-Та хятад хэл сурахаар Хятадад хэсэг хугацаанд амьдарсан юм билээ. Одоо япон хэл бие даан сурч байгаа юм байна. Ер нь Дорнын соёлд татагддаг уу?

-Би аялах дуртай. Олон газраар явсан болохоор очсон орныхоо тоог мартжээ. Дахин аялахаар төлөвсөн. Бизнес хийдэг хүн хоёр хөрш орноо сайн судлах ёстой тул хятад хэл сурах гэж урд хөршид хэсэг амьдарсан юм. 

-Ажлын гараагаа ачигчаас эхэлсэн гэхээр би гайхлаа. Оюутан байхдаа ажил хийх ямар шаардлага байв?

-Сониуч зандаа хөтлөгдөөд нэг сар хагасын турш Зүүнбаян дахь төмөр замд ажилласан. Түүнээс цалин чухал байгаагүй.

-Та хэдтэйдээ Монос группийн гүйцэтгэх захирал болсон бэ?

-27-тойдоо энэ ажлыг ааваасаа хүлээж авсан. Би өөрийгөө эрт гүйцэтгэх захирал болсон гэж боддог. Гэхдээ тухайн үед тийм их сэтгэл догдлоогүйг бодоход бэлтгэгдсэн байсан юм болов уу. Захирал байх амаргүй. Би одоо ч суралцаж байна. Бид тухайн үед head hunting буюу гаднаас шилдэг захирлыг урьж ажиллуулах талаар ч судалсан. Гэхдээ эмийн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл онцлогтой бизнес. Өөр салбарт хэдий амжилттай ажилласан ч бизнесийн орчин нь их өөр тул гаднаас биш дотроосоо захирлаа томилсон.

Би 2011 онд төслийн менежерээр Моност ажилд орсон. Өөрөө бичин, гардаж хийсэн нь чацарганын төсөл. Тухайн үед бид "Энхжин", "Мөнхжин" цайг эмийн үйлдвэртээ хийж байсан юм. Эмийн үйлдвэрт хүнс үйлдвэрлэх нь зохимжгүй учир салгах нь зөв гэж шийдсэн. Бид чацаргана тариалдаг тул үүгээр юу хийвэл үр дүнтэйг судлахад чацаргана дангаараа үр ашиггүй, зардал их гэсэн дүгнэлт гарсан.

2012 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүрсний дараа чацарганыг экспортод гаргана гэж мэдэгдэж байв. Бүх нийтээрээ чацаргана тариалж эхэлсэн үе л дээ. Гэвч чацарганыг зун л тарина, машинаар түүх боломжгүй. Исгэлэн болохоор удаан хадгалахад хэцүү. Харин усан үзэм, алимнаас жилд ямар ургац авах билээ. Чацарганын мод эхний жилүүдэд ургац өгөхгүй, нэг модноос өдөржин түүхэд 5-10 кг жимс л хураадаг. Иймд "Цэнэг", "Эко", "Энхжин" цайны цувралдаа төвлөрсөн. Эдгээрийг “Монос хүнс” компанид үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж худалдан авалт гээд бүх зүйлд нь гар бие оролцсон. Энэ төсөл одоо ч амжилттай хэрэгжиж байгаа тул удахгүй IPO гаргахаар бэлдэж байна.

-Танай эгч ямар төслүүдийг хариуцдаг вэ? 

-Эгч үйлдвэрийн компаниудыг хариуцдаг. “Монос косметикс”-ийн ТУЗ-ийн дарга, Монос группийн ТУЗ-ийн гишүүн.

-Та одоо аавынхаа өрөөнд ажиллаж байна. Ямар нэг зүйлийг нь өөрчилсөн үү?    

-Аав эрдэм шинжилгээний ажилдаа илүү цаг гаргахын тулд шинэ оффистой болж нүүсэн. Энд бидэнтэй хамт байхаар хүмүүс зөвлөгөө авах гээд үүдэнд нь дугаарлачихдаг болохоор ажилдаа бүрэн төвлөрөхөд хэцүү байсан байх.

Тэгээд би аавын өрөөнд нь нүүж ирсэн юм. Номууд нь л өөр болсон. Түүнээс засвар хийгээгүй ээ. Чингис хаан, Шихихутаг, Чойномын зургууд нь өлгөөтэй л байгаа.    

-Яагаад Шихихутагийн зураг гэж?

-Монгол баатруудыг зурагт голдуу сэлэм зүүсэн, байлдаж байгаагаар дүрсэлдэг. Боловсролгүй, мэдлэггүй, дайтах л чадвартай хүмүүс мэтээр харуулах нь их. Чингис хааны есөн өрлөгөөс Шихихутаг хууль цааз, дотоод хэргийг хариуцдаг, жинхэнэ менежментийн хүн байсан тул зургийг нь онцлон байршуулсан юм.

2017-2018 ОН БИЗНЕСИЙНХЭНД ЭЭЛТЭЙ ЖИЛҮҮД БАЙНА

-Гүйцэтгэх захирал болоод ажлаа юунаас эхлэв?

-Бүтэц, засаглалаас эхэлсэн. KPI-г нэвтрүүлэн, менежментийн багаа чадваржуулахад анхаарлаа. 2014 онд америк доллар, евро улам үнэд орон, ашиг багатай, хүнд жилүүд байсан. Монос групп импорт, үйлдвэрлэл зэрэг эрхэлдэг. Гэвч импорт давамгайлсан тул ашиг ихээхэн буурсан. Бүтээгдэхүүнээ сайжруулах замаар ханшийн алдагдлыг давлаа. 2017-2018 он бол ээлтэй жилүүд байна.

Гэхдээ одоо ч манай үйлдвэрлэл болхи хэвээр байна. Импортоор авч болох байсан ч бид өөрсдөө үйлдвэрлэхийг илүүд үзсэн. Бэлэнчлэхийг хүсээгүй юм.   

-Шинэ хуучин захирлууд санал зөрөх үе гардаг уу?

-Маш ховор. Тэр тохиолдолд би бусад хүмүүсийн байр суурийг анхааралтай сонсдог. Долоо хоногт 2-3 удаа эхнэр, хүүхэдтэйгээ аавынд очиж, хамтдаа оройн хоол иддэг юм. Тэр үед ажлаа ярина, зөвлөнө. Аав заримдаа надаас ч илүү залуу сэтгэлгээтэй. Бид бодоогүй байхад анх цахим худалдааг санаачлан, emonos.mn хуудсыг нээсэн. Монголд хүргэлтийн үйлчилгээ огт байхгүй байхад эм хүргэлтийг эхлүүлсэн. Гэртээ хүүхдээ эсвэл өндөр настан асарч байгаа хүмүүс эмийн сан орох боломжгүй тул тэдэнд үйлчлэх ёстой гэж үзсэн. Бизнесийн зарчим дээр аав бид хоёр ер нь санаа нийлдэг.

-Хэдэн жилийн өмнө би утсаар захиалга өгөхөд багадаа л 20 мянган төгрөгийн эм авах ёстой байсан.

-Тэр босгыг халсан. Захиалгын үнийн дүн бага бол хүргэлтийн нэмэлт төлбөр л авдаг. Мөн эмээ урьдчилан захиалж болно. Маргааш ийм эмийг, энэ хаягаар авна гээд өмнөх өдөр нь захиалж болно. Улаанбаатар хот дотор байршил харгалзалгүй 24 цагийн турш хүргэдэг. Бидний алсын зорилго орон нутагт энэ үйлчилгээг нэвтрүүлэх. Эхний ээлжинд Дархан, Эрдэнэтэд нэвтрүүлнэ. Аймаг бүрт манай эмийн бөөний төв бий тул хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой.

-Та IPO гаргана гэлээ. Гурван жилийн өмнө Монос ХК болно гэх мэдээлэл тарсан. Моносын дээвэр дор эмийн сангууд, эм импортлогч, эм үйлдвэрлэгч, гоо сайхны, барилгын, хэвлэл мэдээллийн гээд олон компани бий. Чухам аль компанийг хувьцаат болгох вэ?

-"Монос хүнс"-ийг. Гурван жилийн өмнө манай эдийн засаг тогтворгүй байсан тул бид хүссэн хэмжээний санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээс татах эсэх нь эргэлзээтэй байв. ЖАЙКА-гийн хөтөлбөрийн дагуу зөвлөх үйлчилгээ авахад одоо цаг нь биш гэсэн юм.  

Иймд олон нийтэд хувьцаагаа нээлттэй санал болгох бэлтгэл ажлаа зогсоогоогүй ч арилжааг хойшлуулсан. Дэлхийн аудитын дөрвөн том компанийн нэгээр бид хөндлөнгийн шалгалтаа хийлгэдэг. Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк өмнө нь группийн 20 хувийг эзэмшдэг байсан тул группийн засаглал их сайжирсан. Бид хоёр жилийн өмнө тус банкнаас 20 хувиа эргүүлэн худалдаж авсан.

Өнгөрсөн оноос эхлэн хөрөнгийн зах зээлд хөл тавьсан компаниуд санхүүжилтээ амжилттай татаж байна. Иймд саяхан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржид хүсэлтээ гаргалаа. Тэд зөвшөөрөл олгосны дараа олон нийтэд зарлана. Хуулиар хориотой тул би одоо хувьцааг чухам хэзээ арилжих, нэгж хувьцааны үнэ хэдэн төгрөг байх талаар ярьж болохгүй.

-Санхүүжилт татах ямар шаардлага тулгарав?

-Жишээ нь манай эмийн сангууд жилд давхардсан тоогоор 5-6 сая хүнд үйлчилдэг. Монголд нийт 1800 эмийн сан бий. Бид 1300-д нь эм түгээдэг. Мөн эм үйлдвэрлэдэг тул Монгол Улсын эрүүл мэндийн салбартай салшгүй холбоотой болсон. Цаасан дээр гэр бүлийн компани мэт харагдавч үйл ажиллагаа, цар хүрээг нь харвал хэдийнэ олон нийтийн компани болчихсон. Илүү хөгжье гэвэл компаниа олон нийтийнх болгох ёстой Гэр бүл дотроо биш, хамт олонтойгоо ашгаа хуваахыг зорьж байна. Анх "Монос хүнс" 20 ажилтантай ажлаа эхэлсэн бол одоо 118-уулаа болсон.    

Нөгөө талаас хүмүүс өвдөхөөс урьдчилан сэргийлэх алхмуудыг их сайн мэддэг, хэрэгжүүлдэг боллоо. Ганц манайд ч биш, дэлхий нийтээрээ энэ хандлага руу явж байна. Эмийн ургамлаар бид эм л үйлдвэрлэдэг байсан бол одоо өвчнөөс урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж байна. Энэ бизнес жил бүр өндөр өсөлтөө хадгалдаг. Ходоодны шархыг удаан хугацаанд эдгээх "Экос" цэвэр ус гэх мэтээр бүтээгдэхүүний тоогоо ч нэмлээ. Манай бүх бүтээгдэхүүн органик, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Гэтэл 2011 онд худалдан авсан тоног төхөөрөмжүүд хуучирсан. Бид маркетингийн үйл ажиллагаа явуулаагүй ч зах зээл нь тэлсээр байна. Ажилчид гурван ээлжээр ажиллаад эрэлтээ гүйцэхгүй байна.       

Найман нэрийн дэлгүүр гэх мэтийг оруулаад зөвхөн нийслэлд ойролцоогоор 13 мянган борлуулалтын цэг бий гэсэн албан бус тоо бий. Гэтэл бид 1300-д нь л бараагаа хүргэдэг тул үйлдвэрээ өргөтгөнө. Яваандаа “Монос хүнс” экспортын компани болох боломжтой. Бид Японд "Эко" уусдаг цай болон "Бэрривит" ааруулын зарим төрлийг бүртгүүллээ. Туршилт хийх зорилгоор дэлгүүрүүдэд худалдаж эхэлсэн. Хэрэв хэрэглэгчид сонирхож байвал Японд олон тоогоор нь үйлдвэрлэнэ. Зөвхөн Монголд ургадаг эмээр зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг тул давтагдашгүй бүтээгдэхүүнүүдээ брэнд болгох зорилготой.

Мөн урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүний зах зээл эмийнхээс хамаагүй том. Манай эм үйлдвэрлэгчид нийт зах зээлийн 20 хувийг, импортын компаниуд 80 хувийг эзэлдэг. Жилийн эргэлт нь 250-300 тэрбум төгрөг. Эмийг байнга сурталчлаад байж болохгүй. Хүн өвдсөн үедээ л эм ууна. Харин урьдчилан сэргийлэх бүтээгдэхүүнийг хүн бүр хэрэглэж болох тул зах зээл нь хамаагүй том. Мөн цоо шинэ зах зээл. Яг одоо Хөрөнгийн биржид “Монос хүнс" шиг эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани байхгүй.

Мөн бид инновацийн компани гэдгээрээ ялгардаг. Эм судлалын хүрээлэнгийн хийсэн эрдэм шинжилгээний ажилд тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хувьцаат компаниуд үл хөдлөх хөрөнгө гэх мэт биет хөрөнгөө үнэлүүлэн, үнэлгээ тогтоолгодог. Харин бид патент, инновацаа үнэлүүлнэ.     

Олон нийтээс татсан санхүүжилтээр үйлдвэрээ өргөтгөн, одоогийн бүтээгдэхүүнүүдийн найрлага, агуулга сайжирна. Мөн “Цэнэг”-ийн савлагааг тагтай болгон, хэрэглэхэд улам хялбар болгох, халаасны “Цэнэг” буюу бага хэмжээтэйгээр савлах зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.  

МОНОС АРВАН ЖИЛИЙН ЭКСПОРТЫН ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЛАА

 

-“Монос хүнс”-ийн борлуулалт тогтмол өссөнд иргэд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэг болсон нь нөлөөлсөн үү?

-Аль аль нь нөлөөлсөн. Дижитал хөгжлийн нөлөөгөөр хүмүүс зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэл авахаа больсон. Хэрэгтэй мэдээллээ интернетээс авч байна. Хүмүүсийн хүнс, эмийн хэрэглээ өөрчлөгдөж байна. Нөгөө талаас дотоодын бүтээгдэхүүнээ сонгох нь түгээмэл боллоо. Таван жилийн өмнө ийм байгаагүй. Улс, үйлдвэрлэгчид, МҮХАҮТ гээд бүх түвшинд дуугарсны үр дүнд үйлдвэрлэл хөгжлийн үндэс гэдгийг ойлголоо. Дотоодын бүтээгдэхүүний чанар ч сайжирсан. Компаниудын тоног төхөөрөмж, орчин, боловсон хүчин сайжирч, сав баглаа импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрлээ. Тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах тусам улам хөгжинө.

Үйлдвэрлэгчид ингэж хөгжихийн хэрээр Монгол Улс түүхий эдээ биш бэлэн бүтээгдэхүүн экспортлох замаар орлогоо өсгөж болно.

-“Монос хүнс”-ийн алсын хараа юу вэ?

-Сахарын агууламж багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. Мөн бид түүхий эдэд их ач холбогдол өгдөг. Дахин боловсруулсан картон хайрцгууд хэрэглэж байна. Ингэснээр модоо хэмнэнэ.   

Группийн алсын харааны тухайд бид бүтээгдэхүүнээ экспортолж сурлаа. Биомон шампунийг урд хөршид цахимаар борлуулдаг. Харин одоо яаж их хэмжээгээр үйлдвэрлэх, худалдааны томоохон түнштэй болох арга замыг хайж байна. Арван жилийн экспортын туршлага хуримтлууллаа. Гэсэн ч бид шинэ зах зээл туршиж байна. Бүтээгдэхүүнээ хилийн чанадад гаргасан бол экспортолсон гэсэн үг биш. Маркетинг, түгээлт, борлуулалтын дараа хэрэглэгч худалдаж авдаг.

Азиуд, ялангуяа Хятадад эрчүүд нь 40 нас хүрээд халзарч эхэлдэг юм байна. Иймд Биомон шампунийг урд хөршид худалдаж эхэлсэн. Бээжин дэх оффисоо Гуанжоу руу нүүлгэн, эндээс түүхий эдээ явуулж, тэнд үйлдвэрлэхээр судалж байна. Ингэснээр өртөг буурч, өрсөлдөх чадвар нь өснө. Энд үйлдвэрлээд төмөр замаар тээвэрлэн, гааль, татварын хураамжаа төлж борлуулахад үнэ өсчихдөг.                

Apple бүтээгдэхүүнээ Америкт үйлдвэрлэдэггүй. Технологи, загварын компани нь АНУ-д ажиллан, патентаа эзэмшин, үйлдвэрүүд нь Энэтхэг, Хятад, Вьетнамд тархсан. Apple Америкт үйлдвэрлэлээ явуулсан бол нэгж бүтээгдэхүүний үнэ нь 3-4 дахин өсөх байв. Томоохон брэндүүд бүгд энэ жишгээр ажилладаг. Бид хэдий үйлдвэрээ хилийн цаана нээсэн ч ашиг нь эргээд Монголд орж ирнэ. Заавал Монголд үйлдвэрлэж, бэлэн бүтээгдэхүүн экспортолно гэвэл бүтэхгүй. Хэрэв ингэж бодож байгаа бол хуучин, болхи сэтгэлгээ юм. Бид эндээс түүхий эдээ л гаргаж чадна.     

Жишээ нь манай ноолуурын салбарынхан Солонгост ноолуураа дахин боловсруулж, энд бүтээгдэхүүнээ эсгэж, оёж байна. Ер нь хаана, хэн хийж чадаж байна, тэр газарт нь ажлаа хийлгэх нь зөв. Өөрөө бүгдийг хийж чадахгүй. Олон зуун жилийн өмнө бид уулын бэлд тус тусдаа амьдарч, энэ маягаар амьдарч байв. Одоо бол үгүй.

Герман, Голландад чацарганаар шампунь, нүүрний тос, чихэр үйлдвэрлэдэг. Гэтэл бид чацарганын шүүстэйгээ зууралдсаар. Чацарганын түүхий эдийн 90 хувь нь Өвөр Монголд байхад бид чацаргана экспортолно гэдэг. Тэд говьд ургасан, чанартай гэх мэтээр арван жилийн турш оролдоод Япон руу бүтээгдэхүүн гаргаж чадаагүй юм билээ. Багахан түүхий эд л нийлүүлдэг. Бид чацарганын дэлхийн зах зээлийн дөнгөж 3-4 хувийг эзэлдэг.  Жимсийг нь авчихвал чацарганын шүүсийг хэн ч хийж чадна.            

-Манай баруун аймгуудад ургасан чацаргана илүү тослог, чанартай гэж ойлгодог.

-Эрс тэс уур амьсгалд ургасан учраас тослог ихтэй байж болно. Амин дэмийн орц найрлагад нь их. Гэвч хөрөнгө оруулагчид бага зардалтайг нь сонгодог. Тэд Орос, Хятадад ургасныг худалдаж аваад, орцыг нь хоёр дахин нэмэхийг илүүд үзнэ.       

-"Биомон" шампунь урд хөршийн зах зээлд богино хугацаанд өргөн нэвтэрсэн нь монголын онгон байгальд ургасан ургамлаар хийсэн гэдэг имижээс үүдсэн үү?

-Яг тийм. Ер нь гаднынхан Монгол гэхээр хөдөө нутгийг төсөөлөн боддог. Зэрлэг, эвдэгдээгүй байгальтай улс гэдгээр нь сайн мэднэ. Гаднын телевизийн сувгуудаар хэзээ Улаанбаатарыг харуулж байлаа даа. “Монголд үйлдвэрлэв” гэвэл эргэлзэнэ. Үйлдвэр нь ямар ч юм билээ гэж бодно. Жишээ нь Конго Улсад үйлдвэрлэсэн эм худалдвал та авах уу? Конгогоос авчирсан жимсний орцтой гэвэл та харин сонирхох байх. Яг л үүнтэй адилаар Монголыг хүлээн авдаг. Энэ сэтгэхүй дээр бид тоглох ёстой.

-Хойд хөрш рүү хийж буй экспортын тухайд?

-Жилд 200 мянган ширхэг Нефромон эмийг Санкт Петербург хотод худалдаж байна. 200 мянган ширхэг бол энэ хотын хагас сарын нөөц. Нарийн навчит цахилдаг бол эндемик буюу Монголоос өөр газар ургадаггүй ургамал. Энэ ургамлыг тарималжуулах ажил уруу ханцуй шамлан орсон. Өвөр Монголчуудтай хамтран энд тарина. Санкт Петербург хотын эрэлтийг бүрэн хангая гэвэл жилд 40 тонн нарийн навчит цахилдаг хэрэгтэй. Одоо жилд 8 тонныг хураадаг. 4 тонноор нь Орост гаргах, үлдсэн 4 тонноор нь Монголд худалдах эмээ үйлдвэрлэж байна.     

-Монгол Японы хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулаад гурван жил өнгөрлөө. Энэ гэрээ үндэсний үйлдвэрлэгчдэд ямар давуу тал олгосон бэ?

-Одоогоор бид бага хэмжээтэй экспорт гаргаж байгаа тул татварын хэмжээнд нөлөөлөөгүй. Энэ гэрээ илүү Япон талдаа ашигтай болсон. Учир нь тус улсын барааг их хэмжээгээр нь стандарт хангасан тул хэмээн импортолж байна. Гэтэл монгол бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн ч дийлэнх нь стандарт хангадаггүй. Бид нэг жилийн турш хөөцөлдөн, тэдний лабораториудад шинжлүүлсний эцэст долоон бүтээгдэхүүн худалдах зөвшөөрөл авсан. Тяньжин хүртэл онгоцоор, цааш нь усан боомтоор тээвэрлэхэд зардал өсдөг. Тэгэхээр Монголд үйлдвэрлэх шаардлагагүй болж байна. Япон ЕХ-ноос ч өндөр шалгууртай тул тэдний стандартыг давснаар бусад улсад нийлүүлж болно. Гэхдээ ойрын хугацаанд Япон руу их хэмжээний бэлэн бүтээгдэхүүний экспорт хийх боломжгүй. Малын тэжээл, нохой муурын хоол гэх мэт хоёрдогч түүхий эдийн хувьд арай өөр л дөө. 

Хэрэв Монгол экспортод түшиглэн хөгжинө л гэж байгаа бол малын гаралтай түүхий эд, ургамлаа л худалдана. Япон руу бид ноолууран бүтээгдэхүүн, түүхий чацаргана л цөөн тоогоор гаргаж байна.     

-"Монос" групп хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-1600 ажилтантай. Их сургууль, франчайз бизнесээ оруулбал 2000 давсан. Эрүүл мэндийн компани учраас бид хүмүүсийг өвчнөөс нь ангижруулдаг. Энэ нь бидний бахархал. Бидний нийгмийн өмнө хүлээсэн гол хариуцлага бол чанартай эм үйлдвэрлэх.      

-Инновацийн тухай хуулийг баталсан ч журмыг батлаагүй тул чухам ямар бүтээгдэхүүн үйлчилгээг инновацийн гэх, тэдгээрт ямар хөнгөлөлт урамшуулал үзүүлэх, татвараас хэрхэн хөнгөлөх нь тодорхойгүй хэвээр байна гэж энэ салбарынхан шүүмжилдэг.

-Аль ч компанид хүн буюу ажилтнууд нь хамгийн үнэтэй баялаг. Манай эрдэм шинжилгээний хүрээлэнгийн зардлын 50-иас дээш хувь нь хүн зардал байдаг. Судалгаа шинжилгээний компаниуд борлуулалт хийдэггүй тул яг ямар зардлыг нь хөнгөлөх вэ гэдэг нь ойлгомжгүй. Яваандаа энэ хууль сайжрах байх. 

-Монголд хувийн эмийн сангууд байгуулаад 28 жил өнгөрчээ. Манай эмийн санд даралтаа хянуулан, эмчээс эмийн талаар болон эрүүл мэндийн зөвлөгөө авч болно. Мөн эм түгээж байна, аппликэйшнтэй боллоо. Тэгэхээр манай хувийн эмийн сангууд 30 нас хүрээгүй ч 100 жилийн туршлагатай компанитай өрсөлдөж чадна. Учир нь Европ, Солонгосын эмийн сангууд ийм үйлчилгээ үзүүлдэггүй.       

Нэг зүйл нэмж хэлэхэд бид оноо цуглуулах, NFC чиптэй хөнгөлөлтийн карт нэвтрүүлсэн. Хэрэглэгч жилийн эцэст ч юм уу ер нь би ямар үнийн дүнтэй эм хэрэглэсэн бэ гэдгээ мэдэхийг хүсвэл бидэнд хандаж болно. Бид картынх нь мэдээллийг мэйлээр илгээнэ, эсвэл хэвлээд өгдөг. Учир нь хөнгөлөлтийн карт таны болон танай гэр бүлийн эрүүл мэндийн түүхийг агуулдаг. Энэ түүхээ эмчдээ үзүүлж, зөвлөгөө авч болно. Таны мэдээллийг танд л гаргаж өгнө. Цаашид энэ картаар асаргаа сувилгааны газарт ч хөнгөлөлт эдлэх боломжийг нээхээр ажиллаж байна.

-Банкуудын карт ч NFC чиптэй болоогүй байна.

-Тийм. Мөн манай эмийн сангууд антибиотикийг жоргүйгээр олгодоггүйд хүмүүс их бухимддаг. Тэгээд өөр эмийн сангаас эмээ авчихдаг. Бусад эмийн сангуудыг ч жортой олгоё гэж уриалж байна.

Антибиотикийн дасал, түүний хор уршгийг таниулах зорилгоор бид хоёр сар тутам товхимол хэвлэн, үнэгүй тараадаг.

Мөн бид Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм худалддаггүй. Энэ бол бидний нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага. Улаанбаатар марафоныг арваад жилийн өмнөөс жил бүр "Монос" групп санаачлан зохион байгуулж, яваандаа нийслэлд хүлээлгэж өгсөн. Бид спортыг дэмждэг. Асрамжийн газрууд, сувилалд хүүхдийн витаминууд хандивлаж байна.         

Эм импортлоход дор хаяж 20 мянган ширхгийг захиалж, нийлүүлэгч тал манай захиалгыг хүлээн авдаг. Гэтэл манай эмийн зах зээл жижиг тул тухайн компанид хүсэлт гарган, зарим эмээ цөөн тоогоор оруулж ирдэг. Жишээ нь элэгний С вирусын Вирпас эмийг худалдсанаар бараг алдагдал хүлээж байна. Хорт хавдрын эсрэг хамгийн өндөр үр дүнтэй эмийг мөн борлуулж байна. Энэ эм үнэтэй болохоор зах зээл нь жижиг,  борлуулалт бага ч түгээлтийн зардал гардаг.

-Таны хүндэлдэг, үг үйлдлийг нь дагадаг, өөртөө үлгэр дуурайл болгодог бизнесмэн хэн бэ?

-Монголд бүртгэлтэй олон мянган ААН бий. Тэдний 5000 орчим нь татвар төлдөг. Эдгээр компанийн бүх захирлыг би хүндэлдэг, тэдэнд баярлаж явдаг. Тэд улсын эдийн засгийг үүрдэг, ажлын байр бий болгодог. Тэднийг өөлөх биш нийтээрээ дэмжих ёстой.           

-Та өөрөө үйлдвэрлэгч учраас үндэсний бусад брэндийг мөн дэмждэг үү?

-Тэгэлгүй яах вэ. Заримдаа сав баглаа нь тааруу байсан ч худалдаж авдаг. Импортын сүү, ундаа огт хэрэглэдэггүй. Хувцасны хувьд би брэнд хөөдөггүй. Биед эвтэйхэн байх нь л чухал.  

-Бизнес эрхэлж байгаад улстөрч болохыг юу гэж боддог вэ?

-Тэнцвэр байх ёстой. Дан улс төрөөр дагнасан болон хувийн хэвшлийн төлөөллийн аль аль нь Засгийн газар, парламентад зэрэгцэн ажиллах ёстой. Ажлын байр бий болгодог, татвар бүрдүүлэгчдийн тодорхой төлөөлөл шийдвэр гаргах түвшинд оролцон, мессежүүдээ өгөх ёстой. Татвар, хяналт шалгалтын замаар хувийн хэвшлийг дарамталж болохгүй гэх мэт саналаа илэрхийлэх ёстой. Өөр шалтгаанаар улс төрд хөл тавих хүмүүс байхыг үгүйсгэхгүй.            

-Шинэ бүтээгдэхүүнээ хамгийн түрүүнд өөрөө туршдаг уу?

-Тэгнэ. Цахим орчинд хүмүүс манай бүтээгдэхүүний талаар санал гомдлоо илэрхийлбэл би нэг бүрчлэн тэмдэглэж, яаж сайжруулах тухай бодно.   

-Та бүхэн шилдэг санаа гаргасан ажилтнуудаа шагнадаг уламжлалтай. Та захирлаар ажилласнаас хойш ямар шилдэг санаа шалгаруулав?    

-“Монос хүнс”-ийн технологич "Эко" цай үйлдвэрлэх санал гаргасан. Ер нь бид шинэ саналын эзэнд тухайн төслийг нь бүрэн хариуцуулдаг. Өмнө нь группийн хэмжээнд “Алтан зөгий” гэж уралдаан зарладаг байв. Одоо компани тус бүр шилдэг санаагаа өөрсдөө шалгаруулдаг болсон.   

-“Монос хүнс"-ийн хувьцааг арилжих явцад хувьцааны төвлөрлөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Сүүлийн үед хүмүүс хөрөнгийн зах зээлийг их сонирхох боллоо. Хувьцааны данс нээлгэсэн иргэдийн тоо огцом өсөж байна. Хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниуд сургалт зохион байгуулдаг боллоо. Хүмүүс энэ талаарх мэдээллийг илүү их авах болсноор хувьцаа худалдаж авах сэдэл төрсөн. Хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо өсөхийн хэрээр хувьцааны төвлөрөл, үнийн хөөснөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Цөөн тооны, томоохон тоглогч буурах нь цаг хугацааны асуудал.             

-Ярилцсанд баярлалаа.  

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

 

Санал болгох

Хаан хөгжмийн хатан төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг “GoGo Cafe”-ны энэ удаагийн зочин. Хөгжим, бүжгийн дунд сургуулийн сурагч 15-хан настай охин П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд сургуульд сурахаар Москва руу явж байв. Улмаар П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөн, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн сонгодог урлагийн содон төлөөлөл. Тэрбээр Орос, Хятад, Япон, Болгар, Мексик, Канад, Өмнөд Америк, АНУ, Украйн, Итали, Испани, Швед, Унгар, Герман зэрэг олон орны алдартай танхимуудад тоглож, төгөлдөр хуурын гайхамшгийг мэдрүүлсэн мэргэжлийн өндөр зэрэглэлийн тоглогч. Нью-Йоркийн алдарт “Карнеги холл”-д уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол төгөлдөр хуурч. Гадаадад олон жил амьдарч тоглолтоос тоглолтын хооронд аялсан С.Саянцэцэг сурсан эрдмээ хүүхэд залууст зааж, Монголоос дэлхийд үнэлэгдэх тоглогч төрүүлэхээр 25 жилийн дараа эх орондоо ирсэн. Саяа багш 1992 оноос хойш олон чадварлаг шавь төрүүлж, олон улсын тэмцээн уралдаанд эхний гурван байр эзлүүлж, амжилттай оролцуулжээ. Тэдгээрээс хамгийн сүүлийн сайхан мэдээ гэвэл ОХУ-ын Москва хотод болсон нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын анхны олон улсын тэмцээнд түүний бяцхан шавь Хөгжим бүжгийн коллежийн сурагч есөн настай О.Нандин гуравдугаар байр, зургаан настай З.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлжээ.

С.Саянцэцэг: Би эх орондоо мэргэжлийн амбийц, тодорхой зорилготой ирсэн

2018-04-15 77 918 Дэлгэрэнгүй
Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв.

Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна

2018-05-21 2812 Дэлгэрэнгүй
Орон нутгийн иргэдийн хөгжлийг дэмжих “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. 2012-2016 оны Парламентад УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайдаар ажиллаж байсан тэрбээр 2016 оны сонгуульд ялагдчихаад “Ногоон нүдэн лам” романыхаа хоёрдугаар дэвтрийг бичих цаг гарлаа хэмээн, шууд ажилдаа орж, 2017 оны арванхоёрдугаар сард “Жаран цагаан хонь” хэмээх шинэхэн романаа удтал хүлээсэн уншигчдын гарт тавьж байв.Нөхөртэйгээ хамтран бичиж 2008 онд хэвлүүлсэн “Ногоон нүдэн лам” романыг шимтэн уншсан олон мянган уншигчдын хүлээлт хийгээд урмыг “Жаран цагаан хонь” хугалаагүй бөгөөд худалдаанд гарснаас хойш өнөөг хүртэл номын дэлгүүрүүдэд бестселлерийн жагсаалтаас буугаагүй байна. 
Ц.Оюунгэрэл 2017 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Жорлонгоо өөрчилье” төсөл санаачилж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангуулахын төлөө ажиллаж буй юм.

Ц.Оюунгэрэл: Би байгаа мөнгөндөө тааруулан өөрийгөө бүрэн дайчлах зарчмаар л ажиллаж, амьдарч ирсэн

2018-09-30 128 1809 Дэлгэрэнгүй
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Отгонбаярыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. “Чи минь байгаа болохоор” нэртэй уран бүтээлийн тайлан концертоо энэ сарын 23, 24-ний өдөр UB Palace-д тоглохоор бэлтгэж буй түүний их ажлын хажуугаар хэсэг зуур ярилцсанаа Уншигч танд хүргэж байна. 

Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. 

Д.Отгонбаяр “Чи минь байгаа болохоор” концертдоо 10 жилийн ангийнхаа 21 сурагчийг урьжээ.

Д.Отгонбаяр: Өөрийгөө ялж чадвал жинхэнэ утгаараа амьдарч байна гэсэн үг. Би одоо л амьдарч эхэлж байна

2018-11-14 41 3282 Дэлгэрэнгүй

Дээшээ