Жон Белл: Хүн бусдаас суралцахаа зогсоосон цагт л тэтгэвэртээ гарах хэрэгтэй
Б.Эрдэнэчимэг Сэтгүүлч

“CEO цуврал” үргэлжилсээр. Энэ удаад бид ХААН банкны гүйцэтгэх захирал Жон Беллтэй ярилцав. Америкийн зүрх гэгддэг Чикагод өнгөрүүлсэн түүний хүүхэд нас, өөрийгөө болон дэлхийг, харилцан адилгүй үзэл бодлуудыг танин мэдэж, уран зохиол, философид шимтсэн оюутан нас болон мэдээж хэрэг банкир болсон замналынх нь тухай ярилцсан юм.

-Та Америкийн аль хэсэгт төрж өссөн  бэ?
-Би Нью-Мексик мужийн Альбукерке хотод, цэргийн баазад төрсөн. Аав тэр үед ахмад цолтой, цэргийн хүн байлаа. Хэсэг хугацаанд армид алба хаасан юм. Намайг жаахан байхад манайх Иллинойс муж руу нүүсэн болохоор би төрсөн хотдоо дахин очоогүй. Миний өссөн газар хөдөө аж ахуйн хот байв. Тариаланчид үр тариа, эрдэнэ шиш, төрөл бүрийн шош тариалдаг. Гахай, үхэр олонтой. Дараа нь манайх Чикагод суурьшсан нь бас л фермерийн гол бүс нутаг байлаа. Чикагог “Дэлхийн гахайн мах бэлтгэлийн гол төв” гэж нэрлэдэг байв. Харин одоо Чикаго эрдэс баялгийн гол зах зээл болсон. Аав тэр үед хуульч байсан болоод ч тэр үү, би фермийн аж ахуйн талаар сайн мэддэггүй. Манайх хотын төвд амьдардаг байсан.

-Таныг Америк хөлбөмбөгт дуртай гэж дуулсан. Та аль багийг дэмждэг вэ?
-Би хүүхэд байхдаа олон төрлийн спортоор хичээллэдэг байлаа. Гэхдээ Америк хөл бөмбөгт илүү дуртай. Өрөөнд минь байгаа тэр дуулга дээр Дик Баткос гэж миний шүтээн болсон тамирчин гарын үсгээ зурсан. Би “Chicago bears” багийн хөгжөөн дэмжигч. Дик Баткос талбайн гол хэсгийн тоглогч. Би бас энэ байрлалд тоглодог байв. Өрсөлдөгч багийн тамирчдыг нэвтлэн довтлох шаардлагатай тул энэ байрлалын тамирчин бусадтай мөргөлдөнө, унана, биеийн хүч их шаарддаг. Би долоо бил үү, найман настайдаа америк хөл бөмбөгийн анхны тэмцээндээ оролцсон. Би тэр үед үеийнхэн дотроо том биетэй, илүү хурдан гүйдэг байв. Намайг бага байхад хүн бүр л ирээдүйд сайн тамирчин болно гэцгээдэг байсан. Гэвч би багадаа өсгөлүүн том биетэй байсан ч өсөлт эрт зогсчихсон. Н
аймдугаар ангид байхдаа биеэр одоогийнх шиг харагддаг байв. Манай өвөө, аав мөн энэ спортоор хичээллэсэн. Тэгэхээр би америк хөл бөмбөгт дуртай болохоос аргагүй орчинд өссөн.

-Хөл бөмбөг тоглодог байхдаа хэр их бэртэж байв?
-Америк хөл бөмбөг ширүүн өрсөлдөөнтэй спорт. Гарынхаа бараг бүх хуруу, хоёр хөлөө хугалсан. Бейсболл тоглож байхдаа ч бэртсэн тохиолдол бий. 11-тэйдээ зүүн хөлөө нэг жилд хоёр удаа хугалж байлаа. Эрэгтэй дүү маань тархиа хөдөлгөж байв. Ер нь америк хөл бөмбөгийг удаан тоглоход тохиромжгүй. Миний өсөлт зогссон болохоор би америк хөл бөмбөг тоглохоо больж, гольф, ширээний теннис гэх мэт биеийн хүч шаардахгүй спортоор хичээллэх болсон. Гэхдээ би одоо ч америк хөл бөмбөгт дуртай. Сүүлийн 25 жилийн турш Америкт амьдраагүй учраас тоглох боломж олдсонгүй. Заримдаа тогломоор санагдах үе бий.

-Та дунд сургуульд байхдаа математикт сайн хүүхэд байсан нь гарцаагүй. Өөр ямар хичээлдээ сонирхолтой байв? 
-Бүх хичээлдээ жигд сайн байсан. Би их дотогшоо, үг дуу цөөнтэй, ном их уншдаг хүүхэд байлаа. Надад бараг л найз байгаагүй. Харин номын санчидтай их найзална. Ихэнх цагаа хичээлдээ зарцуулдаг, их сургуульд элсэн орохын тулд голч дүнгээ өндөр байлгахад их анхаардаг байв. Ахлах сургуулиа төгсдөг жил аав ээж хоёр минь салсан юм. Энэ явдал надад их хүнд туссан байх. Тэгээд эцэг эхийнхээ салалтад санаа зовохын оронд өөрийнхөө хянаж чадах зүйлд л анхааръя гэж шийдсэн. Тэр нь миний хичээл. Нийт 1000 хүүхэд ахлах сургууль төгсөхөд би 67 дугаарт жагсаж байв. Миний голч оноо 4.27 байсан нь миний өмнө жагссан зарим хүүхдийнхээс өндөр байв. Би нэмэлтээр зарим хичээлээ гүнзгийрүүлэн судалсан учир өндөр оноо авсан.

Гэхдээ хичээлийнхээ хажуугаар ажил хийнэ, спортоо ч бас орхиогүй. Гэр ахуйн тавилга хэрэгсэл худалддаг “Crate & Barrel” нэртэй дэлгүүрийн агуулахад ажилладаг байсан нь миний хамгийн анхны албан ёсны ажил байлаа. Долоо хоногт 16-20 цаг ажиллана. Цагийн 3.25 долларын цалинтай байсан нь тухайн үед муугүй орлого байсан шүү.

БОЛОВСРОЛ ЧИНИЙ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ Л ТОДОРХОЙЛНО

-Сая та албан ёсны анхны ажил гэлээ. Үүнээс өмнө ямар ажил хийсэн юм бэ?      
-Би 12-тойдоо анх сонин түгээгчийн ажил хийж байлаа. Эрэгтэй дүүтэйгээ хамт өглөө 05.00 цагт босоод дугуйгаар ажилдаа явна. 

Дунд сургуульд би найз нөхөдтэйгөө дарвиж, гадуур гардаггүй, томоотой хүүхэд байлаа. Харин сургуулиас зохион байгуулдаг, сонгон суралцах арга хэмжээнд их хамрагддаг байж. Ахлах сургуульд орсон жил аав ээж хоёр надад “Ажил хий, их сургуулийн төлбөрөө цуглуулж эхэл” гэв. Тэр үед Америкийн их сургуулийн төлбөр өндөр байсан. Одоо ч хэвээрээ. Ажил хийснээр халаасны мөнгөтэй болоод зогсохгүй хуримтлал үүсгэсэн. Мөн цагаа зөв хуваарилж, юу илүү чухал болохыг эрэмбэлж сурсан юм. Надад чөлөөт цаг бараг байгаагүй. Би сурагч байхаасаа жижиглэн худалдааны ойлголттой болсон. Америкт 16 нас хүрээгүй хүүхэд ажил хийх бол аав ээжээсээ заавал зөвшөөрөл авдаг юм. Үнэндээ өсвөр насны хүүхэд ажил хийх амаргүй. Америкийн хойд хэсэгт оршдог болохоор Чикаго хот их хүйтэн. Би ажил руугаа очихын тулд нэг талдаа 8 км замыг дугуйгаар явдаг байв. Тэр үед яагаад автобусаар явдаггүй байсан юм, бүү мэд. Гадаа цастай, бороотой байсан ч ажилдаа цагтаа очих ёстой. Иймд би өөрийгөө хат сууж, хатуужилтай болсон гэж боддог. Хамгийн чухал нь энэ бүхнээс яаж бизнес хийдгийг ойлгосон.

-Оюутан Жон ямар хүн болж өөрчлөгдсөн бэ?   
-Илүү эрх чөлөөтэй болж, өөрийгөө таньж мэдэхийг хүссэн. Амьдралын талаар, өөр өөр үзэл бодлууд, харилцан адилгүй философи эсвэл уран зохиол, шашин судалж, эргэцүүлдэг байв. Би цаашид юу хийх вэ гэж бодож эхэлсэн. Би их сургуулийг мэргэжил эзэмших газар гэхээсээ дэлхий ертөнц, хүмүүсийг, өөр өөр шашин, харилцан адилгүй хандлагыг таньж мэдэх гүүр болгосон. Оюутан үе бол миний нүдээ нээсэн, оюун бодолдоо төвлөрсөн жилүүд байв. 

Нэгдүгээр дамжаанд аав намайг санхүүгээр дэмжсэн. Харин дараа жилээс нь би өөрийгөө авч явах хэрэгтэй болов. Иймд хичээлийнхээ хажуугаар бүтэн цагаар ажиллаж эхэлсэн. Мөн их сургуульд байхдаа ширээний теннисний аварга болж байв. Хуульч эсвэл багш болно гэж бодсон ч эдийн засагт татагдаж эхэлсэн. Тэгэхэд би 21-тэй байлаа. Өнөөдөр би тухайн үед төсөөлж байснаас огт өөр замаар явж байна.   

-Та ямар их сургуульд элссэн бэ?
-Балтимор дахь Лоёолагийн их сургуульд элссэн. Миний өвөө, авга ах, эрэгтэй дүү гээд манайхны хэд хэдэн хүн энэ сургуулийг төгссөн. Энэ бол бизнесийн сайн сургууль гэдгээрээ, мөн хүмүүнлэгийн боловсрол олгодгоороо алдартай, иезуитын сургаалийг номлодог их сургууль.

Оюутан болоход таван менежерийн удирдлагад ажилласан байв. Би тэднээс менежмент гэж юу болохыг сурсан. Үнэндээ хамгийн анхны ажил олгогч бол миний ээж. Тэр надад ямар нэгэн ажил даалгаж, намайг үргэлж завгүй байлгадаг байв. Аав ээж хоёр биднийг хатуу гараар өсгөсөн. Ээж минь илүү өндөр шаардлагатай. Ер нь хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ суралцах боломж бидэнд үргэлж байдаг. Сайн менежерээс юуг, яаж хийхийг сурдаг бол муу менежерээс ч сургамж авч болно. Би бүх амьдралынхаа турш 20-30 менежерийн удирдлага дор ажиллажээ. Боловсрол чиний мэргэжлийн ур чадварыг л тодорхойлно. Би одоо хийж буй ажлаа тэдгээр менежерүүдээс л сурсан. Тэд намайг менежер болж төлөвшихөд хүчтэй нөлөөлсөн. Миний өнөөдөр гаргаж буй шийдвэрт туршлага маань зам зааж, чиглүүлдэг. Гэхдээ би бусад хүмүүсийн хийдэг, жирийн л ажлыг хийсэн. Алхам тутамд хамтран ажиллагсдаасаа суралцсан нь миний давуу тал.

Хүн ер нь бусдаас суралцахаа зогсоосон цагт тэтгэвэртээ гарах хэрэгтэй. Би одоо ч суралцаж байна. Ажлын бус шугамаар уулзсан хүмүүсийг ч сонсдог. Амьдрал бол сурах үйл явц. Гэхдээ ганцаараа сурах нь хангалтгүй, мэдлэгээ бусадтай хуваалцах нь илүү чухал. Би Харвард, Йель гэх мэт дэлхийн шилдэг их сургуульд суралцаагүй ч эдгээр сургуульд жинхэнэ амьдралаас олж авсан туршлагаа заалгана гэж бодохгүй байна. Учир нь би их сайн хүмүүстэй ажилласан.

1 | 4 фото
1
1
1
1

-Таныг ажлын бус цагаар хаанаас олох боломжтой вэ?
-Би ууланд алхах дуртай. Амралтын өдрөөр хоёр нохойгоо дагуулаад алхдаг. Өгсөхдөө алхаад, уруудахдаа гүйчихдэг. Аль болох хурдан буухыг хичээдэг. Манай гэрийн урдхан Богд уул байдаг нь их сайхан. Мөн дугуй унадаг. Манай менежментийн багийнхан тогтмол дугуйгаар аялдаг юм. Би энд ажлын бус цагаа сайхан өнгөрүүлдэг. Монголын цаг агаар бас таалагддаг. Улаанбаатарыг их хүйтэн гэдэг ч Чикагод илүү хүйтэн. Өнгөрсөн Зул сараар Улаанбаатараас Чикагод илүү хүйтэн байсан. Салхитай, маш хүйтэн байсан тул  хүмүүс гадагшаа гараагүй. Гар утсан дээрх температур өндөр заадаг ч энд өвөл салхилдаггүй. Уулын болон экстрем спорт, явган аялал, адал явдал сонирхдог хүнд Монгол орон үнэхээр гайхалтай, үзэсгэлэнтэй орон.

а яагаад эдийн засагч болохоор шийдсэн бэ?
-Би банкны салбар руу тун санамсаргүй байдлаар орсон. 1991-1993 оны хооронд Польшид Америкийн Засгийн газрын шугамаар ажиллаад Чикагод буцаж ирсэн юм. Тэгээд сурагч байхдаа ажиллаж байсан дэлгүүртээ түр ажиллаж байв. Тэр үед Сити банк өөрчлөлт хийн, хуучны уламжлалт хэв маягаа халж, хэрэглэгч төвтэй, үйлчилгээг нэгдүгээрт тавьсан банк болохоор зорьж байсан юм билээ. Иймд жижиглэн худалдааны туршлагатай хүн ажилд авахаар хайж байв. Би дүүгийндээ кофе уугаад сууж байхдаа тэр зарыг харж, удалгүй тэнд теллерээр ажилд орсон. Америкт теллер гэж нэрлэдэггүй, харилцагчид үйлчлэх ажилтан гэдэг. Энд теллерүүд ямар ажил хийдэг билээ, би яг тэр ажлуудыг хийдэг байв. Борлуулалтаас эхлээд үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон ажлыг теллерүүд хийдэг. Нэг өдөр ажил дээрээ сууж байгаад банкны ажилтнуудад зориулсан дотоодын сониноос Польшид иргэдийн банк шинээр нээх тухай зар уншсан юм. Тэгээд Польшид ажиллах хүсэлтээ өгсөн. Учир нь би Америкт хэзээ ч шинээр банк байгуулах, банкны салбарыг цоо шинээр нээх төслийн нэг хэсэг болох боломжгүй. Мөн гадаад улсад ажиллах хүсэл ч байв. Тухайн үед авч байснаас илүү цалинтай байсан нь ч нөлөөлсөн байх. Учир нь тэр үед надад мөнгө хэрэгтэй байсан юм. 

Ингээд 1996 онд Польшид ирснээсээ хойш би дахин Америкт ажиллаагүй. Тэнд 11 жил ажиллахдаа арилжааны банк ямар байдаг, банкийг болон хүмүүсийг хэрхэн удирддагийг сурсан. Маш сайн менежерүүдтэй хамтран ажилласан, надад үнэ цэнэтэй он жилүүд байв.           

-Тэгэхээр та Польшоор ярьдаг байх нь.
-Тийм ээ. Польш хэлийг их шимтэн сурсан. 1991 онд Засгийн газрын шугамаар Польшид ажиллахад хэл сурахыг шаардсан юм. 1993 он гэхэд би польшоор чөлөөтэй ярьдаг болсон байв. Гадаад хэл сурч чадна гэдгээ өөртөө батлахын тулд Польш хэл сурсан. Дараа нь Сити банкинд ажиллахдаа хэвлэлийн хуралд Польшоор ярьдаг байв. Бүр англиар ярихад хүндрэлтэй болж, хааяа зарим үг санаанд ордоггүй байсан шүү. Миний хүү Польшид өссөн, одоо Америкт амьдардаг. Бид заримдаа Польшоор ярьдаг. Гадаад хэл сурах нь тархи хөгжүүлдэг гэх мэт олон давуу талтай.

-Сүүлийн 22 жилийг та хилийн чанадад ажиллаж өнгөрүүлжээ. Эх орныхоо юуг нь илүү санадаг вэ?
-1996 онд би Польш явахдаа аав ээждээ хоёр жилийн дараа ирнэ гэж хэлсэн юм. Гэвч амласандаа хүрч чадаагүйдээ харамсдаг. Аав ээж маань надад уурладаг гэхээсээ илүү би харамсдаг гэх үү дээ. Гэхдээ би жил бүрийн Зул сарын баяраар гэр бүлийнхэнтэйгээ уулздаг. Гэр бүлийн уур амьсгалыг санадаг шүү. Би Америкийн зүрхэнд буюу гол хэсэгт өссөн болохоор Америк соёлоо санадаг. Америкт хөл бөмбөгийн тоглолт үзэхийг их хүсдэг байв. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр Америкт юу болж байгаа тухай мэдээлэл олж авах, америк хөл бөмбөгийн тоглолт шууд үзэхэд бэрх байсан. Харин одоо технологийн шинэ эрин ирж, байдал өөрчлөгдсөн. Гэхдээ би азтай. Олон өөр улсад амьдарч, хоорондоо ялгаатай хүмүүс, өөр өөр үзэл бодолтой танилцах боломжийг атгасан.   

БАНКНЫ БҮХ АЖИЛТАН НЭГ ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУЮУ БҮГД ИЖИЛ
СТАНДАРТ МӨРДӨХ ЁСТОЙ

 

-Та 2015 оны наймдугаар сараас ХААН Банкны бизнес хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн. Монголд ажиллах болсон шалтгаан юу вэ?  
-Би 2014 оны тавдугаар сард анх Монголд ирсэн. Тав хонохдоо би энд гэртээ байгаа юм шиг л тухтай, Улаанбаатар хот, монголчууд танил, дотно санагдсан. Монголд ажиллах боломжтой юу, ХААН банкинд ажиллавал би энэ байгууллагад ямар тус хүргэж чадах вэ гэдгээ мэдэх зорилгоор тэр үед ирсэн юм. ХААН банктай танилцаад зах зээлд эзлэх байр суурь, дэд бүтэц, хоёр сая хэрэглэгчтэй зэрэг нь энэ банкинд боломж байгааг харуулсан. Мөн банкны хөрөнгө оруулагчид өөрчлөлтийг дэмждэг, үүний тулд банкинд дахин хөрөнгө оруулахад бэлэн байсан нь надад таалагдсан. Би тэр үед илүү том банкинд ажиллах хүсэлтэй байв. Миний зорилго, ХААН банкны хөрөнгө оруулагчдын хүсэлтэй тохирсон учраас л би энд байна. Би ХААН банкинд илүүтэй татагдсан тул энд ажиллахыг хүссэн. Өөрөөр хэлбэл, энэ мэргэжлийн шийдвэр байсан.

ААН банкийг удирдсанаас хойш хэрэгжүүлсэн, хамгийн чухал гурван төслөө танилцуулахгүй юу?   
-Бид олон төсөл хэрэгжүүлж байгаа ч дууссан гэж хэлмээргүй байна. Гэхдээ бид ажилласаар байна. Юуны түрүүнд харилцагчаа нэгдүгээрт тавьдаг, харилцагч төвтэй банк болохоор ажиллаж байна. Энэ бол манай бизнесийн цөм. Банк бол санхүүгийн зуучлал үзүүлдэг нэг төрлийн үйлчилгээний байгууллага. Үйлчилгээгээ улам сайжруулах шаардлага бий тул би үүнд илүүтэй анхаарч байна.

Мөн автоматжуулалт, шат дамжлагуудыг сайжруулах ажлууд үргэлжилж байна. ХААН Банк ер нь төвлөрсөн зохион байгуулалттай байж ирсэн. Одоо банкны бүх ажилтан нэг хэлээр ярьдаг буюу бүгд нэгэн ижил стандарт мөрддөг байхад илүү анхаарч байна. Ингэхийн тулд мэдээж зарим шат дамжлагыг автоматжуулах хэрэгтэй. Ингэснээр эцсийн дүндээ үйлчилгээний чанар сайжрах юм. Манай харилцагчид салбарт ирсэн ч, гар утасны аппликэйшнээр эсвэл интернэт банкаар үйлчлүүлсэн ч яг адилхан түвшний чанартай үйлчилгээ авдаг байхыг зорьж байна. Мөн Чингэлтэй салбарт үйлчлүүлэх, эсвэл Зүүн 4 замд байрлах салбараар үйлчлүүлэхэд яг л адилхан шуурхай, өндөр түвшний үйлчилгээ авах ёстой. Энэ сайжруулалт бүрэн дууссан уу гэвэл үгүй. Ер нь ямар ч зүйлийг бүрэн төгс болгох боломжгүй. Сайжруулалт, шинэчлэлт зогсолтгүй хийгдэх ёстой.

Би ХААН банкийг Монголын аль нэг байгууллагатай харьцуулахаас илүүтэй “Амазон”, “Аpple” гэх мэт дэлхийн стандартын үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай харьцуулж хардаг. Бид ч ийм л том зорилготой хичээж байна. “Амазон”, “Аpple” ч яаж сайжруулах талаар байнга судалдаг.                                    

-Та Монгол Улсын хэдэн аймаг сумаар очиж үзсэн бэ?
-Ажлын хүрээнд 14 аймагт очсон байна. Сүүлийн нэг жилд хүссэнээрээ хөдөө явж чадсангүй. Цаг агаар дулаарахаар орон нутгаар хувиараа бас ажлын шугамаар ч явна гэж бодож байна. Хөвсгөл нуурыг үзээгүй, заавал очих төлөвлөгөөтэй байна. Манай орон нутгийн нэгжүүд байрладаг, амжилттай яваа олон газраар очсон, маш их таалагдсан шүү.

БИ АМЬДРАЛЫНХАА ТУРШ ӨРСӨЛДСӨН УЧИР ӨРСӨЛДӨӨНИЙГ ДЭМЖДЭГ

ААН банкны салбар нэгжийн ачааллын тухай иргэд байнга хэлдэг. Манай улс 3.1 сая хүн амтай. Үүний 2.4 сая нь танай банкны харилцагч. Та бүхэн энэ их ачааллыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?  
-Байдал сайжирч байна. Бид үйлчилгээний сувгууддаа (аппликэйшн, интернэт банк, дуудлагын төв) ихээхэн хөрөнгө оруулсан. Ажлаа аваад нэлээд дүн шинжилгээ хийж үзсэн. Салбаруудад хийж байсан нийт гүйлгээний 98-99 хувийг сая дурдсан сувгуудаар   хийж болно. Цаашдаа бид цахим сувгуудад илүү төвлөрнө. Үнэндээ хэрэглэгчид ч салбаруудад ирж үйлчилгээ авахыг хүсэхгүй байна. Салбарт үзүүлдэг үйлчилгээг гар утас, интернэтээр авах боломжийг бүрдүүлбэл хүмүүсийн цагийг ч хэмнэнэ. Иймд хэрэглэгчдэдээ илүү хялбар, шуурхай үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Ирэх онд бид банкныхаа бүх цахим сувгийг нэгтгэсэн Omni-channel платформыг нэвтрүүлэх бөгөөд энэ нь харилцагч нар цахим үйлчилгээг илүү хялбар авах, банк шинэ үйлчилгээнүүдийг илүү хурдан зах зээлд нэвтрүүлэх боломжийг олгоно. Би энэхүү шинэ төслөө сэтгэл догдлон хүлээж байна.

Ер нь хүмүүсийн хэлж байгаа шиг манай салбар нэгжийн ачаалал тийм ч их байхаа больсон. Дараалал ихээхэн буурсан. Сүүлийн хэдэн жил манай удирдлагын баг, нийт хамт олон цахим банк, ATM, карт уншигч гэх мэт сувгууд руу шилжих стратегийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд манай банкны хийж буй нийт гүйлгээний дөрвөн хувь нь л салбар нэгж буюу теллерээр, үлдсэн 96 хувь нь карт, ATM, цахим банк зэрэг бусад сувгаар хийгдэж байна.                   

-Бичил зээл олгогчид бий боллоо. Мобиком корпораци цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэх анхны тусгай зөвшөөрлийг Төв банкнаас гардсан. Дараагийн хоёр компани зөвшөөрлөө хүлээж байна. Финтекийн (finance+technology) салбарт баримтлах ХААН банкны бодлого юу вэ? 
-Ийм компаниуд бий болж байгаа нь мэдээж сайн хэрэг. Бид үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулж болох талаар тэднээс урам зориг авдаг. Би амьдралынхаа турш өрсөлдсөн учир өрсөлдөөнийг дэмждэг. Өрсөлдөөн шинэ сорилтууд бий болгож, бүх талд эерэг нөлөө үзүүлдэг. Учир нь шинэ санаачилгууд эндээс төрөн гардаг. Би өдөр бүр ихэнх цагаа 2.4 сая хэрэглэгчдээ хэрхэн илүү сайн үйлчилгээ үзүүлэх талаар бодож, ярьж өнгөрөөдөг. Бичил зээл олгогч финтекийн компаниудтай хамтарч ажилладаг, өрсөлддөг ч бай шинэ үйлчилгээ бүр хэрэглэгчид л ашигтай байдаг. Бас биднийг ажлаа улам сайжруулахад түлхэц болох байх.    

-Та бүхэн харилцагч бүрийнхээ дансны нууцлал, картын найдвартай байдал зэргийг бүрэн хангаж чадсан уу? 
-ХААН банк 1.8 сая идэвхтэй карт хэрэглэгчтэй. Өдөр бүр олон мянган гүйлгээ гүйцэтгэдэг. Интернэт банк, аппликэйшн гэх мэт цахим сувгаар үйлчилгээ авдаг хэрэглэгчдэдээ санхүүгийн боловсрол олгох шаардлага бий. Наад зах нь зоогийн газраар үйлчлүүлээд, төлбөрөө картаар төлөх болоход надаас нууц дугаар асуудаг. Уг нь миний картын дугаар хувийнх буюу зөвхөн би л мэдэх ёстой мэдээлэл. PIN гэдэг нь personal identification number буюу тухайн хүнийг тодорхойлох дугаар гэсэн утгатай товчлол. Зөөгч миний картын нууц дугаарыг асуух ёсгүй. Хэрэв би нууц дугаараа хэлчихвэл тэр мэдээллийг ашиглан, гүйлгээ хийх боломжтой шүү дээ. Мэдээллийн аюулгүй байдал, нууц үгийн хамгаалалт ганц Монголд ч биш, олон оронд цоо шинэ ойлголт хэвээр байна. Хувийн мэдээллээ алдах нь ямар эрсдэл дагуулж болохыг хэрэглэгчдээ анхааруулах нь банкны үүрэг. Гэвч би хүн бүрийн нууц үгийг хамгаалж, хэрэглэгч бүр нууц үгээ стандартын дагуу сонгосон эсэхийг хянаж чадахгүй. Учир нь хүмүүс одоо ч гар утас эсвэл бүр картан дээрээ нууц үгээ бичээд наачихсан байх нь элбэг. Монгол бол миний ажиллаж буй тав дахь орон. Польш, Румын, Чех, Унгар гэх мэт хөгжиж буй орнуудад ч энэ нь нийтлэг үзэгдэл байв.

Хүмүүс олон нууц үг цээжлэх нь хүндрэлтэй гээд энд тэнд биччихдэг нь буруу.

Цахим орчинд залилангийн гэмт хэрэг үйлдэх нь ихэссэнийг ч анхааруулах нь зөв. Та фэйсбүүкт хэнтэй найз вэ гэдгээ ч анхаарах шаардлагатай. Бид интернэт банкны нууц үг шаардлага хангаж байгаа, эсэхийг хянасан юм. Тэгээд шаардлага хангаагүй нууц үгтэй хэрэглэгчдэд хандан нууц үгээ илүү урт, тоо үсэг агуулсан болгох хэрэгтэй гэх мэт шаардлагууд тавьсан. Гэтэл хэрэглэгчид тийм ч дуртай байгаагүй. Учир нь ихэнх хүн залилан, луйврын хэрэг надад хэзээ ч тохиолдохгүй гэж боддог. Харин банкны нууц үгийн протокол таныг нууц үг, нэвтрэх нэрээ ойр ойрхон солихыг шаарддаг. Яагаад гэвэл “мэргэжлийн” нууц үг тайлагчид бий. Тэд таны сонгох магадлалтай нууц үгийг төрсөн он сар өдөр, таны нэр, хүүхдийн нэр зэрэгт үндэслэн амархан хайж олдог. Хүмүүс ямар нууц үгийг түлхүү хэрэглэдгийг тэд маш сайн мэддэг.              

Бид өнгөрсөн хавар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран мэдээллийн аюулгүй байдлын тухай олон улсын хурал зохион байгуулсан. Мөн хэрэглэгчдэд зориулсан зөвлөгөөг цахим хуудсандаа байршуулах гэх мэт олон хэлбэрээр анхааруулах, ухуулан таниулах ажил хийж байна.

МОНГОЛД, ГАДААД ОРЧИНД Ч БИД ӨРСӨЛДӨӨНД ЯМАГТ БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ. ТИЙМЭЭС БИ ЭНД БАЙНА

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл УИХ-ын босгыг давах гэсээр хоёр жил болов. УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн өргөн барьсан энэ төслийг З.Нарантуяа гишүүн гаднын банкийг дэмжих төсөл гэж шүүмжилдэг. Таны бодлоор гаднын банкийг ажиллуулахдаа зөвхөн хөрөнгө оруулалтын банк байна гэж хязгаарлах нь зөв үү? 
-Миний ажил бол ХААН банкийг дэлхийн ямар ч банктай өрсөлдөхүйц түвшинд хүргэн бэлдэх. Бид дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна. Монголд болон гадаад орчинд ч бид өрсөлдөөнд ямагт бэлэн байх ёстой. Тиймээс би энд байна.

Гаднын банк байгуулах нь гэж би санаа зовдоггүй. ХААН банк үүнд бэлэн үү гэдэг нь чухал. Иймд гадны банкны эсрэг эсвэл тэднийг дэмжсэн лобби хийх нь миний үүрэг биш. Монгол шиг хөгжиж буй оронд нэвтэрсэн гадны банкуудад би өмнө нь ажилласан. Би ХААН банкийг Сити банк шиг болгохыг хүсэж байна. Би энд гуравт жагсах гэж ирээгүй. Би шилдэг нь баймаар байна. Хэдэн жилийн дараа Сити банк, Standard Chatered, HSBC-тай өрсөлдөхийг зорьж байна.

Өөрийнхөө туршлагаас хуваалцахад шинэ зах зээлд нэвтрэх амаргүй. Хүмүүс гаднын банк салбараа нээвэл бүх зүйл гэнэт л сайхан болох мэтээр боддог. Үүнд хугацаа орох байх. 

ААН банкны өрсөлдөгчдөөсөө ялгарах давуу тал юу вэ?
-Монгол орныг бүхэлд нь хамарсан салбарууд, хэрэглэгчийн бааз, бидний хэрэглэж буй технологи, иннноваци болон шинэчлэлт хийхэд бэлэн байдаг менежментийн болон ТУЗ-ийн баг юм.     

-ХААН Банк ажилтнуудынхаа нийгмийн асуудалд хэр анхаарал тавьдаг вэ?
-Манай банк ажилтнуудынхаа нийгмийн асуудалд аль болох анхаарал хандуулдаг. Ажилтнуудынхаа ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх, урам зориг өгөх аялал тэмцээн гэх мэт арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Шинээр ажилд орсон хүмүүсээ ХААН Банкныхаа гэр бүлийн гишүүн болгож авах том ажил манайд байдаг. Эрүүл мэндийн үзлэгт хамруулах, гадаад хэлний курс, магистрын сургалтын тэтгэлэг олгох гэх мэт сурч хөгжих, эрүүл байхад нь аль болох анхаарахыг хичээдэг бодлоготой. Мөн ХААН Банкны 5000 гаруй ажилтны хамт олонч байх, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангахад зориулж, сайн дурын 10 гаруй клуб үйл ажиллагаа явуулж байна. Банкны удирдлагын зүгээс энэ бүхнийг дэмжиж, сайн ажил олгогч байхыг эрхэмлэдэг.

-Таны өмнөх япон захирал таван жилийн турш ХААН банкийг залуурдсан. ХААН банк яагаад гадаад захирал томилдог гэж боддог вэ?
-Миний бодлоор бусад арилжааны банкуудын хамгийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэж намайг энд ажиллуулж байгаа болов уу. Өмнө хэлсэнчлэн бид дэлхийн стандартын банк болох зорилгод ойртохоор энэ бүхнийг хийж байгаа. Миний бас нэг үүрэг бол менежментийн багийг чадваржуулах. Тэд цаашид банкны стратегийг боловсруулан, банкыг дараагийн түвшинд гаргах тул бэлтгэлтэй байх ёстой. Яг үнэндээ би ганцаараа энэ том банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаагүй. Би олон улсын мэдлэг туршлагадаа үндэслэн алсын хараа, ямар стандарттай байх ёстойг хэлдэг болохоос манай удирдлагын багийнхан бараг бүгд туршлагатай, чадварлаг монгол хүмүүс байдаг.     

-Монголбанк ирэх оны эхний өдрөөс иргэдийн хэрэглээний зээлийн дээд хэмжээг 30 сараар тогтоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр танай банкны үйл ажиллагаанд нөлөөлөх үү?   
-ХААН бол иргэдийн банк. Манай зарим зээл 30 сараас илүү хугацаатай тул зохицуулалт хийх шаардлага бий. Энэ шийдвэр бидний үйл ажиллагаанд нөлөөлнө. Гэхдээ их биш. Хөгжиж буй орнуудад хэрэглээний зээлтэй холбоотой иймэрхүү дүрэм журам гаргах тохиолдол байдаг. Бидний хувьд энэ шийдвэртэй зохицоод явна, бага зэрэг нөлөөлөх байх. Гэхдээ тийм хүндрэлтэй асуудал бол биш.            

ХААН БАНК ГАНЦААРАА ХӨГЖИХГҮЙ, НИЙГЭМТЭЙГЭЭ ХАМТ Л УРАГШИЛНА

-Зээлийн картыг зах зээлд анх танилцуулсан банкуудын нэг нь Хаан банк. Манай иргэдийн санхүүгийн боловсрол тийм ч сайн биш. Зээлийн карт эзэмшигчид санхүүгийн сахилга баттай байж чадаж байна уу?
-Энэ тал дээр би арвин туршлагатай. Польшид бид энэ үйлчилгээг анх нэвтрүүлж байв. Бид "санхүүгийн хариуцлагатай бүтээгдэхүүн" хэрэглэгчдэдээ санал болгож байх нь их чухал. Хэрэглэгч төлж чадахаас их хэмжээний зээл олгох нь хариуцлагагүй үйлдэл болно. Иймд зээлийн картыг хэрхэн зөв ашиглах тухай маш сайн ойлгуулах ёстой. Энэ талаар зөвлөсөн борлуулалтын танилцуулга гаргадаг. Харилцагчид кредит картаа хэрхэн ашиглах, хүү нь хэд байх, төлбөрөө төлөх гэх мэт зүйлсийг алхам алхмаар танилцуулдаг юм. Зээлийн картыг зөв ашиглах нь бидний ч, хэрэглэгчдийн ч хүсэл. Нэг хэрэглэгчид санхүүгийн боломжоос нь хэд дахин их зээл олгочихлоо гэе. Тэр тохиолдолд эргээд бид л алдагдал хүлээнэ. Ийм жишээг бусад оронд олон харсан. Бид 2016 оны арваннэгдүгээр сард зээлийн картыг шинэчлэн нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлийн эргэн төлөлт их сайн байна. Бид харилцагчдад мэдээлэл, зөвлөгөөг сайн хүргэж ажилласан.   


-ХААН Банк 5000 гаруй ажилтантай, энэ улсын томоохон ажил олгогчдын нэг. Ийм олон хүнийг удирдан чиглүүлэх амаргүй байх. Таны удирдлагын арга барил ямар вэ?  
-Нөхцөд байдлаас шалтгаалж өөр өөр байдаг. Заримдаа би нэлээд хатуу, шаардлага өндөртэй. Зарим тохиолдолд хөгжилтэй. 

Би энд өдрийн 10-12 цагийг хүмүүстэй ярилцаж, асуудлын гарц шийдэл хайж өнгөрүүлдэг. Банканд тулгарч буй бүх асуудал, үйл ажиллагаанд оролцохыг эрхэмлэдэг. Менежерийн тодорхой үйл ажиллагаа, удирдлагын арга барил миний хүссэн түвшинд байна гэж үзвэл тухайн газрын жижиг асуудалд оролцохгүй, тогтмол мэдээлэл солилцох байдлаар явдаг.

Миний долоо хоногийн хуваарьт урьдчилсан уулзалт хурлууд их. Гэхдээ миний төлөвлөгөөт уулзалтууд маш нээлттэй болдог. Би санал бодлоо нээлттэй, шулуухан илэрхийлдэг. Хүндрэлтэй асуудлаар уулзалт хурал хийх тохиолдол мэдээж гарна. Гэвч шаардлагатай бол ямар ч асуудлыг нүүр тулж ярьдаг. Эцсийн дүндээ миний зорилго бол ХААН Банкийг өнөөдрөөс илүү сайн байгууллага болгох. Би ажилтнуудаа надтай нээлттэй хандахыг хүсдэг, дэмждэг. Энэ нь магадгүй барууны хэв маяг байж мэдэх юм. Би өөрөө аль ч удирдлагадаа бодсон санасан зүйлээ хэлэхээс айж эмээж байгаагүй. Мэдээж хүндэтгэлгүй яах вэ.  

-ХААН банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудын талаар асууя. Жишээ нь “Хавдрын эсрэг үндэсний аян” ХААН банкны нэрийн хуудас болсон шүү дээ?   
-ХААН банк дан ганц санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага биш. Нийт 5000 гаруй ажилтан, 530 орчим салбар нэгжтэй боллоо. Бид сум бүрт хүрч чадсан. Маш том байгууллага тул бидэнд Монгол Улсын өмнө хүлээсэн хариуцлага бий. Бидэнд өвлөн ирсэн энэ том дэд бүтцийг илүү үр дүнтэй ашиглахад анхаарч байна. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд өрхийн төсвөө хэрхэн хөтлөх, хадгаламжтай болох, авсан зээл нь иргэдийн орлогод тохирч байна уу гэх мэтийг хөндсөнөөр эерэг нөлөөлөл бий болгох боломжтой. Тийм ч учраас энэ жилээс бид иргэд болон хүүхдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр нэлээд ажил хийж байна. Саяхан л гэхэд бид хүүхэд багачуудад чиглэсэн санхүүгийн боловсрол олгох “Ирээдүй” хөтөлбөрийг танилцууллаа.

Бид нийгмийн нэг эд эс учраас нийгэмтэйгээ хамт л хөгжинө. ХААН банк ганцаараа хөгжихгүй, нийгэмтэйгээ хамт л урагшилна. Бид нэг завин дээр байгаа шүү дээ. Иймд олон нийтийн эрх ашигт нийцэх төслүүдийг цаашид үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд бид боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт шинэ санаачилгууд гарган, амжилттай хэрэгжүүлсэн.

-Хоёр цагийн турш бидэнтэй хамт байж, дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.  

Гэрэл зургуудыг: Д.Жавхлантөгс, О.Сүхбат

Дээшээ