Иргэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-11-05 09:34 GMT+8

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар иргэд жилд нэг удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй. Мөн 2 сая хүртэлх төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй юм. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний чанарын газрын ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.

-Иргэд эрүүл мэндийн ямар төрлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй вэ? 
-Эрүүл мэндийн тухай хуульд  даатгуулагчийн нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нь үндэслэн товлолт хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 2018 оны 9 сарын 28-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулах журмыг баталсан.

18-34 насныхан бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг буюу уушгины сүрьеэ өвчин, уушгины өвчнийг илрүүлэхэд чиглэсэн оношилгоо шинжилгээнд хамрагдана.  

 

Энэ онд 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн багцыг баталсан. 18-34 насныхан бэлгийн замын халдварт өвчин, рентген зураг буюу уушгины сүрьеэ өвчин, уушгины өвчнийг илрүүлэхэд чиглэсэн оношлогоо шинжилгээнд хамрагдана. 35-45 насныхан зүрх судасны өвчин, өөх тосны солилцоо үзэх, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх хийлгэх, хэвлийн ЭХО харуулах, эмэгтэйчүүд нь умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдана.

Харин 46-64 насныхны багцад өөх тосны солилцоо, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, эрэгтэй хүнд түрүү булчирхайн үзлэг, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээг үзүүлнэ. 65-аас дээш насныхан өөх тосны солилцоог үзүүлнэ, зүрхний цахилгаан бичлэг ходоодны дурангийн оношлогоо, нүдний уг дурандуулах үзлэг байгаа. Бүх насны даатгуулагчид урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдахаас өмнө биеийн ерөнхий үзлэг хийлгэнэ. Биеийн жингийн индексийг тодорхойлох, цусны даралтыг хэмжүүлнэ. Ингэснээр зүрх судасны өвчнөөс сэргийлэх  үзлэг хийж байгаа юм.

-Иргэд харьяах эмнэлгүүддээ хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах уу?
-Улсын хэмжээнд эрүүл мэндийн 156 байгууллага эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, аймгуудад байдаг бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, сум дундын эмнэлгүүд, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвүүд, НЭМГ-ын харьяа эмнэлгүүд болон гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байгаа эмнэлгүүд,  хувийн хэвшлийн  эрүүл мэндийн байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэгийг ЭМД-аар хийж байна.

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд даатгуулагчаас ямар шаардлага хангасан байх вэ?
-Нэгдүгээрт эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бүрэн төлсөн байх, даатгуулагч нь өөрийн насны багцад хамаарах оношлогоо шинжилгээг хийлгэнэ. Тэр багц нь дэд багцтай бол аль нэгийг нь сонгон үйлчлүүлнэ. Ингээд хувийн болон улсын эмнэлгүүдээс харьяалал харгалзахгүй, өөрийн сонголтоор үйлчлүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах эрхтэй.

-Хувийн хэвшлийн хэчнээн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар тусламж үзүүлэх вэ?
-Хувийн хэвшлийн эрүүл мэндийн 73 байгууллага даатгалаар үйлчилгээ үзүүлж байна. Үүнээс Улаанбаатарт Градмед эмнэлэг, Гялс төв гэх мэт 40 байгууллага, орон нутагт 33 байна.

-Иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах байдал ямар түвшинд байгаа бол?
-Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

-Нэг хүн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах төсөв нь ямар вэ?
-Багц шинжилгээний төрлөөс шалтгаалан төсөв нь 43-63 мянган төгрөг байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг эрүүл мэндийн цахим мэдээллийн санд бүртгэж байх юм. Цахим мэдээллийн сангийн эрхийг бүх эмнэлэгт нээж өгсөн учир эмнэлэгт хандсан хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээллээр баяжиж явах юм.

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Үүнд хэвтэн эмчлүүлэх, нөхөн сэргээх, оношлогоо шинжилгээ, амбулаторийн үзлэг, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээ авах боломжтой гэв. 

 

GoGo Facebook Хуудас
 
 
ЖДҮ-ийн сангаас зээл авсан гэж үзэж буй УИХ-ын гишүүд, Сайд нарт ямар хариуцлага тооцох нь зүйтэй гэж та бодож байна?
Нийт 3164 санал өгсөн байна.

Дээшээ